Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Х.

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Л.Оийг өөрийн эхнэртэй хардаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсгөнд шарх, баруун доод тал, зүүн нүдний дээд, доод тал, хамрын баруун, зүүн талын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч Л.Оийн “...Х машинаасаа бууж ирээд юм ярилгүй, нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Нүүрээ дараад тонгойход хөмсөгний орчимд өшиглөсөн. Унангуут толгой руу өшиглөсөн. Босож ирэхэд дахин нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-р хуудас),

Гэрч Б.Мын О хүнд зодуулчихлаа гэж “***нар хэлэхээр нь гараад очиход Л.Оийн нүүр хэсгээс цус гарчихсан манаралттай зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-р хуудас),

Гэрч Т.Иийн “...би ажлын өрөөндөө. ***нарын хамтаар цонхоор хараад зогсож байхад О Хүрлээ ахын машин дээр очиход Хүрлээ ах машинаас буугаад Оийг цохиод унагасан. ... Тэгээд бид нар гүйж очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-р хуудас),

Гэрч Ц. Сын “... А, И нар цонхруу хараад зогсож байгаад Х ах Оийг цохичихлоо гэж хэлсэн. Өрөөнөөс гарч очоод А. И нар Оийг эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-р хуудас),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай “1.Л.Оийн биед хамар ясны хугарал, хамрын туславчийн муруйлт, зүүн хөмсгөнд шарх, баруун нүдний доод тал, зүүн нүдний дээд, доод тал, хамрын баруун, зүүн талын цус хуралт, баруун тохой, зүүн гарын эрхийн хуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсгөнд шарх, баруун нүдний доод тал, зүүн нүдний дээд, доод тал, хамрын баруун, зүүн талын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тал хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Учирсан баруун тохой, зүүн гарын эрхийн хуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-р хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.О нь шүүгдэгч Г.Хаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ганзамын Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч Г.Хт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АРИУНЗУЛ