Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/шш2017/00157

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/00157

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Г ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б холбогдох

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2 934 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь тус компанитай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЦУ-5506 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 32-06 УНА улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг барьцаалсан.

Б.Б нь зээлийг төлөхгүй хугцаа хэтрүүлсэн, барьцаа хөрөнгийг үрэгдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийн хангах боломжгүй болгосон.

Иймд үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 934 000 төгрөг, нийт 2 934 000 төгрөг боолж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нийлээд 600 000 төгрөг төлөгдсөн тул 2 334 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2 000 000 төгрөг хүлээн авсан, гэрээ байгуулах үед 32-06 УНА улсын дугаартай Toyota crown маркийн автомашин миний нэр дээр байсан дээр маргахгүй. Гэхдээ тухайн зээлийг н.Хишигбаатар, н.Пүрэвцог нарт авч өгсөн тул одоо нэхэмжилж байгаа төлбөрийг би хариуцахгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Г ХХК нь Б.Бт холбогдуулан үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 9340 000 төгрөг, нийт 2 934 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан, барьцаат гэрээний зүйл 32-06 УНА улсын дугаартай Toyota crown маркийн автомашины тээврийн хэрэгслийн бүртгэл өөрийнх нь нэр дээр байсан дээр маргаагүй бөгөөд харин зээл 2 000 000 төгрөгийг өөр хүнд авч өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Талууд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЦУ-5506 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээний хүрээнд 32-06 УНА улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг барьцаалж 2 000 000 төгрөгийн зээлийг 6%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар Б.Б хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсон байх тул гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хариуцах ёстой.

Б.Б нь зээл болох 2 000 000 төгрөгийг н.Хишигбаатар, н.Пүрэвцог нарт авч өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Б.Г ХХК-тай барьцаат зээлийн гэрээг өөрөө байгуулж, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө хүлээн авсны дараа захиран зарцуулахдаа бусдад шилжүүлсэн, бусад байдлаар зарцуулсан нөхцөл байдал нь түүнийг барьцаат зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн талууд хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байгаа гэдгээ нэхэмжлэгч тайлбарлсан, үүнтэй хариуцагч маргаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш барьцаат зээлийн гэрээний төлбөрт 600 000 төгрөг төлөгдсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасууулна гэдгээ тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны буюу 82 хоногийн алданги нэхэмжилсэн гэж тайлбарласан тул ямар хугацаанд, ямар үндэслэлээр тооцсон нь тодорхойгүй 114 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчид зээлийн үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, алданги 820 000 төгрөгийг хариуцуулах үндэстэй байх бөгөөд энэ дүнгээс нэхэмжлэгчийн төлөгдсөн гэж тодруулсан 600 000 төгрөгийг хасч тооцов.

Иймд хариуцагчаас нийт 2 220 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2 220 000 гаргуулан нэхэмжлэгч Б.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 714 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Б-аас 50 470 төгрөг гаргуулан Б.Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ