Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,

Шүүгдэгч Б.Б, тэдний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2419000000329 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаян усан бассейны гадна цагдаагийн алба хаагч Мг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой учир зүйгээ олж уучлалт гуйсан. Хохирол төлбөр төлье гэсэн боловч хохирогч өөрөө татгалзсан...” гэв.

Хохирогч Мгийн “... Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 24 цаг жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр Өглөөний 07 цаг 45 минутад цагдаагийн газарт ирж томилгоонд гарын үсэг зурж, рапортод сууж, албан үүргээ гүйцэтгэсэн. Тус өдрийн Шанд 10-аас 17 цаг 47 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт салсан нөхөр нь эхнэрээ зодоод тээврийн хэрэгслийн цонх хагалсан гэсэн дуудлага мэдээлэлд явахаар болсон... усан бассейн дээр очиход Б.Б охинтойгоо хүрээд ирэхээр нь нь Б.Бд хандаж амрыг эрье, цол овог нэрээ хэлээд дуудлага мэдээллийн дагуу явж байна. Б.Бтай хамт явсан эмэгтэй хүүхдийг энэ танай охин мөн үү гэж асуухад Б.Б мөн гэж хэлэх шиг болохоор нь ...Б тантай уулзах хэрэгтэй байна Б гэж нэрийг нь андуурч хэлэхэд Б.Б чи миний нэрийг эхлээд зөв дуудаадах пизда минь гэж хэлсэн, тэгэхээр нь тээврийн хэрэгсэлд суулгахаар зүүн мөр дээр нь хүрэхэд эхлээд миний нэрийг зөв дуудаадах , би тамхи татмаар байна гээд Б.Б миний зүүн гарыг цохиж холдуулах үед би Б.Бд хандаж та битгий олны анхаарал татаад бай тээврийн хэрэгсэлд суучих гэхэд биднийг дагуулж ирсэн найзыгаа чи эд нарыг дагуулж ирсэн юм уу? гэж хэлээд надад хандаж чи пизда минь чи уулзаад байсан чи юм уу?" гэхэд би Б.Быг тээврийн хэрэгсэлд суулгахаар 1 гараараа мөрнөөс нь барих үед Б.Б нь эсэргүүцэл үзүүлж баруун гараараа дух хэсэг рүү цохиж миний малгайг газар унах үед би Б.Бы хойд талд гараад цээж хэсгээр нь тэвэрч, аюулгүй байдлыг хангасан... Б.Б нь над руу нулимаад салаавч гаргаад хэл амаар доромжлоод толгойн ар хэсэг рүү 1 удаа цохиод дахиад цохих гэхээр нь би шууд хойд суудал дээр Б.Бтай хамт суугаад Сайншанд руу хөдлөөд Шанд 10 руу мэдэгд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 6-8/,

Гэрч Т.Ганхүүгийн “... Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 24 цаг жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр өглөөний 07 цаг 45 минутад цагдаагийн газарт ирж томилгоонд гарын үсэг зурж, рапортод сууж, албан үүргээ гүйцэтгэсэн 17 цаг 46 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн цонх хагалсан гэсэн дуудлага мэдээлэлд явахаар болж тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж тус өдөр жижүүртэй байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мтэй хамт явсан... Б.Б нь мөрдөгчийн гарыг цохиж холдуулах үед мөрдөгч Б.Бд хандаж та битгий олны анхаарал татаад бай тээврийн хэрэгсэлд суучих гэхэд Б.Б нь биднийг дагуулж ирсэн жолоочийг чи эд нарыг дагуулж ирсэн юм уу? гэж хэлээд мөрдөгчид хандаж чи пизда минь чи уулзаад байсан чи юм уу?” гэхэд мөрдөгч Б.Быг тээврийн хэрэгсэлд суулгахаар 1 гараараа мөрнөөс нь барих үед Б.Б нь эсэргүүцэл үзүүлж баруун гараараа мөрдөгчийн дух хэсэг рүү цохиж малгайг нь газар унах үед би бичлэгээ зогсоож Б.Бы гарыг барьж цохихоос сэргийлсэн... бид нар Б.Быг албаны машины хойд талд суулгаад би жолоо бариад мөрдөгч М жолоочийн эсрэг талд суух үед Б.Б нь мөрдөгч рүү нулимаад, салаавч гаргаад, мөрдөгчийн толгойн ар хэсэг рүү цохиход мөрдөгч машинаас бууж Б.Бы хажууд суугаад Сайншанд руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх 12-14 /,

Жижүүр, харуул, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын нэрс /хх 15/,

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажиллах хуваарь /хх 16-18/,

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/404 дугаартай “1.Мгийн биед баруун чих. хүзүүний зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 34/,

ЦЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дугаарт тушаалын хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолт /хх 58-61/.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Мгийн дэлгэрэнгүй анкетын хуулбар /хх 62-63 /  болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаян усан бассейны гадна цагдаагийн алба хаагч Мг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон хүч хэрэглэн эсэргүүцсэн, хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн байхыг шаардана.

Хэрэг авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч М нь албан үүргээ гүйцэтгэж явсан, түүнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шүүгчдэгч Б.Б нь “пизда минь” гэж загнасан, түүнийг цохьсон, эсэргүүцсэн үйлдэл тогтоогдож байна.

Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

              Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 2,700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ.  

              Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

              Шүүгдэгч Б.Б нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 37 хуудас)  тогтоогдож байхаас гадна тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд заасан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироно гэж дүгнэлээ.

              Б.Бд оногдуулах 2,700,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтож болно” гэж заасныг баримтлан 6 сарын хугацаанд тэнцүү хуваан төлүүлэхээр шийдвэрлэлээ.    

              Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд анхааруулах нь зүйтэй байна.  

              Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 3.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5.Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.  

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ