2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/223

 

 

                                                           

 

 

 

 

  2025        01          20                                  2025/ШЦТ/223

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,   

улсын яллагч А.Марал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан,

Шүүгдэгч Б.*, түүний өмгөөлөгч  Н.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “*****”  дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт **/РД:*/,

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, *аймгийн *суманд малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт *аймгийн *сум, *-р баг *-р байр *тоотод оршин суух хаягтай,

-*аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №*дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар, 10 хоног баривчлах ял,

-*аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №2018/ШЦТ/*дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял,

-*аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2024/ШЦТ/*дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **нь "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2024 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Голомт банкны урд замд “Toyota” загварын “Grand mark” 2 маркын *-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодох; 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө,) гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч П.*мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг нь хохироосон буюу "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан,

Мөн жолооч Б.*нь дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.*автомашиндаа тээвэрлэн *дүүргийн *-р хороо **дугаар гудамжинд зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

         Шүүгдэгч Б.З болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*/РД:*/ нь "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2024 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчимд *дүүргийн *дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Голомт банкны урд замд *загварын “Grand mark” 2 маркын *-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар (Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодох; 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө,) гэсэн заалтуудыг зөрчин, явган зорчигч П.*мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг нь хохироосон үйлдэлд" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, мөн жолооч Б.*нь дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.*автомашиндаа тээвэрлэн *дүүргийн *-р хороо **дугаар гудамжинд зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын дуудлагын мэдээллийн лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/,

 

Хэргийн газрын үзлэгхийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8-12 дугаар тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах осол болсон газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-22 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-32 дугаар тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манай аав архи согтууруулах ундааны зүйл үе үе хэрэглэдэг байсан. Гэрээс гархаараа уучихдаг байсан. Манай аав эмээтэй цуг амьдардаг байсан ба ***-р байрныхаа найзуудтайгаа уулзахаар архи уучихдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны хооронд өглөө агаарт сууж байгаад ирье гэж хэлээд гарсан боловч ирэхгүй болохоор нь 2024 оны 08-р сарын 24-ний өглөө 10 цагт манай аав 50 мянгатын Голомт банкны баруун урд талд явган хүний сандал дээр нэг эмэгтэй хүнтэй хамт сууж байсан. Гадаа дулаахан агаар сайтай байсан болохоор би ажилдаа явчхаад орой ирж авъя гэж бодоод ажилдаа явсан. 50 мянгатын Голомт банкны баруун талын байранд төрсөн эгч * * гэх хүнийх байдаг болохоор тэднийд байгаа байх гэж бодоод тухайн өдөр аавыг дахиж хайгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Тухайн машинд мөргүүлсэн хойд талын байранд нь аавын төрсөн эгч нь амьдардаг юм. Тиймээс аавыг тийшээ явж байсан гэж бодож байгаа. Ер нь эгч дээрээ ирэн очин байдаг. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой 17 цагийн орчимд над руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс утсаар залгаад “*гэдэг хүнийг таних уу? Та хэн нь вэ?” гэхээр нь “Би хүү нь байна” гээд хэлтэл “*дүүргийн *-р хороо *гудамжинд зам дээрээс олдсон, одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд байгаа” гэснээ араас нь “Танаас нуугаад яах вэ? таны аав нас барсан” гэж хэлэхээр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. Тэгээд 2 хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч “Таны аавыг машинаар мөргөөд энэ гудамжинд авч ирж орхисон байна” гэж хэлсэн. Манай аав *нь 1957 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрөөд бага насандаа *аймаг руу ирсэн. Бүрэн дунд боловсролтой, *аймагтаа 10 жилийн сургууль төгссөн. Цахилгаанчин мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхэдтэй. Мэдрэлээс шалтгаалаад зүүн хөл нь мэдээгүй талдаа болоод их удаанаар алхаж явдаг болсон. Оюун санаа эрүүл саруул, архаг хууч өвчин байхгүй. Эрүүл чийрэг бие бялдартай хүн байсан. Зан аашийн хувьд хүнтэй маргаад байдаггүй яриа, нийтэч, элдэв муу зан ааш, араншин байхгүй хүн байсан. Би маш их гомдолтой байна. Сэтгэл санаа болон бусад зүйл дээр маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжпэгч, хариуцагч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний эзэмшлийн машин байсан. Гэхдээ * гэх хүнд 2024 оны 05 дугаар сард 4,500,000 төгрөгөөр зарсан. Нэрээ шилжүүлж өгөөгүй байгаа. Тэгэхээр Б.З эзэмшлийн машин байгаа юм. Би тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл, гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд ч би зарсан, надад хамаагүй. Үнэлгээ хийлгээгүй, үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тус тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байсан бөгөөд би 2024 оны 05 дугаар сард байх Зоригтбаатар гэх хүнд 4,500,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Б.З нь орой ирж авсан бөгөөд маргааш нь ирж нэрээ шилжүүлье гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш нь машин чинь эвдэрсэн гэж хэлсэн бөгөөд тэрнээс хойш ирээгүй. Тус машин нь миний нэр дээр байдаг боловч эзэмшигч нь * өөрөө байгаа юм. Би ямар нэг мөнгөний авлага байхгүй, машинаа шилжүүлээгүй л асуудал байна. Би машинаа өөрөө барьдаг байсан, надаас Зоригтбаатар авсан. Би бусдад учирсан хохирлыг барагдуулахгүй учир надад буруутай зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81, 84 үгээр тал/, 

 

Гэрч Ч.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд *аймгийн төвөөс танилцаад удаагүй байсан найз *хамт Улаанбаатар явахаар болсон. Ингээд түүний нөхөр *машинтай явсан бөгөөд Алтанчимэг, түүний нөхөр *, түүний хадам аав нарын хамтаар дөрвүүлээ явсан. Ингээд 08 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж явсан бид нар хар өнгийн жижиг суудлын машинтай явж байсан (тухайн тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тодорхой хэлж мэдэхгүй гэх). Миний хувьд тухайн машины арын суудал дээр суугаад унтаад явж байхад Улаанбаатар хот руу орох замдаа яг хаана гэдгийг мэдэхгүй ч нэг гэрэлтэй гудамд гэнэт л түс, тас хийх чимээ гарч би сэрсэн бөгөөд машин зогсож Алтанчимэг болон түүний нөхөр *нар “Машинаас бууя” гэж хэлсэн бөгөөд хэсэг явж байгаад түүнийг буулгасан. Миний хувьд түүнийг яг хаана буулгасан гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Учир нь би тэр бүр Улаанбаатар хот руу очоод байдаггүй учир тухайн газрыг сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд би Улаанбаатар хот руу ороод *, Алтанчимэг нарын гэрт нь очиж унтаж амарсан. Уг тээврийн хэрэгслийг *жолоодон явж байсан бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй. Би энэ талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Ер нь тэр дайруулсан гэх хүнийг би хэрхэн яаж дайруулж байгаа талаар хараагүй бөгөөд миний урд өмнө нь харж байгаагүй ахимаг насны эрэгтэй хүн байсан. Мөн түүний хувьд “Би зүгээр” гээд машинаас нь буусан учраас эмнэлгийн байгууллагад хандаагүй байж болох юм. Миний хувьд бол уг тээврийн хэрэгслээр зорчиж л явсан хүн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал/,

 

Гэрч С.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би хамтран амьдрагч *болон 6-17 насны 6 хүүхдүүдийн хамтаар *аймгийн *суманд амьдардаг. Манай хадам аав болох * нь одоогоос 10 хоногийн өмнө тархиндаа цус харваж аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хадам аавыг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтүүлэх зорилгоор аймгаасаа гарсан. Ингэхдээ 2024 оны 05 дугаар сарын үед *гэх хүнээс худалдаж авсан *-*******улсын дугаартай /нэрийг нь шилжүүлж аваагүй/ тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг *бариад, хадам аав *, нөхрийн дүү болох *, танил эгч болох *нарын хамтаар нийт тавуулаа гарцгаасан. Ирэх замдаа буюу Булган аймаг руу орох зам дээр танихгүй 30 гаран насны эрэгтэй хүн машин зогсоогоод "Машин эвдэрчихлээ хот руу дөхөөд буучихъя" гэхээр нь зөвшөөрөөд суулгаж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод 2024 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд хотод орж ирээд төв замаар явж байсан бөгөөд *машин барьж, аав *жолоочиин хажуу талын суудал дээр, би болон бусад хүмүүс хойно суугаад явж байтал гэнэт машин юм мөргөх шиг болоод түс хийх чимээ гараад *"Би юм мөргөчихлөө" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр буугаад хартал дээгүүрээ бор саарал өнгийн подволктой, эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн газар унаад нүүр нь цус болсон байдалтай байхаар нь би *хандаж "Чи хүн дайрчихсан байна, эмнэлэг дуудъя, эмнэлэг рүү явъя" гэж хэлтэл *"Чи юу яриад байгаа юм бэ? тэгж болохгүй, айгаад байна" гэж хэлээд машиндаа суулгаад аваад явахаар болсон. *бид хоёр нөгөө хүнийг хамт өргөөд машинд суулгасан. Харин нөгөө замаас суусан танихгүй хүн тэндээ буугаад үлдчихсэн. Бид нар шууд тэндээсээ тахилт руу явсан бөгөөд дайруулсан хүн юу ч хэлж ярихгүй, унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Би машин дотор ч гэсэн * хандаж “Эмнэлэг рүү явъя, ингэж байгаад үхчихвэл яах юм бэ?” гэж хэлсэн ч *“Үгүй, болохгүй” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилтад байх *төрсөн эгч болох *гэрт нь очиж бүгдээрээ хоносон. Тэднийд очих замдаа *эгчийн гэрийн ойролцоо байх харанхуй гудамжинд нөгөө дайруулсан хүнийг буулгаж орхичхоод явсан. *эгчийнд ороод *эгч болон нөхөр *нь замдаа хүн дайраад гудамжинд орхисон талаараа хэлсэн бөгөөд тэр хоёр “Эмнэлэгт хүргэж өгөхгүй яасан юм бэ?” гэж хэлж байсан. Тэдний гэрт нь хоночихоод 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөө тэндээ өнжөөд маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн хамаатны ах *гэрт очиж хоносон. Харин *өөрийн үеэл болох *-*гэрт нь очиж хоносон байсан. *нөгөө хүнийг машинаар дайрахад машины урд салхины жил хагарсан бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр **-*хамт явж шилээ солиулсан байсан. Би хаана шил солиулсан талаар нь мэдээгүй, харин шил солиулсан төлбөр болох 220,000 төгрөгийг *төрсөн дүү *зээлж шил сольсон хүнд шилжүүлэн өгсөн. Өнөөдөр гадуур *ажлуудаа амжуулаад явж байхад цагдаагаас дуудахаар нь ирсэн юм. Би энэ талаар *хэлсэн боловч *“Айгаад байна, болохгүй” гээд ерөөсөө дуудуулаагүй. *2024 оны 07 дугаар сард удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, намайг зодсон хэрэгт холбогдож Дорнод аймгийн шүүхээс 6 сарын хугацаагаар тэнсэх шийтгэл авсан байсан. Би бодохдоо дахиад хэрэгт холбогдвол шоронд явах байх гэж айгаад цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудахгүй байсан. Намайг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж хэлүүлээгүй зүйл байхгүй, нөхөр маань “Битгий дууд” гээд байхаар нь би ямар нэгэн үйлдэл гаргаагүй *үгэнд ороод л явсан. Тийм зүйл огт байхгүй, Б.З машинаар мөргөж, машинд өргөж оруулсан үеэс тухайн хүн ямар ч үг хэлэлгүй, үйлдэл гаргаагүй, унтаж байгаа юм шиг хурхираад л байгаад байсан. Би Улаанбаатар хотод газар мэдэхгүй болохоор яг ямар нэртэй газар энэ хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан төв замаар явж байсан. Харин машиндаа суулгаж явж байгаад *эгч *гэрийн ойролцоо буулгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,

 

Гэрч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манайх *дүүргийн 22 дугаар хороо, “*” хотхоны *-*тоотод амьдардаг бөгөөд *ах нь миний аавын төрсөн дүү байгаа юм. Манайхаар ирж байгаагүй учраас би гэртээ *ахын гэр бүлийг авчран цай уулгаж, гэрийнхэнтэй танилцуулахаар 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө 10 цагийн үед *дүүргиин *дугаар хороо *очиж *ах, түүний хүү *, *эхнэр *, дүү **а нарыг өөрийн машиндаа суулгаж гэртээ авчраад цай уулгасан ба *ахын бие муу цус харвасан байсан учир *ах, *, *бид дөрөв хамт яваад эмнэлэгт үзүүлээд тэр оройн *ах, *хоёр манай гэрт хоносон ба *эхнэр *найзуудтайгаа хонохоор явсан. Ингээд би *ах, *нарыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн ба тухайн үед хашаан дотор нь “гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэл байсан урд салхины шил нь хагарсан байсан ба намайг урд салхины шилийг нь солиулаад өгөөч гэхээр нь би “Яасан юм бэ?” гэхэд юм хэлээгүй ба “Бид нар хотод машин барьж чадахгүй байна, чи шилийг нь солиулаад өгөөч” гэхээр нь би урд салхины шилийг нь гэмтлийн урд байрлах засварт солиулсан *дугаартай залуу байсан. *нь хөдөөгөөс ямар машинтай ирсэн талаар мэдэхгүй байна. Хэн барьсан талаар мэдэхгүй байна. Намайг “******” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг солиулаад өгөөч гэхээр нь би солиулж өгсөн. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *дүүргийн тахилтад *болон хүүхдүүдийг авахаар очиход тухайн “******” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан байсан талаар мэдэхгүй байна, би анзаараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *аймгаас би *ах, аав *, би, *эгч, *эгчийн найз гээд нэг эмэгтэй бид 5 Улаанбаатар хот орох гээд *ах өөрийнхөө /нэрийг нь мэдэхгүй/ жижиг хар өнгийн машинаа жолоодоод явсан. Тэгээд шөнө Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд явж байх үед *танихгүй эрэгтэй хүн гараа өргөөд “Замд чинь дөхөөд буучихъя, машин эвдэрчихсэн байна” гээд миний баруун талд суусан ба би тухай үед арын суудалд суугаад унтаад явж байсан. Тэгээд нэг юм мөргөх шиг чимээ гарахаар нь би сэрээд буцаад унтах гэтэл нэг хүнийг *ах, *эгч 2 оруулж ирээд суулгасан. Тэр хүн ухаангүй хурхираад байсан. Тэгээд замаас суусан хүн шууд яваад өгсөн. Тэгээд төв замаараа явсаар байгаад тахилтын зам руу ороод харанхуй гудамжинд зогсоод *ах, *эгч 2 мөргүүлсэн хүнийг өргөж буулгаад гудамжинд хэвтүүлж орхиод цаашаагаа хөдлөөд *эгчийн гэрт нь ирсэн. Тэгээд *эгчид болсон явдлаа хэлээд унтацгаасан. Тэгээд би маргааш нь гэр рүүгээ харьсан. Тухайн мөргүүлсэн хүн унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тухайн үед *эгч “Эмнэлэгт хүргэж өгөх үү?” гээд хэлтэл *ах “Согтуу хүнийг эмнэлэг авахгүй байх” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр тал/,

 

Гэрч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны үүрээр 05 цагийн үед манай дүү **аймгаас аав *, эхнэр *, эмэгтэй хүүхэд, бэрийн найз гээд эмэгтэй тавуулаа манай гэрт ирсэн. Тэгээд би тухайн өглөө Архангай аймгийн Өгий нуур руу явах ажилтай байсан болохоор өглөө 06 цагийн үед босоод гадаа гараад Б.*унаж ирсэн машиныг нь хартал салхины шил нь хагарчихсан байхаар нь *“Машины шил нь яачихсан юм бэ?” гээд асуутал “Зам дээр аваар хийгээд хүн мөргөсөн” гэхээр нь би “Хүн нь зүгээр юм уу?” гээд асуутал “Зүгээрээ, өөрөө зүгээр гээд буугаад яваад өгсөн” гэж хэлсэн. Б.*нь 1990 онд *аймагт төрсөн. Эцэг эхээс дөрвүүлээ, айлын 2 дахь хүүхэд нь байгаа юм. Б.*ам бүл наймуулаа, эхнэр 6 хүүхдийн хамт *аймагтаа ажиллаж, амьдардаг. Боловсрол байхгүй, мэргэжил байхгүй. Одоо Улаанбаатар хотод манай гэрт амьдарч байгаа. Манай аав *тархинд цус харваад саажилттай болоод Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр ирсэн, Б.*харж хажуугаар нь барилгын өдрийн ажил хийж байгаа. Зан аашийн хувьд төлөв даруу, ноомой, элдэв ааш байхгүй хүн байгаа юм. Улаанбаатар хотод ер нь 1 удаа ирж байсан, газар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжпэгч С.*-*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Гэмт хэргийн улмаас хохирогч П.*нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас П.*нь 563,472 /таван зуун жаран гурван мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг гарсныг яллагдагч Б.*гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “*“ дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

 

Шинжээч Ц.*-*“...Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл, баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь, уртавтар тархины гүүр ба дунд тархи, бага тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, баруун уушгины гялтан доорх цус хуралт ба эдийн няцрал, язарсан шарх, элэгний эдийн язрал, хоёр бөөрний өөхөн эд, сэмж чацархайн цусан хуралт, зулай, дагзны хуйх, баруун, зүүн тохойн язарсан шарх, зулгаралт, зулайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдсон тухайлбал эдгээр учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мөргөгдөх үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.*-*2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №*дугаартай “Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл: баруун нүдний ухархайн дээд хана, дух, зулай, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь, уртавтар тархины гүүр ба дунд тархи, бага тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, баруун уушгины гялтан доорх цус хуралт ба эдийн няцрал, язарсан шарх, элэгний эдийн язрал, хоёр бөөрний өөхөн эд, сэмж чацархайн цусан хуралт, зулай, дагзны хуйх, баруун, зүүн тохойн язарсан шарх, зулгаралт, зулайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид 2024.08.25-ны өдрийн 21 цаг 00 мин гадна үзлэг хийхэд нас бараад 7- 8 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-122 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.*2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №*“...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гуталд үүссэн 63x9 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед үүссэн хуучин зулгаралт байна. Дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч Б.*2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №*“... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өрөөсөн гутал дээрээс цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. П.*ДНХ-ийн 2 тогтцыг тогтоов. 3. Хар өнгийн өрөөсөн гутал дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.*2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №*“...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболк, хар хөх өнгийн өмд гэмтэлгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч Б.*2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №*“...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболк, хөх өнгийн өмд дээрээс цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хөх өнгийн өмд дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй. Улаан өнгийн футболк дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Улаан өнгийн футболк дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой П.*ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч Б.*2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №*“Шинжилгээнд ирүүлсэн марлууд нь шинжилгээнд тэнцэнэ. Марлууд дээрээс цус, шүлс болон биологийн бусад ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар тал/,  

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээч Ш.*2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №*дугаартай дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 176-182 дугаар тал/,

 

Явган зорчигч П.*нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар тал/,

 

Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа болон бусад яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, лавлагаанууд /1 дүгээр хавтаст хэргийн 233-239 дүгээр тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 25-ны өдрийн 17 цагийн үед цагдаагийн газраас над руу ярьсан. Тэгээд “*гэдэг хүнийг таних уу? гэмтлийн эмнэлэг дээр байгаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө эмнэлэг дээр очоод уулзахад таниулах үйл ажиллагаа хийлгэсэн. Аавын нүүр, гар нь сорви болсон байсан. Манай аав тахилт гэх газрыг мэдэхгүй байж яагаад тэнд байсан юм бол гээд гэрийнхэнтэйгээ ярилцсан. Тэгээд 2-3 хоногийн дараа зам тээврийн осол байсан гэдгийг мэдсэн. Зам тээврийн осол гарч л байдаг. Ядаж эмнэлгийн байгууллага дуудаад өгсөн бол бидэнд ч амар байх байлаа. Ядаж амьд байх байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтаар нэхэмжилсэн хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. 52-72 дугаар хуудсанд 34,936,428 төгрөгийн оршуулгийн зардал, 5,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн зардал гээд нийт 39,936,428 төгрөг нэхэмжилж байгаа тухай баримт байгаа ба шүүгдэгчээс 4,000,000 төгрөг төлсөн учраас 35,936,428 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирол 5 дугаар зэргээр тогтоогдсон...” гэх,

 

Шүүгдэгч Б.*шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол...” гэх, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол...” гэх шинжүүдийг бүрэн хангасан байх тул улсын яллагчаас шүүгдэгч Б.Зоригтбаатарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

 

            Иймд шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэн харгалзах ялаас үлдсэн 4 сар 7 хоногийг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 10 сар 7 хоногоор тогтоох дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.* ****аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож тус зүйл заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан хорих ялууд дээр зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоов.

Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-с нийт 135,040,170 төгрөгийг гаргуулж, үүнээс:

- Эрүүл мэндийн даатгалын санд 563,742 төгрөг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар нэхэмжилсэн 36,136,428 төгрөгийг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалын дагуу батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тавдугаар зэрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 98,340,000 /ерөн найман сая гурван зуун дөчин мянган/ төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б  */РД: *, *дүүргийн **дугаар хороо, *-*тоот/-д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.З *аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн тогтоох хэсгийн 2 дахь заалтьг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*нийт 135,040,170 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд 563,742 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 36,136,428 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт  98,340,000 /ерөн найман сая гурван зуун дөчин мянган/ төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **/РД: **, Сүхбаатар дүүргийн **дугаар хороо, *-*тоот/-д олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.*урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД