| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
2025 01 16 2025/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ш.Цэрэнханд,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 24090000023** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 198* оны ** дугаар сарын **-ны өдөр *** н аймгийн *** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** жолооч ажилтай, Улаанбаатар хот *** дүүрэг ***-р хороо *** тоотод оршин суух хаягтай, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт амьдардаг, *** аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах шийтгүүлж байсан. Д.Б- /РД:**** /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 22 минутын орчим Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо *** гудамж *** тоотод "...Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Х.Ө-ыг зодож, нүүр, толгойн тус газар нь удаа дараа цохисон..." гэх утгатай дуудлагын дагуу очсон цагдаагийн дэд ахлагч Г.В-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэн, тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн мөргөж улмаар эрүүл мэндэд нь "...хамрын баруун хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсгийн шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 22 минутын орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо *** гудамж ** тоотод "...Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Х.Ө-ыг зодож, нүүр, толгойн тус газар нь удаа дараа цохисон..." гэх утгатай дуудлагын дагуу очсон цагдаагийн дэд ахлагч Г.В-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүч хэрэглэн, тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн мөргөж улмаар эрүүл мэндэд нь "...хамрын баруун хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсгийн шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Г.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Д.Б ыг өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байна гэж дүгнэн Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл 2.5.4-д заасны дагуу албадан эрүүлжүүлэх, бусдын эд хөрөнгийг хамгаалах зорилгоор "...автомашинаасаа хөдөлгүүрээ унтраагаад буугаад ир..." гэсэн шаардлага тавихад машинаасаа шууд бууж ирээд миний нүүрэн тус газар толгой хэсгээрээ нэг удаа мөргөж, гараараа нүүрэн тус газар минь хэд, хэдэн удаа цохиж, хүч хэрэглэж хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн учир нь би биеийн хүч хэрэглэн газар унагаж гарыг нь ард нь гавлаж албаны автомашиндаа суулгахаар явах замд ахиад миний хамран тус газар нэг удаа мөргөж гэмтэл учруулсан. Тэгээд эд бид хоёр тал алаас нь сугадаж бариад хөдөлгөөнт эргүүлийн машиндаа суулгаад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэхээр явж байхад биднийг хэл амаар доромжилж байсан бөгөөд энэ үед албаны автомашин унтарсан тул бид *** чиглэлийг дуудаж хүлээлгэн өгч эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Хохирогч Г.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Миний сэтгэц, сэтгэл санаанд хор хохирлын хэмжээгээ тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44/,
Гэрч Г.А-н 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: "...Д.Б ыг өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байна гэж дүгнэн Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл 2.5.4-д заасны дагуу албадан эрүүлжүүлэх, бусдын эд хөрөнгийг хамгаалах зорилгоор "...автомашинаасаа хөдөлгүүрээ унтраагаад буугаад ир..." гэсэн шаардлага тавихад машинаасаа шууд бууж ирээд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.В-н толгой хэсгээрээ нэг удаа мөргөж, гараараа нүүрэн тус газар минь хэд, хэдэн удаа цохиж, хүч хэрэглэж хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 150**** дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлтэд: Г.В-ийн биед хамрын баруун хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсгийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 28-29/,
Сүхбаатарын дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, авто эргүүлийн алба хаагчдын хоногийн хуваарь, томилгоо /хх-ийн 17/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн эхнэр Г.В-г зодож, нүүр, толгойн тус газар нь удаа дараа цохисон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.В-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол болон хор уршгийг нэхэмжлээгүй,
Харин улсын яллагчийн төр нийтийн ашиг сонирхолд 242.640 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулах тухай санал гаргасан боловч Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Б ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг,
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.700 /гурван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4.300 /дөрвөн мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС