Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2419000000412 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: О

-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.О нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, *** тоотод байрлах гэртээ нөхөр Ц.Гэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун мөр хэсэгт заазуураар 1 удаа зүсэж баруун мөрний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Оийн сэжигтнээр өгсөн “...Би Дорноговь аймаг Сайншанд суманд нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг. Тухайн асуудал болсон өдөр нөхөр Гийн хамт Сайншанд сум 3 дугаар багт байрлах Скай гэх караокед 22:00 цагийн үед орсон. Ороод 30 минут болсон ба 0,5 литрийн савлагаатай 2, 2 ширхэг пиво уусан. Манай нөхөр гэртээ ирэхийн өмнө архи уучихаад ирсэн юм. Тэгээд нэлээн согтсон байсан ба гэрт ирээд агсраад байсан. Намайг элдвээр хэлээд харааж зүхээд байсан. Дараа нь өөрийнхөө утсыг хананд савж эвдчихээд намайг эвдсэн гээд над руу уурлаад дайраад байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл намайг үсдээд доошоо дарсан ба огт тавихгүй дараад нэлээд удсан. Миний нүдэнд ширээн дээр байсан заазуур харагдахаар нь би аваад Гийн гар хэсэгт зүсчихсэн. Тухайн үед Гэ миний үснээс тавьсан ба би гараад зугтаасан. Гэрээс гараад Сайншанд сум 6 дугаар баг офицерт байдаг ээжийнхээ гэр рүү явж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Болсон зүйл энэ байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 хуудас),

Э.Оийн яллагдагчаар өгсөн“…Тухайн асуудал болсон өдөр хамтран амьдрагч Гийн хамтаар гадуур гарч хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гэртээ ирээд бид 2 хоорондоо маргалдсан. Гэ нь тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор над руу агсраад уурлаад байсан. Өөрийнхөө утсыг хананд савж эвдчихээд намайг эвдсэн гээд уурлаад байсан. Миний үснээс зулгаагаад доош дараад тавихгүй байхаар нь ширээн дээр байсан заазуурыг аваад дал орчимд нь зүссэн. Тэгээд би гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 хуудас),

Шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт “...Нөхөр тухайн өдөр уусан байсан. Нөхөр өөрийнхөө гар утсыг шидээд эвдсэн юм. Намайг чи миний утсыг эвдчихлээ гэж цохиж аваад үсдээд тавихгүй байсан. Тэгэхээр нь би мөрөн дээр нь зүссэн...үс ороогоод доошоо дараад тавихгүй чамайг алъя гээд үг хэлүүлэхгүй доошоо дарсан ... Энэ үйл явдал болоход танай хоёр хүүхэд байсан уу? гэхэд байгаагүй хажуу айлд байсан” ...Энэ цаг хугацаанд хамт байсан хүн байна уу? гэхэд байхгүй...Нөхөр бид хоёр л байсан.... хажуугийн айлд чинь хүн байдаг уу? гэхэд байхгүй... Орилж шуугиан гаргахад сонсох хүн байхгүй юу? гэхэд байхгүй...  Хүүхдүүд чинь хажуу айлд байсан гэж байна. Хажуу айл чинь яг хаана байдаг вэ? Гэхэд манай хажуу айл...хүүхдүүдийг чинь ямар хүн харж байсан бэ? гэхэд нялх биетэй хүн харж байсан...шүүгчээс тусламж хүсэх айл байгаагүй юм уу гэхэд та байхгүй байсан гэдэг. Одоо болохоор зэргэлдээ хаалганд нярай хүүхэдтэй хүн байсан гэж мэдүүлж байна. Энэ хоёрын аль нь зөв бэ? гэхэд тухайн цаг хугацаанд айл байсан. Одоо болохоор байхгүй гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг

Хохирогч Ч.Гийн хохирогчоор өгсөн “... Б гэх танилтайгаа 15 цагийн үед уулзсан...гэрт нь очоод түүний найз гэх хүнтэй гурвуулаа 0,75 литрийн савлагаатай 1 ширхэг архи, 2,4 литрийн савлагаатай 2 ширхэг пиво хувааж уусан...би тасарсан байсан. Тухайн айлаас яаж гарсан, гэртээ хэзээ ирснээ огт санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн. ...Учирсан гэмтэл гэвэл мах нь жоохон ангайсан. Түүндээ л боолт хийлгэж байгаа...одоо санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-14 хуудас),

Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/04 дугаартай “Ч.Гийн биед баруун мөрний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19 хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/04 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Э.Оийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.О хохирогч Ц.Гэд хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Ц.Гийн хууль бус үйлдэл буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа агсан тавьж түүний үснээс зулгааж даран хоолой боосон байсныг салгах зорилгоор буюу биеэ хамгаалах зорилгоор хутгаар Ц.Гийг зүсч тавиулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч түүний аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үйлдэл нотлогдохгүй, мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлаар үгүйсгэгдэж байна.

Иймд Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Гэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх дүгнэлт гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Э.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд заасан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж дүгнэлээ.

Э.От оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.   

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оийг 1 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 1 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5.Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ