2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

 

 

 

          

 2025          01          08                                                    2025/ШЦТ/105 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 24090210321** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 200**оны ** дугаар сарын 0*-ны өдөр *** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 ээж, эгчийн хамт, *** дүүргийн * дүгээр хороо ** дугаар байр ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Г.Т /регистрийн дугаар:****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Х-ыг шалтгаангүйгээр цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зовхинд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Х-ыг шалтгаангүйгээр цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зовхинд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би өнөөдөр 22 цаг 55 минутад дотуур байрнаасаа юм авах гээд дэлгүүр гарсан. Тэгээд гараад явж байсан чинь гадаа согтуу хүнтэй таарсан бөгөөд согтуу хүн нь гартаа пивоны сав бариад шидлээд явж байсан. Тэгэхэд нь би тэр хүнээс дөлөөд цааш явж дэлгүүр ороход тэр хүн дэлгүүрт орж ирээд шууд шалтгаангүйгээр намайг нүдний шилтэй байхад миний зүүн талын нүд рүү цохисон бөгөөд тэгэхэд шил хагарч шилний хэлтэрхий миний нүдийг гэмтээсэн. Мөн миний уруул дотор талдаа язарсан байна. Тэр хүн намайг баруун гараараа хоёр удаа цохисон. Би тэр хүнийг өшиглөх гэсэн боловч оноогүй. Тэгээд тэр хүн гараад зугтсан. Би тэр хүнийг танихгүй. Тэр хүн гарч зугтахад нь би араас нь хөөцөлдөөгүй. Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 28 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.С-н 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 79** дугаартай "М.Х-ын биед зүүн зовхинд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... "гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 8** дугаартай "... Г.Т нь хэрэг учрал болсон гэх 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны хугацаанд Р19.1 Олон төрлийн сэтгэц идэвхт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээтэй байсан. Тухайн үед болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч ойлгох чадвартай байсан. Г.Т нь Р19.2 Олон төрлийн сэтгэц идэвхт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн олдмол эмгэгтэй байна. Г.Т нь одоо Р19.2 Олон төрлийн сэтгэц идэвхт ба донтолт үүсгэх бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэгтэй байна. Г.Т нь хэрэг үйлдэх үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байсан байна. Одоо, өнгөрсөн, үйл явдалд үнэн зөвөөр дүгнэлт гаргах чадвартай байна. Г.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Т нь өөртөө болон орчиндоо аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Г.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 49-54 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 15-17 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Хохирол хор уршгийн хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол болон хор уршгийг нэхэмжлээгүй байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Г.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Т-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т ургийн овогт Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС