| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
2025 01 08 2025/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч С.Энхзул,
Хохирогч: З.Г ,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 24090212520*** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бартендер мэргэжилтэй, *** төвийн *** ресторанд ажилладаг, ам бүл *, ахын хамт *** дүүргийн ** дугаар хороо, **** хороолол, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А- /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** үйлчилгээний газрын орчимд хохирогч З.Г-той үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохиж, газарт унагааж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хоншоор ясны урд болон арын хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, эрүү, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.А нь “...2024 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** үйлчилгээний газрын орчимд хохирогч 3.Г-той үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохиж, газарт унагааж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хоншоор ясны урд болон арын хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, эрүү, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: "...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн үед *** rэх нэртэй газарт А., М, М бид 4 суугаад үйлчлүүлж байх үед М., А, М одоо та 2 явчих гээд хэлэхэд хэл ам хийгээд уурлаад байхаар нь би Б.А-г за байж бай гурвуулаа гадаа гарч тамхи татаадхъя гээд бид 3 үүдэнд гарч ирээд Б.А- хэл амаар доромжлоод байхаар нь би хэрүүл маргаан хийгээд зогсож байх үед Б.А- баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд А, М 2 яваад өгсөн... Гадаа гараад Б.А-, М 2 надтай хамт охидуудтай шоудуулахгүй гээд байхаар нь би үгүй хэрүүл маргаан хийсэн... Миний толгой хэсэг өвдөж, зүүн талын нүд, хацар, шүднүүд хавдаж мэдээ алдсан, хүзүү хэсгээр хатгаж өвдөж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,
Хохирогч З.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн "... Би 26-ны шөнө энэ зодооны асуудал болсны дараа эхэн үедээ миний нүүр өвдөлттэй хавдсан, ягаан өнгийн идээ гарсан байсан. Тэгээд гэртээ ээж, аавд харагдахгүйгээр шууд эгч, үеэл дүү нарын хамт үүрээр *** аймаг руу явсан. Тэгээд 26-ны өдөр *** аймагт ирээд миний нүүр бүр илүү өвдөөд идээ гоожоод байхаар нь би шууд Улаанбаатар хот руу явахаар болоод тухайн өдөртөө гарсан. Тэгээд 27-ны өдөр *** аймгаас ирээд ГССҮТ-д үзүүлчихээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү ирж өргөдөл, гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г цохих гээд Б.А-руу гүйгээд очиход Б.А- Г-с түрүүлээд Б.А-г 1 удаа шанаа хацар луу нь цохиход Г газар унасан. Тэгээд би Г-г татаж босгосны дараа Г уйлаад суугаад байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г над руу өөр дугаараас залгаад “чи хаана байна, найз нь асрын урд талд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би эргэж хараад гялс яваад очиход Г доошоо суучихсан, хоёр гараа урдаа авчихсан уйлаад сууж байсан... Г ийн царайг харахад зүүн нүд нь хавдчихсан улаан болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №87** дугаартай "...З.Г ийн биед тархи доргилт, зүүн хоншоор ясны урд болон арын хананы далд хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, эрүү, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр 2024.06.26-ны шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-12 хуудас/,
Шинжээч эмч С.Ч-н мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1338 дугаартай “... Гэмт хэргийн улмаас хохирогч З овогтой Г /РД:*****/-ын сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №87** дугаартай дүгнэлтээр З.Г ийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцох нь зүйтэй.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс 2.670.338 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2.380.000 төгрөгийн нотлох баримт нь шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч нь сэтгэцэд учирсан хохиролыг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар шүүгдэгч Б.А-гаас 2.380.000 /хоёр сая гурван зуун наян мянга / төгрөгийг гаргуулж хохирогч З.Г т олгосугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС