Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар  109/ШШ2022/0099

                                     109/ШШ2022/0099

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: В.Ц

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, нарын хоорондын Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”, “Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтэнд гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хамтран хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”, “Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтэнд гэрээ байгуулахыг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч  В.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В.Ц миний бие нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсанд байршуулсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрших / худалдааны гудамжны зүүн талд/ 417м2 газарт 5-8 давхар нийтийн орон сууц барих зориулалттай газрын дуудлага худалдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагт товлосон цахим дуудлага худалдаанд өөрийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, дэнчин төлсөн зэрэг баримт бичгээр бүрдүүлэн орсон. Тухайн цахим дуудлага худалдаанд 11 иргэн оролцож 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагт эхэлж мөн өдрийн 15 цаг 31 минутад дууссан энэ заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал буюу 155.702.000 төгрөгийн саналаар би ялагч болсон. Маргааш буюу 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчим Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ариунзаяа надтай утсаар ярьж та ялагч болсон байна гурав хоногийн дотор ирж гэрээ байгуулна уу гэсэн. Би хэлснийх нь дагуу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулахаар очтол манай дарга чамтай гэрээ байгуулж болохгүй, дуудлага худалдаа 2 ялагчтай болсон гэж хэлээд энэ үндэслэлээр гэрээ байгуулаагүй. Уг дуудлага худалдаанд би илт ялагч болсон байхад надтай гэрээ байгуулахгүй байгаа нь мөн энэ дуудлага худалдааг дахин танхимаар хийхээр зарлаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.  2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 9 цагт товлосон газрын дуудлага худалдааг дахин явуулах тухай захиргааны акт нь хууль бус гэж үзэж байна. ... Аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай захирамж гарсныг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болно.” гэжээ.

3. Нэхэмжлэгч В.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн цахим дуудлага худалдаанд 155.702.000 төгрөгөөр хамгийн өндөр үнийн санал хэлж ялагч болсон. Гэтэл Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтэн надтай гэрээ байгуулахгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Дуудлага худалдааны цахим системийн үнийн мэдээлэлд ялагч В.Цтой ялагчтай гэрээ байгуулах гэж ойлгомжтой тодорхой заасан байна. Иймд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтэнд гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч В.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх 7 дугаар сарын 27-ны өдөр цахим дуудлага худалдаанд оролцсон. Ингээд 07 дугаар сарын 28-ны өглөө Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ариунзаяа руу залгаад тухайн газарт барилга баригдаж байгаа бол хажууд нь газар байгаа талаар тодруулж хэмжилт хийлгэе гэхэд та ялагч болсон байна 3 хоногийн дотор ирээд гэрээгээ хийгээрэй гэсэн хариулт өгсөн. Би энэ дагуу 8 дугаар сарын 1-ний өдөр гэрээ хийх гэж очсон. Тэгсэн гэрээ хийх боломжгүй дуудлага худалдааны 2 ялагч тодорсон гэж гэдгийг тухайн мэргэжилтэн амаараа хэлсэн. Түүнээс бол бичгээр хариу өгсөн зүйл байхгүй. Тэгээд 08 дугаар сарын 1-ний гэрээ байгуулж өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн. Өөр хүнээс гомдол ирээгүй байхад надад гэрээ байгуулаагүй. Нөгөө хүн 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан. 8 дугаар сарын 02-ны өдөр ирсэн гомдлыг 8 дугаар сарын 1-ний өдөр бүртгэж авсан. Тэгээд газрын дуудлага худалдааны ялагч болсон гэх Э, Нямдорж, Батжаргал гэсэн 3 хүн хамтарч энэ барилгыг барих гэж байгаа нь үнэн юм билээ. Энэ уг газарт барилга баригдаж байгаа гэж мэдээгүй. Дуудлага худалдаа явагдсаны дараа барилга барих үйл ажиллагаа явагддаг байх гэж бодсон. Тухайн зургийг хараад барилга баригдаж байгаагийн хажуу талд нь байна гэж хараад дуудлага худалдаанд орсон, тэгсэн үгүй байсан. Аль хэзээ ажил явагдсан барилгад дуудлага худалдаа явагдаж байсан юм билээ. Тэгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай уулзаад дуудлага худалдаа зарласан газарт барилга баригдсан байна гэхэд манайхаас бичиг өгсөн авдаг арга хэмжээгээ өгсөн ч зогсохгүй байгаа, дээрээсээ захиалгатай барилга гэж хэлсэн. Дахин мэргэжлийн хяналтын барилгын инженертэй уулзахад бас л яг адилхан манайхаас албан тоот явуулаад авах арга хэмжээ аваад ч зогсохгүй байна гэсэн хариу өгсөн. Сая 10 дугаар сард уг барилгын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Би өөрийгөө ялсан гэдэгтэй бат итгэлтэй байгаа. Цахимаар явуулсан учраас бүх зүйл нүдэн дээр явагдсан. Ариунзаяа мэргэжилтэн яалтач үгүй 3 хоногийн дотор ялагчтай гэрээ байгуулна гэж ярьсан.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/603 захирамжийг хүчингүй болгох илт ялагч болсон. Хууль зүйн үндэслэл нь юу гэхээр Засаг даргын 603 дугаартай “Газрын дуудлага худалдаа явуулах” захирамжийг хүчингүй болгуулах, дуудлага худалдаанд илт үнийн саналаар ялагч болсон В.Цтой гэрээ байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь юу гэхээр энэ дуудлага худалдаа 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагт эхэлж дууссан байдаг. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай газрын дуудлага худалдааны захирамжийг үндэслэлгүй гарсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь юу гэхээр дуудлага худалдаа дахин явуулах тухай газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10 дугаар зүйлийн 10.1-т дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна гэж заасан. Энэ журмын 10.1.1-т “дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар авсан газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гэрчилгээний үнийг дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хийгээгүй бол төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд дахин дуудлага худалдаа явуулна. 10.1.2-т “дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй хууль зөрчин явуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон дуудлага худалдааны ялагч энэ журмын 2-т заасан гэрээ байгуулаагүй гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд, 10.1.5-т хуульд заасан бусад тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна гэсэн үндэслэлийг заасан. Дуудлага худалдаа 7 дугаар сарын 27-ны өглөө 9 цагаас эхэлж хамгийн өндөр буюу 155.702.000 төгрөгийн үнийн саналыг 15 цаг 30 минутад В.Ц авсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаар В.Ц хамгийн өндөр үнийн санал өгсөн болох нь харагддаг. Ингээд мэдээллийн цахим системээс В.Цтой гэрээ байгуулах нөхцөл харагддаг. Дуудлага худалдаанд хэнийг ялагч болгох вэ гэхээр дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно гэж заасан байгаа. Тэгвэл тухайн дуудлага худалдаа нь ялагч В.Ц нь 155.702.000 төгрөгийн үнийг санал болгож ялагч болсон байдаг. Ялагч болсноо мэдээд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ариунзаяатай 7 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим утсаар яриад очиж уулзахад 2 ялагчтай болсон учраас тантай гэрээ байгуулах боломжгүй байна гэж хэлсэн байдаг. Дуудлага худалдаанд 2 ялагч тодорно гэсэн асуудал байхгүй. Хамгийн өндөр үнийн санал өгсөн хүн ялагч болно гэдгийг журамд заасан байна. Дуудлага худалдаа дахин явуулах үндэслэлгүй байхад А/603 дугаартай захирамж гаргасан. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан. Мөн дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гэрээ байгуулахаар заасан байдаг. Дуудлага худалдааны журмын дагуу В.Ц ялагч болсон учраас гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. В.Ц яагаад өөрийгөө ялагч болсон гээд байгаа вэ гэхээр хамгийн өндөр үнийн санал хэлсэн гэдгийг тусгасан байна. Хоёрдугаарт ялагчаас бусад дэнчинг ажлын 5 өдрийн дотор буцааж ямар ч шимтгэлгүйгээр шилжүүлдэг юм байна. Гэтэл одоог болтол В.Цын дэнчингийн мөнгийг шилжүүлээгүй байгаа нь ялагч мөн гэдгийг баталж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч В.Цын Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай “Газрын дуудлага худалдаа явуулах тухай”  захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчигдсөн буруутай шийдвэр гэж үзэхгүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуульд зааснаар төсөвт байгууллага, гэр бүлийн хэрэгцээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, тариалангийн салбарт олон жил ажилласан иргэнд давуу эрхээр эзэмшүүлэхээс бусад зориулалтаар эсвэл тухайн хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрыг Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулах болон төсөл сонгон шалгаруулах журмаар явуулна журмыг Монгол Улсын Засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу Монгол улсын засгийн газар 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний 152 төсөл дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан. “Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 6.1.2-т заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 16-ны А/424 дугаартай “Газрын дуудлага худалдаа явуулах тухай” аймгийн засаг даргын захирамж гарсан. Дуудлага худалдааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулсан. Тухайн дуудлага худалдаанд оролцох саналаа 11 иргэн журмын дагуу ирүүлж дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаа цахимаар зохион байгуулагдсан. Дуудлага худалдаа явагдаж дуусах үед дуудлага худалдааны цахим системийн ялагчийн мэдээлэлд иргэн А.Э 155,202,000 төгрөгийн үнийн саналаар ялсан, үнийн санал дээрх мэдээллээр иргэн В.Ц 155,702,000 төгрөгөөр ялсан гэсэн зөрүүтэй мэдээлэл цахим системд бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөл нь цахим систем 15:00 цагаас үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлдэг ба 60 секундэд үнэ хэлээд өөр өрсөлдөгч үнэ хэлээгүй бол дараагийн 60 секунд тоологдож эхэлдэг ба энэ хугацаанд өөр өрсөлдөгч үнэ хэлээгүй бол хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогч дуудлага худалдааны ялагч болдог. Гэтэл дараагийн 60 секунд эхлэх үед биржийн систем зарим хэрэглэгч дээр хаагдсан алдаа гарснаар дуудлага худалдаа алдаатай явагдаж 2 иргэн ялагч болсон мэт мэдээлэл хадгалагдсан болох нь тогтоогдсон. Ингэснээр журмын 2.1.4-т заасан тэгш, шударга оролцоог хангасан байх зарчим алдагдсан. Энэ нь иргэн В.Цын тус газарт 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн дуудлага худалдааны ялагч болсон тул гэрээ байгуулж өгөхийг хүссэн өргөдөл, тус газраас 2022  оны 8 дугаар сарын 10-ны өдөр 654 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хариу, иргэн А.Эын 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус газарт ирүүлсэн гомдол, дуудлага худалдааны ажлын хэсгийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дүгнэлтээр тус тус нотлогдоно. Тухайн үеийн системийн алдаанаас болоод дуудлага худалдаа алдаатай явагдсан тул ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралдан дахин дуудлага худалдаа явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ажлын хэсэг үүссэн маргааныг шийдвэрлэх эрхтэй болохыг нь газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9 дүгээр зүйлийн  9.3., 10 дугаар зүйлийн 10.1.5., 15 дугаар зүйлийн 15.1. дэх заалтуудаар олгосон. Тухайн ажлын хэсэг дуудлага худалдаа алдаатай явагдсан гэж үзэн дахин дуудлага худалдаа явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул аймгийн Засаг дарга 2022 оны 8 дугаар 17-ны өдрийн А/603 дугаартай дуудлага худалдаа дахин явуулах тухай захирамж гаргасан. Дахин дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 02 оны өдөр 09 цагаас танхимаар зохион байгуулсан ба тухайн дуудлага худалдаанд 15 оролцогч бүртгүүлэн 1 оролцогч буруу материал ирүүлсэн тул хасагдаж 14 иргэн үнэ хаялцан 2 дугаартай оролцогч 427,600.000. төгрөгөөр дуудлага худалдааны ялагч болсон. Тухайн дуудлага худалдаанд нэхэмжлэгч В.Ц нь хамгийн сүүлийн 3 дахь унэ буюу 427,000,000 төгрөг хүртэл үнэ хэлсэн, мөн дуудлага худалдаанд оролцсон, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр актын биелэлтийг хүлээн зөвшөөрсөн. Эдгээр шалтгаан нөхцөл бий болсныг ажлын хэсэг дүгнэсэн тухайн ажлын хэсгийн дүгнэлт газрын тухай хууль, Монгол Улсын засгийн газрын дүрэм, журам тэдгээрийн нарийвчилсан зохицуулалтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А/603 дугаартай газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай захирамж гаргасан нь иргэний эрх, хууль зөрчсөн захиргааны акт биш тул актын биелэлтийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дуудлага худалдаанд 11 оролцогч оролцсон байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр хамгийн өндөр үнэ хэлсэн хүн ялагч болно. Гэхдээ Дуудлага худалдаа явуулах хууль болоод нарийвчилсан журмаар зохицуулагдаж байгаа. Уг журам нь иргэдийн тэгш оролцоог хангасан байхыг баримталдаг. Яагаад В.Ц ялагч биш юм бэ дуудлага худалдаа алдаатай явсан гэж үзээд байна вэ гэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Дуудлага худалдаа явагдахад Засаг дарга захирамжаа гаргаж 60 хоногийн өмнө зарлан мэдээлдэг. Ингээд дуудлага худалдаа явагдах өдөр ажлын хэсгээ томилдог. Ажлын хэсэг нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамааралгүй Засаг даргын заасны дагуу мэргэжилтнүүд ордог. Дуудлага худалдааны үеэр ямар нэгэн зүйл болбол ажлын хэсэг дүгнэлт гаргаж тэмдэглэл үйлддэг, тухайн байдлыг хянаж оролцдог. Нарийн процессын асуудлыг харахад цэс рүү нь ороход В.Ц 155.702.000 төгрөгийн үнийн саналаар ялагч болжээ гэж харагддаг. Гэтэл тухайн системийн нүүрэн дээр н.Э ялагч болсон нь харагддаг. Шүүгч хурал эхлэхээс өмнө шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуулиар хүлээсэн үүргийг танилцуулсан. Ариунзаяа мэргэжилтэнтэй утсаар ярьсан эсэх нотолгоогүй зүйлийг ярмааргүй байна. Мөн дээр нь Ариунзаяагаас гэрчийн мэдүүлэг гэж авсан байх тэр байдлаас ойлгогдох байх. Гэтэл тухайн цахим системийн нүүрэн дээр А.Э 155.202.000 төгрөгөөр ялагч боллоо гээд ногоорч харагддаг. Нарийвчилсан систем рүү ороод харахаар В.Ц 155.702.000 төгрөгөөр ялагч боллоо гэсэн үнэ оруулсан асуудал харагддаг. Системийг удирдан зохион байгуулдаг хүн нь газрын төлбөр үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн А  ажилладаг. Энэ хүн амарч байсан учраас тухайн үед ийм асуудал гарсныг мэдээгүй юм байна лээ. Тэгээд талуудаас би ялсан гэдэг гомдол орж ирэхэд ийм асуудал үүссэнийг мэдсэн байдаг.  Тэгээд ажлын хэсэг системд хяналт шалгалт хийж цахим систем гацсан алдаа үүссэн юм байна гэдгийг тогтоогоод дүгнэлтээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж Засгийн газрын 10 дугаар тогтоолоор баталсан Дуудлага худалдаа явуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, 15 дугаар зүйлийн 15.1 гэм мэт заалтуудаар маргаан үүссэн тохиолдолд ажлын хэсэг шийдвэрлэнэ гэдгийг заасан. Дуудлага худалдаа явуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т “дуудлага худалдаа явуулахад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ”, дуудлага худалдааг ямар тохиолдолд дахин явуулах вэ дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахин явуулна. Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд дахин явуулна. Уг журмын 10 дугаар зүйлийн 10.1.5-т “хуульд заасан бусад тохиолдол” гэж заасан. Дуудлага худалдаа явуулах журмын 15 дугаар зүйлийн 15.1-т “дуудлага худалдаа явуулахад үүссэн маргааныг дуудлага худалдааны ажлын хэсэг зохицуулна” гэж заасан. Ажлын хэсгийн дүгнэлт болон тэмдэглэлийг үндэслэж Засаг дарга газар эзэмшүүлэхээ дахин дуудлага худалдаа явуулах уу гэдэг 2 төрлийн захирамж гаргах ёстой. Дуудлага худалдааны үеэр цахим систем алдаатай болсон гэдгийг ажлын хэсэг тогтоохдоо иргэдээс орж ирсэн маргаан болон цахим системд үзлэг хийж тогтоосон. Үүнийг үндэслэж Засаг дарга дахин дуудлага худалдаа явуулах захирамж гаргасан. Тухайн Засаг даргын захирамж одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Мөн тухайн актыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ захирамжид талууд дахин маргаан үүсгэхгүй гэдгийг тусгасан. Тэгэхээр Засаг даргын А/603 дугаартай захирамж одоо ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Энэ захирамжийн дагуу 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин дуудлага худалдаа танхимаар зохион байгуулагдаж дууссан. Тухайн дуудлага худалдаанд В.Ц иргэн оролцож сүүлийн 3 билүү 4-т үнэ хэлж оролцсон байдаг. Ийм учраас Засаг даргын төлөөлөгчийн зүгээс тухайн захирамж одоо ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Иймд дээрх шалтгаануудыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Газрын дуудлага худалдааг газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулдаг. Тухайн жилийн төлөвлөгөөг аймаг сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталдаг. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь түүний хэрэгжилтийг зохион байгуулж ажилладаг ба дуудлага худалдаа явуулах комисс томилох, газар эзэмших захиргааны акт гаргах зэрэг эцсийн шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргадаг. Газрын дуудлага худалдааг Засаг даргын томилсон ажлын хэсэг хариуцан зохион байгуулдаг. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн аймаг нийслэлийн газрын алба, сумын газрын даамал гэрээ байгуулдаг. Гэтэл хоёр ч иргэн тухайн дуудлага худалдааны ялагч болсон талаар иргэдээс гомдол санал ГХБХБГ-т ирүүлснийг Газрын тухай хууль, дуудлага худалдаа явуулах журамд заасны дагуу Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хянан шалгаж дүгнэлт гаргасны дагуу Засаг даргын зүгээс дуудлага худалдаа дахин явуулах захирамж гаргасан тул гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн.” гэжээ.

9. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн В.Ц нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтэнд гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэдэг нь шүүгчийн тодруулснаар дуудлага худалдаа ялагчтай байгуулах гэрээг байгуулж өгнө үү нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож тайлбараа хүргүүлсэн байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын дуудлага худалдааг зохион байгуулсан. Зохион байгуулахдаа дуудлага худалдаа явуулах журмын дагуу цахим хэлбэрээр явуулсан. Мөн Дуудлага худалдаа явуулах журамд заасны дагуу дуудлага худалдаатай холбоотой маргааныг ажлын хэсэг шийдвэрлэх заалттай. Дуудлага худалдаа явуулахтай холбоотой өргөдөл, гомдол ирсэн учраас ажлын хэсэг судалж авч үзээд дуудлага худалдаа нь маргаантай байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд аймгийн Засаг дарга дахин дуудлага худалдаа явуулах шийдвэрийг гаргасан. Ингээд дахин дуудлага худалдаа явагдахад иргэн В.Ц хүлээн зөвшөөрч оролцсон, өмнөх дуудлага худалдаа хүчингүй болоогүй учраас гэрээ байгуулах үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн В.Ц нь тус шүүхэд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 0324 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “дуудлага худалдааны ялагч В.Цтой гэрээ байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газрын эрх бүхий мэргэжилтэнд даалгах” гэж ихэсгэсэн болно.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.

4. Улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны ялагч В.Цтой дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

5. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч В.Цын нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

6. Анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022  оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай” 12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Архангай аймаг, Эрдэнэбулган суманд Худалдааны гудамжны зүүн талд байршилтай үйлчилгээний орон сууцны зориулалттай газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр баталжээ[1].

7. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/424 дугаартай “Газрын дуудлага худалдаа  явуулах тухай” захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Худалдааны гудамжны зүүн талд байрлалтай 417 м2  Үйлчилгээний орон сууц барих зориулалттай газрыг дуудлага худалдааны журмаар, дуудлага худалдааг цахим хэлбэрээр буюу газрын биржийн цахим  /www.mle.mn/ системээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.[2]

8. Мөн Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/568 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр явагдах газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны ажлын хэсгийг Ажлын хэсгийн дарга Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Бат-Амгалан, гишүүдээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сайнжаргал, Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн барилга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Л.Лхасүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, дуудлага худалдааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт www.mle.mn цахим хаягийг ашиглан явуулаар шийдвэрлэжээ.[3]

9. Нэхэмжлэгч В.Ц 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамжны зүүн талд  байрлах 417м2 хэмжээтэй 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай газрын цахим дуудлага худалдаанд оролцож тухайн өдрийн 15:31:30.7 цагт 155.702.000 /нэг зуун тавин таван сая долоон зуун хоёр мянга/ төгрөгийн буюу хамгийн өндөр үнийн санал хэлсэн ялагч болсон гэж үзэн гэрээ байгуулахаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр өргөдөл гаргажээ.[4]

10. Мөн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болсон тус 417м2 хэмжээтэй газрын цахим дуудлага худалдааны оролцогч А.Эаас “... 15 цаг 31 минут 14 секундэд миний өгсөн 155.202.000 /нэг зуун тавин таван сая хоёр зуун хоёр мянга/ төгрөгийн үнийн санал дээр дуудлага худалдааны хүлээлгийн 60 секунд тоологдож дууссан ба миний өгсөн үнийн санал хүчинтэй хэвээр /ногоон өнгөтэй/ дуудлага худалдаа дууссан. Гэтэл дуудлага худалдааны дараа өөр оролцогч ялсан гэсэн ойлгомжгүй асуудал үүсээд байна. Хэрэв өөр оролцогч илүү үнэ санал болгосон тохиолдолд хүлээлгийн /60 секунд дуудлага худалдаа 1700 цаг хүртэл ийм журмаар үргэлжлэх ёстой/ тоологдож дуудлага худалдаа үргэлжлэх байтал тэгсэнгүй. Иймд энэ асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, гомдлыг барагдуулж өгнө үү.” гэх гомдлыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гаргасан байна.[5]

11. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж “... дуудлага худалдааны ялагчийн мэдээлэлд А.Э, үнийн санал дээрх мэдээллээр В.Ц шалгарсан харагдаж байгаа, мөн үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусаагүй байхад биржийн систем хаагдсан зөрчлүүд гарсан учраас дуудлага худалдааг дахин явуулах нь зүйтэй” гэж дүгнэжээ.[6]

12. Тус ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын дуудлага худалдааг дахин явуулах тухай Засаг даргын захирамжийн төсөл, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг бэлтгэн Архангай аймгийн Засаг даргад хүргүүлжээ.[7]

13. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 654 дугаартай албан бичгээр иргэн В.Цт 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан газрын дуудлага худалдааны оролцогч талуудаас ирүүлсэн гомдол, хүсэлтийг цахим системээс нягтлан шалгаж газрын дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн талаар дурдаж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлт, тэмдэглэлтэй хамт хүргүүлжээ[8].

14. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2022 оны 12 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтыг тус тус үндэслэн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил зориулалт, хугацаа, анхны үнэ, дуудлага худалдаа зохион байгуулах хугацааг хавсралтаар баталж, тус дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, танхимын хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.[9]

15. Мөн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/623 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, дуудлага худалдааг  2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9 цагт танхимын хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.[10]

16. Улмаар нэхэмжлэгч В.Цоос маргаан үүсгэж, анх Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай”  захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “дуудлага худалдааны ялагч В.Цтой дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” гэж ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус захирамжийн дагуу дахин дуудлага худалдаа 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 9 цагт болж дууссан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

19. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамжны зүүн талд  байрлах 417м2 хэмжээтэй газрын дуудлага худалдаа дахин 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр  танхимын хэлбэрээр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд нэхэмжлэгч  нэхэмжлэгч В.Ц мөн оролцжээ.[11] 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

20. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдаа алдаатай явагдсан гэж үзэн тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралдан дахин дуудлага худалдаа явуулах нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

21. Улмаар тус ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын дуудлага худалдааг дахин явуулах тухай захирамжийн төсөл, ажлын хэсгийн тэмдэглэл, дүгнэлт зэргийг бэлтгэн Архангай аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргын зүгээс Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаартай “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33..1.2. дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2022 оны 12 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтыг үндэслэн гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байна гэж дүгнэлээ.

22. Өөрөөр хэлбэл газрын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг дүгнэлт, Газрын тухай хууль, “Монгол Улсын Засгийн газар 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын нарийвчилсан зохицуулалтыг үндэслэн дахин дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэж Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай”  захирамж гарсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

23. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

24. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

25. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийн хавсралтаар  тус газрын дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 09 цаг 00 минутад танхимын хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

26. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийн хавсралтад заасны дагуу тус дуудлага худалдаа 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болж дуусжээ.

27. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийн хавсралтад зааснаар тус газрын дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр дуудлага худалдаа болж дууссан боловч ялагч нь журамд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй тул дахин дуудлага худалдаа явуулах нөхцөл бүрдсэн болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

28. Монгол Улсын Засгийн газар 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.1.Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:”, 9.1.-т “Тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.”, 10.2.-т Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

29. Дээрх эрх зүйн хэм хэмжээний дагуу Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар захирамжийн хавсралтад зааснаар тус газрын дуудлага худалдаа 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болж дууссан байх бөгөөд дахин дуудлага худалдааг зохион байгуулах тохиолдолд дээрх журмын дагуу аймгийн Засаг даргын шинэ захирамж гарч ажлын хэсгийг байгуулан, зарыг нийтэд мэдээлэн зохион байгуулахаар зохицуулжээ.

30. Нэхэмжлэгч иргэн В.Цын хувьд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

31. Хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах тусгай шаардлага нь тухайн маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй захиргааны акт байх ёстой. Шүүх зөвхөн эрх зүйн үйлчлэлтэй актыг хүчингүй болгох боломжтой болохоос, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох боломжгүй юм.

32. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заажээ.

33. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй, үргэлжилж байх тохиолдолд тус актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой.

34. Нэхэмжлэгчийн маргаж буй Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар захирамжийн хавсралтад заасны дагуу тус дуудлага худалдаа 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болж дууссан, тус актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, захиргааны актад заасан хугацаанд дахин дуудлага худалдаа зохион байгуулагдсан, тус акт эрх зүйн зохицуулалтын хувьд биелэгдсэн байх тул, нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгох боломжгүй юм.

35. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийн хавсралтад тус дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулахаар зааж дуудлага худалдааны ялагч нь тодрон, дуудлага худалдаа актад заасан хугацаанд зохион байгуулж дууссан тул уг захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болж биелэгдсэн байна.

36. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дуудлага худалдааны ялагч В.Цтой дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газарт даалгах шаардлагын тухайд

37. Нэхэмжлэгч В.Ц 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болсон газрын дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал хэлсэн, ялагч гэж үзэн гэрээ байгуулахаар нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр өргөдөл гаргажээ.

38. Улмаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 654 дугаартай албан бичгээр иргэн В.Цт 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан газрын дуудлага худалдааны оролцогч талуудаас ирүүлсэн гомдол, хүсэлтийг цахим системээс нягтлан шалгаж газрын дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн талаар дурдаж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлт, тэмдэглэлтэй хамт хүргүүлж байжээ.

39. Хэдийгээр нэхэмжлэгч тус хариуг бичгээр гардаж аваагүй гэх боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан: “...би мэргэжилтэн рүү гэрээ байгуулах талаараа ярьж утсаар тодруулан, тус дуудлага худалдаа дахин явагдах болсон талаар мэдсэн...” гэх тайлбар, шүүхэд маргаж нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд өргөдлийн хариуг бичгээр гардан авсан эсэхээс үүдсэн үйл баримт нь энэхүү маргаанд шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна.

40. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдааны явцад цахим системийн ялагчийн мэдээлэлд иргэн А.Э 155,202,000 төгрөгийн үнийн саналаар ялсан, үнийн санал дээрх мэдээллээр иргэн В.Ц 155,702,000 төгрөгөөр хамгийн өндөр үнэ хэлж ялсан гэсэн зөрүүтэй мэдээлэл цахим системд тэмдэглэгдэж улмаар хоёр иргэн ялагч болсон мэтээр тус системд бүртгэгдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

41. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдааны явцад үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секунтын хугацаа дуусаагүй байхад биржийн систем хаагдсан буюу нэхэмжлэгч В.Ц хамгийн сүүлд үнэ хэлснээс хойш 60 секунтын хугацаа дуусаагүй байхад дуудлага худалдаа дууссан, тус дуудлага худалдааны оролцогч, иргэн В.Ц 15:31:30.7 (Арван таван цаг 31 минут 30 секунт 07 дольд) үнэ хэлсэн байхад систем түүний үнэ хэлснээс хойш 60 секунтын хугацаа дуусаагүй буюу 13 секунтын хугацаа дутуу 15:32:17 (15 цаг 32 минут 17 доль)-д байхад тус систем өөрөө дуудлага худалдааг дуусган программ хаагдсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсан дахь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болсон дуудлага худалдааны явцын мэдээлэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

42. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т “...Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан.

43. Улмаар “Монгол Улсын Засгийн газар 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6.2.-т Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө; 9.9.6.3.-т “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусаж, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.” 9.9.7.энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах Газрын биржийн цахим систем ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрд мэдэгдэнэ” гэж зохицуулжээ. 

44. Хэдийгээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдааны явцад үүссэн дээрх зөрүүтэй, алдаатай үйл баримтад нэхэмжлэгч буруугүй боловч тухайн үеийн системийн алдаанаас болоод цахим хэлбэрээр зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаа алдаатай явагдсан гэж үзэн тус дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралдан дахин дуудлага худалдаа явуулах нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

45. Тухайн дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг нь газрын дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг шийдвэрлэх эрхтэй болох нь тус харилцааг нарийвчлан зохицуулсан журам болох “Монгол Улсын Засгийн газар 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн  9.3-т “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ.” гэж зааснаас харагдаж байна.

46. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь тус ажлын хэсгийн дүгнэлттэй маргаагүй, ажлын хэсэгт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

47. Дээрх хууль болон журмын дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн маргаантай, зөрчилтэй асуудлаас үүдэн тухайн асуудлыг шийдвэрлэж, эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан тул 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдааны оролцогч, нэхэмжлэгч В.Цыг шууд ялагч гэж үзэн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн  11.2-т заасны дагуу  аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамлыг гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

48.  2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 9 цагт газрын биржийн www.mle.mn цахим хаягийг ашиглан зохион байгуулсан дуудлага худалдааны явцад үүссэн дээрх маргааныг шийдвэрлэсэн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийн хавсралтад зааснаар тус дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулж уг захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болж биелэгдсэн байх тул дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг В.Цтой байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6., 46 дугаар зүйлийн 46.2., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч В.Цын  Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар “Газрын дуудлага худалдаа дахин явуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, дуудлага худалдааны ялагч В.Цтой дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА

[1] Хавтатс хэргийн 244-246 дахь тал

[2] Хавтаст хэргийн 107-108 дахь тал

[3] Хавтаст хэргийн 109 дэх тал

[4] Хавтаст хэргийн 175 дахь тал

[5] Хавтаст хэргийн 169 дэх тал

[6] Хавтаст хэргийн 170-17 дэх тал

[7] Хавтаст хэргийн 239-241 дэх тал

[8] Хавтаст хэргийн 176-178 дахь тал

[9] Хавтаст хэргийн 24-25 дахь тал

[10] Хавтаст хэргийн 26 дахь тал

[11] Хавтаст хэргийн 44-45, 82-85 дахь тал