Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 216/МА2019/00002

 

Б.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй, Б.Б нэхэмжлэлтэй Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот, эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот , шинжээч томилох тухай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот тогтоолоолуудыг, Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,  Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр С сум, 2-р баг, А зочид буудлын нэг давхрын баруун талын 72 м2 талбайтай хэсгийг иргэн Ч.У, Б.У, Б.Б нарт өмчлөлд 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэмжээ талбайг өөрчлөх үндэслэлээр 108 м2 болгон өөрчилж, Ч.У, Б.У, Б.Б нарын өмчлөлд тус тус шилжсэн болохыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээ Y-713000454 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. Гэтэл ээж Ч.У, аав Б.Б нарын эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх тогтоол гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдсан. Миний ээж Ч.У нь эмнэлэгт хэвтэж байх үед буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байхад дур мэдэн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Мөн бусад 3 дахь этгээдүүдийн үнийн саналыг авч мэдэгдээгүй. Мөн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдаж, намайг хохироосон. Шийдвэр гүйцэтгэгч М.О 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай 09/06 тоот тогтоол, аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрхи үл хөдлөх хөрөнгийг “В” ХХК-аар үнэлгээ хийлгэх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот албан бичиг явуулж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний хөрөнгийг үнэгүйдүүлж, үл хөдлөх эд хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхэд минь халдаж хохироосон.

Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгөх шаардлага тавьж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Д аймгийн Ш Ш Г газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Намайг өвчтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Б.Б өмчийг хураасан нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа цаг хугацаанд мэдэгдэж байгаагүй. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Ч.У нарын гаргасан тайлбартай санал нэг байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00181 дугаартай шүүхийн шийдвэрээр Хаан банк болон Б.Б, Ч.У нарын хооронд байгуулсан 177,081,846 төгрөгөөр эвлэрсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эд хөрөнгийн дарааллыг тогтоосон, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Иймд Б.Б гаргасан төлбөр төлөгч Б.Б, Ч.У нарт холбогдох Ш ш г ажиллагааг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Д аймаг дахь Ш ш г г холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч давж заалдах гомдолдоо:  Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00007 тоот шийдвэрээр  Д аймаг дахь Ш ш г г холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үл зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00181 тоот захирамжинд Б.Б үл хөдлөх хөрөнгийн гүйцэтгэлийг хангуулах заалт байхгүй байхад  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоолд төлбөр төлөгч Ч.У, Б.Б нараас 183,406,933 төгрөг гаргуулах тогтоолоор Б.Б үл хөдлөх хөрөнгөнд хууль бусаар халдаж хөрөнгийг битүүмжилж хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Нэхэмжлэгч Б.Б бол Иргэний хуулийн 89.5-д зааснаар нэг эд хөрөнгийн хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байвал, тэдгээр нь тус тусдаа өөрт оногдох хэсгийн эзэмшигч байна. Иргэний хуулийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж болох буюу түүнийг эзэмших эрхтэй болохыг тогтоогдсон этгээдийг шударга эзэмшигч гэдэг. Эдгээр заалтыг Ш ш г г зөрчиж шударга эзэмшигчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар битүүмжлэх, хураах тогтоол үйлдэж /тогтоохдоо Б.Б нэрийг заахгүйгээр/ үндсэн хуулиар эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзсэн болно.

4. Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хаан банк Иргэний хуулийн 182.2-ын гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийг үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрээгүй гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авна гэсэн заалтыг огт биелүүлээгүй байна.

5. Д аймгийн Ш г  газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нь хэргийн оролцогч бус, тухайн эд хөрөнгө нь иргэн Ч.У, Б.Б, Б.У нарын өмч байжээ гэсэн шүүгч Д.Н 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 73 тоот албан бичгээс Б.Б эд хөрөнгийг хурааж, битүүмжлэх шаардлаггүй болох нь харагдаж байна.

6. Зөвхөн барьцааны болон зээлийн гэрээ хийж түүн дээр төлбөр төлөгч Ч.У гарын үсэг зуруулсан /Барьцааны гэрээн дээр Б төлөөлж У, Б нарын аль нь ч гарын үсэг зураагүй/ байхад шүүгч энэ талын шалтгаант холбоог онцлон анхаарч үзэж, үл хөдлөх хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх газар, Хаан банк халдаж байгаа нь хууль зүйн үндэслэл нь бодит үнэн эсэхийг нягтлан үзээгүй нэг талыг барьж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Үүнээс болоод нэгэн залуу иргэн үл хөдлөх хөрөнгөгүй болох, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгөнд хариуцагчийг өвчтэй байхад нь онцлон анхаарч үзэхгүйгээр, үнийн санал авахгүйгээр “В” ХХКомпаниар үнэлгээ хийлгэсэн нь 10 жилийн өмнөх үнэлгээг баримжаалж, харьцуулсан судалгаа хийхгүйгээр үнэлгээ тогтоосон нь үндсэн хөрөнгийг үнэгүйдүүлж, орон нутгийн зах зээлийн үнийн ханшнаас хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулахаар  давж заалдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь анх  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Д аймгийн Ш Ш Г Г  шийдвэр гүйцэтгэгч М.О зааж, түүнд  холбогдуулан  ... нэр бүхий 3 хүний өмчлөлтэй, улсын бүртгэлийн Y-713000454 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч нараас нь үнийн санал авалгүйгээр зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн, анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШЗ2017/00181 тоот шүүгчийн захирамжид тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Б миний нэр заагдаагүй  байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан, үнэлгээг дахин хийлгэх, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож, ажиллагааг нь түдгэлзүүлэх гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. /хх-1-2/

Нэхэмжлэгч Б.Б болон түүний өмгөөлөгч М.Ч нар нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж/хх-16/ гарсны дараа анх шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ заасан хариуцагч М.О Д аймаг дахь ШШГ г  солих хүсэлт/хх-24/ гаргасны дагуу шүүх хариуцагчийг солих тухай шүүгчийн захирамж гаргаж, Б.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийг Д аймгийн ШШ Г газраар сольж шийдвэрлэжээ./хх-42/

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д аймаг дахь Ш Ш Г газарт холбогдуулан :   -эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол,

             -эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол,

           -шинжээч томилох тухай  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот тогтоол болон  Д аймгийн Ш шг газрын  даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичиг зэргийг хүчингүй болгуулах, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч болохыг тогтоолгох”  гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан байна. /хх-25/

              Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :  Д аймгийн Ш ш г газрын  даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч болохыг тогтоолгох гэсэн шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ. /хх- 106/  

 Түүнд  нэхэмжлэгч Б.Б нь өөрийгөө төлөөлөх /шүүхэд төлөөлөх/ эрхийг    “итгэмжлэл”-ээр  олгосон байх ба  уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан, хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь М.Ч үүссэн, тэрээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь  ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг зөрчөөгүй байна./хх-15/

 Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч тал нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх,  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот эд хөрөнгө хураах тухай,  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот  шинжээч томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг  Д аймгийн Ш Ш Г газарт холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу  явагдсан хэмээн маргажээ. 

             Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай шүүгчийн захирамжид Б.Б гүйцэтгэлийг хангуулах заалт байхгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан, Б.Б үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар халдаж , битүүмжлэх, хураах тогтоол үйлдэж Б.Б үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, ... шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагчийг өвчтэй байхад нь онцлон анхаарч үзэлгүйгээр үнийн санал авалгүйгээр В ХХК-иар үнэлгээ хийлгэсэн, харьцуулсан судалгаа хийхгүйгээр үнэлгээ тогоосон нь орон нутгийн зах зээлийн үнийн ханшаас хэтэрхий доогуур үнэлж хөрөнгийг  үнэгүйдүүлсэн, иймд эд хөрөнгө битүүмжлэх, хураах, шинжээч томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдаж байна  гэсэн агуулга бүхий  гомдол гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт  зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг нэмж  хийлээ.

 Хэргийг судлан үзвэл: Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай  захирамжаар Хаан банкны Д салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.У, Б.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ./хх-13/

Уг захирамжаар хариуцагч Ч.У, Б.Б нар нь 177,081,846 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрч, үүнээс банкинд 12,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн  цувуулан төлөх, үлдэх 165,081,846 төгрөгийг 6 сарын дотор барьцаа хөрөнгө борлуулах буюу бусад эх үүсвэрээр бүрэн барагдуулах, энэ хугацааг зөрчвөл барьцаа хөрөнгийг  1-рт. Ч.У, Б.Б, Б.У нарын өмчлөлийн Д аймгийн С сум, 2-р баг, А худалдааны нэг давхарын 108 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт,

2-рт. Б.Б өмчлөлийн Д аймаг, С сум, 1-р баг гал командын хойно модны үйлдвэрийн хашаанд байрлах зоорь,газрын хамт,

3-рт.Б.Э өмчлөлийн Д аймаг, С сум, 2-р баг, Д музейн баруун талд байрлах барилгын 2 давхар үйлчилгээний зориулалттай 144 мкв барилгыг газрын хамт тус тус дарааллаар үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрч, улмаар  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай гүйцэтгэх хуудас/хх-54/ бичигдсэн байна.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.2-т заасан  “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулна” гэж хуульчлан зохицуулсан.

 Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн ...6.2.2, ...-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба  анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 248 тоот гүйцэтгэх хуудас олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

Энэхүү гүйцэтгэх баримт бичгийн дагуу Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээсэн/хх-53/, улмаар маргаж буй ... А худалдааны нэг давхарын 108 мкв үйлчилгээний зориулалттай объект, газрын хамт  2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилсэн/хх-64/, эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17080281/08 тоот тогтоолоор хурааж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх хугацаа тогтоож/хх-69/,  2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09/06 тоот тогтоолоор В ХХК-г шинжээчээр томилон маргаж буй объектын үнэлгээг  тогтоолгосон байна. /хх-82, 7-12/

Анхан шатны шүүх  гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9-д заасан ажиллагаанууд хийгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах, шинжээч томилох тогтоолууд нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийжээ.  

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж,

Мөн хуулийн 32.3-т “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж тус тус заасан.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1- 33.1.5-д заасан эрхийг эдэлж,  33.2-т заасан  үүргийг хүлээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох учиртай.

Хэргээс үзэхэд энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр  авагч нь Хаан банкны Д салбар, төлбөр төлөгч нь Ч.У, Б.Б нар  байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан байна.

Хариуцагч Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн  мөн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь төлбөр төлөгч биш атал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн баримтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасантай нийцэхгүй байна.

Учир нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид,

Хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд  тус тус гомдол гаргах  учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин  ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д  хэргийн оролцогч нь “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж заасан.

Гэтэл  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо эд хөрөнгө битүүмжлэх болон хураах, шинжээч томилох тухай тогтоолууд /эдгээр  нь  хэрэгт байгаа/, Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 73 тоот албан бичиг, 2015 оны 11-р сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, анхан шатны шүүхийн 07 тоот шийдвэр/хэрэгт байгаа/ зэрэг нийт 7 хуудас баримтуудыг хавсаргасан, мөн “Тод үнэлгээ” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон үнэлгээний тайлан гэх 20 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд шуудангаар /хэрэг хэлэлцэхээс өмнө/ ирүүлжээ.

Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхэд өмнө нь авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон өмнө нь шүүхэд огт гаргаагүй баримтуудыг давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн  байх тул ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар давж заалдах шатны шүүх дээрх 27 хуудас бүхий  баримтуудыг үнэлээгүй болно.

           Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 136/ШШ2019/00007 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                             ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

                                                                             Х.БАЙГАЛМАА