Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/143

 

С.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/922 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1803 00001 0081 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн С-ийн Г, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Д” спорт клубт ...  ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны 04:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Автоплаза худалдааны төвийн хойд замд “Тоёота приус” загварын хх-хх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай С.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

 

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх;” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

.           Тээврийн прокурорын газраас: С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт С-ийн Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад эдлүүлэх, С.Г-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Г-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, С.Г-ийн цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэхэмжилсэн баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан С.Г-ийн №... дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, С.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би эхээс хоёулаа, хөгшин эх, авга дүүгийн хамт амьдардаг. Ээж минь тэтгэвэрт байдаг, дүү минь оюутан. 2015, 2016 онд аав, ах хоёр минь өвчний улмаас нас барснаас хойш амьдрал, ахуйгаа авч ирсэн. Өөрийн болгоомжгүйгээс бусдад хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг ажил, хөдөлмөр эрхэлж төлнө. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорихоос бусад төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох санал гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үздэг учир С.Г-ийн эрх зүйн байдал дордож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт ял шийтгэгдсэн байгааг анхаарч үзнэ үү. Энэ хэрэг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцээс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Түүнчлэн С.Г-д таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна. Учир нь, хоригдсон хугацаанаас хойш С.Г-ийн эрүүл мэндийн байдал илт дордож хорих 409 дүгээр ангиас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдэж, энэ талаарх эмнэлгийн тодорхойлолтоо шүүхэд гаргаж өгсөн. Ходоод нь хурц хэлбэрийн архаг үрэвсэлтэй, эрүүл мэндийн байдал нь хүнд байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх хуулийг хэрэглэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд ялыг тус тусад нь эдлүүлж, нэмж нэгтгэхээр ялын санал гаргасан. Мөн 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүх хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. С.Г-ийн  хувьд торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж багасгаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

С.Г нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Автоплаза худалдааны төвийн хойд замд 2017 оны 10 дугаар сарын 18-ны 04:30 цагийн үед “Тоёота приус” загварын хх-хх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай С.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

 

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйлийн а, б, в-д заасан үүргээ зөрчин, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ы: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө над руу ээжийн таньдаг хүн залгаж гэмтлийн эмнэлэгт байгаа гэж хэлсэн. ...” /1 хх 29/,

 

гэрч С.С-ын: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хоногийн ээлжийн ажилтай байсан. Замын Цагдаагийн албаны жижүүрээс “Сүхбаатар дүүргийн Авто плаза төвийн уулзварын зүүн талд хүн машинд мөргүүлсэн байна. Хэргийн газрыг очиж хамгаалалтад ав” гэж үүрэг, чиглэл өгсөн. “Анх машинд мөргүүлсэн хүн нь хэргийн газар байна, мөргөсөн машин нь зугтаад явсан байна. Тэр хавьд нь ямар нэгэн хяналтын камер байгаа эсэхийг үзээд шалгалтын ажиллагаа хий” гэж хэлсэн. Дуудлага өгснөөс хойш 10 минутын дараа очиход явган зорчигч эмэгтэй, 40 гаруй насны туранхай, уранхай хувцастай, согтуу хүн замын нэг болон хоёрдугаар эгнээний зааг дээр сууж байсан. ...Биеийн байдал нь ил харагдах шарх байгаагүй. Нэг талын гутал нь сугараад осол аваарын газраас 5-6 метрт шидэгдсэн байсан. ...” /1 хх 65/,

 

гэрч Р.С-ийн: “...Мөнгөлөг саарал өнгийн машин хурдтай ирж явсан. Өөдөөс нэг эмэгтэй хүн зам хөндлөн гарч явсан. Саарал өнгийн машин жолооч талаараа явган хүнийг шүргэж, газарт унагаад зогсолгүй тэр чигтээ яваад өгсөн. ...” /1 хх 66/,

 

гэрч Т.О-ын: “...Бараан өнгийн жижиг суудлын автомашин их хурдтай миний хажуугаар гараад тухайн уулзвар руу улаан гэрэл ассан байхад чигээрээ орон, зам гарч байсан явган хүнийг мөргөж унагаад, нэг тормоз гишгэж, хурд удаашираад зогсолтгүй шууд 100 айл зүг рүү яваад өгсөн. ...” /2 хх 60/,

 

гэрч Д.Ч-йн: “...Би уг ослын мэдээллийг Г-ийн машины эвдрэлтэй харьцуулаад Г-г уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзээд Г-ээс “Та 100 айл орчмоор сая, үүрээр явсан уу, хүн мөргөөд зугтсан юм биш үү” гэж асуухад эхлээд “Үгүй” гэж хэлж байгаад “Тээврийн Цагдаагийн алба руу шалгуулахаар явна” гэж хэлэхэд Г “Би тэр 100 айлын замаар явж байгаад хүн мөргөсөн, хүн нь гайгүй юу” гэж надаас асуусан. ...” /3 хх 72/ гэх мэдүүлгүүд,

 

шүүгдэгч С.Г-ийн: “...Би хэрэг болсон өдөр өөрийн “Тоёота приус-20” загварын хх-хх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод 04:30 цагийн үед 3 дугаар сургуулийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал нэг хүн уулзварын явган хүний гарцны ойролцоо хойноос урагш чиглэлтэй алхаад гараад ирсэн. Тэгээд би машиныхаа тормозыг гишгээд, жолооны хүрдээ баруун тийш дараад, машиныхаа зүүн урд хэсгээр тэр хүнийг мөргөсөн. Тэгээд би 20 секунд орчим зогсож байгаад цаашаа  чигээрээ явсан. ...” /3 хх 108/ гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогч С.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №13220 дугаартай дүгнэлт, /1 хх 80-81/,

 

“хх-хх хх улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.” гэснийг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №669 дугаартай дүгнэлт /1 хх 104-106/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 17-20/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилт /1 хх 11/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй тухай зохицуулалт Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд үйлчилж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй юм.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл хэсгийг нэр бүхий иргэдийн мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчсөн тухай дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т зааснаар маргаан хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол маргааныг хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэхээр хуульчилжээ.

 

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх тул шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд нэмж нэгтгээгүй атлаа гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэснээс шүүгдэгч нь хорих ял эдлэх хугацаандаа торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул торгох ялыг биелүүлэх хугацааг “1 жил” болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

С.Г-ийн үйлдсэн гэмт хэргүүд тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Г-ийн гаргасан “...хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/922 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/922 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай...” гэсэн хэсгийг “...торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ