| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01597/И |
| Дугаар | 182/ШШ2017/00305 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2017/00305
2017 оны 02 сарын 06 өдөр Дугаар 182/ШШ2017/00305 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АМГТГ-т холбогдох,
“7,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн толгой компани болох “Зхонглоиан интернэйшнл майнинг индастри инвестмент” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргаж улмаар уг ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжид 7.000.000 төгрөгийг төлсөн.
Ийнхүү хүсэлт тавьсны дараа Л ХХК-иас тус тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбогдуулж Ашигт малтмалын газарт өгсөн бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас Л ХХК нь уг хүсэлтээ холбогдох баримтуудын хамт буцаан буцаан авах хүсэлтээ өгсний үндсэн дээр Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6/8122 дугаар мэдэгдлээр дээрх өргөдлийг компанийн хүсэлтийн өргөдлийн бүртгэлээс хассан болохыг мэдэгдсэн албан бичгийг гаргажээ. Уг мэдэгдлийг Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН нь хүлээн авмагцаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газарт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.000.000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байгаа талаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Гэтэл уг албан бичигт бичгээр хариу өгөөгүй бөгөөд тус өмгөөллийн нөхөрлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин Ашигт малтмалын газарт хандаж дээрх тэмдэгтийн хураамжийг буцаан авах хүсэлтэй байгаа талаараа албан хүсэлт гаргасан бөгөөд 2016 оны 1 дүгээр сард Ашигт малтмалын газраас хүсэлтийн хариу гарсан эсэхийг лавлахаар очиход Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ажилтан н.Хатанбаатар, кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Баатарбилэг нар уг хүсэлтийн дагуу 7.000.000 төгрөгийг буцаан өгнө, танайх тэмдэгтийн хураамжийг буцаан авах дансаа бичээд албан бичгээ өөрчлөөд ир гэж хэлсний дагуу албан бичгээ өөрчлөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А-91 тоот албан хүсэлтийг Ашигт малтмалын газар гаргасан.
Гэтэл Ашигт малтмалын газраас албан ёсны хариу ирэлгүй 1 сар гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд дахин юу болсон талаар лавлахаар очиход Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Сүхбаатар “...танайд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй, бид үйлчилгээ үзүүлсэн...” гэсэн хариуг амаар өгсөн бөгөөд үүний дараа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газраас дээрх 7,000,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй болохыг мэдэгдье гэсэн албан бичиг ирсэн.
Иймд Л ХХК-ийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотойгоор Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...ашигт малтмалын ашиглалтын МV-015161 тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр Л ХХК-д олгосон байна.
Л ХХК нь хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын МV-015161 тоот тусгай зөвшөөрлөө шилжүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж Кадастрын өргөдлийн бүртгэлийн ТR-008428 дугаарт бүртгүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд заасан геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэсэн чиг үүргийн хүрээнд шилжүүлэх өргөдлийг доор дурдсан хуулийн заалтуудын дагуу хянан үзсэн. Үүнд: Хуулийн 49.4, 49.4.1-49.4.7, 49.5, 49.5.1-49.5.5-д заасан заалтуудын хүрээнд тодруулж үзэхэд 49.6.2-д “өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах” гэж заасны дагуу нэмэлт мэдээлэл буюу шилжүүлэн өгч буй компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэлийг хуулийн дагуу ирүүлэх тодруулбал Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-д нийцүүлэн ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардсан байна.
Энэ тухай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай дотоод хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийсэн мэргэжилтнүүдийн тодорхойлолтоор тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл дээр дурдсан хуулийн шаардлагуудыг хангаагүй нь баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн Л ХХК нь хуулийн шаардлагад нийцүүлэн холбогдох материалыг ирүүлээгүй бөгөөд улмаар тус компаниас Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-д 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэл өгсөн байдаг. Энэхүү итгэмжлэл нь ашигт малтмалын ашиглалтын МV-015161 тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт нотлох баримт болон хадгалагдаж байна.
Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХНөхөрлөл нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А-37 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст хүсэлт гаргасан. Хүсэлтэд “тус тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл шилжүүлэх бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн хамт бэлтгэж, боловсруулан өгсөн бичиг баримтуудыг эргүүлэн олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ уу” гэсэн байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай” 883 дугаар шийдвэрээр хүсэлтийн дагуу өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн улмаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8122 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Үйлдвэр худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг зааж өгсөн бөгөөд 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийн 2-т заахдаа Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэхэд 7.000.000 төгрөг байна гэж заасан өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу агентлагийн бүтцийн нэгж Кадастрын хэлтэс Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг хянан үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид “тэмдэгтийн хураамж” гэх/ гэнэ”, мөн хуулийн 45 дугаар зүйлд 45.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
Дээр дурдсан хуулиудын зохицуулалтаар төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгө юм. Энэ нь хариу төлбөргүй ба өргөдлийг хянан үзэж хуулийн дагуу бүртгэлээс хассан тохиолдолд буцаан олгохгүй бөгөөд харин хуулиар тэмдэгтийн хураамжийг хөнгөлөх чөлөөлөх харилцааг зохицуулсан байна.
Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “7,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Бараандалан-1” нэртэй 398.24 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015161 тоот тусгай зөвшөөрлийг “Зхонглиан интернэйшнл майнинг индастри инвестмент” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, бүртгэлийн MV-015161 009TF TR-008428 бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,000,000 төгрөгийг хүлээн авагч Ашигт малтмалын газар /хүлээн авагч банк “Төрийн сан 900018003 тоот дансанд/-т төлсөн болох нь хэрэгт авагдсан Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт, тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Л ХХК нь өөрийн эзэмшлийн 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Зхонглоиан интернэйшнл майнинг индастри инвестмент” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 7.000.000 төгрөгийг төлсөн.
Л ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбогдуулж өгсөн бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас буцаан авах хүсэлтээ өгсний үндсэн дээр Ашигт малтмалын газрын 2015 оны 6/8122 дугаар мэдэгдлээр дээрх өргөдлийг компанийн хүсэлтийн өргөдлийн бүртгэлээс хассан болохыг мэдэгдсэн албан бичгийг гаргажээ.
...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газраас дээрх 7,000,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй болохыг мэдэгдье гэсэн ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуульд заасан геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан гэсэн чиг үүргийн хүрээнд шилжүүлэх өргөдлийг мөн хуулийн 49.4, 49.4.1-49.4.7, 49.5, 49.5.1-49.5.5-д заасан заалтуудын хүрээнд тодруулж үзэхэд 49.6.2-д заасны дагуу нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардсан байна.
Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХНөхөрлөл нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А-37 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл шилжүүлэх бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн хамт бэлтгэж, боловсруулан өгсөн бичиг баримтуудыг эргүүлэн олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэсэн байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай” 883 дугаар шийдвэрээр хүсэлтийн дагуу өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн улмаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8122 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсгийн 2-т заахдаа Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэхэд 7.000.000 төгрөг байна гэж заасан өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасны дагуу агентлагийн бүтцийн нэгж Кадастрын хэлтэс Тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг хянан үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, мөн хуулийн 45 дугаар зүйлд 45.1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А37 дугаар албан бичгээр Л ХХК нь 15161А ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийн хамт бэлтгэж, боловсруулан өгсөн бичиг баримтуудыг эгүүлэн олгуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 883 дугаар шийдвэрээр “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай” асуудлыг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг үндэслэн “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах MV-015161 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Л ХХК-иас “Зхонголиан интернэйшнл майнинг индастри” ХХК-д шилжүүлэхийг хүссэн TR-008428 дугаартай өргөдлийг хүсэлт гаргагч компанийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А-37 тоот бичгийг үндэслэн өргөдлийг бүртгэхээс хассугай” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-38 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-78 тоот албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-08 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст үйлчилгээний хөлсөнд төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтүүдийг гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын “Өмгөөллийн Эй Ди Ти” ХХН-ийн захирал Ө.Мөнгөнсарнайд хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/1144 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай дотоод хяналтын хуудас нээж мэргэжилтнүүд тэмдэглэгээ үйлдэж, шүүлт хийж үйлчилгээ үзүүлсэн, мөн дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгох боломжгүй талаар дурджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 49.4-т “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана:” гэж заасны дагуу мөн зүйлийн 49.4.7-д “үйлчилгээний хөлс төлсөн баримт” буюу улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргахаар заажээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид “тэмдэгтийн хураамж” гэх/ гэнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалтын 2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэх ... 7,000,000 төгрөгийн хураамж төлнө” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээний хөлс болох улсын тэмдэгтийн хураамжид 7,000,000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газарт төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”,
49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх;”,
49.6.2-т “өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах;”
49.6.3-т “тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа тал уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй, эсхүл шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох баримт бичгийг буцааж хариу мэдэгдэх.” гэж заажээ
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 883 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг бүртгэлээс хасах тухай шийдвэрийг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээг бүрэн үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл ашигт малтмал, газрын тосны газар хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэж, зохих тэмдэглэгээ хийх, эсхүл өргөдлийг хүлээн авахаас татгалзах, холбогдох баримт бичгийг буцаан хариу мэдэгдэх гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулсан байна.
Хэдийгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой ажиллагаануудыг хийсэн гэх боловч нэхэмжлэгч Л ХХК-ийн төрийн эрх бүхий байгууллагад хандсан зорилго нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх байсан бөгөөд дээрх үйлчилгээг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Дээрхээс үзэхэд улсын тэмдэгтийн хураамж нь төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэж хуульд тодорхойлсон бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан” бол тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор зохицуулсан тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хуульд заасан үйлчилгээ болох тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйлчилгээг үзүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээний хөлс буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 7,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС