Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/00433

 

 

 

 

 

2020 02 11

181/ШШ2020/00433

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК /РД:/-д холбогдох,

 

162,382,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******, Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-тай 2019 оны 08 сарын 29-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 19/55 тоот гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 19/55 тоот гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч С ХХК нь чанар стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг гэрээний 1.3-т заасан хариуцагч талын барьж буй барилгын талбайд нийлүүлэх, хариуцагч Х ХХК нь гэрээний 1.1, 2.4-д заасан хугацаанд нэхэмжлэгч талаас хүлээн авсан бетон зуурмагийн төлбөрийг саадгүй төлж байхаар талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч С ХХК нь хоёр талын байгуулсан 19/55 тоот гэрээний 1.1, 2.1, 3.1-д заасны дагуу 2019 оны 09 сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл нийт 178,220,000 төгрөгийн үнэ бүхий 1,135 м3 бетон зуурмагийг хариуцагч талд нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Х ХХК нь 19/55 тоот гэрээний 2.4 заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын нягтлан бодогч нар 19/55 тоот гэрээний 2.6-д заасны дагуу 2019 оны 09 сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлж үзэхэд нэхэмжлэгч компани нь нийт 178,220,000 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч талд нийлүүлсэн, хариуцагч тал нь тооцоо нийлэх өдрийн байдлаар 30,000,000 төгрөг төлж нийт 148,220,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо харилцан баталгаажуулсан бөгөөд хариуцагч компани нь тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш нэмж 26,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С ХХК нь нийт 178,220,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч Хайпирхаус юнстракшн ХХК нь нийт 56,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 122,220,000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироосон. Талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх 19/55 тоот гэрээний 2.4-т заасны дагуу нэхэмжлэгч компаниас 1,000 м3 бетон зуурмаг нийлүүлэх бүрт төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул тус гэрээний 4.5, 5.3 -т заасны дагуу 40,162,020 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч компанид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс үлдэгдэл төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийн дагуу хоёр талын байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх 19/55 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 122,220,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, болон 19/55 тоот гэрээний 2.4, 4.5-т заасны дагуу алданги 40,162,020 төгрөг нийт 162,382,020 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 1,000,000 төгрөгийн төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 161,382,020 төгрөг болгон багасгаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирлууд компанийн зүгээс тайлбар гаргах хугацаагаа хожимдуулсан нь надаас шалтгаалсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч талтай маргаантай байсан учраас хоорондоо ярилцаж ойлголцох гэж байгаад асуудлаа шийдвэрлээгүй. А.Гантулга захирлын хувьд итгэмжлэл аваад хэргийн материалтай танилцаж ч амжаагүй асуудал гарсан учраас онгоцны тийзний нэр буруу бичигдсэн асуудал бол мэдэхгүй байна. Мэтгэлцэх боломж гарсангүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан нь үнэн. Х ХХК нь Мишээл групптэй гэрээ байгуулж Мишээл группын захиалгаар тухайн ажлыг эхлүүлээд явж байгаа. Үүнтэй холбоотой бетон зуурмагийн асуудал, суурь цутгах асуудалд С ХХК-ийг танилаараа зуучлуулаад гэрээ байгуулж бетон зуурмаг хүлээн авсан. Хүлээн авах явцад Мишээл группээс дээжийг авч, захиалагч тал буюу Х ХХК-тай байгуулсан гэрээний дагуу танай нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй байна гээд, стандартын шаардлага хангасан бетон зуурмагтай байж энэ барилгын суурь сайн тавигдах ёстой гэсэн асуудал тавигдсан. Шинжилгээний дүн стандартын шаардлагад хүрээгүйн улмаас эдний компаниас бетон зуурмаг авах ажиллагааг зогсоосон байна. Төлөх төлбөрийг Мишээл группээс авч байж Х ХХК-д ордог учраас санхүүжилт зогссон асуудал байгаа. Гэрээний 8 дугаар зүйлд зааснаар захиалагч тал бетон зуурмаг хүлээн аваад хэрэглэсэн тохиолдолд нийлүүлэгч тал хариуцлага хүлээхгүй, бетоны чанарыг хариуцахгүй гэж заасан. Захиалагч байгууллага бетоныг хүлээн авахдаа шаардлага хангахгүй байна гэдэг талаар мэдэх боломжгүй байдаг. Ямар шаардлага стандарттай бетон ирж байгааг газар дээр нь мэдэх боломжгүй. Нийлүүлэгч тал өөрсдөө бетон зуурмагийг өгөхдөө стандарт шаардлага тодорхойлсон баримт өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Тэр зүйлийн талаар хэрэгт баримт хавсаргаагүй байгаа. Зөвхөн мөнгөө нэхсэн болохоос 350 стандарт шаардлага тодорхойлсон баримт өгөөгүй. Авсан талынхан шинжилгээний дүн буруутай эсэх талаар ярилцах боломжтой байсан. Хэдийгээр гэрээ байгуулсан боловч барилгын шаардлага хангах үүднээс тавьсан шаардлага буруу биш юм. Чанарын асуудлаас болж маргаан гарсан. Х ХХК-аас гарах боломжгүй учраас би хуулбар хувь баримт гаргасан эх хувийг нь хэрэгт татаж оруулаад мэтгэлцэх боломж хангах боломжтой байсан. Чанар ямар байх нь хамаа байхгүй. Бид бетон зуурмаг нийлүүлсэн учраас мөнгөө авна гэж шаардлага гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Юунаас болоод гэрээний хугацаа зогссон гэдэг талаар мэдэхгүй байна. Нэг сар яваад зогссон. Энэ зүйлийнхээ хариуцлага хүлээгээд нэхэмжлэгч тал алданги чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. Бетон зуурмагийг тухайн үедээ суурь дээр цутгаад хэрэглэчихсэн, түүнээс 7-14 хоногийн дараа дүгнэлтүүд гараад ирсэн. Тэгээд сарын хугацаанд дүгнэлттэй холбоотой гэрээ зогссон байгаа. Энэ асуудалд маргаан гарсан байдаг. Нэг зүйлийг тайлбарлах гээд байна. Гэвч үүнийг захирал шүүх хуралдаанд байж байгаад тайлбар хэлэх ёстой байсан. Итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр авч ирж өгсөн байгаа. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцсан. Тэр нь 5 дахь өдөр байж таарсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захирал нисээд явсан. Тэгээд А.Гантулга гэдэг хүн хэргийн материалтай танилцах ямар ч боломж олдоогүй. Хугацаа үнэхээр давчуу байсан. Итгэмжлэл сольж өгөхөд н.Урнаа гэдэг захирал нь хөдөө явсан байсан учраас хурал болсон өдрөөс хойш 3 хоног хойшилсон. Хариу тайлбар өгөх ч хугацаа олдсонгүй, хэргийн материалтай танилцах хугацаа ч олдсонгүй. Х ХХК дээр очиход н.Урнаа захирал байхгүй байсан. Шинжээчийн дүгнэлт өөр газраас авах боломжгүй байсан учраас шүүхэд би хүсэлт гаргасан байдаг. Тэгээд өнөөдөр яриад байгаа асуудалд нотлох баримт байхгүй, чанарын шаардлага хангахгүй байна, татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй байж ингэж байна гээд зүйлүүд яриад байна. Надад үнэхээр хугацаа байгаагүй учраас энэ баримтуудыг гаргаж өгөх боломж надад олдсонгүй. Төлөөлөгчтэйгөө хамт шүүх хуралд оролцоно гэдэг зүйлийг шүүх авч үзсэнгүй. Тэр төлөөлөгчтэй хамт шүүх хуралд орж баримтаа гаргаж байж энэ хүмүүстэй мэтгэлцэх боломжтой байсан. Нотлох баримт гаргана гээд өөрийнхөө хэмжээнд хүсэлт гаргаж байхад яагаад аваад үзчихэж болдоггүй юм бэ. Лабораторийн шинжилгээгээр өөрийнхөө бланкаар хүсэлт бичээд өгөхөөр өмгөөлөгчийн хүсэлтээр баримт гаргаж өгөхгүй байсан. Х ХХК хүсэлт гаргана гэхээр захирал нь байхгүй гэх асуудал гарсан байгаа. Алдангийн асуудал дээр бас харж үзээч ээ. Төлбөрөө энэ компани надад төлнө гэж хэлсэн. Гэхдээ алдангийн асуудал хүнд тусаж байна. Чанарын шаардлага хангаагүй учраас төлбөр төлөхгүй зогссон тул уян хатан хандаач ээ. Дүгнэлт гарсан байсан нь Х ХХК-д хуулбар хувь байсан. Үүнийг би хуулбараар нь авч ирээд яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материал танилцах хугацаа байгаагүй. Ядаж байхад амралтын хоёр өдөр байсан. Захирал маань явсан учраас боломж гараагүй. Итгэмжлэл гаргаж өгсөн баримт, хэргийн материалтай танилцсан баримтуудын огноогоор нотлогдож байна гэж би хэлэх гээд байна. н.Урнаа захирал итгэмжлэл гаргаж өгөхдөө ажил дээрээ байдаггүй. Нарийн бичигтээ бүх зүйлээ хийж өгчихөөд явуулаад байдаг. Компани дээр очоод уулзахаар нарийн бичиг нь л байдаг. Хэргийн материалтай танилцаж байж олж харсан учраас шаардлагатай зүйлүүдийг гаргаж очиж авах гэхээр захирал байхгүй учраас ийм асуудал үүссэн тул харж үзээч ээ. Тус компанид би ажиллаж байсан бол тэрийг өөрөөр хангуулах боломжтой. Алдангийн 40,000,000 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд алданги хасуулах хүсэлттэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 122,220,000 төгрөг, алдангид 40,162,020 төгрөг, нийт 162,382,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийн төлбөр төлсөн гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 161,382,020 төгрөг болгон багасгаж байна.

Шүүх хариуцагчид 2020 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөрийн хэмжээнд маргахгүй, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг багасгасан шаардлагын хэмжээнд бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

С ХХК болон Х ХХК нарын хооронд 2019 оны 08 сарын 29-ний өдөр 19/55 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-10,11 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр С ХХК нь Х ХХК-д түүний захиалгын дагуу М300 марктай бетон зуурмагийг 1 метр куб нь 161,000 төгрөгийн үнээр, М150 марктай бетон зуурмагийг 1 метр куб нь 133,000 төгрөгийн үнээр нийлүүлэх, Х ХХК нь авсан бетон зуурмагийн үнийг С ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ 1,000 метр куб болох бүрд тус бетон зуурмаг нийлүүлсэн сүүлийн өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

С ХХК нь Х ХХК-д 2019 оны 09 сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд М350 маркын 779 метр куб бетон зуурмагийг 1 метр кубыг 168,000 төгрөгөөр, М150 маркын 356 метр куб бетон зуурмаг зуурмагийг 1 метр кубыг нь 133,000 төгрөгөөр, нийт 1,1135 метр куб хэмжээтэй, 178,220,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцооны баримт /хх-12 хуудасны ар тал/-аар тогтоогдож байна.

Хариуцагч нь 178,220,000 төгрөгөөс талуудын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-12 тал/ үйлдэгдсэн өдрийн байдлаар буюу 2019 оны 10 сарын 02-ны өдрийн байдлаар 30,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийн хэмжээ нь 148,220,000 төгрөг байсан, тооцоо нийлснээс хойш буюу 2019 оны 10 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 03-ны өдөр 6,000,000 төгрөг тус тус төлж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 122,220,000 төгрөг байсан, шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш буюу 2019 оны 12 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийн төлбөр төлж, үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ нь 121,220,000 төгрөг болсон гэдэгт талууд маргахгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 121,220,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй гэх тул хариуцагчаас гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрт 121,220,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэлд маргахгүй байх хэдий ч нэхэмжилсэн алдангийг зөвшөөрөхгүй, алдангийг зөвшөөрөхгүй байх үндэслэл нь нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй байсантай холбоотой гэж тайлбарлаж байх боловч нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангахгүй байсан гэдгийг шүүхэд баримтаар нотлоогүй, энэ талаар шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ямар нэгэн тайлбар, татгалзал гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 40,162,020 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтаар захиалагч тал зуурмагийн үнийг гэрээт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож нийлүүлэгч талд алданги төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан гэрээгээр алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон байх хуулийн шаардлагыг тус тус хангасан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад заасан төлбөр төлөх хугацаанаас хойш буюу 1,000 метр куб бетон зуурмаг нийлүүлсэн сүүлийн өдөр болох 2019 оны 09 сарын 11-ний өдрөөс хойш шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар нийт 177,821,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, үүн дээр нийт 399,000 төгрөгийн үнэ бүхий 3 м3 бетон зуурмагийг нэмж нийлүүлсэн, 2019 оны 09 сарын 14-ний өдрийн байдлаар хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн нийт хэмжээ нь 178,220,000 төгрөг болсон болох нь талуудын хооронд үйлдсэн тооцооны баримт нэртэй баримт дахь талуудын хийсэн тооцооллоор тогтоогдож байна.

Алдангийг гэрээнд заасны дагуу тооцож үзвэл 2019 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар төлөх байсан 177,821,000 төгрөгт гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 533,463 төгрөг болж байх ба үүнийг дараагийн 3 м3 бетон зуурмаг нийлүүлсэн өдөр болох 2019 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх 3 хоногт тооцоход 3 хоногийн алдангийн хэмжээ нь 1,600,389 төгрөг, 2019 оны 09 сарын 14-ний өдөр нэмж нийт 399,000 төгрөгийн үнэ бүхий 3 м3 бетон зуурмагийг нийлүүлснээр хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээ нь 178,220,000 төгрөг болсон тул 2019 оны 09 сарын 14-ний өдрөөс хойш 178,220,000 төгрөгт гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 534,660 төгрөг болж байх ба үүнийг 10,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэлх 5 хоногт тооцоход 5 хоногийн алдангийн хэмжээ нь 2,673,300 төгрөг, 2019 оны 09 сарын 19-ний өдөр үндсэн төлбөрөөс 10,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөр болох 178,220,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж тооцон 168,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 504,660 төгрөг болж байх ба үүнийг 18,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх 22 хоногт тооцоход 22 хоногийн алдангийн хэмжээ нь 11,102,520 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний өдөр үндсэн төлбөрөөс 18,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 168,220,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг хасаж тооцон 150,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 450,660 төгрөг болж байх ба үүнийг 2,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх 1 хоногт тооцоход 1 хоногийн алдангийн хэмжээ нь 450,660 төгрөг, 2019 оны 10 сарын 02-ны өдөр үндсэн төлбөрөөс 2,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 150,220,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж тооцон 148,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 444,660 төгрөг болж байх ба үүнийг 10,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэлх 23 хоногт тооцоход 23 хоногийн алдангийн хэмжээ нь 10,227,180 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдөр үндсэн төлбөрөөс 10,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 148,220,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж 138,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 414,660 төгрөг болж байх ба үүнийг 10,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх 16 хоногт тооцоход 16 хоногийн алдангийн хэмжээ нь 6,634,560 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдөр үндсэн төлбөрийн үлдэгдлээс 10,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 138,220,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж 128,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 384,660 төгрөг болж байх ба үүнийг 6,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн 2019 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэлх 22 хоногт тооцоход 22 хоногийн алдангийн хэмжээ нь 8,462,520 төгрөг, 2019 оны 12 сарын 03-ны өдөр үндсэн төлбөрийн үлдэгдлээс 6,000,000 төгрөг төлөгдсөн байх тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 128,220,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг хасаж, 122,220,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.3 хувиар алданги тооцоход нэг хоногт ногдох алдангийн хэмжээ нь 366,660 төгрөг болж байх ба үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх 20 хоногт тооцоход 20 хоногт тооцогдох алдангийн хэмжээ нь 7,333,200 төгрөг, нийт алдангийн хэмжээ нь дээрх тооцооллоор 46,933,940 төгрөг болж байна.

Гэсэн ч нэхэмжлэгч алдангид 40,162,020 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас алдангид 40,162,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанд багасгасан шаардлагын хэмжээнд нь бүхэлд нь хангаж, хариуцагч Х ХХК-аас үндсэн төлбөрийн үлдэгдэлд 121,220,000 төгрөг, алдангид 40,162,020 төгрөг, нийт 161,382,020 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Х ХХК-аас 161,382,020 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 969,900 төгрөгийн 969,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х ХХК-аас 964,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УУГАНБАЯР