| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/1134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/230 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/230
2025 01 20 2025/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч: Ч.Батбаатар,
Хохирогч: Г.Г, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал,
Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 24030038209** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, *** ХХК-д ажилтай, ам бүл *, эхнэр, ач охины хамт, *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Н , /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Чингэлтэйн өргөн чөлөө, ** эмийн сангийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд "Тoyota ***" маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь "Suzuki **" маркийн ** улсын дугаартай мотоцикольтой мөргөлдөж мотоциклийн жолооч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Чингэлтэйн өргөн чөлөө, ** эмийн сангийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд "Тoyota ***" маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь "Suzuki***" маркийн ** улсын дугаартай мотоцикольтой мөргөлдөж мотоциклийн жолооч Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-15 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн Suzuki **маркийн ** улсын дугаартай мотоциклоо унаад Зургаан буудлаас найзынхаа гэрээс гараад Сүхбаатарын талбай руу чиглэн. Долоон буудлын замаар хойноос урагш чиглээд явж байх үед осол болсон газраас хойш 50 орчим метрт авто зам хойноосоо урагш чиглэлд хотын төв тал руугаа түгжирсэн байхаар нь би автомашинуудын дундуур явах гэхэд мотоциколь багтах зайгүй төвөгтэй санагдахаар нь авто замын голоор үргэлжилсэн давхар цагаан шугам дээр байрлаад явж байхад ** эмийн сангийн харалдаа хойноос урагш чиглээд явж байхад автомашинуудын хоёрдугаар эгнээнд явж байсан Toyota ** маркийн автомашин дохио өгөлгүй зүүн тийш үргэлжилсэн цагаан шугам даваад буцаад эргэх үед би тоормослоод зогсож амжилгүй зүүн хойд хэсэгт нь мөргөсөн. Ингээд ** эмийн сангийн ажилтан надад анхны тусламж үзүүлээд дараагаар нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Осол болохын өмнө би 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.197.531 төгрөг гарсныг яллагдагч Б.Н-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000****** дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7822 дугаартай: "1. Г.Гын зүүн атгаал ясны ил хугарал, тохой хэсгийн шарх, баруун шуу ясны хугарал, шууны дотор хэсэгт шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2024 оны 09 сарын 25-ний өдрийн №08/09 дугаартай шинжээч Б., М, У нарын дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Д-н 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24** дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн "** эмийн сан.тр 4" гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх Suzuki ***маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэмжилтээр ирүүлсэн 5.15 метр зайг 9frame /кадр/ буюу 0.45 секунд хугацаанд туулж хурд тодорхойлох илэрхийллээр тооцоход 41.2 км/цаг хурдтай дүрслэгдэж байна." гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
"Бэст эстимэйт" ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний "Suzuki *** маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.525.000 төгрөгийн шууд, 7.110.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэж тайлан, /хх-ийн 128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Н-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хохирол” учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н-ын хууль бус үйлдлийн улмаас “...Г.Г-ын зүүн атгаал ясны ил хугарал, тохой хэсгийн шарх, баруун шуу ясны хугарал, шууны дотор хэсэгт шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл...” учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №78** дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь шүүгдэгч Б.Н-с эмчилгээний зардалд 16.539.240 төгрөг, мотоциклийн эвдрэлд 7.835.000 төгрөг, мотоциклийн үнэлгээнд 435.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүхээс дээрх зардал нь үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгчээс нийт 24.809.240 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т олгох нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар завсарлага авч, энэ хугацаанд хохирогчид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Харин сэтгэцэд учирсан хохиролыг хохирогчоос нэхэмжлэхгүй гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух хаяг болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-аас 19.809.240 /арван есөн сая найман зуун есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т олгосугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС