| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000290033 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: О
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү.Утай үл ялих зүйлийн улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт, баруун, зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Хохирогч Ү.Уы "...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О өөр газар хононо гээд явах гээд байхаар нь гадуур куртикнээс нь татаад явуулахгүй гэж хэлээд маргалдаж зууралдаж байгаад О куртикээ татаад авах үед би чирэгдэж устай сав руу унаад миний дух орчим зулгарч зүсэгдсэн. Тэгээд би хойноос нь босоод гэрээс гараад Оыг битгий яваач гээд гэр лүү оруулах гээд зууралдаад байсан чинь намайг О тавиач дээ гээд шууд миний үснээс зулгаагаад нүүр руу 2 удаа цохиод авахаар нь би аллаа ш дээ гэж хэлээд хашхираад нүүрээ дараад суух үед О зугтаагаад алга болсон байсан. О өмнө нь намайг цохиж зодсон асуудал байхгүй Б.Оаас миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 хуудас),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 79 дугаартай “1.Ү.Уы биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт, баруун, зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34 хуудас)
Гэрч Ц. Гын “шөнийн 1 цагийн орчим гэрээсээ гараад бие засаж явсан чинь манай замын зүүн талд нэг эмэгтэй орилоод байх шиг байсан. Тэгээд буцаж орж ирээд дүү охиноо сэрээгээд энд хүн дуугараад орилоод байх шиг байна, Уянга эгч нь байж магадгүй... очсон чинь Уянга манай нөхөр ийм болгочихсон гээд нүүр амнаас нь цус гойжсон байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ү.У нь шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ