Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/00040

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/00040

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Доголдлыг арилгахад гарсан зардал 1 126 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч Д.Амарбаян шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би өөрийн эзэмшлийн Тоёота платз авто машинаа 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр н.Амарбаянтай 2 500 000 төгрөгөнд тохиролцон зарсан билээ. Тохиролцохдоо урьдчилгаа 2 000 000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 500 000 төгрөгийг 7-10 хоногийн дотор машины бичиг баримтаа шилжүүлж авахдаа бэлнээр төлнө гэж аваад одоог хүртэл сунжруулан хэл ам хийж өгөхгүй байгаа тул үлдсэн 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Амарбаян шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Доржпүрэв овогтой Амарбаян нь Эрдэнэбат овогтой Буяндэлгэрийн өгсөн нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 08 сарын 16-ны өдөр Даниста худалдааны төвийн гадна 55-49 улсын дугаартай машиныг үзэж 200 000 төгрөгөөр Буяндэлгэртэй харилцан тохиролцож наймаа хийсэн. Машиныг унаж үзэж машинд чинь маш их эвдрэл байна гэж хэлсэн. Ах та аргалаад янзлаад уначих болно биздээ гэж хэлсэн. Энэ машиныг 2 000 000 төгрөгийг авахад чанга гэж хэлсэн боловч мөнгийг үрчихсэн, ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Манай эхнэр Мөнхцэцэг дахин мөнгө өгөхгүй энэ машиныг авахад хэцүү байна гэж зөндөө хэлсэн. Энэ талаар эхнэр Буяндэлгэрт хэлсэн боловч юу яриад байна, миний машинаас эвдэрхий авгай гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Ийм хэцүү машиныг хэзээ ч 2 000 000 төгрөгөөр авах боломжгүй. Мөнгө өгч чадахгүй гэж тайлбарласан. 500 000 төгрөг нэхэмжлэх үндэслэл байхгүй. Буяндэлгэрийн машины урд гуферь, гальф, цагаан гол, хойд гуферь, засвартай байсан. Энэ машины эвдрэлийг өдийг хүртэл янзлахгүй байлгаж байгаа. Иймд 2 000 000 төгрөгийг чанга гэдгийг хэлсэн. Манайхаас нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй. Одоо болтол бичиг баримт шилжүүлж өгөөгүй гэжээ.

Хариуцагч Д.Амарбаян шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *******ээс TOYOTA маркын машиныг 2 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус машины эд анги мотор муу байсан. Шинэ мотор авч тавьсан нийт үнэ 1 126 000 төгрөгийн зардал гаргасан тул *******ээс моторын мөнгийг гаргуулах эсхүл машиныг буцааж өгөхийг хүсэж байна. 2018 оны 8 сарын 17-ны өдөр *******т хэлсэн боловч өдий хүртэл шийдэж өгч чадахгүй хүрсэн. Би маш гомдолтой энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд хүрсэн. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Амарбаянд Toyota Platz 55-49 ОРО дугаартай авто машинаа 2 500 000 төгрөгийн үнэ тохиролцож зарсан. Машинаа зарахдаа урьдчилгаа 2 000 000 төгрөг аваад 500 000 төгрөгийг 7 хоногийн дараа авахаар тохиролцож 2 сар гаран сураггүй үнэн худал хэлж алга болсон. Мөн гэрийн хаяг утасны дугаараа буруу өгсөн. Би анх машинаа зарахдаа үзлэг оношлогоонд бүрэн орсон асуудалгүй машин өгсөн. Үүнийг батлах олон хүн бий. Амарбаян нь машины, мотор цохисон гэсэн нэрийдлээр үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэсэн шалтгаантай байна. Машины мотор нь өөрийн хайнга байдлаас болж цохисон байх магадлалтай гэж үзэж байгаа, мөн асуудалтай машин байсан бол 7 хоногийн дотор буцааж авчирч өгсөн бол наймаа буцаах боломжтой байсан. Харин 2 сар гаран сураггүй алга болчихоод одоо 4 сарын дараа асуудал гаргаж байхад ******* би гомдолтой байна. Би цоо шинэ гааль дээрээс орж ирсэн машин зараагүй болно. Өөрсдөө үзэж харж болно бүтнэ гэж ярьж авсан. Машины мотор шинэ ч байсан, хуучин ч байсан ариг гамгүй эдэлвэл 1 сарын дотор ч мотор нь цохино гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч Д.Амарбаян нэхэмжлэгч У.Буяндэлгэрт холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардал 1 126 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Д.Амарбаян нэхэмжлэгч *******ээс 5549 ОРО улсын дугаартай Toyota platz маркын автомашиныг 2 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 500 000 төгрөгийг уг автомашины бичиг баримтыг шилжүүлж авахдаа төлнө гэж авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч н.Мөнхцэцэгийн тайлбар зэргээр нотлогдож байгаа ба хариуцагч дээрхи үйл баримтын тухайд маргахгүй байгаа.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн байх ба худалдан авагч Д.Амарбаян нь худалдагч *******т автомашины үнэ 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 500 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь худалдагч автомашины үнийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...би нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 350 000 төгрөг болгох боломжтой гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг 350 000 төгрөг гэж тооцов.

Хариуцагч автомашиныг 2 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, автомашины үнээс 500 000 төгрөгийг төлөөгүй тухайд маргаагүй боловч ...тус машины эд анги мотор муу байсан. Шинэ мотор авч тавьсан тул моторын үнэ 930 000 төгрөг, мөн ажлын хөлс, масло, хроп, гидрийн үнэ нийт 1 126 000 төгрөгийн зардал гаргасан, уг зардлыг *******ээс гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Худалдан авагч нь эд хөрөнгийн догодлыг арилгуулах буюу доголдолгүй тухай төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Хариуцагч шүүх хуралдаанд ...машиныг анх авахад л асаж унтраад чичрээд байсан.Би Төв аймгийн Цээл сум руу явахдаа энэ машинаар явж, шалгаад ирсэн.Ирээд машин чинь чичрээд байна буцааж ав гэж нөхөрт нь хэлэхэд та янзлаад уначих, мөнгийг чинь үрчихсэн гээд байхаар нь өрөвдөөд буцааж өгөөгүй, моторыг нь эвдэрхээр нь солиулсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь түүнийг *******ээс 5549 ОРО улсын дугаартай Toyota platz маркын автомашиныг хүлээн авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэх үндэслэл боллоо.

Иймд хариуцагчийг худалдан авсан эд хөрөнгийн долголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 350 000 төгрөг болгож бууруулсан тул хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 31 750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 350 000 төгрөгт тохирох 11 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Амарбаянгийн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 650 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 31 750 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагчаас 11 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА