Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,                     

              Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

             Шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.ягийн П.Жид холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн,

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч А.П нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Жыг зодож, биед баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч А.П нь 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт  Б.А гэрт Б.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  өшиглөх цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж, биед баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

   Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Пийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Жын өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 19-20 цагийн орчимд би Чингис зочид буудалд өөрийн найз Н.Лтэй 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи 1 шилийг хувааж уугаад найз маань намайг таксинд суулгаж өгөөд би гэртээ харихаар явсан. Гэртээ очтол гэр цоожтой, гэрийнхээ түлхүүрийг олохгүй, утас, цэнэггүй болоод унтарчихсан байсан болохоор нутгийн танил эгч А.ягийн гэр рүү явж утсаар нь ээж рүүгээ залгахаар очсон. .. Тухайн орой очиход А.ягийн дүү болох Э.Р, А.ягийн хүү /нэрийг нь мэдэхгүй/ хоёр байсан. Би ороод Э.Рт хандаж “та хийцгүйрч байхаар хөдөө гарч мал маллаж Т.Э ахад тус болооч" гэж хэлэхэд А.ягийн том хүү дундуур орж ирээд маргаан үүсгэж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж “та нар ингэж ярих болоогүй шүү” гэж хэлчихээд гараад явтал араас А.ягийн том хүү гарч ирээд миний нуруу руу өшиглөж намайг унагаасан. Намайг газар уначихсан байхад тэр том хүү нь үргэлжлүүлэн миний нүүр нүд рүү өшиглөж зодсон. Э.Р болохоор наадхаа алчих гээд хажуу талаас хэлээд байсан. Ингэж хэлж байхдаа Э.Р бас миний баруун талын түнх рүү хоёр удаа өшиглөсөн. Би   болиоч ээ  үхэх гээд  байна байна ш дээ гуйж өшиглөсөн. Би “болиоч ээ үхэх гээд байна ш дээ, гуйж байна” гэж хэлээд зугтаж хашааны хаалгаар гарсан. ... Гайгүй согтолттой байсан.  А.ягийн том хүү /нэрийг нь мэдэхгүй/ л учир зүггүй миний рүү айхтар цохиж зодсон. Анх энэ залуугаас болж л маргаан үүссэн.  Миний биед үүссэн гэмтлийг бол А.ягийн том хүү учруулсан.  Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан миний биед учирсан гэмтлийг П.Ж намайг зодоод учруулсан гэж хэлмээр байна би маргааш нь А.я руу ирээд надаас уучлал гуйх болов уу гээд зодуулсан зургаа хүртэл чатаар явуулсан байсан. П.Ж намайг цохиж унагаагаад зодсон П.Ж, Э.Р бид гурваас өөр хүн байгаагүй хашаанаас зодуулаад зугтаагаад гарч явахад харин А.я, бас нэг залуугийн хамт гудманд машинтай таарсан байгаа. Тухайн үед манай ээж миний эмнэлгийн төлбөр тооцоог нь хийсэн Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23-24 тал/,

              Гэрч  Л.А.ягийн өгсөн: “...Тухайн орой манай хүү П.Ж над руу утсаар яриад Ж.Л манайд согтуу ирээд Э.Р ах руу томроод байна гадагшаа авч гарах гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай хүүгээс гар утас цэнэглэгчийг нь утсаа цэнэглээд өгнө гэж хэлж авчихаад нөгөө утас цэнэглэгчийг нь гэрээс аваад гарсан гэсэн тэгээд манай хүү П.Ж манай дүү Э.Рын утас цэнэглэгчийг авах санаатай араас нь гарахад Ж.Л манай хүү П.Жийг эхлээд цохиод авсан гэсэн тэгээд манай хүү уур нь хүрээд Ж.Лыг зөрүүлээд барьж аваад тонгороод ноцолдоод манай дүү Э.Р гэрээс гарч салгасан гэсэн. Би ажлаасаа орой 23 цаг өнгөрч байхад дүү Н.Р гэртээ хүргүүлсэн тэгэхэд манай хашаанаас гараад зөрөөд явж байсан, би гэрийнхээ гадаа хүргүүлээд ирэхэд манай хүү хамраас нь цус гарсан, гар нь хавдсан Ж.Л намайг хаалганы араас гарч ирээд цохиод авчихлаа гэсэн тэгээд би хүргүүлж ирсэн Н.Той Ж.Лын араас очоод Н.Ж чи яахаараа манай ах, дүү хоёрыг дээрэлхээд байгаа юм гэж хэлээд Ж.Лын гарыг ард нь мушгисан, хэсэг дарж сууж байгаад Ж.Лыг гэрт нь хүргэж өгсөн байх Ж.Л шал согтуу хөл нүцгэн таавчиктай явж байсан. ..Манай хүү архи дарс уугаагүй эрүүл саруул байсан манай хүү архи дарс уудаггүй хүүхэд байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

            Гэрч Л.Э.Рын өгсөн: “...Тухайн орой би Мөрөн сумын 10-30-17 тоотод эгч Анхтуягийн гэрт байж байхад манай хамаатны хүн болох Ж.Л гэх залуу согтуу орж ирээд гар утсаараа яриулчих гээд байсан. Тэгээд утасны цэнэглэгчээ өгчих гэж надад хэлээд би гар утасны цэнэглэгч өгөөд Ж.Л хэсэг утсаа цэнэглэж байгаад гар утас цэнэглэгч аваад гэрээ байгаа харагдсан тэгээд би дүү банди буюу /П.Ж/ гаднаас гэртээ ирсэн би дүүдээ Ж.Л цэнэглэгч аваад гарчихлаа гэж хэлсэн чинь  П.Ж Ж.Лаас цэнэглэгчээ авах гээд гарсан тэгээд би гэрт байж байсан хашаан дотор хүмүүс том, том дуугараад байхаар нь гэрээс гарсан чинь Ж.Л, П.Ж хоёр хоорондоо нэг нэгнээ бариад авсан байж байсан. Ж.Лыг яв гэж хэлээд Ж.Л хашаанаас гараад явсан гарч яваад  манай эгч А.я, Н.Ж нартай таарсан байсан.. Манай дүү П.Ж гаднаас надад тамхи хүргэж ирсэн. Тэгээд байж байхад Ж.Л гаднаас согтуу орж ирсэн байгаа манай дүү архи уугаагүй эрүүл саруул байсан. ..Тэр өдрөөс өмнө нь Ж.Л манай эгчийн гэрт 2 удаа согтуу орж ирээд гарсан хамгийн сүүлд нь согтуу орж ирээд эхлээд намайг дагуулж гарч уух гээд байсан би ах нь архи уухгүй гэж хэлсэн тэгээд утсаа цэнэглэнэ гээд утасны цэнэглэгч аваад гарсан. Тухайн үед би гэрт байж байхад гадаа хашаанд Ж.Л, П.Ж хоёр муудалцаад чанга, чанга дуугараад байсан. Тэр хоёр хашаан дотор барилцаад авсан байж байхаар нь би салгаад Ж.Лыг явуулсан байгаа. Би архи дарс уугаагүй эрүүл саруул байсан харин Ж.Л нилээдгүй согтуу байсан. Би гар утасны цэнэглэгч ээ Ж.Лаас булааж авахдаа Ж.Лын нуруу руу цэнэглэгчээр ороолгож авсан байгаа өөр гар хүрээгүй цохиогүй. Тэрийг хараагүй хашаанд хоорондоо муудалцаад том  дуугараад байсан тэгээд намайг гэрээс гараад ирэхэд хашаан дотор хоорондоо барилцаад авсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

            Гэрч Б.Н.Жийн өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 2-р хороонд би гэртээ байсан, А.я эгч надтай хамт байхдаа Ж.Л архи ууж орж ирчихээд А.Пийг зодоод байна очихгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Бид хоёр 21 цагийн үед П.Жийн гэр болох 10-р хороонд байх гэрт нь очих гээд явж байхад Ж.Л тэдний гэрийн гадаа гудманд явж байсан. Би А.я эгчтэй хамт Ж.Л дээр яваад очиход Ж.Л согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн байхаар нь "..яагаад согтуу асуудал үүсгээд зодоон цохион хийгээд яваад байгаа юм гэж хэлсэн.." Ж.Л гараа шүүрч аваад зугтаах гэхэд нь би араас нь очоод баруун гар нь байсан санагдаж байна өчөөд доош нь дараад газарт хэвтүүлээд намайг сонсоодох, миний үгэнд ор чи ингэж болохгүй гэж хэлээд босгож ирээд зодоон цохион хийж болохгүй асуудал үүснэ гэж хэлсэн. Ж.Лыг согтуу байсан болохоор гэрт нь хүргэж өгөх гээд дагуулаад авч яваад гэрийнх нь ойролцоо хүргэж өгөөд гэртээ ороорой гээд салсан, Би А.я эгч П.Ж 2-ыг үлдээгээд гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ очиход П.Ж гарч ирсэн баруун шанаа хэсэгт нь Ж.Л цохисон гээд бага зэрэг хавдсан байдалтай, цохихоор нь биеэ хамгаалаад буцааж түлхсэн гэж ярьсан. Тухайн үед А.я эгч, түүний хүү П.Ж, Ж.Л, манай эрэгтэй дүү О.М нар байсан, Э.Р дотор гэрт байсан юм байна лээ гадаа гарч ирээгүй би дотогшоо ороогүй юм...намайг очиход Ж.Лын дух нь халцарсан цус гарсан өөр гэмтэл ажиглагдаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

            Гэрч Д.О өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын дунд үеэр Рашаант сумаас аймаг орж ирэхэд манай хүү Ж.Л хүнд зодуулсан гэсэн гэртээ байж байсан. Асуухад би таньтай утсаар ярих гээд утасгүй болчихоод манай нутгийн хүн болох А.ягийн гэрт очсон тэгэхэд хүүхэд нь зодчихлоо гэсэн. ..Ж.Лыг дагуулаас эмнэлгээр үзүүлсэн компьютер томографт Ж.Лыг харуулаад тархины бичлэг хийлгэсэн..Намайг анх орж ирэхэд Ж.Л нүүр нь хавдсан нилээдгүй сайн бололтой байсан. ..Ж.Лыг үзүүлэхэд компьютер томогарпикийн үзлэг 150.000 төгрөг болсон, шархны тос, өвчин намдаах, эм тарианд нийт 30,000 төгрөг нийт 180.000 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

            Шинжээч Г.А өгсөн: “...Б.Жын биед үзлэг хийх үед биед байсан бүх гэмтлийн дүгнэлтийг үзлэг хэсэгт тусгаж өгсөн. Эдгээр гэмтлээс өөр гэмтэл Ж.Лын биелд байгаагүй. Гаранд үүссэн зулгаралт бүхий гэмтэл нь гар өчих үед үүссэн байх боломжтой бөгөөд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай: “...Б.Жын биед нь баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үүсгэгдсэн байна. Б.Жын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,  Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт  /хх-ийн 48 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

            Б.Жын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 17-18 тал/,

            Шүүгдэгч А.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим 2 дугаар хорооноос Мөрөн сумын 10-30-17 тоот гэртээ ганцаараа ирсэн. Тэгээд гэртээ ороход Ж.Л манай ах Э.Р хоёр байсан бөгөөд манай ах зурагтаа үзсэн харин Ж.Л гар утсаа цэнэглээд сууж байсан. Тэгээд намайг ороход Ж.Л надаас эгч хайчсан бэ? гэж манай ээж А.яг асуусан тэгэхээр нь би ажлаасаа ирээгүй байна одоо ирэх байх гэж хэлсэн тэгэхэд Ж.Л согтуу ах Э.Рыг дагуулаад архи уух гээд байсан тэгэхэд Э.Р ах явахгүй гэсэн чинь Ж.Л дагуулаад архи уух гээд ахыг хувцаснаас нь татаад байсан тэгэхээр нь би Ж.Л руу уурлаад наад хүн чинь явахгүй гээд байгаа юм биш үү гэж Ж.Лд хэлсэн чинь Ж.Л над руу хандаж чи одоо ахынхаа урдаас том дуугарах болсон уу? гээд над руу согтуу томроод байсан тэгээд манай том ахын хүргэн болох Баттөмөр ах нас бараад удаачгүй байсан болохоор нас барсан Баттөмөр ахыг муулаад хараагаад байсан тэгээд би уурлаад Ж.Лыг гэрээсээ хөөгөөд гаргасан, би Ж.Лыг утас цэнэглэгч аваад гэрээс гарсныг нь анзаараагүй гэртээ байж байхад Э.Р Ж.Лыг утас цэнэглэгч аваад гарлаа гэж надад хэлсэн тэгэхээр нь би Ж.Лын араас цэнэглэгчээ авах гээд гэрээс гарахад Ж.Л намайг эхлээд гэрийн гадаа нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би цочихдоо зөрүүлээд Ж.Лыг цохиод авсан тэгээд би Ж.Лаас цэнэглэгчээ авах гээд татсан чинь Ж.Л газарт унасан тэгээд би Ж.Лтай цэнэглэгч булаацалдаж ноцолдоод байж байхад Э.Р ах гэрээс гарч ирээд Ж.Л бид хоёрыг салгаад Ж.Лаас цэнэглэгчээ булааж авсан тэгээд бид хоёр гэртээ ороод хаалгаа түгжсэн чинь Ж.Л гэрийн хаалгыг гаднаас өшиглөөд гараад ир дахиад үзье гээд байсан. Тэгээд би ээж рүү залгаад Ж.Л агсам тавиад цэнэглэгч авч гараад арай гэж авлаа намайг гарсан чинь цохичихлоо гэж хэлсэн. Ж.Л манай хашаанд хашхирч байгаад хашаанаас гараад явсан тэгээд удалгүй манай ээж А.я, ах Н.Ж хоёр ирсэн. ..  Тухайн үед Ж.Л халамцуу, архи сэнгэнээд үнэртэж байсан. Болсон асуудлаа мэдэхээр  байсан, харин би болоод Э.Р ах архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Би тухайн үед Ж.Лыг  ганцаараа гэрээс гарч ирэхэд нэг удаа цохиод Ж.Лаас гар утас цэнэглэгчээ авах гээд татсан чинь Ж.Л өөрөө газарт унасан, харин Э.Р ах болохоор бид хоёрыг ноцолдож байхад гэрээс гарч ирээд салгасан. Ж.Лын биед учирсан гэх хөнгөн зэргийн гэмтэл нь миний үйлдлийн улмаас учирсан гэж бодож байна. Би нэг удаа цохисон гэхдээ гараараа цохиход Ж.Л газарт унасан харанхуй байсан болохоор хаана нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Би Ж.Лыг цохисон гэх асуудлаа зөвшөөрч байна. .. Ж.Лд учирсан 200.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан одоо бидний хооронд асуудал байхгүй эвлэрсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.П нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө хохирогч Б.Жыг зодож, биед баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн 270 дугаартай дүгнэлт, гэрч н.А, н.Н.Ж, н.О нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна...гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  А.П нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ж, гэрч  Л.А.я, Л.Э.Р,  Б.Н.Ж, Д.О,  шинжээч Г.А нарын өгсөн  мэдүүлэг,   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт,  Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Пийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад  шүүгдэгч А.П нь 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт  Б.А.ягийн гэрт  Б.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  өшиглөх цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж, биед баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулан,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч А.Пийн хохирогч  Б.Жын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.П нь хохирогч  Б.Жын нүүрэн тус газарт нь цохиж, бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун дээд, доод зовхи, дух, нуруу, баруун гуянд цус хуралт, баруун гарын сарвуу, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Пийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Пийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Пийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ж нь: “... Б.Ж миний биед учруулсан хөнгөн зэргийн гэмтлийн хохирлын төлбөр  болох эмчилгээ,  эм тариа, тархины зураг авхуулсан 180.000 төгрөгийг А.Поос авсан тул гомдол саналгүй болно..” гэх хүсэлт /хх-ийн 77 тал/, хохирогч Б.Жын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “гомдол саналгүй” гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Пийг  энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Жд төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Пийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар мөнгөн төлбөр төлөх боломжгүй учир 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.П нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Мөнгөн торгууль биш электрон гав 3 сараар оногдуулж өгөөч..” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, -т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

    Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч   А.П нь хувийн байдлын хувьд, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Пийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч  А.Пийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Пид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.  Шүүгдэгч  А.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ягийн П.Жийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч А.Пийг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 / нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Пид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

   5. Энэ хэрэгт шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН