Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

              Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

              Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Ц-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Г.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27 дугаар гудамж 01 тоотын гадаа засмал зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж улсын дугааргүй, хөх өнгийн “****” загварын мотоциклийг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д, Г.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  ******** дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Г.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27 дугаар гудамж 01 тоотын гадаах засмал зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, хөх өнгийн ***** загварын мотоциклийг мөргөж,  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз ясны цууралт хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд сорви, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл, Г.Б  биед зүүн бугалга ясны доод хэсгийн сэлтэрсэн хугарал, тохойн үений мултрал, жийргэвчийн цүлхийлт, зүүн өвдөгт шарх бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, иргэний нэхэмжлэгч Ц.А, Л.Т, Д.Ц нарын эд хөрөнгөнд хохирол учруулсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч   Г.Б өгсөн: “..Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед найз  Д.М , Д.Х нарын хамт Төгс төв нэртэй биллиардны газарт тоглох зорилготой мотоциклоор явцгааж байсан. Д.Х мотоцикл уначихсан араараа Б.Дыг суулгачихсан манай гэрийн гадаа анх ирсэн юм. Тэгээд би тэр  хоёрын араар суугаад манай гэрийн гаднаас хөдөлж, бид гурав Мөрөн сумын 1 дүгээр  хорооны засмал замаар уруудаад явж байхдаа осолд орсон. Би бол яаж  байгаад осолд орсныг мэдээгүй. Тэр хоёрын араар сууж явахдаа урагшаа зам харахад хэцүү байсан, бас би яг тухайн үед юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөх гээд хальт доошоо тонгойсноо санаад байгаа юм. Нэг мэдэхэд л би хашааны хажууд хэвтэж байсан. Харахад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг байсан, нэг машиных нь хоёр талд манай 2 найз хэвтэж байсан. Би босож чадахгүй байсан, удалгүй эмнэлэг, цагдаа ирээд эмнэлэг рүү намайг аваад явсан. .. Би гэрээсээ гарч ирсэн. Д.Х, Б.Д 2 ч гэсэн архи дарс хэрэглээгүй байсан. Бид нар зүгээр биллиард тоглох гэж л явсан. Д.Х жолоодож явсан. Тэр мотоцикл түүний ээжийн нь мотоцикл, ээж нь фэйсбүүк дээрээс зар харж байгаад худалдаж авсан гэж өөрөө ярьж байсан. Мустанг-5 маркийн хөх өнгийн мотоцикл. Би хурдыг нь анзаарч хараагүй, араа нь хэд нь дээр байсныг мэдээгүй. Гайгүй л хурдтай явж байгаа санагдсан. Би осол яаж байгаад гарсныг бол сайн мэдэхгүй байна. Бид гурав бол засмал замаар чигээрээ уруудаж явсан. Би осолд орсны дараа хашааны хажууд хэвтэж байхдаа харахад цагаан өнгийн Приус-20 загварын  тээврийн хэрэгсэл бид нарын урдуур гудамж руу эргэж орох гэж байсан юм байна лээ.  .. Хотод хагалгаанд орсон. зүүн гарын тохой хэсгийн яс үүрсэн, тохой хэсгээ бэхлүүлж шрүпдүүлсэн. Зүүн гарын тохой бол цаашдаа тохой биш шүү гэж эмч хэлж байсан, бас грүпт орно гэж эмч хэлж байсан. Зүүн гараа унжуулж өргөхөд маш хэцүү байна өвдгөн дээр шархтай. Нуруу бас тонгойход өвдөж байгаа. Би гомдолтой байна. Хагалгаанд ороход мөнгө төгрөг их орсон. Эмчилгээний зардлаа буруутай хүнээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 48 тал/,

Насанд хүрээгүй хохирогч  Б.Дын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Д.Х,  Г.Б бид гурав  биллярьд тоглоё гэж нэг нэгэн рүүгээ чат бичээд эхлээд Х.Л мотоцикл уначихсан манай гэрийн гадаа ирсэн.  Би араар нь суугаад  замаараа Г.Б авч  араараа суулгаад  1-р хорооны засмал замаар уруудаад  Төгс төв орохоор явж байсан. Замд нэг гудамжнаас машин гарч ирэх гээд өнгөрөхийг хүлээж байсан. Харин өөдөөс ирж явсан приус-20 загварын гэнэт бид нарын урдуур дохио өгөлгүй ороод ирсэн, манай мотоцикльтой мөргөлдсөн. Би нэг мэдэхэд засмал зам дээр хэвтэж байсан. Толгой өвдөөд хөл дээрээ босох гэтэл миний хөл санжигнаад хөл хугарсан гэдэг нь илт мэдэгдэж байсан. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. Гайгүй л хурдтай явж байсан тэр машин л бид нарын урдуур гудамж руу эргэх гээд гэнэт ороод ирсэн. Х.И тооромсоо гишгэж амжсан эсэхийг мэдэхгүй байна. Х.И л гарын гадаа ирэхдээ унаад ирсэн. Улсын дугаарыг нь хараагүй Жолооч нь эмэгтэй хүн байсан.  Миний дагз хэсгээр өвдөж байгаа Бас зүүн хөл хугарсан хугарсан хэсгээрээ  өвдөж өвдөг хэсгээр идээлсэн. Байнга хэвтэрт байна. Би гомдолтой байна. Хөлөндөө нэмж эм авах хэрэгтэй байна зардлаа нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Тгийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээ жолоодоод Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27  дугаар гудамжнаас төв засмал зам руу гарах гээд шороон дээр зогсоод урд хойд урсгалаа хараад зогсож байхад засмал замаар хойд зүгээс урагш чиглэлтэй, маш бүүдгэр ганц гэрэлтэй тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан. Харин миний гарч  ирж байгаа гудамж руу орох гээд цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дохиогоо өгөөд хөдөлгөөн үйлдэж байгаа харагдсан. Тэр хооронд би баруун гар талаас саад байна уу гээд харж байтал миний машины зүүн урд тал руу нэг  зүйл мөргөсөн. Энэ явдал бол маш хурдан болоод өнгөрсөн. Би машинаасаа  шууд буугаад хартал 3 залуу ёолсон байдалтай миний машины баруун урд талд газарт хэвтэж байсан. Харин тэр гурвын унаж явсан бололтой мотоцикл  миний машины зүүн урд дугуйны хойд хэсэг рүү нь чихээд орчихсон байдалтай байсан. Ойр орчмоо харахад мотоциклтой 3 залуу эхлээд гудамж руу орох гэж байсан нөгөө цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд миний машиныг үргэлжлүүлж мөргөсөн бололтой байсан. Тэр гурав их хурдтай явж байсан бололтой миний машиныг мөргөсөн талдаа биш эсрэг талд нь буюу  машины хамар дээгүүр даваад унацгаасан байсан. Би шууд эмнэлэг, цагдаа хоёрт дуудлага өгсөн. Танихгүй. Мотоцикл дээр тэр гурав л сууж явсан байсан.  .. Машиныхаа хохирлыг л нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Цгийн өгсөн: “...Тоёота приус-20 загварын  8851 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Хохиролын үнэлгээ гаргуулахгүй надад гомдол санал байхгүй....Тиймээ манай эхнэр Ц.Э 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний эзэмшлийн *******А улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон нь үнэн.  Манай эхнэр жолоодох эрхийн үнэмлэхтэй  жолооч хүн байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 33,36 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.А-ийн өгсөн: “...Би өөрийн худалдаж авсан байсан Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклынхоо эвдрэл хохиролын үнэлгээгээр  тогтоогдсон 211.400 төгрөг мөн үнэлгээчний ажлын хөлс 30.000 төгрөг гээд нийтдээ 241.400 төгрөгийг нэхэмжилж байна..”  гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн: “... Д.Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.210.221 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Харин хохирогч Б.Д нь  Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.954.686 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Эдгээр мөнгөн дүнг  буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Хгийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг болох гэж байхад би найз Б.Д, Г.Б нарын хамт гэрээсээ гарч Авьяас сургуулийн урд талд байх Төгс төв биллиардны газарт очиж тоглохоор явсан юм. Манай хашаанд ээжийн худалдаж авсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоцикл байсан. Тэр  мотоциклийг би жолоодоод араар нь 2 найзаа суулгаад биллиардны газар руу Мөрөн сумын 1 дүгээр хорооны засмал замаар уруудаад явж байсан юм. Тэгээд явж  байтал приус-20 маркийн машин дохиогоо өгөхгүй, миний урдуур гудамж руу орох гээд эргээд ороод ирсэн. Би мотоциклын тоормосоо хальт гишгээд амжихгүй  тэр машины урд хэсгийг мөргөөд гудамжнаас гарч ирж байсан бас нэг машиныг яаж мөргөснөө санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд л би газарт хэвтэж байсан.  Б.Д миний хажуухан талд, харин Г.Б хол шидэгдэж унасан байсан удалгүй  эмнэлэг, цагдаа ирсэн. Би осол болсны дараа харахад ямар ч байсан танихгүй нэг эмэгтэй хүн байсан. Тэр жолооч эгч яахын аргагүй дохиогоо өгөөгүй миний урдуур эргэсэн. Бид 3 согтууруулах ундаа хэрэглээгүй, биллиард тоглох гээд явцгааж байсан. Жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай ээж Ц.А фэйсбүүкээс  зар харж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр танихгүй нэг ахаас 400.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд хашаандаа байлгаж байсан. Осол болох үед би мотоцикпийг жолоодоод дунд нь Д.М ар талд Г.Б сууж явсан. Би яг хурдыг сайн мэдэхгүй байна. Ямар араагаа 4-төө хийгээд дөнгөж явж байсан. Мэдэхгүй. Тэр машин миний урдуур орж гарсан гэж бодож байгаа. Энэ ослоос болоод миний ташаа өвдөж байгаа зүүн хөлийн өвдөгний доод хэсэгтээ оёдол тавиулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

Гэрч Ц.А-ийн өгсөн: “..Тэр осол гарахаас 2 хоногийн өмнө би энэ мотоциклыг худалдаж авчихаад хашаандаа байлгаж байсан юм. Хөдөө байдаг хүргэндээ би өгч явуулах гэж байсан. Д.Хд хандаж “миний хүү энэ мотоциклыг унаж болохгүй гэж хэлж байсан. Гэтэл намайг ажилтай гадуур байх үед хүү маань надад хэлэлгүйгээр тэр өдөр хашаанаас унаад гарсан байсан. Би бол осолд орсон гэхэд мэдсэн. Тэрнээс биш би хүүгээ ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл унахыг хориглож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 тал/,

Хэргийн газрын  үзлэг хийсэн:  “..: Хэрэг учрап гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дугээр баг 27 дугаар  гудамж 01 тоотын гаднах ертөнцийн зүгээр хойноос урагш, урдаас хойш чиглэлтэй асфальтан зам байв. Хэргийн газрыг замын цагдаагийн тасгийн алба хаагчид албаны тээврийн хэрэгслээр хоёр урсгалыг хааж хамгаалалтад авсан байв. *******1 ХӨА улсын дугаартай цагаан өнгийн Т*****0 маркийн тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал руу орж ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж зогссон байх ба уг тээврийн хэрэгслийн зуун урд талын гэрэл, гупер зэрэгт шинээр гэмтэл үүссэн буюу тээврийн хэрэгслийн эд зүйл хагарч бутарч зам дээр унасан байх  хэсгүүдийг үндэслэж тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгийг А үсгээр тэмдэглэж шинжээч гэрэп зургаар бэхжүүлэв. А цэгээс ертөнцийн зүгээр баруун урагш 2.30 метрийн зайд улсын дугааргүй өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл нь ******** улсын дугаартай Приус-20  загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй хэсэг рүү мөргөж налсан байдалтай байсныг Б үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Мотоциклын хянах  самбарыг ажиглахад 4-н тоо буюу 4 дүгээр арааг зааж байв. Үл хөдлөх цэгээр 6-161 дугаартай төмрөн шонг сонгон авч В үсгийг байршуулж А цэгрүү 90 градусаар хэмжихэд 3,90х4,90 метр байлаа. Зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Б уртын метр ашиглан хэмижилтүүдийг явуулахад зорчих хэсгийн өргөн 7 метр, хөвөөг оруулсан нийт өргөн 1.40 метр, *******А улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнаас...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  хүртэл 4.60метр, баруун хойд дугуйнаас зорчих хэсгийн зах хүртэл 4.60 метр, баруун хойд дугуйнаас зорчих хэсгийн зах  хүртэл 3 метр байв. Үзлэгийн тэмдэглэлд бүдүүвч зургийг үйлдэж хавсаргахаар тогтов. Мотоциклийн явсан гэх чиглэлийг харахад ертөнцийн  зүгээр  хойноос  урагш  ******* улсын дугаартай  Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхдаа зүүн тийш эргэх буюу 1-р баг 27 дугаар гудамж  руу эргэх үйлдэл хийсэн харагдаж байна. ******* улсын дугаартай Приус-20 хэрэгсэл нь 27 дугаар гудамжнаас гарч ирэхээр зогсож байгаа харагдана. Асфальтан зам дээр мотоциклийн тоормосны мөр үүсээгүй байна...” /хх-ийн 10-14 тал/,

        Эрх бүхий албан тушаалтны хэргийн газар үзлэг хийсэн: “...Тус зам тээврийн осол болсон газар нь 2024 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн 22 цаг 10 цагийн үед Мөрөн сумын 1 дүгээр баг 27 дугаар гудамжны баруун талын хатуу хучилттай  босоо тэнхлэгийн авто замд приус-20 загварын 88-51 ХӨН, мустанг-5  загварын  улсын дугааргүй приус-20 загварын ******* ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд  мөргөлдсөн байх ба  жолооч нарыг  байлцуулан үзлэг хийхэд приус-20 загварын  ******** улсын дугаартай  авто машины жолооч  ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй  хөдөлгөөнд оролцож яваад гарцаар зүүн эргэх үйлдэл хийх үед  өөдөөс буюу хойноосоо урагшаа  чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явсан мустанг-5 загварын мотоциклтой  мөргөлдөж  мөргөлтийн улмаас  баруун талдаа зогсож байсан Приус-20 загварын *******улсын дугаартай авто машиныг  мөргөснийг тэмдэглэл болгон үйлдэв..” гэх тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/,

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 583 дугаартай: “...Б.Дын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз ясны цууралт хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд сорви, зүүн шуунд зулгаралт бүхий  гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Дын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй..” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  10-13 тал/,

          Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай: “..Г.Б  биед зүүн бугалга ясны доод хэсгийн сэлтэрсэн хугарал, тохойн үений мултрал, жийргэвчийн цүлхийлт, зүүн өвдөгт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Г.Б биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна..” гэх  дүгнэлт /хх-ийн  76 тал/,

           Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн комьпютер томографийн шинжилгээний  дүгнэлт /хх-ийн 77-78 тал/,

Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн шинжээчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-46 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаа /хх-ийн 99-100 тал/,

Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924-11453 дугаартай: “...Мустанг-5 загварын хөх өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын зах зээлийн үнэ цэнийг  2024 оны 11 дүгээр сарын байдлаар 211.400 төгрөгөөр тогтоов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-86 тал/,

Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1977 дугаартай: “...Л.Тгийн эзэмшлийн ****** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний нийт дүн 720.000 төгрөг ...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-94 тал/, 

Тоёота приус-20 загварын  ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119 тал/,

Шүүгдэгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодож гэр рүүгээ харих замдаа 1-р хорооны засмалаар өгсөж явахдаа зүүн гар тал руугаа буюу гудамж руу орох гэж байхдаа мотоцикл ирж явааг анзаарахгүй үйлдэл хийж мотоциклтой мөргөлдсөн. Одоогийн байдлаар мотоцикп дээр сууж явсан Д.М гэх хүүхдэд 300.000 төгрөг, Х.Ид 100.000 төгрөг, Б.Э-д 150.000 төгрөгийг тус тус өгсөн. Л.Тгийн хохиролыг бас удахгүй төлөх гэж байгаа. Би буруутай үйлдэл хийсэнээ хүлээн зөвшөөрч байна. Уг тээврийн хэрэгсэл манай нөхөр Д.Ц-гийнх би В ангилалын үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 тал/ зэрэг нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27 дугаар гудамж 01 тоотын гадаа засмал зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж улсын дугааргүй, хөх өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг мөргөж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д, Г.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М, Түвшингийн мэдүүлэг, А.Н мэдүүлэг, Х.Игийн өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн 573 дугаартай дүгнэлт, 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, 583 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, Ашид билгүүн компанийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлт,

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч  Ч.Будхүү гаргасан санал, дүгнэлтдээ: “...Гэм буруугий хувьд маргаангүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6.2-д зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаарч байх  тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн үед учирсан хор уршиг, шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь харж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Ц болон түүний өмгөөлөгч Ч.Будхүү нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Г.Б, Б.Д нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч Л.Т, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Ц.А нарын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Хгийн  өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Аийн өгсөн мэдүүлэг,  шүүгдэгч  Б.Ц жолоодож явсан Тоёота приус-20 загварын  ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  иргэний нэхэмжлэгч Д.Цгийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, насанд хүрээгүй хохирогч Г.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч  Г.Б, Б.Д нь ослын улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Дын биед  хүндэвтэр гэмтэл үүссэн болохыг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч  Г.Б биед  хүндэвтэр гэмтэл үүссэн болохыг тогтоосон  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай дүгнэлт,  жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,    гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч  Г.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 27 дугаар гудамж 01 тоотын гадаах засмал зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ****** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, хөх өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг мөргөж,  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз ясны цууралт хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд сорви, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл, Г.Б биед зүүн бугалга ясны доод хэсгийн сэлтэрсэн хугарал, тохойн үений мултрал, жийргэвчийн цүлхийлт, зүүн өвдөгт шарх бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, иргэний нэхэмжлэгч Ц.А, Л.Т, Д.Ц нарын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Дын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, дагз ясны цууралт хамрын таславчийн мурийлт, зүүн шанаанд сорви, зүүн шуунд зулгаралт бүхий  бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Г.Б биед зүүн бугалга ясны доод хэсгийн сэлтэрсэн хугарал, тохойн үений мултрал, жийргэвчийн цүлхийлт, зүүн өвдөгт шарх бүхий үүссэн болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Цгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тодруулбал: тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ц нь“Тоёота приус-20” загварын *******А улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүгдэгч  Г.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9 дэх хэсэгт заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”.. гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч Г.Цгийн  гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Д, Г.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч  иргэний нэхэмжлэгч Л.Т, Ц.А иргэний нэхэмжлэгч Д.Ц нарын эд хөрөнгөнд  хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Д, Г.Б    нар нь “..төлбөрийг барагдуулсан гомдол саналгүй...” гэх утга бүхий гар бичвэр /хх-ийн 147, 148/-д иргэний нэхэмжлэгч Д.Ц нь: ...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/-д тус тус хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц нь насанд хүрээгүй хохирогч Г.Бд 2024 оны 11 дүгээр сарын 12, 18-ны өдөр 350.000 төгрөгийг  шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, насанд хүрээгүй хохирогч Б.Дашямд 100.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 16 өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “.. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 241.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Аийн Хаан банкны *******дугаарын дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгч Ц.Аийн: “.. хохиролын мөнгө 241.400 төгрөг барагдуулсан тул надад  гомдол санал байхгүй..”  гэх хүсэлт, иргэний нэхэмжлэгч Л.Тгийн “..2024 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн *******В улсын дугаартай приус-20 загварын авто машинтай 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа ***** улсын дугаартай  приус -20 загварын  автомашинд  мөргүүлж миний авто машинд 720.000 төгрөгийн хохирол учирсан болно. Уг хохиролыг Г.Ц нь бүрэн барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй..” гэх хүсэлтийг тус тус  гаргаж өгч байх тул  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч   Э.Ц насанд хүрээгүй хохирогч Б.Д, Г.Б, иргэний нэхэмжлэгч Д.Ц, Л.Т, Ц.А нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирогч Г.Б эмчилгээ үйлчилгээ авсан 3.210.221 төгрөг, Б.Дын эмчилгээ үйлчилгээ авсан 1.954.686 төгрөгийг тус тус шүүгдэгч  Г.Цгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч  Г.Ц нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  нийт 5.164.907  төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Цгээс  5.164.907 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч  Г.Цгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Цг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Ц.Цэен-Ойдов эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ч.Будхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн үед учирсан хор уршиг, шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь харж үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч нь хууль зүйн туслалцааны төвд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан бөгөөд төлбөрийн чадваргүй, амьжиргааны түвшин бага гэсэн оноогоор хандсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирлыг бүрэн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн...” гэх санал дүгнэлтийг гаргажээ.

              Шүүгдэгч Г.Цгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

            

              Шүүгдэгч Г.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Цг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч   Г.Цг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Цд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Г.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд  хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч  Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч  Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3  (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6  (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Цг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Цд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч  Г.Цс 5.164.907 (таван сая нэг зуун жаран дөрвөн мянга есөн зуун долоо) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.  Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч нар  болон  иргэний нэхэмжлэгч  нарт төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН