Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/00303

 

 

 

 

 

 

2020 оны 01сары 28дөр

181/ШШ2020/00303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Хадбаатар /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дугаар захирамжаар Б.Хадбаатараас 83,908,425 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ-д олгохоор захирамжилсан байдаг. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Хадбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65Б байрны 51 тоотод байрлах 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар өмчлөгчөөс үнийн санал авахад тэрээр өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа зах зээлийн үнийн саналаа 180,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Тэгээд өмчлөгч Б.Хадбаатар шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр авагч Эко капитал ББСБ-тай уулзуулж үнийн саналаа харилцан тохиролцуулах ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ч.******* 2019 оны 11 сарын 20-ны өдөр өрөөндөө дуудаад таны 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 62,600,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн тус газрын Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч М.Үүлэнсолонгын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26304 дугаартай мэдэгдлийг гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч өмчлөгчийг төлбөр авагч Эко капитал ББСБ-тай уулзуулж харилцан тохиролцох ажиллагааг хийлгүйгээр шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн байна. Мөн төлбөр төлөгч Б.Хадбаатар нь оршин суугаа хаягаа өөрчлөөгүй, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаа, гэтэл Сонгинохайрхан дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Үүлэнсолонго үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байгаа нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж үзэхээр байна. Шийдвэр гүйцэтгэгч өмчлөгчийн орон сууцны үнэлгээг ямар байгууллага, хэнээр үнэлүүлэх болон шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй, шууд л шинжээчээр үнэлүүлсэн хууль зөрчсөн байна. Хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК өмчлөгч Б.Хадбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн байдаг бөгөөд шинжээч хөрөнгө үнэлгээний тайлангийн Үнэлгээний тооцооллын 4.2-т Зах зээлийн харьцуулалтын үнэлгээ хийхдээ жишиг хөрөнгө гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдан борлогдож байгаа үнээр жишиг тогтоосон байгаа нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтын харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь жишиг болгосон орон сууцууд нь зах зээл худалдан борлогдож буй үнийг жишиг үнэ болгосон гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаанд орж байгаа орон сууцнуудын шинжээчийн тогтоосон үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно. . гэж заасан байгаа нь шинжээч зах зээлд зарагдаж байгаа үнээр жишиг тогтоон харьцуулалт хийж үнэлж байгаа нь өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, зах зээлийн бодит үнэ ханшаас доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээнд гомдол гаргаж байх тул өмчлөгч Б.Хадбаатарын 2 өрөө орон сууцыг 62,600,000 төгрөгөөр үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хадбаатарын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дүгээр захирамжаар Банзрагчийн Хадбаатараас 52,288,746 төгрөгийг гаргуулж Эко капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Хадбаатарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 656 дугаар байрны 51 тоот 44.69 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авч төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа төлбөр төлөгч Б.Хадбаатар 180,000,000 төгрөгөөр ирүүлж, төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход 62,600,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/26304 тоот албан бичгээр төлбөр төлөгчийг 99104242 дугаарын утсаар дуудан ирүүлж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгчид гардуулан өгч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/28967 дугаар мэдэгдэл, 13/30 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Б.Хадбаатарт гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/Ш32019/14072 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Хадбаатар нь хариуцагч НШШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-34 тал/-аар нэхэмжлэгч Эко капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Хадбаатараас нэхэмжилсэн 83,908,425 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 31,908,425 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Хадбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаар бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Хадбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 288,746 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эко капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/08438 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-33 тал/, мөн өдрийн огноо бүхий 181/ГХ2019/00603 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-32 тал/ бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-35 тал/ гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65б байр, 51 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 19280892/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-43 тал/-оор битүүмжилж, 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 19280892/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-46 тал/-оор хураасан байна.

Нэхэмжлэгч Б.Хадбаатар нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр НШШт үл хөдлөх эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал /хх-48 тал/-ыг гаргасан байх ба уг үнийн саналыг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнийг шинжээч томилуулан тогтоолгох тухай Эко капитал ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-49 тал/-ийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 370 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-51 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдөр шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгсөн /хх-50 тал/ байна.

Б.Хадбаатарын гаргасан үнийн саналыг Эко капитал ББСБ ХХК нь зөвшөөрөөгүйтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Мөнх-Оргил трейд ХХК нь 2019 оны 11 сарын 15-ны өдрийн огноо бүхий Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-53-68 тал/-гаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 62,600,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК өмчлөгч Б.Хадбаатарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийхдээ жишиг хөрөнгө гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдан борлогдож байгаа үнээр жишиг тогтоосон байгаа нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтын харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлно гэснийг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан үнэлгээний тайланд үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг ашигласан, зах зээлийн хандлагын аргачлалд 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаар тодорхой тусгасан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагын аргад 100 хувийн ач холбогдол өгсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэн шаардлагад, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дахь заалтад заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх шаардлагад тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаас доогуур үнэлсэн, өөрсдөө үнэлгээ хийлгэхэд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс дээгүүр үнэлэгдсэн гэх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой хийгдээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Б.Хадбаатарын хариуцагч НШШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгч орон сууцны үнэлгээг ямар байгууллага, хэнээр үнэлүүлэх болон шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй шууд л шинжээчээр үнэлүүлсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Үүлэнсолонго үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн нь хууль болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дахь заалтад Энэ хуулийн 55.7...-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоогүй, мөн үнэлгээ хийгдсэнээс хойш шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбарууд нь шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Хадбаатарын хариуцагч НШШт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/14072 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР