| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000349 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: О
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдер Дорноговь аймгийн Мандах суманд 3 дугаар баг "Хүрэн хайрхан" гэх газарт А. Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар хутгаар түүний цээжинд зүсч эрүүл мэндэд цээжний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-6хуудас,
хохирогч А. Аын “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орой 20 цагийн үед Оийн гэрт очиж айраг ууж ярилцаж хоносон. Маргааш нь О бид хоёр мөнгө төгрөгийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. О надад мөнгө өгөхгүй гэж өөдөөс дайрахаар нь би гэрт нь байхдаа түлхээд унагаасан. Би бол Оийг зодож цохисон зүйл байхгүй. Би гэрээс нь гараад баруун гэр рүү алхаад явсан. Тэгтэл О миний араас намайг нэрээр минь дуудаад араас гүйгээд ирсэн. Би яасан бэ гэж хэлээд эргээд хартал миний цээжин тус газар О нэг удаа хутгалчихсан. Тэгээд Оийн эхнэр Урнаа намайг аваад сумын эмнэлэг рүү надтай хамт явсан би ямар нэг хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-13, 50 хуудас),
гэрч Э.Ггийн “...Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад гэрээс эхлээд О гарсан. Араас нь А гараад гадаа маргалдаад байх шиг байхаар нь би араас нь гартал Аын цээж хэсгээс цус гоожчихсон зогсож байсан. ... Намайг О. А хоёрыг салгахад О баруун гартаа хүрэн иштэй жижиг эвхүүрэг хутга барьчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас) ,
Гэрч Г.Угийн “...би гэрээс гартал манай зүүн гэрийн гадаа О, А, Г гурав зогсож байсан. Гүүгээ сааж дуусчихаад гэртээ иртэл Г Аын цээж хэсэгт 00-ын цаасаар дарчихсан байж байсан.... А нэг болохоор би өөрөө шаачихсан юм гээд нэг бол О намайг хутгалчихсан гээд ойлгомжгүй юм яриад байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 хуудас),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/456 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгчдэгч Ц.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А. А нь шүүгчдэгч Ц.Оөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 9 см, нийт өргөн нь 2,2 см хэмжээтэй, бор өнгийн модон иштэй, иш хэсэгтээ шар дугуй дотор таван хошуу хэлбэрийн дүрс бүхий металл оруулгатай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.О нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Ц.От оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 9 см, нийт өргөн нь 2,2 см хэмжээтэй, бор өнгийн модон иштэй, иш хэсэгтээ шар дугуй дотор таван хошуу хэлбэрийн дүрс бүхий металл оруулгатай эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ