Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/127

 

Э.А, М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/2057 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ариунжаргалын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.А, М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1580 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн М-ын Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...,  ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

 

Т овгийн Э-ын А, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Б овгийн Л-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ..., ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Х овгийн Л-ийн Д, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

М овгийн М-ий Б, ... оны ... дугаар сарын ... -ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа талбай дээр иргэн Э.А-тай “чи намайг дүү нартаа зодно гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хэвлий тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Б, Л.Д, Л.Б, Э.А нар нь бүлэглэж 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны гадаа талбай дээр иргэн Э.А-ийг “найз М.Б-тэй зодолдсон” гэх шалтгаанаар М.Б нь гараараа хоолойг нь боож, сэгсэрч, Л.Д нь гараараа нүүрэн тус газарт нь цохиж, Л.Б нь гараараа нүүрэн тус газарт нь цохиж, газарт унаган, Э.А нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Б, Л.Д, Л.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, М.Б, Л.Б, Л.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг тус тус цагаатгаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ариунжаргал бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч болон гэрч Л.Х, Г.Ч, Б.П, Э.Э нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6114 дугаартай дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн мэдүүлэг зэргээр Э.А, өсвөр насны яллагдагч М.Б, Л.Д, М.Б, Л.Б нар нь гараараа цохих, хоолойг нь боох, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогч Э.А-ийн биед халдсан болох нь тогтоогддог. Харин Э.А-ийн хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгээр “бусдад зодуулах цаг хугацаанд ганцаараа байсан, мөн нүүрээ дараад хамгаалж байсан учраас хэн, хаана нь хэдэн удаа цохисон талаар хараагүй, харах боломжгүй байсан” талаар мэдүүлсэн.  Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хяналтын камерын бичлэг байхгүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6114 дугаартай дүгнэлтэд заасан гэмтлүүдийн хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан болохыг тогтоох боломжгүй. Харин яллагдагч нарын хувьд нэг санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хохирогчид учруулсан хохирлыг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, тэднийг хохирогч Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, өшиглөж, цохиж зодсон үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг учруулж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хийсэн болон хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдож байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Б, Л.Д, Л.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нар нь хохирогч Э.А-ийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан:

 

хохирогч Э.А-ийн “...Б нүүрэн хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Мөн хэвлий хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. ...зүүн чих хэсэгт А алгадсан. ” /1 хх 23, 25/,

 

цагаатгагдсан этгээд Э.А-ийн “...А над руу дайраад байхаар нь би нэг удаа алгадаад цааш явсан. ...Д түүнийг 2-3 удаа алгадаж байсан...” /1 хх 94/, цагаатгагдсан этгээд М.Б-ийн “...Д түүнийг 2-3 удаа алгадахад нь би очиж салгаад байж байхад нь дахиж очиж, А-ийн бөгс рүү өшиглөөд, дахин нэг удаа алгадсан. ...” /1 хх 100/, цагаатгагдсан этгээд Л.Д-ийн “...Би Э.А-ийн нүүр хэсэгт 3-4 удаа алгадсан. ...” /1 хх 113/, цагаатгагдсан этгээд М.Б-ын “...Би А-ийг газарт уначихсан байхад нь хоолойг нь гараараа боосон. ...” /1 хх 124/, цагаатгагдсан этгээд Л.Б-ийн “...Аргабилэг намайг түлхэх үед нь би түүнийг гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. ...А-ийг А нэг удаа алгадсан. ...Д А-ийг 3-4 удаа алгадсан. ...” /1 хх 129/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6114 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 64/-ээр хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, зүүн мөр, аюулхай, баруун хөх, хэвлий, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Мөн шинжээч эмч М.Золжаргал “...Хохирогч Э.А-ийн биед учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тус гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсгэгдэнэ” /1 хх 74/ гэж мэдүүлсэн байх ба яллах нотлох баримтуудыг тодорхой дүгнэхгүйгээр “...Э.А-ийн эрүүл мэндэд учирсан зүүн мөр, аюулхай, баруун хөх, баруун, зүүн бугалганд цус хуралт зэрэг гэмтлийг хэн, хэрхэн учруулсан болох нь тогтоогдоогүй, мөн дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэхийн оронд “...шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсонгүй, ...прокурорын яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй... шүүгдэгч нар бүгд хохирогчийн нүүр хэсэгт цохисон, эсхүл алгадсан гэж дүгнэхээр байна. ...хохирогчийн биед учирсан зарим гэмтлийг хэн хэрхэн учруулсан нь тогтоогдоогүй, мөн дээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзэхээр байна. ...” гэх зэргээр харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

 

Иймд прокурор Д.Ариунжаргалын цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/2057 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/2057 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.А, М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1580 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Э.А, М.Б, М.Б, Л.Б, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ