| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/218 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Э.М |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/218
2025 01 20 2025/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч У.*, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт *-**холбогдох эрүүгийн “******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*овгийн *-**/РД:*/,
Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ганцаараа *дүүрэг *дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-*оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн */ШЦТ/*дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
- 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *дүүргийн *дугаар хороо, **дүгээр гудамжны *-*тоотод оршин суух Ч.*гэх хүний фейсбүүк хаягт “А.*” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж “Санхүү авна” гэх хуурамч зар байршуулж, уг зарын дагуу захидал бичсэн хохирогчийг “Эхнэрт чинь хэлнэ” гэж дарамталж, мөнгө нэхэж өөрийн Хаан банкны *гэх дансаар 4 удаагийн үйлдлээр 295,000 төгрөг шилжүүлэн авсан,
-2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Н.*” гэх хуурамч хаяг нээн Б.*эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл болох түүний захидал харилцааны нууцыг бусдад тараахаар сүрдүүлж, 1,500,000 төгрөгийг Хаан банкны *дугаартай **дансаар дамжуулан авсан,
-2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “**” гэх фейсбүүк хаягаар найдвартай нэг ахтай уулзана, урьдчилгаа авахгүй гэх пост оруулж, иргэн Б.*чатаар “Харилцан уулзана, үйлчилгээ үзүүлнэ, урьдчилгаа авахгүй” гэж харилцсан чатыг эхнэрт нь явуулна гэж сүрдүүлж, 1,000,000 төгрөгийг *тоот дугаартай данс руу шилжүүлэхийг шаардаж, олон нийтийн цахим сүлжээ болох “Дархан-Сэлэнгэ явна, очно” гэх фейсбүүк хуудаст “*эмэгтэйчүүдийг хүчинддэг гаж донтон” гэх постыг зурагтай нь илгээж сүрдүүлснээр 3 удаагийн гүйлгээгээр нийт 950,000 төгрөгийг авсан,
-2024 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд “**” гэх хуурамч нэртэй фейсбүүк хаяг ашиглан хохирогч О.*чатны зурвасыг “Цагдаагийн ерөнхий газрын пэйж хуудас руу явуулна” гэж, мөн *зарын группт шижгийн гаж донтон гэх утга агуулга бүхий пост байршуулан эрх хууль, ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршгийг учруулж болохуйц дээрх мэдээллийг тараахаар сүрдүүлэн, мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж *, *гэх дансуудаар 3,400,000 төгрөг нийт 7,925,000 төгрөгийг шилжүүлэн авч заналхийлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч У.*нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.*нь
1. 2023 оны 10 дугаар сарын 29-30-ны хооронд Д.*гэх хуурамч фейсбүүк хаяг ашиглан хохирогч С.*Баянзүрх дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад нь найзууд болон гэр бүлийн хүмүүсийн зургийг скрийншот хийж явуулан “Энэ хүн бол янхан авч эхнэр хүүхдээ хуурч, эмэгтэй хүн зоддог, хэл амаар доромжилдог адгийн новш” гэсэн утга бүхий эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц дээрх мэдээллийг тараахаар сүрдүүлэн, мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрийн эзэмшлийн Хаан банкны *дугаарын дансанд нийт 1,780,000 төгрөг шилжүүлэн авсан,
2. 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *дүүргийн *дугаар хороо, **дүгээр гудамжны *-*тоотод оршин суух Ч.*гэх хүний фейсбүүк хаягт “А.*” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж “Санхүү авна” гэх хуурамч зар байршуулж, уг зарын дагуу захидал бичсэн хохирогчийг “Эхнэрт чинь хэлнэ” гэж дарамталж, мөнгө нэхэж өөрийн Хаан банкны *гэх дансаар 4 удаагийн үйлдлээр 295,000 төгрөг шилжүүлэн авсан,
3. 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Н.*” гэх хуурамч хаяг нээн Б.*эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл болох түүний захидал харилцааны нууцыг бусдад тараахаар сүрдүүлж, 1,500,000 төгрөгийг Хаан банкны *дугаартай **дансаар дамжуулан авсан,
4. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “**” гэх фейсбүүк хаягаар найдвартай нэг ахтай уулзана, урьдчилгаа авахгүй гэх пост оруулж, иргэн Б.*чатаар “Харилцан уулзана, үйлчилгээ үзүүлнэ, урьдчилгаа авахгүй” гэж харилцсан чатыг эхнэрт нь явуулна гэж сүрдүүлж, 1,000,000 төгрөгийг *тоот дугаартай данс руу шилжүүлэхийг шаардаж, олон нийтийн цахим сүлжээ болох “Дархан-Сэлэнгэ явна, очно” гэх фейсбүүк хуудаст “Мөнгөөр эмэгтэйчүүдийг хүчинддэг гаж донтон” гэх постыг зурагтай нь илгээж сүрдүүлснээр 3 удаагийн гүйлгээгээр нийт 950,000 төгрөгийг авсан,
5. 2024 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд “**” гэх хуурамч нэртэй фейсбүүк хаяг ашиглан хохирогч О.*чатны зурвасыг “Цагдаагийн ерөнхий газрын пэйж хуудас руу явуулна” гэж, мөн Багануурын зарын группт шижгийн гаж донтон гэх утга агуулга бүхий пост байршуулан эрх хууль, ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршгийг учруулж болохуйц дээрх мэдээллийг тараахаар сүрдүүлэн, мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж *, *гэх дансуудаар 3.v400.000 төгрөг нийт 7,925,000 төгрөгийг шилжүүлэн авч заналхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/,
1. Хохирогч С.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...*гэх хаягаас над руу “Сайн уу? уулзах юм уу? яах юм бэ? Хөөе” гэсэн чат бичсэн байсан. Би хариу бичээгүй байсан чинь удалгүй “Чи буруу хүнээрээ тоглоод байна уу? би чамайг гэр бүлгүй амьдралгүй болгож чадна шүү” гэж чат бичсэн байсан. Тэгсэн гэр бүлийн зураг найзуудын чат дээр скрийн шот хийгээд над руу чат явуулсан. Тэгэхээр нь “Чи хэн бэ? яагаад ингээд байгаа юм бэ?” гэсэн чинь өөдөөс “Гэр бүлтэйгээ үлдмээр байгаа бол надад мөнгө өг” гэхээр нь “Мөнгө байхгүй гэсэн чинь “Чи энэ зэргийн мөнгө өгөх чадвартай юм байна лээ” гэж чат бичсэн. Эхлээд 150,000 төгрөг удалгүй 180,000 төгрөг нэхсэн. Би *дугаарын Хаан банкны данснаас *данс руу нийт 330,000 төгрөг шилжүүлтэл “Намайг блоклоорой, дахиж чиний амьдралд орж ирэхгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 цагийн дараа миний шэйрлэсэн байсан нийтлэлийн доор бас нэг өөр хаягаас “Харамсахыг хүсэхгүй байвал яаралтай холбоо барь” гэсэн утгатай сэтгэгдэл үлдээсэн байсных нь дагуу чат бичээд дахиад холбогдоход “700,000” төгрөг өг” гэж хэлэхэд нь “Надад мөнгө байхгүй” гэж хэлтэл хадмуудын зургийг над руу явуулаад өмнө нь “Энэ хүн бол янхан авч, эхнэр хүүхдээ хуурч, эмэгтэй хүнийг зоддог, хэл амаар доромжилдог адгийн новш” гэж бичхэд бэлэн болсон байсан чатаа дахиж скрийн шот хийж явуулаад “Хэдэн төгрөг өгчихсөн чинь дээр шүү” гэж хэлэхээр нь 700,000 төгрөгийг *данс руу шилжүүлсэн. Түүний маргааш өдөр болох 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин мөнгө нэхэхэд эхлээд 500,000 төгрөг, дараа нь 250,000 төгрөг *данс руу шилжүүлээд “Намайг одоо тайван байлга” гэж хэлэхэд лайк явуулаад алга болсон. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний хамт ажилладаг *гэгч хүнээс намайг асуусан чат ирэхээр нь танина манай захирал гэж хэлсэн байсан ба Д.*гэдэг хаягаас “800,000 төгрөгийг *данс руу явуул 22:00 цагаас өмнө нь өг өгөхгүй бол яах талаар мэдэж байгаа биз дээ” гэсэн чат ирэхээр нь тэрийг нь харчхаад түүнийг блоклочихсон. Яг энэ өдөр “Хэнтий аймгийн зар” гэх грүпп дээр миний зургийг нийтлээд “Энэ хүн бол гэр бүлтэй, хүүхэн мөнгөөр авдаг, сэжгийн бузар гаж донтон, мөн хэл амаар доромжилдог” гэсэн нийтлэл оруулаад тэрийгээ скрийн шот хийгээд *руу явуулсан байсан. Д.*гэсэн хаягийг хайж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Гэрч О.*:”... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой баярын өдөр миний мэдэж байгаагаар 22:00-23:00 цагийн орчимд миний фейсбүүк хаяг руу Д.*гэсэн хаягаас “Сайн байна уу? *дүү мөн үү?” гэхэд би “Мөн байна” гэж хэлэхэд "Ахыгаа яаралтай холбогд гэж хэл. Үгүй бол түүнийг Хэнтий аймгийн зарын групп дээр фейсбүүкээр гэр бүлийнх нь зургийг нь тавиад надтай бэлгийн харьцаанд орж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар нийтэлнэ” гэж бичсэн. Тэгэхээр нь би “Яах гээд байгаа юм бэ? хүний амьдрал шүү дээ, авах гээд байгаа юм бол надаас ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь удаагүй шууд Хэнтий аймаг гэсэн зарын грүпп дээр нийтлэл оруулчихсан байгаа скрийн шотоо явуулсан. Тэгээд удаа ч үгүй *холбогдсон чинь “Намайг залилаад заналхийлээд мөнгө аваад байгаа” гэх талаар ярьсан бөгөөд цагдаад мэдэгдчихсэн байгаа гэж хэлсэн. Мөн тодруулахад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн хэлтэс рүү явж байгаа талаараа хэлсэн бөгөөд хуурамч фейсбүүкээр хуурамч зураг тавиад энэхүү үйлдлийг хийсэн байна гэж тайлбарлаж байсан. Аймгийн зараас хайхад тийм нийтлэл гэхдээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,
“Д.*” гэх нэртэй хаягтай фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18-28 дугаар тал/,
Хаан банкны *дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дугаар тал/,
2. Хохирогч Ч.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд ажпын найзууд болох *, *болон үл таних 7 хүний хамт ууж, идэж байгаад 3,4 дүгээр хорооллын орчимд “Кастлэ” нэртэй баарнаас гараад хорооллын “Шөлөндөө” гэх зоогийн газарт орж, хоол идээд гадуур явж байгаад өглөөний 06 цагийн орчимд Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод ажилдаа ирээд байж байтал өдрийн 15 цагийн орчимд “А.*” гэсэн фейсбүүк хаягаас над руу мөнгө нэхэж чат бичиж эхэлсэн тул би өмнөх бичсэн чатыг хартал зарын дагуу хүүхэн авна гэсэн утгатай байсан бөгөөд би тухайн үед согтуу байсан тул санахгүй, тоохгүй орхисон. Гэтэл 17 цагийн орчмоос манай эхнэрийн фейсбүүкийг скрийншот хийгээд над руу явуулаад “Бичсэн чатыг чинь эхнэр рүү чинь явуулна, фейсбүүк групп дээр тавина” гэх зэргээр сүрдүүлж, надаас 4 удаагийн давтамжтай 295,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны ** гэсэн дугаартай ** гэх хүний эзэмшлийн данс руу айсандаа шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,
**Хаан банкны *тоот дансны депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дугаар тал/,
Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29/*тоот албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал/,
3. Хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2024 оны дугаар сарын 21-ний өдрийн орой гар утсаараа өөрийн “**” гэх нэртэй хаягаар фейсбүүк цахим орчинд мэдээ, мэдээлэл үзээд байж байтал “Н.*” гэх царай төрх нь тодорхойгүй эмэгтэй хүний нүүр зурагтай фейсбүүк хаягаас “Hi” гэсэн чат ирсэн. Хариуд нь би “Гар утасны дугаараа үлдээгээч” гэж бичсэн. Улмаар бид чат бичилцэж байгаад уулзахаар болсон. Намайг хаана байгаа талаар асуухад нь “Би Булган аймагт байна” гэж хэлсэн. Тэгтэл “Би бас Булганд байна маргааш Дархан-Уул аймаг явах гэж байгаа учир одоо уулзвал уулзъя” гэсэн. Хариуд нь би “Үнэ чинь хэд юм бэ?” гэж асуухад нэг цагийн 100,000 төгрөг, хоногийн 300,000 төгрөг гэсэн. Би тухайн хүний насыг асуухад “21 настай” гэж хариу чат бичсэн. Булган аймагт хаана байгаа талаар асуухад “Би буудалд байна, ирэхээр бол ганцаараа ирээрэй” гэсэн. Би хариуд нь “Ганцаараа байна, чи яг хаана ямар буудалд байгаа вэ?” гэхэд Н.*гэх фейсбүүк хаягтай хүн “Булган буудалд байна” гэж хариу чат бичсэн. Тэгээд удалгүй Н.*гэх фейсбүүк хаягтай хүнээс “Өдөөд байдаг юм уу? хаашаа юм, бичсэн чатыг чинь хаягийн чинь хамт бүх аймгийн зар дээр хүүхэн мөнгөөр авдаг, бузар гаж донтон гэсэн утга бүхий мэдээлэл бичнэ шүү. Нэмээд чиний ойр дотны бүх хүмүүс рүү нэг бүрчлэн энэ мэдээллийг явуулна. Чи энэ хаягийг блок хийгээд нэмэргүй дараа нь надаас нохой шиг гуйх асуудал болох байх шүү, харж ав орвонгоор чинь сүйрүүлнэ” гэж сүрдүүлсэн чат бичсэн. Ингээд миний зүгээс “Чи боличих, эвтэйхэн тохироод сал” гэсэн. Тэр үедээ миний интернэт фейсбүүк хаягийн нүүр зургийг Н.*гэх интернэт фейсбүүк цахим хаягтай хүнтэй бичсэн чатын хамт эвлүүлээд "Хүүхэн мөнгөөр авдаг, сэжгийн бузар, гаж донтон, хүчиндэгч, хүчирхийлэгч" гэсэн мэдээлэл бичээд Дархан-Уул аймаг болон Булган аймгийн зарын группүүдэд байршуулаад зургийг нь над руу явуулсан. Би тэгэхээр нь “Наад мэдээллээ устгачих, чи яамаар байна?” гэхэд “Мөнгө тохирвол яг одоо устгалаа, чи надад хэдийг өгөх юм бэ?” гэхээр нь “Дансны дугаараа өгчих” гэхэд “Хэдэн төгрөг шилжүүлэх гэж байна вэ?”гэсэн хариу илгээсэн. Би “Өөрт байгаа мөнгөө шилжүүлье” гэхэд Н.*гэх фейсбүүк хаягтай хүнээс “Хаан банкны ***гэх данс байгаа 800,000 төгрөг “Krusov” гэсэн утгатай шилжүүлээд бичээрэй” гэсэн. Би яг хэлснийх нь дагуу дээрх данс руу дээрх дүнгээр өөрийн төрийн банкны *дугаарын данснаас хэлсэн утгаар нь гүйлгээ хийтэл “За би юуг нь нуух вэ? хүнээс 1,500,000 төгрөг авч байж л ор тас асуудалгүй салдаг саяны данс руу 700,000 төгрөг шилжүүл 10 минутын хугацаа өгье” гэж хэлээд Дархан-Уул аймгийн зарын групп руу дахин миний мэдээллийг оруулсан. Улмаар би хэлснээр нь өөрийн Төрийн банкны *дугаарын данснаас Хаан банкны *дугаарын данс руу нэмж 700,000 төгрөг хэлсэн утгаар нь дахин шилжүүлээд Н.*гэх фейсбүүк хаягтай хүн рүү “Чамайг дахин мөнгө нэхвэл цагдаагийн байгууллагад хандана шүү” гэж бичсэн. Тэгтэл “Одоо асуудалгүй ингээд нам болно” гэхээр нь Н.*гэх хаягийг өөрийн фейсбүүкээс блок хийсэн. Би тухайн хүнтэй уулзаагүй ямар хүйсийн, хэдэн настай хүн байсныг мэдэж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-232 дугаар тал/,
Хаан банкны *дугаартай **депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 221-22 дугаар тал/,
Хаан банкны *, *дугаартай *-**депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар тал/,
4. Хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө өөрийн “**” фейсбүүк үзэж байтал “Дархан-Сэлэнгэ явна, очно” гэсэн зарын групп дээр “**” нэртэй хаягаас “Найдвартай нэг ахтай уулзана, урьдчилгаа авахгүй, чатаар бичээрэй” гэсэн зарын дагуу чат бичсэн. “Дарханд байгаа юу?” гэж бичсэн тэгэхэд хариуд нь “Тийм” гэж хариулсан. Тэгээд зөрүүлээд “Үнэ, ханш хэд вэ? ямар үнээр уулздаг вэ?” гэж асуусан. Тэгсэн нөгөө хүүхэн “1 цагийн 100,000 төгрөг, хоногийн 300,000 төгрөг” гэхээр нь “Хоногоор уулзъя” гэж хэлсэн. “Та комфортод хүрээд ир, ирэхээр чинь би тосож авъя” гэсэн. Тэгэхээр нь би “Дархан буудалд байна, чи наашаагаа хүрээд ир” гэж хэлэхэд “Бид нар гардаггүй юм, хэрвээ та өөр газар гэж байвал урьдчилгаа мөнгөө шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. “Урьдчилгаа авахгүй гэсэн байсан биз дээ” гэж хэлэхэд, ах нь Дархан буудалд байна гэсэн хэсгийг скрийншот хийж над руу явуулсан. Манай эхнэрийн фейсбүүк хаяг руу “Шөнийн мэнд эгчээ” гэж бичээд явуулсан байсан. Тэгэхээр нь би “Чи юу хүсээд байгаа юм бэ?” гэхэд “Жижигхэн тус болчих” гэсэн. “Яаж тэр вэ?”
гэсэн чинь над руу Хаан банкны *тоот данс явуулаад “Энэ данс руу 250,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд өөрийнхөө бичсэн юмыг устгаад юм бичиж болохгүй болохоор нь 11 цагийн орчимд “Дархан Сэлэнгэ ирнэ, очно” гэсэн групп дээр “Энэ хүнийг таних хүн байна уу?” гээд миний зургийг оруулаад пост хийсэн байсан. Тэгээд “Чи чинь ямар тамтай юм бэ?” гэхэд “Таныг бичсэн юм харахгүй байхаар чинь пост хийсэн байсан” гэж хэлсэн. Тэр групп дээр зараа оруулахдаа дандаа нууцалж оруулаад байсан. Тэгээд ганц удаа тусалчих гээд 400,000 төгрөгийг Хаан банкны *тоот данс эзэмшигч *-**нэртэй хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь “Дарханаас Улаанбаатар хот руу явах унаа байна уу?” гэж пост орсон байсан. Тэгээд тэр хүнийг юм болов уу? гэж бодсон. Тэгээд нэг цагийн дараа “Одоо 1,000,000 төгрөг өгчих” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “Одоо мөнгө байхгүй байна, яах ёстой юм бэ?” гэхэд “Дархан-Сэлэнгэ явна” гэсэн зарын группт дахиад пост байрлуулсан байсан. Намайг коммент бичихийг хязгаарласан байсан. Буцаад тэр хүнтэйгээ холбогдоход “Би 18 цагт гадагшаа явна гялс 1,000,000 төгрөгийг шийдээд өгчих” гэж сүүлдээ дарамталсан. Тэр пост дээрээ “Мөнгөөр эмэгтэйчүүдийг хүчинддэг гаж донтон” гэж оруулсан байсан. Тэгээд би “1,000,000 төгрөг өгч чадахгүй” гэж хэлсэн чинь “Би танаас 650,000 төгрөг авсан, одоо 450,000 төгрөг өгчих” гээд манай эхнэрийн фейсбүүк хаяг руу чат бичсэн байсныг над руу явуулсан. Нэг хэсэг чатыг хараагүй байхад 300,000 төгрөг нэхсэн байсан. Тэгээд өөрөө мөнгөгүй болоод найз *зээлээд **тоот данснаас Хаан банкны ** тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “Шилжүүлчихлээ” гэж хэлэхэд өмнө бичсэн постуудыг устгасан байсан. Би өөрийн ашигладаг фейсбүүк хаяг, мессенжерээ устгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар тал/,
У.*Хаан банкны дасны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,
5. Хохирогч О.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...Миний бие 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “**” гэсэн хаягтай цахим фэйсбүүкээр танилцах хүсэлтийг нь хүлээн авч *овогтой *нэртэй *тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг 03 минутад 500,000 төгрөг, мөн өдрийн 23 цаг 42 минутад дахин 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 34 минутад 1,800,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны *тоот дансаар шилжүүлсэн. Мөн *овогтой *гэх нэртэй Хаан банкны *тоот дансанд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 54 минутад 600,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *тоот дансаар шилжүүлсэн. Ингээд нийт 3,300,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151-153 дугаар тал/,
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар тал/,
Гэрч Л.* мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Тухайн дансны талаар би мэдэхгүй байна. Би тухайн дансыг ашигладаггүй. Хаана, хэзээ нээлгэснээ мэдэхгүй байна. Сонгуулийн өмнө 2024 оны 6 дугаар сарын 20-ны үеэр би хорооллын эцсийн буудал дээр жаахан согтуу сууж байсан. Гэтэл миний хажууд 2 залуу ирээд надаас Хаан банкны данс байгаа эсэх талаар асуухад нь би “Байхгүй, ах нь утсаа алдчихсан гэж хэлэхэд “Та банк ороод данс нээгээд бид хоёрт өгчих, бид хоёр сонгуулийн ажилд ашиглаад өгье, бид хоёр таньд гар утас, нэг шил архи аваад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тухайн газраас хамгийн ойр байсан Хаан банк руу очсон. Яг хаана гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд данс нээлгээд тухайн 2 залууд өгсөн. Тухайн данс байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар тал/,
Хаан банкны 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн */24/*дугаартай албан бичиг болон дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 182-184 дүгээр тал/,
Шүүгдэгч У.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бүх хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогч Ч.*295,000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн зүгээс хохирлоо бүрэн авсан гомдолгүй, саналгүй гэсэн хүсэлт бичиж өгсөн. Хувийн байдлын хувьд 24 настай, 4 настай хүүтэй ба 67 настай эмээтэйгээ хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тогтсон ажилтай байсан ба одоогоор компанид ажилд авах тодорхойлолтоо шүүхэд гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн эмээ, эгч нар нь У.*гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байгаа. Өөрөө ч гэсэн гэм буруугаа хүлээсээр ирсэн. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заснаар хохирлоо бүрэн төлсөн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэхийг хүсэж банйа. Эрүүгийн харуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тиймээс 14,000-40,000 нэгжээр торгож өгөхийг хүсэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэээ гэмшиж байгаа тул 16,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч У.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээллийг тараахаар сүрдүүлсэн, заналхийлж эд хөрөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч У.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 15,070,000 /арван таван сая далан мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
“Хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч У.*нь хохирогч Ч.*295,000 төгрөгийн хохирол /3 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр тал/, хохирогч С.*1,780,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.*1,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.*950,000 төгрөгийн хохирол, хохирогч О.*3,400,000 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан тухай баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.*нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овгийн *-**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, заналхийлж эд хөрөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 62 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 15,070,000 /арван таван сая далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч У.*авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг шүүх танхимаас сулласугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД