Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/шш2017/00158

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/00158

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Д холбогдох

7 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Н-аас 12 950 825 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

хариуцагч Д.Д, өмгөөлөгч Б.О,

гэрч Б.Д, С.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Н нь 2013 оны 08 дугаар сард Д.Д нь авто ослын хэрэг хийгээд хүний машин эвдсэн мөнгөний хэрэг байна 700 000 төгрөг зээлүүлээч хүү нь хамаагүй гэхээр нь 700 000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө төлөхгүй байснаас банкны зээл, хүү нэхэгдээд хүүхдийнхээ Хас банкны Ирээдүйн саятан хадгаламжаас 840 000 төгрөгийн зээл авч Д.Дд 2 жилийн хугацаанд хэсэгчлэн банкны зээл хүүг төлөөд дуусга гэтэл дуусгалгүй 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл дахин сунгагдаж 1 434 000 төгрөг болсон.

Иймд зээл 700 000 төгрөг, хүүд 734 000 төгрөг нэхэмжилж байна.

Мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Д.Дгийн нэр дээр Хаан банк ХХК-иас лизингээр Према маркийн автомашин авсан.

Уг Ц.Н 5 700 000 төлсөн, үүнээс дансаар 4 200 000 төгрөг, бэлнээр 1 500 000 төгрөг. Тухайн машиныг Ц.Н эзэмшиж ашигласан зүйл байхгшүй, Д.Д-н авсан автомашин юм.

Иймд 7 134 000 төгрөгийг Д.Д-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 700 000 төгрөгийг миний бие авсан нь үнэн боловч хүү тохиролцож гэрээ байгуулаагүй. Одоогийн байдлаар 200 000 төгрөгийг буцааж өгсөн.

Ц.Нын нэхэмжилж байгаа 5 700 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр түүний гуйснаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Д миний бие хамтран зээлдэгчээр С.Батмөнх гэдэг хүний хамтаар ХААН банк ХХК-иас 12 750 000 төгрөгийг зээлэн авч Toyota Premio маркийн машиныг авч өгсөн. ХААН банк ХХК-ийн хүү 4 382 825 төгрөг болсон.

Ц.Н машин зээлээр гуйж авахуулахдаа зээлээ цаг хугацаанд нь төлж байна, 2015 оны 10 дугаар сард зээлээ хааж дуусгана гэж ярьсан боловч 2015 оны 06 дугаар сард зээлээ хугацаа хожимдуулж, 7, 8 саруудын зээлийг огт хийхээгүй. Би зээлийг хамтран зээлдэгчийн хамт төлсөн. 8-11 дүгээр сарын зээлийн хугацааг байнга хэтрүүлж 2015 оны 12 дугаар сараас огт төлөхгүй хаясан. Зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас С.Батмөнх бид хоёрыг Монгол банкны зээлийн мэдээллийн нэгдсэн санд муу зээлдэгч болгон оруулсан.

Өөрийн эцэг Б.Дашзэвэгт болсон явдалыг хэлж тэтгэврийн зээл авахуулж зээл төлж, Ц.Нтай холбоо барьж бид хүнд машин зээлээр авч өгөөд өмнөөс нь мөнгө төлж ингэж хохирч чадахгүй машинаа авч ирж өг бидний хохирлыг барагдуулаад машинаа аваарай гэж хэлээд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.Н манай аав болох Б.Дашзэвэг рүү залгаж машинаа ав гэсэн.

Манай аав машиныг очиж авахад 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надаас монголд яваагүй шинэ шахуу машин авч яваад 4 дугуй, обуд, аккумлятор өөр бусад зүйлийг сольж өнгө үзэмж болон эд ангийг гэмтээж өгсөн байсан.

Наягарьд уг машиныг бүтэн жил унасан.

Иймд Ц.Нын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд машин эдэлж хэрэглэсний зөрүү мөнгө 5 200 000 төгрөг, зээлийн хүү 74 382 825 төгрөг, Наягарьдыг машин хэрэглэж байхад зээлэнд төлсөн 3 168 000 төгрөг, аавын тэтгэвэрийн зээлийн шимтгэл 200 000 төгрөг, нийт 12 950 825 төгрөгийг Ц.Наас нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Дашзэвэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сард Ц.Наас авто машиныг очиж авсан. Үүнээс өмнө ямар хугацаанд Наягарьд машин хэрэглэж байсан болохыг мэдэхгүй байна гэв.

 

Гэрч С.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Дг зээл авах хэрэгтэй байна гэхээр хамтран зээлдэгчээр орж, зээл авч өгсөн. Цаанаа хэнд зээл авч өгсөн болохыг мэдэхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, хүүгийн төлбөрт 1 434 000 төгрөг, Д.Дгийн Хаан банк ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 5 700 000 төгрөг, нийт 7 134 000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо шүүх хуралдаан дээр тодруулсан.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс машин эдэлж хэрэглэсний зөрүү мөнгө 5 200 000 төгрөг, зээлийн хүү 74 382 825 төгрөг, Ц.Ныг машин хэрэглэж байхад зээлэнд төлсөн 3 168 000 төгрөг, тэтгэврийн зээлийн шимтгэл 200 000 төгрөг, нийт 12 950 825 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээл, хүү 1 434 000 төгрөг нэхэмжилсэн үндсэн шаардлагын тухайд

Д.Д нь 2013 оны 08 дугаар сард Ц.Наас 700 000 төгрөг хүлээн авч, эргэж төлөхөөр тохиролцсон болохоо зөвшөөрч маргаагүй, уг харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний хэм хэмжээгээр зохицуулагдаж байна.

Нэхэмжлэгч нь шилжүүлэн өгсөн 700 000 төгрөгтөө 734 000 төгрөгийн хүү тооцон нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр гэрээ хийгээгүй байх тул хүү нэхэмжлэх эрхгүй.

Мөн нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-г Д.Дгийн мөнгө зээлээр авсан үйл явдалтай холбогдон байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд зээлийн үндсэн төлбөр 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү тооцсон 734 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байна. Нэхэмжлэгч тал нь 734 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хүү нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

 

92-73 улсын дугаартай, Toyota premio маркийн суудлын автомашинтай холбоотой үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ээр Д.Д нь 15 000 000 төгрөгөөр Toyota premio маркийн суудлын автомашиныг Б.Аюурзанаас худалдан авсан,

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Д нь ХААН банк ХХК-тай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Toyota premio маркийн суудлын автомашиныг барьцаалж, 12 750 000 төгрөгийн зээл авсан үйл баримт зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан холбогдох гэрээний хуулбар, Монгол банкны лавлагаа зэргээр тогтоогдсон.

Хариуцагч нь Ц.Н 92-73 улсын дугаартай, Toyota premio маркийн суудлын автомашиныг миний нэр дээр авч өөрөө ашиглаж байсан, мөн Хаан банкнаас надаар зээл авахуулсан гэж байгаа боловч одоо дээрх автомашиныг өөрийн өмчлөлд байлгаж байгаа болохыг тайлбарласан.

Д.Дгийн ХААН банк ХХК, иргэн Б.Аюурзана нартай байгуулсан гэрээд нь Иргэний хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болоогүй, хүчин төгөлдөр бусад тооцогдоогүй тул ХААН банк ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл, учирсан эрсдлийг хариуцагч Д.Д өөрөө харицах ба нэхэмжлэгч Ц.Н дээрх ХААН банк ХХК-Д.Дгийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөх үүрэг хүлээсэн харилцаа тогтоогдохгүй байна.

Мөн Ц.Ныг тухайн автомашиныг ашиглаж байх үед төлбөр тооцох талаар байгуулсан хэлцэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байхгүй, 92-73 улсын дугаартай, Toyota premio маркийн суудлын автомашиныг Д.Дгээс Ц.Над, Ц.Наас гэрч Б.Дашзэвэгт хүлээлгэн өгөх үед автомашины чанар байдал ямар байсан үйл баримт тодорхойгүй байгаа болно. Лэндс ХХК-ийн маргааны зүйл болж буй автомашинд хийсэн үнэлгээ нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн тул Ц.Наас автомашин авах үед үнэлгээний тайланд дурдсан байдалд автомашин байсан гэж үзэхгүй юм.

Хариуцагч Д.Д нь хуульд зааснаар Toyota premio маркийн суудлын автомашиныг өөрийн өмчлөлд байлгах харилцааг үүсгэсний хувьд автомашиныг бусдад шилжүүлэх, шилжүүлэхээс татгалзах, шилжүүлж өгсөн тохиолдолд ашиглалтын талаар шаардлага тавих, хэлцэл байгуулах эрхтэй байсан, уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд түүнийг байсан гэж үзэж боломжгүй байна.

Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд автомашин ашиглалт, түүний зээл төлөлттэй холбоотой нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Ц.Н нь ХААН банк ХХК Д.Дгийн хооронд байгуулагдсан гэрээний мөнгөн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байхад төлбөр төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул баримтаар тогтоогдсон төлбөрийг Д.Дгээс гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Дгийн ХААН банк ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт 5 700 000 төгрөг төлсөн нэхэмжилсэн, хариуцагч тал нь Ц.Н уг гэрээний төлбөрт 2015 оны 3-6, 10-11 дүгээр саруудад тус бүр 480 400 төгрөг, 09 дүгээр сард 200 000 төгрөг, нийт 3 082 400 төгрөг төлсөнтэй маргахгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангасан хэлбэрээр нэхэмжлэгч нь 5 700 000 төгрөг зээлийн төлбөрт төлснөө нотлоогүй учир хариуцагчийн маргаагүй байдлаар зөвшөөрсөн 3 082 400 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2 617 600 төгрөгт холбогдох хэсгийг хангаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтын хуваарилалтыг хийж, зохих дүгнэлтийг өгсний үндсэн дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 782 400 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 3 351 600 төгрөгийг гаргуулах хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-ээс 3 782 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 351 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Дгийн нэхэмжлэгч Ц.Н-аас 12 950 825 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 224 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Д-ээс 75 468 төгрөг гаргуулан Ц.Н-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ