| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/00777/И |
| Дугаар | 101/ШШ2020/00915 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2020/00915
| 2020 03 18 | 101/ШШ2020/00915 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б
Хариуцагч: А.Х
Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,175,105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Хтай 2019.2.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9,309,000 төгрөгийг 0.5 хувийн алдангитай 6 сарын хугацаатайгаар 2019.8.15 өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Х нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 62 хоногийн алданги үндсэн зээлийн 9,309,000 төгрөг, түүний алданги болох 2,866,105 төгрөгийн хамт нийт 12,175,105 хариуцагч А.Хаас гаргуулж өгнө үү. 2018.11.14-ний өдөр 4 сая төгрөг, 2018.11.15-ны өдөр 625,000 төгрөг А.Хын 5114174402 данс уруу хийсэн, 2019.02.22-ны өдөр 4,684,000 төгрөг бэлнээр өгсөн болно.
Хариуцагчтай 2018 онд фэйсбүкээр танилцсан. Эхнэрээ хятад улсад суралцуулахаар мөнгөө өгч эхэлсэн. 2019 оны 08 дугаар сард 9 309 000 төгрөг өгч дуусгасан. Гэтэл сургууль нь бүтээгүй. Мөнгөө авья гээд 0.5 алданги төлөхөөр гэрээ хийсэн. Гэтэл мөнгөө өгөөгүй, алга болсон. 12 500 000 төгрөг гаргуулна. Алдангийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хоногт 0.5 хувиар тооцсон. 5 сая төгрөг буцааж авсан. Бусад мөнгийг бэлнээр баримтгүй өгсөн. 4 684 000 төгрөг бэлнээр өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Баримт үйлдээгүй. Санжидмаагийн нэрийн өмнөөс мөнгө нэхэх эрх олгосон баримтгүй. Зээлийн гэрээ байгуулсан тул би шаардах эрхтэй. Зээлийн гэрээ байгуулагдах үед 4 684 000 төгрөг өгсөн. Баримт үйлдээгүй. Мөнгийг хариуцагчид сургуульд зуучлуулах зоригоор өгсөн. Би өөрийнхөө данснаас мөнгө өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 12,175,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, өөрөөр хэлбэл хариуцагчтай үүсгэсэн гэх иргэний эрх зүйн харилцааг өөр өөрөөр тайлбарлаж, мөн нэхэмжилж буй мөнгөн дүнг зөрүүтэй тайлбарлаж байх тул шүүх хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж шууд үзэх боломжгүй юм. Тодруулбал нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний дагуу хариуцагчид мөнгө өгсөн гэж тайлбарласан боловч зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Иймд шүүх хэргийн бодит байдал буюу зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 8,679,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах үед 4,684,000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Мөн зээлийн гэрээний 2.4-т 3,995,000 төгрөгийг дансаар өгсөн гэж заасан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн данснаас мөнгө шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна. Эдгээрээс үзэхэд зээлийн гэрээний дагуу мөнгө олгогдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, зээлийн гэрээний 3.1-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна.
Нэгэнт зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, гэрээний дагуу зээл олгогдоогүй тул уг гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Улмаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, зээл олгогдоогүй тул зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхгүй.
Харин нэхэмжлэгч нь өөрийн эхнэр гэх Ө.Сүнжидмааг БНХАУ-д сургуульд суралцахад зуучлуулах зорилгоор хариуцагчид нийт 9,309,000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан. Хэрэгт Ө.Сүнжидмаагаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 15-ны өдөр 625,000 төгрөгийг А.Хын Хаан банк дахь 5114174462 тоот дансанд шилжүүлсэн баримт авагдсан байна. Гэвч нэхэмжлэгч болон Ө.Сүнжидмаа нар нь гэр бүлийн хүмүүс гэх тайлбараа нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчид Ө.Сүнжидмаагийн өмнөөс шаардах эрх шилжүүлсэн баримтгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин хариуцагчид мөнгө олгосон буюу шаардах эрхтэй этгээд нь холбогдох баримтыг бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Хт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 12,175,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,577.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 28,825.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД