Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00296

 

Аны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Од холбогдох,

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 073 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ нь Баянзүрх дүүргийн 6-р хороо 21, 22Б байрны үйл ажиллагааг хариуцдаг. Т.О нь 2013 оноос хойш 2018 оны 8 сар хүртэл СӨХ-ны мөнгийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд Т.О-аас 2013 оны 3 сараас 2014 оны 4 сар хүртэл 197 400 төгрөг, 2014 оны 5 сараас 2018  оны 8 сар хүртэл 1 073 780 төгрөг, нийт 1 271 180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрыг 2013 онд худалдан авсан. СӨХ ажлаа хийдэггүй орц хогтой бохир, жижүүрүүд хэдхэн хоног ажиллаж байгаад алга болдог, оршин суугчдын төлбөрийн талаар тайлан тавьдаггүй, хур хог ихтэй, подвальд бохирын алдагдалтай, зун борооны ус тогтож үмхий үнэртдэг. Бохир үнэртээд байхаар нь Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж дүгнэлт гаргуулсан. СӨХ-ийн мөнгө төл гэхээр нь 2018 оны 04 сард 2017 оны 9 сараас 2018 оны 04 сарыг дуустал 64 500 төгрөг төлсөн гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Т.Оаас 1 206 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Асар СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Асар СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 33 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Асар СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Агааржуулалтын асуудлаар 2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналт дүгнэлт гаргасан. Энэ талаар А-ийн дарга н.Ахмаан, байцаагч н.Эрдэнэсүхэд удаа дараа хандсан ч арга хэмжээ аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. СӨХ хүлээн зөвшөөрсөн. СӨХ-ийн мөнгө төлөөгүй шалтгаанаа тодорхой тайлбарласаар байхад дүгнээгүй. А-ийн талд 1 206 680 төгрөг /одоогоор 50%-н хямдралтай төлөхийг уриалаад байгаа/ төлөх шийдвэр гаргасан. Орц харанхуй, цонхнууд хагархай, өвөлдөө хүйтэн, цэвэрлэгээ тогтмол бус өдийг хүрсэн.Гомдол гаргахад хүлээн авдаггүй. Оршин суугчдынхаа хурлыг хийж даргаа сонгоё гэхээр хөдөлдөггүй. Дундын өмчлөл болох подвальд хятадын хортой, үнэртэй материалаар автомашины бүрээс оёдог оёдлын цех оруулснаар орц болон гэрт хортой үнэр үнэртэж, материалын тоосонцор ихээр босч харшлын өвчин сэдэрч уушгины бөглөрөл, хатгаа болж зүрхний хэм алдагдаж гэрээсээ дайжсан. Орцны оршин суугчдын гарын үсэгтэй шаардах бичиг А-д өгсөн боловч арга хэмжээ авалгүй нэмж хүмүүс өвдсөөр байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Т.Од холбогдуулж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 1 073 780 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,Сууц өмчлөгчдийн холбоо нь үүргээ гүйцэтгэдэггүй ” гэж маргажээ. /хх-1, 26-31/

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч Т.О нь Г.Тулга, А.О,Т.Эрдэнэчулуун нарын хамтаар Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-р байрны  129 тоот  орон сууцын өмчлөгч болох нь тогтоогджээ. /хх-57/

 

Асар сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 6-р хороо 21, 22Б байрны үйл ажиллагааг хариуцаж ажилладаг болох нь хэрэгт авагдсан СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-5/

 

Хариуцагч Т.О нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 271 180 төгрөг төлөх үүрэгтэй байгаад, мөн дээрх төлбөрөөс 64 500 төгрөгийг хариуцагч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөнд, уг төлбөрийг хасаж тооцсонд талууд маргаагүй. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбоо үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Сууц өмчлөгч Т.О нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дээрх зардлыг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-4, 8-16/

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь 2011 оноос хойш ажлаа хийгээгүй, орц бохир, подваль үнэртэй, хүн оршин суух боломжгүй болсон, ямар ч шаардлага тавиад биелүүлдэггүй, подвалийг зориулалт бусаар түрээслүүлдэг, байранд заадас үүссэн гэх тайлбар нь хариуцагчийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас чөлөөлөх шууд үндэслэл болохгүй бөгөөд дээрх асуудал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөр дамжуулан авах арга хэмжээ, улмаар харьяаллын дагуу холбогдох байгууллагуудад хандах тусдаа асуудал байна.

 

Нэхэмжлэлээр шаардсан төлбөрөөс хариуцагчийн төлсөн 64 500 төгрөгийг хасч, үлдэх 1 206 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч нь 2013 оноос хойш 5 жилийн туршид төлбөр хураамж төлөөгүй бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлөх нь хуулийн дагуу үүсэж буй үүрэг, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил юм. /хх-70/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 101/ШШ2018/03592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД