Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2021/00069/И |
Дугаар | 155/ШШ2021/01124 |
Огноо | 2021-11-19 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2021/01124
2021 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2021/01124 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнэ 22.006.960 төгрөг, мөн амьдрах орон байраа хангуулах зорилгоор гэрийн үнэ 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б нь нөхөр Б.Бтой 2012 онд танилцан үерхэж байгаад 2014 онд албан ёсоор нэг гэртээ орж, гэр бүлээ батлуулсан. Бид дундаасаа 3 хүүхэдтэй ба 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Н, 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.С, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Н төрсөн. Нөхөр бид 2 эхний жилүүдэд хоорондоо эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд нөхөр Б.Бын ааш авир эвдэрч хонуутаар гэрээсээ явах болж ингээд яваад ирсэн үедээ намайг хэлэх хэлэхгүй үгээр хэл амаар дорхомжилж, архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэх болсон. Улмаар миний биед гар хүрч 2019 оны 8 дугаар сард нөхөр Б.Б намайг зодсон ба би хүүхдүүдээ аваад зугтааж Улаанбаатар хот руу аав ээж рүүгээ очсон. Энэ үед миний том охин Улаанбаатар хотод байсан тул би дунд хүү, бага охиноо аваад явсан. Намайг зодсон асуудалд би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба иргэн миний гаргасан гомдол мэдээллийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б шалгасан. Би 3 хүүхдээ аваад Улаанбаатар хотод аав Батбаярынд очиж амьдраад бараг 1 жил болох гэж байна. Энэ хооронд нөхөр Б.Б хүүхдүүддээ халамж анхаарал тавьж Улаанбаатар хотод ирээгүй мөн 2020 оны хавар ямаа самнаад ноолуурын мөнгөнөөс ч өгөөгүй. Хүүхдүүддээ зориулж мөнгө төгрөг шилжүүлж байгаагүй. Би 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч, эвлэрүүлэн зуучлалаар, эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон. Нөхөр бид 2 анх гэр бүл болж байхад хадам аав, ээж гэр барьж өгч, 2 талын аав ээж төрөл садан биднийг дутах юмгүй айл болгосон. Бид хамтын амьдралын явцад адуу 16, үхэр 18, хонь 200, ямаа 192 нийт 426 толгой малтай болж үүнийгээ 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан. Би гэрээсээ явахдаа мал болон гэрийн эд хөрөнгөнөөсөө юу ч авалгүй бараг өмссөн хувцастайгаа хүүхдүүдээ аваад явсан. Мөн үүгээр ч зогсохгүй би хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод аавындаа амьдарч байх хугацаанд нөхөр Б.Б дээрх малнаас гаргаж өгч явуулаагүй, хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс бидэнд өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс иргэн Б би:
1. Нөхөр Б.Боос гэрлэлтээ цуцлуулах
2. Охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нарыг эх миний асрамжинд үлдээх
3. Хүүхдүүдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр эцэг Б.Боос нь гаргуулах
4. Хүүхдүүдийг амьдрах орон байраар хангуулахын тулд 2.500.000 төгрөгний гэрний мөнгийг Б.Боос гаргуулах
5. Дундын эд хөрөнгө болох Адуу-16 Азарга 2х1500.000=3.000.000 төгрөг, унага 2х200.000=400.000 төгрөг, Соёолон 8х900.000=7.200.000 төгрөг, шүдлэн 2х450.000=900.000 төгрөг, даага 2х400.000=800.000 төгрөг, Үхэр-18 Тугал 3х150.000=450.000 төгрөг, бяруу 3х250.000=750.000 төгрөг, шүдлэн 10х550.000=5.500.000 төгрөг, хонь-200 Хуц 3х100.000=300.000 төгрөг, хурга 50х30.000=1.500.000 төгрөг, төлөг 144х80.000=11.520.000 төгрөг, ямаа 192 Ишиг 58х30.000=1.740.000 төгрөг, Борлон 134х50.000=6.700.000 төгрөг нийт 27.508.700 төгрөгний үнэ бүхий малнаас өөрт болон охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нарт оногдох хэсгийг 22.006.960 төгрөг гаргуулан авах зэрэг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд нөхөр Б.Б нь гэр бүлээ цуцлуулмааргүй хамт баймаар байна гэсээр байсан. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн. Б.Б нь Улаанбаатар хотод гэрээ нүүлгэж авчирна гээд гарсан. Би нөхөртөө итгээд араас ирэх юм байна гэж хүлээсэн. Гэтэл нэг ч удаа ядаж утсаар ч ярилгүй таг болсон. Үр хүүхдүүдээ бодож би эвлэрье гэж бодож байсан. Гэтэл Б.Б шал худлаа байсан. Хүүхдүүдээ бодож байгаа сэтгэл ч тэр хүнд байхгүй. Ийм учраас миний хувьд одоо өнөөдөр шүүхээр бүх асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Одоогоор хүүхдүүдээ гэр орон аваагүй байгаа. Бид манай аавынд амьдарч байгаа. Би айлын хоёр хүүхдийн нэг бөгөөд дүү маань тусдаа гарсан. Аав ээж хоёр минь хүүхдүүдийг зөөж өгөх зэрэг бидэнд тус нэмэр болж амьдарч байгаа. Аавынх маань байшинд байдаг. Амьдарч байгаа орчин нөхцөл хүүхдүүдэд минь сөрөг нөлөө үзүүлэх зүйлгүй. Хадам аавынх манайх хоёр нэг дороо хамт амьдарч байсан учраас том бүдүүн мал болон эх малуудыг нь хадмынхан тоолуулаад манайх дандаа ишиг борлон зэрэг бага малуудыг тоолуулж байсан. Энэ малын тоо бол үнэн бодит тоо би харин малаа тооцоод нэмэхдээ алдаа гаргаж дутуу гаргасан байна. Гэвч дахин энэ хүнтэй нааш цааш болох хүсэлтгүй байгаа учир эд хөрөнгөний талаарх нэхэмжлэлийн шаардлагаа гэрийн мөнгө 2.500.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох малыг би өөрөө 27.508.700 төгрөгөөр үнэлснээрээ үнэлээд үүнээс ногдох хэсэг болох 22.006.960 төгрөгийг нийт 24.506.960 төгрөгийг хариуцагчаас гаргуулья. Одоо Улаанбаатар хотод би амьдарч байгаа учир миний тухайд мал авч маллах боломжгүй учир мөнгө авна... гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь эхнэр Бгийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би эхнэр болох Бтай 2012 онд Завхан аймгийн баяр наадамд барилдаж явах үедээ танилцан, үерхэн дотносож эхэлсэн. Тухайн цаг үед Бг амьдралын туршийн минь хань ижил болж чадах хүн байна гэж итгэж найдсан учир 2014 онд албан ёсоор хурим найраа хийж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын явцад охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нар минь төрсөн. Өнгөрсөн хугацаанд миний хувьд эхнэр, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө цаг ямагт хичээж ирсэн бөгөөд халамж хайраар хэн алиныг нь дутаагаагүй гэж бодож явдаг. Харин эхнэр Б нь амьдралд тохиох жижиг асуудал бүрийг хэт төвийлгөн хэрүүл маргааны шинжтэй үг хэлж, нөхөр болох намайг гомдоох байдлыг удаа дараа гаргах болсон. Тодруулбал, тэрээр ерөөсөө хөдөө мал маллах дургүй байгаагаа илэрхийлж том охиноо дөнгөж төрсний дараа л учир шалтгаангүйгээр Улаанбаатар хот руу аав ээжийнхээ амьдарч байгаа гэр лүү явсан. Дараа нь энэ явсан шалтгаанаа эмчилгээ хийлгэхээр явсан гэх зүйлээр шалтаг болгон тайлбарлаж байсан. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...сүүлийн жилүүдэд ааш авир нь эвдэрч хонуутаар гэрээсээ явах болж... хэлэх, хэлэхгүй үгээр хэл амаар доромжилж, архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэх болсон... гэж огт үндэслэлгүй худал зүйлсээр намайг гүтгэсэн байна. Миний хувьд гэр орноо эзэнгүй орхиод гадуур дотуур хонож өнжөөд явсан удаа огтхон ч үгүй билээ. Харин нэг л удаа машины сэлбэг авахаар амьдран буй Цэцэрлэг сумынхаа төв рүү явсан бөгөөд уг ажлаар далимдуулан айлаас эрлийз бух худалдаж авах гээд 2 хоног эзгүй байсныг минь ингэж муухайгаар тайлбарлаж байгааг гайхаж байна. Ингээд буцаад ирэхэд байхгүй байгааг минь далимуудаад 2019 оны 8 дугаар сард худал өргөдөл бичиж өгөөд мөн л Улаанбаатар хот руу хүүхдүүдээ аваад сураг чимээгүй алга болсон байсан. Миний хувьд түүний Цагдаад гаргасан ... эхнэрээ зодсон гэх худал асуудлаас нь болоод хуулийн байгууллагад шалгагдаж улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн. Ингээд баривчлах шийтгэлээ хүлээж байх явцдаа асуудал үнэн зөвөөр нь байвал зүйтэй, хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна... гэх үзэл бодлын үндсэн дээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар намайг зөрчлийн хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ мэтээр хүнийг учир шалтгаангүйгээр гүжирдсэн хүн шүү дээ. Тэр ч утгаараа энэхүү нэхэмжлэлд үнэний ортой зүйлс нэгээхэн ч бичигдээгүй байна гэж хэлж болно. Мөн түүний нэхэмжлэлд дурдаад байгаа 426 толгой мал байхгүй юм. Учир нь 2018 оны жилийн эцсийн мал тооллого явагдах үед миний бие Мах маркетаас мал цуглуулж, наймаа хийх зорилгоор өөр бусад хүмүүсийн малыг нэмж тоолуулсан байсантай холбоотой. Түүнчлэн манай нутагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан мал их хэмжээгээр хорогдсон байдаг. Үүнийг Б надаар хэлүүлэлтгүй уг нь мэдэж байх ёстой хүний нэг. Учир нь манай нутагт цас ихээр ордог тул жил бүр л өвөлжилтийн асуудал хүндээр яригддаг асуудал юм. Миний хувьд түүнийг хөөж тууж явуулсан зүйлгүй учир эхнэр Бгаас уучлалт гуйх шаардлагагүй гэж үзсэн. Тийм болохоор өөрийн алдаа дутагдлаа хүлээгээд буцаад ирэх болов уу гэж хүлээж байсан. Үр хүүхдүүдийн минь хувьд аавыгаа маш их санаж байгаагаа илэрхийлж саяхан хэд хоногийн өмнө нэг удаа ярьсан. Түүнээс биш чамайг хүүхүүдтэй чинь яриулахгүй чи 3 хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой чамайг эд хөрөнгөгүй хоосруулж хаяна гэх зүйлсийг яриад намайг халгаадаггүй хүн. Б нь өөрөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн бол өөрийн жаргалаа дан ганцаар хөөх байтал төрсөн эцэг, үр хүүхдүүдийг бие биеэ санаж бэтгэрэх сэтгэлийн зовлонд унагааж байгаа нь үнэхээр харамсалтай. Би эхнэрийгээ байхгүй хугацаанд гадаа гарч эр, гэрт орж эм болж эцгийн голомтоос тасалсан өрх гэрээ айлын дайтай байлгах гэж хичээсээр өдийг хүрсэн. Гэтэл Бгийн нэхэмжлэлд бичигдээд байгаа зүйл нь үр хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын тухай биш дан ганц эд хөрөнгө бүхий материаллаг хэрэгцээний тухай ярьж, хэлж, бичсэн нь энэ хүний шунаг муухай сэтгэлтэй нэгэн байсныг тодорхой харуулж байна. Иймд энэ хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл миний хувьд 3 хүүхдээ өөрийн асрамжид үлдэн, сайн хүн болгохын төлөө ганцаараа хичээж амьдрах болно гэсэн зорилготой байгаа. Бд харин түүний хүсээд байгаа эд хөрөнгөөс зөвхөн өөрт нь ноогдох хуваарьт хөрөнгө болох айл болохдоо нийлүүлж байсан цөөн тооны бог малыг буцан өгөх болно. Энэхүү тайлбарт бичигдсэн зүйлсийн талаар нотлох баримт бүгд байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нарыг өөрийн асрамжинд үлдээх, хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр эцэг Б.Боос тэтгэлэг гаргуулан, хүүхдүүдийг амьдрах орон байраар хангуулах үүднээс хариуцагч Б.Боос монгол гэрийн үнэ 2.500.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох 27.508.700 төгрөгийн үнэ бүхий 426 толгой малаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийн үнэ 22.006.960 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б, хариуцагч Б.Б нар хуульд заасан журмын дагуу гэрлэн, гэрлэлтээ бүртгүүлсэн болон тэдний дундаас охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нар төрсөн болох нь:
Төрийн мэдээллийн цахим сангаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарган ирүүлсэн РС93120118, Бүргэд Батмөнхийн Б.Б, РС96021002, Мянгад Батбаярын Б нарын 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 6758000021 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн талаарх бичилт бүхий Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн гэх бичилт бүхий охин Б.Бын Нийн №0000966837-102 дугаар Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн гэх бичилт бүхий хүү Б.Бын Сын 6758000063 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн гэх бичилт бүхий охин Б.Бын Нгийн 6758000049 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хүүхдүүдийн эрүүл өсөж бойжиж байгаа болон Улаанбаатар хот ХХ дүүргийн 20 дугаар хороонд оршин сууж байгаа талаар эмч Д, Н нарын тодорхойлолтууд, хорооны засаг даргын албан бичиг зэрэг баримтууд авагджээ.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж тус тус заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж, Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар нөхцөл байдлын үнэлгээг тогтоолгон дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг ханган шийдвэрлэж, холбогдох байгууллагаас дүгнэлтийг гарган ирүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын гаргасан нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, 2019 оноос хойш хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа байдал, тэдний насны байдал, эхийн халамж, эхдээ ээнэгшин дассан зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нарыг эх Бгийн асрамжинд үлдээн шийдвэрлэлээ.
Иймд эцэг Б.Боос охин Б.Н, хүү Б.С, охин Б.Н нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 2018 оны мал тооллогын баримтаар тоологдсон 426 толгой мал гэж тодорхойлон үүнийгээ нийт 27.508.700 төгрөгөөр үнэлж, үүнээс өөртөө болон хүүхдүүддээ ногдох хэсгийн үнэ 22.006.960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч манайд ийм хэмжээний мал байхгүй, мах маркетад мал цуглуулж байгаад тоолуулсан, манай нутагт өвөл хатуу болдог учир мал ихээр үхсэн гэх зэргээр хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч 2019 оны 8 дугаар сараас хойш хамт амьдраагүй, нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөөс энэ хугацаанд аваагүй байх ба талууд эдгээр үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгчээс Батмөнхийн Б.Б гэж өрхийн тэргүүн бичигдсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого гэх баримтыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас баримтыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч хэдийгээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэснийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 2018 оны мал тооллогоор тоологдсон 426 толгой малыг гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б нь 426 толгой малын нас, хүйс, үнэлгээг Адуу-16 Азарга 2х1500.000=3.000.000 төгрөг, унага 2х200.000=400.000 төгрөг, Соёолон 8х900.000=7.200.000 төгрөг, шүдлэн 2х450.000=900.000 төгрөг, даага 2х400.000=800.000 төгрөг, Үхэр-18 Тугал 3х150.000=450.000 төгрөг, бяруу 3х250.000=750.000 төгрөг, шүдлэн 10х550.000=5.500.000 төгрөг, хонь-200 Хуц 3х100.000=300.000 төгрөг, хурга 50х30.000=1.500.000 төгрөг, төлөг 144х80.000=11.520.000 төгрөг, ямаа 192 Ишиг 58х30.000=1.740.000 төгрөг, Борлон 134х50.000=6.700.000 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд би зарим тоог багасгаж бодсон, мөн мөнгөн дүнг алдаатай нэмж нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэнээс болж хамаагүй бага үнэлгээ гарсан байна лээ. Гэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлагагүй өөрийн тодорхойлсон мөнгөн дүнгээр буюу нийт 27.508.700 төгрөгийн мал гэж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг үзээд түүнээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийн үнэ болох 22.006.960 төгрөгийг Б.Боос гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж,
Энэ хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Б шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй тул нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө тодорхойлсон хэмжээгээр шүүх шийдвэрлэн нэхэмжлэгч Бд хариуцагч Б.Боос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнэ 22.006.960 төгрөгийг гаргуулан, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 426 толгой 27.508.700 төгрөгийн үнэ бүхий малыг хариуцагч Б.Бт үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь амьдрах орон байраар хангуулахын тулд хариуцагчаас гэрний мөнгө 2.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч үр хүүдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд дээр дурдсанаар шаардлага гаргах эрхтэй боловч монгол гэрийн зах зээлийн үнэ ямар үнэтэй байгаа болон энэ нь дан давхар бүрээстэй, мөн хэдэн ханатай зэрэг талаар тодруулаагүй, өөрөөр хэлбэл гэр 2.500.000 төгрөгийн үнэтэй болох талаар нотлох баримтыг ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иймд нэхэмжлэгч Б, хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Бын Н, 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Бын С, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Бын Н нарыг эх Бгийн асрамжид үлдээн, эцэг Б.Боос хуульд заасан хэмжээгээр сар бүр, хүүхэд бүрт тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнэ 22.006.960 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж, нэхэмжлэгч Бд олгон, 426 толгой, 27.508.700 төгрөгийн үнэлгээ бүхий малыг хариуцагч Б.Бт үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Бт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүхэд хүрэлцэн ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа баримт ирүүлээгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д гэрлэгчид өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирэх үүрэгтэй гэж заасан байх ба энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т Гэрлэгчид хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн байхгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, ингэхдээ зохигчоос урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Бгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүхийн шийдвэр гартал хойшлуулсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Б.Боос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 106.011 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 287.984 төгрөг нийт 444.196 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар Б.Б , Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Бын Н, 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Бын С, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Бын Н нарыг эх Б -гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Бын Н, 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Бын С, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Бын Н нарыг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-оос хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох адуу 16 толгой, үхэр 18 толгой, хонь 200 толгой, ямаа 192 толгой нийт 426 толгой 27.508.700 (хорин долоон сая таван зуун найман мянга долоон зуу) төгрөгийн үнэ бүхий малыг хариуцагч Б.Бт үлдээж, гэр бүлийн гишүүд болох Б, Б.Н, Б.С, Б.Н нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийн үнэ 22.006.960 (хорин хоёр сая зургаан мянга есөн зуун жар) төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж, нэхэмжлэгч Бд олгосугай.
5. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар нэхэмжлэгчийн хүүхдүүдээ амьдрах орон байраар хангуулахаар гэрийн үнэ 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Б.Боос 444.196 (дөрвөн зуун дөчин дөрвөн мянга нэг зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Бт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Бд тус тус даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА