Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00398

 

 

 

 

 

 

2020 оны02сары06 өдөр

181/ШШ2020/00398

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:/-т холбогдох,

 

8,764,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь тус компаниас 2018 оны 11 сарын 20-ны өдрийн ЗГ0024439 дугаартай зээлийн гэрээгээр 4,500,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Б.Б нь зээлийн гэрээний дагуу сар бүр төлөлт хийх байсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. 2019 оны 12 сарын 10-ны байдлаар Б.Бын үндсэн зээлийн үлдэгдэл 4,500,000 төгрөг, зээлийн хүү сарын 216,000 төгрөг ба нийт 9 сарын хүү 1,944,000 төгрөг, 2019 оны 08 сарын 20-ноос хойш 100 хоногийн алдангид хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож 2,250,000 төгрөг, нийт 8,694,000 төгрөг төлөхөөр байна. Б.Баас зээлийн эргэн төлөлтийг шаардаж 2019 оны 05 сарын 07-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид өөрсдийн бололцоогоор хаягийг тогтоож чадаагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 02746 дугаар шийдвэрээр Б.Быг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон ба эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамжийн зардалд 70,200 төгрөгийг компаниас төлсөн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй төдийгүй оршин суух хаягийг тогтоох зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн нь компанид учирсан хохирол болно. Б.Бын одоогийн хаяг, утасны дугаарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тодорхойлж өгснөөр холбоо барьсан боловч зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй байсаар байх тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 8,694,000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 8,764,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд энэ талаар тайлбар гаргаагүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,694,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардалд 70,200 төгрөг, нийт 8,764,200 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд энэ талаар тайлбар гаргаагүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

И ХХК болон Б.Б нарын хооронд 2018 оны 11 сарын 20-ны өдөр 24439 дугаартай Зээлийн гэрээ /цалин/ гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр И ХХК нь Б.Бт 4,500,000 төгрөгийг сарын 4,80 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Б нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд тухайн сарын тушаах дүнгийн 1 хоногт 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх ба барьцаанд цалин болон 1109384 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг барьцаалсан талаар гэрээнд дурдсан байна.

Нэхэмжлэгч И ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж тэмдэглэсэн байдлаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дахь заалтад заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь заалтад зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь заалтад зээлдэгчийн цалин болон 1109384 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг барьцаалсан гэж заасан байх боловч бодитоор хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах боломжгүй байна.

Хариуцагч нь зээл авснаас хойш нэхэмжлэгчид үндсэн зээл болон хүүгийн төлбөрт ямар нэгэн төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа шүүхэд хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзал гаргаагүй тул хариуцагчийг үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс төлсөн гэж үзэхгүй.

Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тоогоор илэрхийлэхдээ 4,80 хувь гэж, уг дүнг үсгээр илэрхийлэхдээ дөрөв аравны ёс хувь гэж зөрүүтэй бичсэн байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг үсгээр илэрхийлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан, зээлийн гэрээний үүргийг шаардахдаа 4,8 хувиар тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан, шүүх зээлийн хүүгийн хэмжээг тоон илэрхийллээр буюу 4,80 хувиар тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

Зээлийн гэрээнд заасан нөхцлөөр үндсэн зээл болох 4,500,000 төгрөгт сарын 4,80 хувиар хүү тооцоход сарын хүү нь 216,000 төгрөг, нийт 9 сард ногдох хүүгийн хэмжээ нь 1,944,000 төгрөг, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хэмжээ нь нийт 6,444,000 төгрөг болж байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,444,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2,250,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийн талаар тохиролцоо байхгүй, алдангийн талаар тохиролцоогүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад талууд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамааралтай бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаанд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбогдуулан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн зардал гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/02746 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-6,7 тал/-аар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Баас 6,514,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч хариуцагч Б.Баас 6,514,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 155,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 119,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР