Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/142

 

Б.Б, Э.Б нарт  холбогдох

эрүүгийн  хэргийн тухай      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Э.Б нарт холбогдох 2002 00431 0291 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “М” ХХК-д ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

А овгийн Э-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ...-ын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Б.Б, Э.Б нар нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн:

- 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,

- Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, цагаан өнгийн хоёр ширхэг гялгар уутанд савласан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг хх-хх ххх улсын дугаартай Шевролет Крузе /Chevrolet Cruze/ загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт шалган нэвтрүүлэх цэг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Б, А овогт Э-ы Б нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б тус бүрийг 6 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б нараас тус бүр 800.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг гялгар ууттай үеийн жин нь 972 грамм, цэвэр жин нь 566 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 791 грамм, цэвэр жин нь 445 грамм ургамлыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, шүүгдэгч тус бүрт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл нь мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хууль зүйн ойлголт бус харин шүүхэд хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж болох боломжийг нээсэн хууль зүйн зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 19 настай. 1 жилийн өмнө тогооч мэргэжлээр сургуулиа төгсөөд ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Хоригдож байх хугацаандаа гэр бүлээсээ хол байх ямар хэцүү болохыг ойлгож ухаарсан. Би дахин ямар нэг төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 19 настай бөгөөд 1 жилийн өмнө сургуулиа тогооч мэргэжлээр төгссөн. Эцэг дээрээ очих гэж гадаад явах виз хүлээж байх зуураа мэргэжлээ дээшлүүлэхээр мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд гэр бүлдээ тус дэм болж, нийгэмшихийг хичээж байна. Анх удаа, сониуч, хэнэггүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг шалгагдах 4 сарын хугацаанд маш их зүйлийг судалж, энэ хэргийн улмаас нийгэмд ямар их аюул, хор уршиг учирдаг болохыг ойлгож авсан. Нийгэмд аюултай хор уршгийг арилгах зорилгоор интернет, цахим орчинд видео бичлэг хийж сэрэмжлүүлэг зураг, өгүүллэг бичиж ирээдүйн дүү нараа ийм зүйлд мэдэхгүй, холбогдохоос зайлсхийж сэрэмжлэхийг уриалах хүсэлтэй байна. Иймд гэрээсээ интернет, цахим сүлжээ ашиглаж хор уршгаа арилгах боломж олгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн учир хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх шаардлагагүй. Иймд шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ы өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэж тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг хүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чөлөөлөх эрх нь байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөө Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн талбай орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, цагаан өнгийн хоёр ширхэг гялгар уутанд савласан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 1,011 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу нойтон ургамлыг хх-хх ххх улсын дугаартай Шевролет Крузе /Chevrolet Cruze/ загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт шалган нэвтрүүлэх цэг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын зохицуулалтыг  буруу хэрэглэсэн байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ийм гэмт хэргийг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Э.Б нарт хуулийн энэхүү заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээнээс доогуур ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох...” агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Э.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Б, Э.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ      

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ