Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

   

                                 

   2025            01              21                                                             2025/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

Хяналтын прокурор Д.З,   

Хохирогч Д, түүний өмгөөлөгч С.Ш,

Шүүгдэгч Ш.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Пт холбогдох эрүүгийн 2419002820410 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт: П, урьд:

Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35,240,00 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.П нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн постны орчимд А/0102 дугаартай авто зам дээр Тоёота Приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах үүргээ зөрчсөний улмаасТоёота приүс 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч Д. Дгийн эрүүл мэндэд хүзүүний С5 дугаар нугалам, хамар ясны хугарал, таславч муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.П нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн постны орчимд А/0102 дугаартай авто зам дээр Тоёота Приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Тоёота приүс 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Дгийн эрүүл мэндэд хүзүүний С5 дугаар нугалам, хамар ясны хугарал, таславч муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Дээрх үйл баримт нь шүүгдэгч Ш.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 02-нд Айраг суманд явж байхдаа осол гаргасан. Тухайн үед урдаас машин гялбаад самбаачлах хугацаа гаргах боломжгүй байсан. Тэгээд урд явж байсан машины араас мөргөсөн. Энэ бүхнийг мөрдөн байцаах ажиллагааны явцад үнэнээр нь хэлсэн. Хохирлыг барагдуулах тал дээр хохирогчтой ярьж явж байсан. 07 дугаар сарын 10-ны өдөр техникийн үзлэгийн оношилгоогоор үнийг тогтоосон. Д нь 07 дугаар сарын 20-нд машинаа  очиж авах хэрэгтэй байна гэхэд нь өөрийн бололцооны хэрээр 300,000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө талаас эмчид үзүүлээд томографын зураг авахад нь төлбөр төлсөн. Үүнээс өөр мөнгөн төлбөр өгөөгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2024 оны 07 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим Айраг сумын постон дээр зогсож байсан. Миний урд талд Шланз зогсож байсан. Би жолооч талын цонхыг онгойлгоод тамхи асаах гэж сууж байхад хажуу талаар нэг Шланз зөрсөн. Тэгэхэд тухайн машины жолооч гэрлээрээ дохисон. Тэгэхээр нь би яагаад ингээд дохиод байгаа юм бол гэж арагшаа харахад нэг машин ирж байсан. Би тэгээд арын машины гэрлээ шилжүүлэхгүй байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгээд удаагүй байхад араас түс, тас гээд л ороод ирсэн. Би яаж машинаас гарснаа мэдэхгүй байна. Тэгэхэд Ш.П нь гэдсээ тэвэрсэн байдалтай устаар яриад байж байсан. Тэгээд над дээр ирээд чи хаанаас гараад ирэв гэж хэлсэн. Тэгэхэд нь би юу яриад байгаа юм. Та урдах замаа хардаггүй юм уу гэхэд хараагүй, би машин гүйцэт түрүүлэх гэж явж байсан гэж хэлсэн. Өөдөөс ирсэн Шланз машины арын гэрэл миний машиныг өнгөрөөд далд ороогүй байхад л араас машин орж ирсэн. Тэгээд тухайн үед урд зогссон том тэрэгний жолооч болон колонкийн хүн болон пост дээр байдаг хүмүүс ирсэн. Тэгээд урд машины жолооч яагаад араас ирээд мөргөчхөв гэхэд нь би мөргөөгүй, араас машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...Миний хүзүүгээр хатгаад байдаг. Одоо удаан сууж чаддаггүй...удаан тонгойж чаддаггүй,... одоо тархины судас шингэлдэг тариа хийлгэж байгаа, ...нуруунд шарлага хийлгүүлсэн ...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-18 хуудас),

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/309 дугаар шинжээчийн “Дгийн биед хүзүүний С-5 дугаар нугалам, хамар ясны хугарал , хамрын таславч муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой...учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 хуудас),

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Шагдарсүрэнгийн П нь...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна...12.1, 12.4 ” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 119 хуудас),

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Ш.Пын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгохоор;

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баталсан.

Шүүгдэгч Ш.П нь Тоёота Приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх дүрмийн 12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4.“Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар, хохирогч Дгийн бие хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, шүүгдэгч нарын зөрүүгүй мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Ш.Пын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Дгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.  

 Прокуророос шүүгдэгч Ш.Пын үйлдлийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

Хохирогч Д шүүгдэгч Ш.Поос машины хохиролд 17,731,000 төгрөг, зээлийн төлбөрт 4,616,000 төгрөг, унааны зардал 1,620,356 төгрөг,  эм, тарианы зардал 1,357,160 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 7 сарын цалин 21,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд сэтгэл санааны аргачлалд заасан зэрэглэлийн дагуу 12,000,000 төгрөг нийт 58,324,654 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эрүүл мэнд, сэтгэцэд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулсан.

Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгөөр тогтоож,

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Дгийн унаж явсан Тоёота приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д, Уранзаяа нар зээлийн гэрээний дагуу худалдан авсан болох нь тогтоогдож байх тул “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 17,731,000 төгрөгөөр тогтоож,

Хохирогч Дгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 136-146 дахь талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардлын нийт 2,867,866 төгрөгийн баримт 137-155 дахь талд тус тус авагдсан байх тул энэ дүнгээр нийт 29,048,866 төгрөгийг шүүгдэгч Ш.Поос гаргуулж хохирогч Дд олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тухайн шаардлагыг нотолсон нотлох баримтаа хэрэгт хавсаргаагүй байна. Иймээс  ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох зардал болон хамарт учирсан гэмтэлд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Пыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

-шүүгдэгчээс “...зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхгүй байх өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Пт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Ш.П нь эрүүгийн  хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

                                                         Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Ш.Пт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ш.Поос 29,048,866 төгрөгийг гаргуулан хохирогч Дд олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.АРИУНЗУЛ