Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 01/ШШ2020/00444

 

 

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/00444

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-О ХХК-д холбогдох,

5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2014 онд А-о ХХК-аас 45,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц худалдан авсан. Тус байраа 2019 оны 05 дугаар сард Эй Би Эн дизайн ХХК-аар хэмжүүлэхэд балконы м.кв ороод 43,78 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Нийт м.кв-аас 2 м.кв дутсан. Мөн А-о ХХК нь надаас балконы мөнгө болох 2,520,000 төгрөг авсан. Байрны м.кв-ын мөнгө 1,400,000 төгрөг байсан ба 2 м.кв нь 2,800,000 төгрөг болж, хэмжилт хийлгэсэн байгууллагад 90,000 төгрөг болсон ба миний нийт нэхэмжилсэн мөнгө 5,400,000 төгрөг болсон. А-о ХХК-д удаа дараа хандаж, м.кв-ын зөрүү мөнгөө авах хүсэлт гаргаж байсан боловч худалд хэлж хойшлуулсаар өдий хүрсэн. Иймд хариуцагч А-о ХХК-аас 5,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А-о ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Гэрээний нэг тал нь Л.Ч бөгөөд нэхэмжлэгч М.Э нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Чинбат нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан. Гэтэл М.Э гэрээний нэг тал биш атлаа нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч А-о ХХК-д холбогдуулан худалдан авсан орон сууцны талбай зөрүүтэй үндэслэлээр 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний нэг тал биш учир нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 45,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-4/.

 

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2014 онд хариуцагчаас худалдан авсан талаар нэхэмжлэлд дурдан барилга орон сууц захиалах гэрээ-г хавсаргажээ /хх-5-7/.

 

Дээрх орон сууц захиалах гэрээ нь Л.Ч, А-о ХХК нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан байх ба гүйцэтгэгч А-о ХХК Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 29 дүгээр сургуулийн ард баригдаж буй 7 давхар орон сууцны 5 дугаар давхарт 22 тоот хаягт байршилтай, 45,77 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч Л.Ч орон сууцны үнэд 63.162.600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх тул Л.Ч, А-о ХХК нарыг орон сууц захиалах гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд орон сууц захиалах гэрээний дагуу хариуцагчийн шилжүүлсэн орон сууцны талбай 45,77 м.кв байхаас 43,78 м.кв буюу 2 м.кв дутуу буюу хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар дээрх орон сууц захиалах гэрээний хувьд, гэрээний үүргээ гүйцэтгэхийг харилцан шаардах эрхийг уг гэрээний талууд болох Л.Ч, А-о ХХК нар хэрэгжүүлнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч М.Э нь орон сууцны өмчлөгч боловч А-о ХХК-тай гэрээ байгуулсан этгээд биш байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны талбайг 45,77 м.кв байхаар захиалагч Л.Чинбат захиалсан ба тохирсон хэмжээндээ хүрэхгүй 43,78 м.кв байгаа, 2 м.кв дутуу гэх асуудлаар гүйцэтгэгч А-о ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхийг захиалагч Л.Чинбат хэрэгжүүлнэ.

 

Иймд нэхэмжлэгч М.Э-г хариуцагч А-о ХХК-д холбогдуулан орон сууц захиалах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчийн хувьд, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахаливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээр дурдсан нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хариуцагч тал зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан хамтран нэхэмжлэгч оролцуулах, нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах зохицуулалтын хүрээнд захиалагч Л.Ч-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг зохигч талуудаас тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч М.Э-г дурдсан нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд гэж үзсэн ба хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хэргийг шийдвэрлэхийг шүүхээс хүссэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн татгалзалд дурдаж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн зохицуулалт нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд хамааралтай ба нэхэмжлэгч М.Э-н хувьд гэрээний тал болох Л.Ч-г төлөөлөөгүй, харин өмчлөгчийн хувиар өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан байх тул тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийг орон сууц захиалах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй этгээд гэж үзсэнтэй холбоотойгоор хэрэгт авагдсан Л.Ч, А-о ХХК нарын байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн барилга орон сууц захиалах гэрээ, орон сууцны талбайн хэмжилт хийсэн Эй Би Эн дизайн ХХК-ийн дүгнэлт зэрэг нотлох баримтын талаар дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А-о ХХК-д холбогдуулан гаргасан 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА