Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/01561

 


2020 05 05 101/ШШ2020/01561     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭББСБ ХХК -д холбогдох,

Мобикомын ..... дугаар гаргуулах, байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 7,750,000 төгрөг гаргуулах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 54,603,363 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд....... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А би Д.Нтай харилцан тохиролцож түүний өмчлөлийн СБД-ийн 11-р хороо, 7-р хороолол Элтэйн гудамж..... тоот хаягт байршилтай 56.54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Энэхүү орон сууцыг худалдан авах бэлэн мөнгө надад байхгүй учир Д.Ниин гүйцэтгэх захирлаар ажилладаг Э ББСБ-д өөрийн эзэмшлийн ... дугаараа барьцаалж байрны үрьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг харин худалдан авах орон сууцаа барьцаалж 70,000,000 төгрөгийн зээл авахаар болж, 2018 оны 7 сарын 30-ны өдөр Лизингийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг Э ББСБ ХХК-тай байгуулсан. Ийнхүү би нийт 100 сая төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу төлсөнөөр ... дугаар болон орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохирсон.

Мөн 2018.11.22-ны өдөр би байрны урьдчилгаан төлбөрөөс 5,000,000 төгрөгийг ЭББСБ ХХК-д шилжүүлсэн. Гэвч дээрх гэрээнүүдийн дагуу Э ББСБ ХХК-аас 100 сая төгрөг миний дансанд ороогүй. Харин би байрыг худалдан авах эдийн засгийн боломжгүй болсон тухайгаа 2018.09.24-нд Н.Нд мэдэгдсэн. Д.Н нь 2019.04.10-ны үед орон сууцны түлхүүрийг авч, миний амьдрах зорилгоор Кийн ХХК-ээр 1,963,000 төгрөгөөр хийлгэсэн гал тогооны тавилгатай хамт уг орон сууцыг зарсан. Ийнхүү би ЭББСБ ХХК-д өр төлбөргүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагчаас ******* дугаарыг бодитой буцаан гаргуулж орон сууц авна гэж төлсөн 7,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ЭББСБ ХХК шүүхэд болон захирал Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Н.А нь Мобикомын 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ..... дугаарыг буцаан авахыг шаарджээ. Н.А нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17/02/23/02 лизингийн болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 2018 оны 02 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай. нэг сарын 5% хүү буюу жилийн 60% хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулан зээл авсан юм. Зээл эргэн төлөх хуваариар зээлээ төлөөгүй ба 2018-05-31-нд 3,000,000 төгрөг төлж үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс төлөөгүй2018 оны 08 сарын 23 хүртэл нийт 449 хоногийн хүү 32,876*449=14,761,324 нийт зээл хүү нь 34.761,324 төгрөгийн өртэй байна. Энэ зээлийн барьцаанд ******* дугаарыг тавьсан тул барьцааг чөлөөлөх шаардах эрхгүй.

Үүнээс гадна ...... дугаарыг 2018-07-30-ны өдрийн 18/07/30/02 лизингийн болон барьцааны гэрээ хийж 30 сая төгрөг зээлж, барьцаанд тавьсан. Н.А, Д.Нгийн өмчлөлийн СБД, 11-р хороо, 7-р хороолол, Элстэйн гудамж, ....тоот, 2 өрөө орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Э ББСБ ХХК-тэй 18/07/30/01, 18/07/30/02 тоот зээлийн гэрээгээр 70,000,000+30,000,000=100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Н.Аын зээлсэн 100,000,000 төгрөгийг уг байрны эзэн болон Д.Нд төлж Н.А байрыг хүлээн авсан Н.А нь 2018.07.30-нд байрыг хүлээн авснаар лизингийн гэрээний үүргийн дагуу ЭББСБ-д 100,000,000 төгрөгийн зээлд хуваарийн дагуу үндсэн зээлээс сар бүр 6,000,000 төгрөг төлөх ба энэ тохиолдолд хүүгүй, мөн 30,000,000 зээлд cap бүр 4% буюу жилийн 48% хүү төлөх үүрэг хүлээсэн байгаа 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 1.1 1 -д cap бүр 6,000,000 төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэлд сарын 2 хувь хүү буюу жилийн 24% хүү тооцно гэжээ. Нэхэмжлэгч 2019 оны 04 сард гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон тул барьцаа хөрөнгөө зарж төлөхөөр байраа хүлээлгэн өгсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 8 cap хэтэрсэн тул зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3 заалтуудыг үндэслэн 2019 оны 07 сарын 01-нд барьцааны орон сууцыг 95 сая төгрөгөөр худалдсан. 2018-08-20-нд 6,000,000 төгрөг, төлж зээлийн үлдэгдэл 64,000,000 хугацаандаа төлөөгүй тул 24 хувь хүү тооцсон. 2018-11-22-нд 5,000,000 төгрөг төлсөн ба 2018-11-22 хүртэлх 84 хоног тул уг хугацааны хүү 42,082*84=3,534,904 төгрөг байгаа ба үүнийг төлж зээлээс 1,465,096 үндсэн зээлээс төлөгдөж зээлийн үлдэгдэл 62,534,904 төгрөг болсон.

30,000,000 төгрөгийн зээлийн хувьд жилийн хүү 48 хувь. Гэрээний үүрэг хүлээснээс хойш буюу 2018-07-30-с 2019-07-01 хугацаанд 336 хоног, 336*39,452= 13,255,872 төгрөг хүү, нийт зээл хүү 30,000,000+13,255,872=43,255,872 нийт 71,622,167+43,255,872=114,848,039 төгрөгийн үлдэгдлээс байр зарсан мөнгийг төлснөөр 19,848,039 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018-02-23-ны 17/02/23/02 зээлийн гэрээний үлдэгдэл. 34,761.324төгрөг болно. 2018-07-30-ны 18/07/30/01 (70 сая) болон 18/07/30/02(30 сая) тоот гэрээний үлдэгдэл 19,848,039 төгрөг нийт 54,609,363 төгрөг төлөхгүй гэрээний үүрэг зөрчиж байна. Иймд Н.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү ГЭВ.

Хариуцагч ЭББСБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.А нь 2018.02.23-ны өдөр Э-тай 17/02/23/02 тоот гэрээ байгуулан 20 сая төгрөгийн зээлийг авсан боловч энэ зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээл эргэн төлөх хуваарь зөрчсөн тул үндсэн зээл 20 сая төгрөг ба хүү 14,761,324 төгрөг нийт 34,760,324 төгрөг гаргуулах, 2018.07.30-ны өдрийн 18/07/30/01 болон 18/07/30/02 гэрээ 30 сая төгрөгийн зээлийн гэрээний үдэгдэл 19,848,039 төгрөг нийт 54,603,363 төгрөг төлөөгүй зээлийн үдэгдэлтэй байна. Иймд ИХ-ийн 262-р зүйл, 227, 228-р зүйлд заасныг үндэслэн Н.Ааас гэрээний үүрэгт 54,603,363 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээг 2016 онд гэрээ байгуулж зээл авч байсан нь үнэн ч ......... дугаар барьцаалж зээл аваагүй. 2016 онд байгуулсан гэрээтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргаад байна уу 2018 байгуулсан гэрээтэй холбож гаргаад байна уу гэдэгт ойлгомжгүй байна. Гэрээний үүргийг мөнгө хэлбэрээр болон хөдлөх хөрөнгөөр барагдуулсан ба 2018 оны 5 сарын 31 нд 3,000,000 төгрөг, 07 сарын 02 нд 4,000,000 төгрөг, 8 сарын 20 нд 6,000,000 төгрөгийг хариуцагчийн ..... тоот дансанд төлсөн. Мөн TOYOTA Blade маркын .... улсын дугаартай автомашин 16 сая төгрөгөөр тооцож 2018 оны 05 сарын 31 ны өдөр авч тооцоо дуусахаар болсон2018 оны 02 сарын 23 ны өдөр 20 сая төгрөгийн зээл авсан нь хариуцагчаас уу Д.Нгаас авсан уу гэдэг нь ойлгомжгүй. Учир нь уг өдөр Нямдаваа ... тоот хувийн данснаасаа 19 сая төгрөг, хариуцагчийн ... данснаас 1 сая төгрөгийн зээл гаргасан. Энэ зээлийг Н.А өөрийн TOYOTA Blade маркын .... улсын дугаартай автомашиныг 16 сая төгрөгт тооцож авах, үлдэгдэл зээл болон хүүг бэлэн мөнгөөр авахаар тохиролцож Д.Нгийн ажилтан М.Гд 2018 оны 05 сарын 31-нд итгэмжлэл олгож шилжүүлсэн.

2018.07.30 ны өдрийн ..... тоот 70 сая төгрөгийн, 18/07/30/02 тоот 30 сая төгрөгийн гэрээний үлдэгдэл 19,848,039 төгрөг гаргуулах тухайд. Энэ 2 гэрээ нь Д.Нгаас 100 саяар байр худалдан авах зорилготой байгуулсан гэрээ ба 18/07/30/01 тоот гэрээг зохигчийн хооронд байгуулсан ба Д.Н уг гэрээний тал биш. Гэтэл хариуцагч нь бид 100 сая төгрөгөө иргэн Д.Нд гаргаж өгсөн тийм учраас зээлээ төл гэж шаардах нь зүйд нийцэхгүй. Учир нь өөрийн орон сууцыг өөрийн ББСБ-д барьцаалж өөртөө бэлэн мөнгө гаргасан гэдэг баримт үйлдээд бодитоор нэг ч төгрөг өгөөгүй, байрны эрхээ огт шилжүүлээгүй байж байгаад орон сууцаа өөрөө зарчихаад Н.Ааас зээлээ, түүний хүүг төл гэж шаардаж байгааг бид хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Хэрэв хариуцагч, Д.Нд 100 сая төгрөг өгсөн бол энэ цагаас уг орон сууц нь ББСБ-д барьцаалагдаж Н.Аын нэр дээр очих учиртай.

Сөрөг нэхэмжлэлийн 19,848,039 төгрөг нь аль гэрээтэй холбоотой нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд 2018.07.30-ны өдөр 1 эсвэл 2 гэрээ байгуулсан уу, байрыг 95 сая төгрөгт худалдахад шууд 2 гэрээнээс хасч тооцсон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах гэрээг талууд тохиролцсон боловч харилцан үүргээ биелүүлээгүй, бодитоор хэрэгжээгүй болох нь харагдах юм. Мөн энэ гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч ЭББСБ ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг орон сууц худалдан авахаар байгуулсан ч гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр барьцаа хөрөнгө болох ........дугаарыг бодит байдлаар буцаан гаргуулахаар, мөн зорилгоор мөн өдөр байгуулсан 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр орон сууц худалдан авахын тулд хариуцагчид урьдчилан төлсөн 7,750,000 төгрөгийг буцаан гаргуулахаар, хариуцагчийн хувьд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 34,760,324 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30,000,000 болон 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 19,848,039 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулахаар зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигчийн хооронд маргаан бүхий гэж тайлбарласан агуулгаар: 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийн, мөн өдөр 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.

Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч дээр дурпдсан зээлийн гэрээнүүд байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30,000,000 төгрөгийн, мөн өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хэрэгжээгүй тухай нэхэмжлэгч тайлбарласан нь дараах үйл баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156.4, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 26,115,000 төгрөгийг төлснөөр тус гэрээний үүрэг дуусгавар болжээ. Ийнхүү гэрээний үүрэг дуусгавар болсныг зохигч харилцан тооцоо нийлж байсан нь хэргийн 94, 116-117, 169-170 талд авагдсан баримтаар тогтоогдож байна. хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн автомашиныг 14,720,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрт тооцон авсан ч худалдан борлуулж чадаагүй, автомашины нэрийг нэхэмжлэгч шилжүүлээгүй учир төлбөр барагдсан гэж үзэхгүй гэх боловч бодит байдалд хариуцагч уг автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал уг автомашиныг зээлийн төлбөртөө шилжүүлснээр гэрээний үүргийг дуусгавар болгосон гэх тайлбар нь бодитой ба автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч, хариуцачид шилжүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагчийн зүгээс тус зээлийн гэрээний үүрэгт 34,760,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30,000,000 төгрөгийн, мөн өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 19,848,039 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр, тус хоёр гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр нэхэмжлэгч ...... дугаар, 7,750,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн хүрээнд харилцан шаардлага гаргасан бөгөөд зохигч тус зээлүүдийн талаар фэйсбүүк мессенжерээр харилцаж байсан баримтаас үзэхэд зохигч тухайн гэрээний нөхцөлүүдийг, гэрээний дагуу зээлийн төлбөр шилжсэн, нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч амьдарч байсан, төлбөрийн чадвараас шалтгаалан буцаан шилжүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн хүчин төгөлдөр байдлыг илэрхийлнэ.

Нэхэмжлэгч орон сууцтай болох зорилгоор хариуцагч ЭББСБ ХХК-ийн захирал Д.Нгаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Элстэйн гудамж ..... тоотод орших 56.94 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан, гэрээний дагуу хариуцагч ЭББСБ ХХК-иас зээлийн төлбөрүүд Д.Нд шилжсэн, нэхэмжлэгч орон сууцанд амьдарч байгаад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Нд эзэмшлийг буцаан шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал 30,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг өөрөөр нь дамжуулан шилжүүлээгүй нь гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, 70,000,000 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлээс татгалзсан ба дээрх хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх татгалзлыг үгүйсгэж байна. харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дээрх хоёр гэрээг хариуцагч хугацаанаас өмнө цуцалж барьцаа хөрөнгөөр буюу Мобокомын ...... дугаарыг 30,000,000 төгрөгөөр, орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулжээ. /Хэргийн 34, 38, 45, 164 тал/

Тооцооллын хувьд 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 19,848,039 төгрөгийн үүрэгт нэхэмжлэгчийн ........дугаарыг гэрээний 3.1, 3.2-т зааснаар хариуцагч 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнээс 19,848,039 төгрөгөөр үүргийг хангуулан зээлийг хааж, барьцааны зүйлийг худалдан борлуулснаас үлдсэн 10,151,961 төгрөгийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасны дагуу нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх байжээ. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй боловч нэхэмжлэгч энэ талаар буюу барьцааны зүйлийн зөрүүг мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас Мобикомын ....... дугаарыг буцаан гаргуулах, хариуцагчийн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 19,848,039 төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн гэх 7,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан ба дээрх байдлаар зохигчийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 болон 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцон дуусгавар болгосныг гэрээ, хуульд нийцсэн талаар дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн дээрх мөнгөн төлбөрийн үүргийг зээлийн төлбөрт тооцсоныг буруутгахгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ЭББСБ ХХК-иас ....... дугаар, 7,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Аын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Н.Ааас 54,603,363 төгрөг гаргуулах тухай хариуцагч ЭББСБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 461,900 төгрөг, хариуцагчийн төлсөн 432,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ