| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
2025 02 12 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2404002550009 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Э.*******гийн
өмгөөлөгч М.Алтанцэцэг
Шүүгдэгч Э.*******, Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хотхон .... тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ургийн овогт ы ******* (РД:),
Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* дүүрэг, ... дугаар хороо, сургуулийн гудамж ..... тоотод оршин суух хаягтай, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ургийн овогт ийн ******* (РД:)
Яллагдагч Э.******* нь Б.*******той бүлэглэн хуурч хохирогч О.*******ын 200.550 төгрөгийн эд зүйлийг залилан авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Э.******* нь дангаараа хуурч хохирогч С.*******ын 40.500 төгрөгийн эд зүйлийг залилан авсан,
Яллагдагч Б.******* нь Э.*******тэй бүлэглэн хуурч хохирогч О.*******ын 200.550 төгрөгийн эд зүйлийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би цэрэгт хамт байсан найз *******ын хамт Багануурт ирээд өглөө 08-09 цагийн үед “” дэлгүүр лүү ороод 2 том пиво, 1 шил виски, 1 хайрцаг өндөг, хиам, талх зэрэг зүйлс авсан бөгөөд мөнгө дутаад байхаар нь ******* банкныхаа захиалгат гүйлгээ цэс рүү ороод 2-3 цагийн дараа гүйлгээ хийхээр тохируулаад явуулчихаар гүйлгээ амжилттай гэж гардаг юм, тэрийг үзүүлээд гараад явсан. ******* архины лангуун дээрээс 1 шил “” гэх вискиг аваад энгэр лүүгээ хийж байхыг би харсан. Тэгээд гол дээр очоод авсан зүйлсээ идэж уугаад унтсан.
Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хотоос ирээд шартаад өлсөөд байхаар нь Багануур дүүргийн 5 дугаар хороонд байдаг “” хүнсний дэлгүүрээс бэлэн гоймон, хиам, талх, тамхи, ундаа аваад дэлгүүрийн эгчид утсаа үзүүлээд гүйлгээ амжилттай хийсэн гэсэн зураг үзүүлээд тооцоогоо хийлгүй гараад явсан. Би дэлгүүрээс 40.050 төгрөгийн эд зүйлс авсан ба ганцаараа явж байсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34, 93-94, 123-124, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******тэй уулзаад Багануур явахаар болсон бөгөөд мөнгөгүй байна гэхээр нь гар утсаа зараад цахимаар тоглосон, үлдсэн мөнгөөрөө бензин хийж, замдаа пиво уугаад нилээн согтсон байсан. ******* мөнгө болно, болно гэж хэлээд байсан. Дэлгүүрт ороод “” нэртэй виски авснаа санаж байна, бас идэж уух зүйлүүд байсан яг юу юу байсныг санахгүй байна. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-ийн 97-98, 135-136, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүн хэсгийн 16 дугаар гудамжны 1 тоот “” хүнсний дэлгүүрт 1 залуу орж ирээд 2 ширхэг ундаа, зайдас, 2 ширхэг бэлэн гоймон, 2 хайрцаг тамхи авсан. Би тооны машинаар тооцоог нь бодоод 40,050 төгрөг болсон байна гэж хэлтэл тэр залуу утсаа гаргаж ирээд “шилжүүлчихлээ” гээд мөнгөн дүн хальт харуулсан. Тэр залууг дэлгүүрээс гарсны дараа мөнгө орж ирэх байх гээд утсаа хараад байсан, мөнгө нь орж ирээгүй байсан. Хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-н 24-25)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрээ дөнгөж нээгээд байж байтал 2 залуу орж ирээд 200,550 төгрөгийн бараа аваад мөнгөө шилжүүлэлгүй гараад явсан. Сүүлд нь камерын бичлэгийг харахад 120,000 төгрөгийн “Валентис” виски энгэртээ хийгээд гарсан байсан. Өндөг 10 ширхэг, тор 1 ширхэг, түмний ундаа 2 ширхэг, кастер-3 тамхи 1 ширхэг, жак данелс нэртэй виски 1 ширхэг, райсон тамхи 1 ширхэг, Нийслэл нэртэй том пиво 2 ширхэг, нарийн хиам 800 грамм нууцаар өвөртөө хийгээд авч гарсан. Бүгд нийлээд 320,550 төгрөг болно. Нэг нь цэнхэр куртиктэй өндөр шар залуу, нөгөөх нь туранхай бор залуу байсан. Вискины үнэ 120.000 төгрөг, бусад барааны үнэ 200.550 төгрөг, нийт 320.550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлт (хх-ийн 68-69),
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх” тухай прокурорын тогтоолоор “яллагдагч Э.*******, Б.******* нарт холбогдох 2504000000011 дугаартай хэргийг яллагдагч Э.*******д холбогдох 2404002550009 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэжээ. (хх-н 51-52)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн О.*******аас Багануур дүүргийн 3 дугаар хороо, “” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан хүмүүс виски хулгайлчихлаа” гэх гомдол мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэжээ (хх-ийн 55),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон газар Багануур дүүргийн 3 дугаар хороо, нэртэй үйлчилгээний газар байв.” гэжээ (хх-ийн 56-59),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “нэг залуу нь хөх өнгийн куртиктэй, хөх өнгийн цамц өмссөн, бараан өнгийн өмдтэй, хар гуталтай, нөгөө залуу нь саравчтай хөх өнгийн малгайтай, хар бараан өнгийн куртик, өмдтэй, хар гуталтай 2 залуу хураалгаатай лангууны хажууд очиж хар хүрэн өнгийн шилтэй виски нэгийн авч цамцаа сөхөн өмдний дотор талд хийж байгаа бичлэг тусгагдан үлдсэн байна. Улмаар тухайн 2 залуу дахин 1 шилтэй виски авч цааш яван дэлгүүрийн хөлдөөгч хөргөгч зэргээс бараа материал авч үйлчлүүлж байгаа бичлэг тусгагдан үлдсэн байна” гэжээ (хх-ийн 63)
Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “... “” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт үлдсэн Э.*******гийн дүрсийг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-5)
Хохирогч С.*******оос Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад гаргасан “40.050 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол, саналгүй” гэх хүсэлт болон банкны гүйлгээний хуулга (хх-ийн 30-32),
Хохирогч О.*******аас Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад гаргасан “320.550 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэн зүйлгүй” гэх хүсэлт болон банкны гүйлгээний хуулга (хх-ийн 68-69),
“” хүнсний дэлгүүрийн зарлагын баримтаар тамхи 3 ширхэг, бэлэн гоймон 2 ширхэг, ундаа 2 ширхэг, хиам зэрэг эд зүйлсийн үнэ 40.050 төгрөг” гэжээ. (хх-ийн 62),
“” хүнсний дэлгүүрийн кассын баримтад “10 ширхэг өндөг, ундаа 2 ширхэг, тамхи 2 ширхэг, пиво, “Jack daniels” виски, амтлаг хиам зэрэг эд зүйлсийн үнэ 200.550 төгрөг” гэжээ. (хх-н 62)
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаагаар “ ургийн овогт ы ******* (РД:), ургийн овогт ийн ******* (РД:)”, оршин суух газрын тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (хх-н 76-83, 141-146, 162-166 ),
Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, (хх-ийн 148-156, 167-180)
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №02/28033 дугаартай албан бичгээр “Э.*******д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоол, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” гэжээ. (хх-н 157),
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/191 дугаартай албан бичгээр “Б.*******од холбогдох 1 жил тэнсэх албадлагын арга хэмжээний эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон” гэжээ. (хх-ийн 181),
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02-03/139 дугаартай албан тоотод овогтой ******* РД: нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлэн аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байна” гэжээ (хх-ийн 194)
овогтой хоригдол *******ын ялын тооцоог 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгосон тооцсон “02 жил 03 сарын хорих ялаас биеэр бүгд эдэлсэн 01 сар 12 хоног, үлдэгдэл 02 жил 01 сар 18 хоног” гэсэн тодорхойлолт (хх-н 208) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.*******, Б.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “Э.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Э.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.******* нь Б.*******той бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 08-09 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн “” хүнсний” дэлгүүрээс өндөг, тор, ундаа, кастер тамхи, “Жак даниелс” архи, “Нийслэл” пиво, Raison trech тамхи, хиам зэрэг хүнсний эд зүйлсийг авахдаа төлбөрийг шилжүүлсэн мэт харагдуулж ******* банкны интернэт банкны хуурамч гүйлгээг харуулан хуурч бусдын 200.550 төгрөгийн эд зүйлийг авч,
-мөн үргэлжилсэн үйлдлээр Э.******* нь дангаараа 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны Бага гүн хэсгийн 16 дугаар гудамжны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрээс “Парламент” гэх нэртэй тамхи 2 хайрцаг, “Кастер” гэх нэртэй тамхи 1 хайрцаг, кимчитэй гоймон 2 ширхэг, ундаа зэрэг хүнсний эд зүйлсийг авахдаа төлбөрийг шилжүүлсэн мэт харагдуулж ******* банкны интернэт банкны хуурамч гүйлгээг харуулан хуурч бусдын 40,050 төгрөгийн эд зүйлсийг авч,
Шүүгдэгч Б.******* нь Э.*******тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний” дэлгүүрээс өндөг, тор, ундаа, Кастер тамхи, Жак даниелс архи, Нийслэл пиво, Raison trech тамхи, хиам зэрэг хүнсний эд зүйлсийг авахдаа төлбөрийг шилжүүлсэн мэт харагдуулж “*******” банкны интернэт банкны хуурамч гүйлгээг харуулан хуурч бусдын 200.550 төгрөгийн эд зүйлийг залилан авсан болох нь:
-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******, Б.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын “тэр залуу утсаа гаргаж ирээд мөнгийг чинь шилжүүлчихлээ гээд “*******” банкны интернэт банкаар “гүйлгээ амжилттай” гэх зураг харуулсан” гэх мэдүүлэг (хх-ийн 24), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын мэдүүлсэн “Өндөг, ундаа, тамхи, виски, пиво, хиам зэрэг 200.550 төгрөгийн барааг авахдаа мөнгөө шилжүүлэлгүй гараад явсан” гэх мэдүүлэг (хх-ийн 68), хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь хуурамч байдлыг зориудаар бий болгож, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу хүнсний дэлгүүрээс эд зүйлс авахдаа төлбөр, тооцоог шилжүүлсэн мэт харагдуулахын тулд “гүйлгээ амжилтай” гэсэн дансны хуурамч гүйлгээг харуулж авсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.*******, Б.******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг,
Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь “Мини” ХХК-ийн “” хүнсний дэлгүүрт учруулсан хохирол болох 200.550 төгрөгийг,
Шүүгдэгч Э.******* нь “” хүнсний дэлгүүрт учруулсан хохирол болох 40.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч болох С.*******, О.******* нарын хүсэлтүүдээр тогтоогдож байна.(хх-н 31, 69-70) Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.
Улсын яллагчаас “Шүүхээс Э.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна. Б.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Тэрээр Багануур дүүргийн цагдан хорих байранд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүргэгдэн ирсэн тул цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.*******гийн өмгөөлөгчөөс “Э.******* нь өөрийнхөө малыг малладаг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсныг харгалзан торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.*******ын зүгээс “ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан болно.
Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Э.*******гийн хувийн байдал (малчин), бусдад учруулсан хохирлыг төлсөн болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял,
Шүүгдэгч Б.*******од ял оногдуулахдаа түүний бусдад учруулсан хохирлыг төлсөн болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Б.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, түүний эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 02 жил 01 сар 18 хоног болох нь 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны лавлагаагаар тогтоогдож байна. (хх-ийн 208)
Шүүх эрүүгийн хариуцлагын зорилго болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг дээрх хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №03 дугаартай шүүгчийн захирамжаар Б.******* нь 2404002550009 дугаартай энэ хэрэгтээ яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн болох нь шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг, прокурорын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Тэрээр шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсон ба энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Б.*******од 2404002550009 дугаартай эрүүгийн хэрэгт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй боловч Хорих 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж буй хоригдол тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хорих ангид хүргэгдэх хүртэл хугацаанд авахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт хавсарган ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн ы *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч овгийн ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Э.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******од ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/1372 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурван) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 20 (хорь) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 300 (гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 (гурван зуун мянган) төгрөгийг торгох ялаас нь хасч тооцсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.*******ыг Хорих 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргэгдэх хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Э.*******, Б.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА