Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/144

 

Д.М, А.Г нарт  холбогдох

эрүүгийн  хэргийн тухай      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1049 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.М, А.Г нарт холбогдох эрүүгийн 2003 00111 0142 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Б овгийн Д-ийн М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй,У ХНН-ийн Замын 2 дугаар ангийн засварын газрын ... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ...  гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

  1. Ө овгийн А-ы Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, У ХНН-ийн Замын 2 дугаар ангийн засварын газарт ... ажилтай, ам бүл ..., ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

                 Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн Замын 2 дугаар ангийн засварын газрын дарга Д.М нь ганцаараа:

  • 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 11.000 төгрөгийн үнэ бүхий 340 ширхэг замын ангид ашиглах шаардлагатай зам төмөр таслагч ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр “Д” ХХК-тай гэрээ байгуулан 1.190.000 төгрөгийг хувьдаа завшсан,
  • 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5.363.664 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр “Б” ХХК-аас худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.827.268 төгрөгийг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5.363.664 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.827.268 төгрөг,
  • 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5.382.43 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаагаар гэрээ байгуулан 1.823.514 төгрөг,

                 - 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.392.43 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.823.514 төгрөгийг нийт 7.301.564 төгрөгийг завшсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 300 ширхэг ирийг нэг бүрийг нь 14.500 төгрөгөөр “С” ХХК-аас худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.831.974 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

Мөн Д.М, А.Г нар нь А.Г-ын нэр дээрх “Г” ХХК-ийн нэрээр худалдан авалт хийхээр урьдчилан үгсэж, худалдан авсан барааны үнийн дүнгийн 10 хувийг авахаар тохирч

- 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.382.43 төгрөгийн  үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.533.514 төгрөгийг,

- 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

- 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

- 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 7.040.66 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 350 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.945.769 төгрөг, нийт 16.245.453 төгрөгийг завшсан,

 

А.Г нь Д.М-тэй хамтран өөрийн нэр дээрх “Г” ХХК-ийн нэрээр худалдан авалт хийхээр урьдчилан үгсэж, худалдан авсан барааны үнийн дүнгийн 10 хувийг авахаар тохирч

- 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.382.43 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.533.514 төгрөгийг,

- 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

- 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

- 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 7.040.66 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 350 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.945.769 төгрөг, нийт 13.600.000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 1.360.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

            Тээврийн прокурорын газраас: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Д.М, А.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б овогт Д-ийн М-ийг дангаараа болон бусадтай бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт, Ө овогт А-ы Г-ыг бусадтай бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг нэг жилийн хугацаагаар хорих ял, А.Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, А.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тус тус тогтоож,

 

            хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 16.245.453 төгрөг гаргуулж хохирогч байгууллага “У” ХНН-ийн Замын 2 дугаар ангид олгохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. “У” ХНН-д учруулсан 16.245.453 төгрөгийн хохирлыг төлсөн. Би 2017 онд элэгний хавдрын 3 дугаар үед орж, элэгнийхээ 70 хувийг тайруулсан. 2018 онд элэгний үлдсэн 30 хувийг 2 газар түлүүлсэн. Одоо Хавдар судлалын Үндэсний төвийн хяналтад байдаг. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 16.245.453 төгрөгийг Д.М-ийн ар гэрийн зүгээс “У”-ын ХНН-ийн Замын 2 дугаар ангид нөхөн төлж хохирлыг барагдуулсан. Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн хувьд 2017 онд баруун элгэнд байрлах хорт хавдар оношлогдож, хавдрын улмаас 2018 онд түлэх эмчилгээ хийлгэж, дахин  хүндэрч, баруун элэгний 70 хувийг тайруулах болон түлэх эмчилгээ хийлгэсэн. Одоо Хавдар судлалын Үндэсний төвийн байнгын хяналтад байгаа зэргийг харгалзан үзэж нэг жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг ухамсарлан ойлгож, анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Д.М нь “У” ХНН-д 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 28 жил тасралтгүй ажилласан. Тэрээр элэгний гепатит В, Д вирусийн улмаас 2017 онд элэгний хорт хавдартай болох нь тогтоогдож, улмаар 2017 онд баруун элэг тайрах мэс засалд орж нийт элэгний 70 хувийг тайрсан ба элэгний хорт хавдар нь 3 шат буюу сүүлээсээ өмнөх шатанд байгааг оношилсон. Хавдар судлалын Үндэсний төвийн байнгын эмчийн хяналтад орж, 3 сар тутамд эмчид үзүүлж шинжилгээ хийж байх шаардлагатай болсон. Улмаар 2018 онд түүний элэгний хорт хавдар сэдэрч, Хавдар судлалын Үндэсний төвд элэгний түлүүлэх RFA эмчилгээг хийлгэсэн. Элэгний хорт хавдар өвчин тухайн эрхтэнтэй ойролцоо байх бусад эрхтэндээ нөлөөлөх эрсдэл өндөр байдаг. Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хавдар судлалын Үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Б.Минжүүрдоржийн зөвлөснөөр элэгний хорт хавдар нь уушги орчимд нөлөөлсөн эсэхийг шинжлэх байсан боловч шинжилгээ хийлгэж амжилгүй цагдан хоригдсон. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмчийн тодорхойлолтоор цаашид хавдрын төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай болохыг тодорхойлсон. 409 дүгээр анги руу буцаж явсан боловч хорт хавдар нь бусад эрхтэндээ нөлөөлснөөс болж биеийн байдал нь дордож 461 дүгээр ангийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Д.М нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүний хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэргийг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад талуудын байр суурь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж шүүх эрх хэмжээний хүрээнд Д.М тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш байсан буюу энэ нь залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Шүүх хэргийн зүйлчлэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд зүйлчилж шийдвэрлэсэн учир прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн эрүүл мэндийн талаар баримтуудыг гаргаж өгөөгүй. Харин ял оногдуулснаас хойш өвчтэй байсан баримтыг өмгөөлөгч нар гаргаж өгч байгаа учир хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар оногдуулах эрх хэмжээ шүүхэд байгаа учир энэ талаар тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М, А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна

 

Шүүгдэгч Д.М нь “У” ХНН-ийн Замын 2 дугаар ангийн засварын газрын даргаар ажиллаж байхдаа 2015-2019 онуудад албан ажлын хэрэгцээнд шаардагдах зам төмөр таслагч ирийг нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс гэрээ байгуулан хямд үнээр худалдан авсан атлаа тус компаниудын нэхэмжлэхийн үнийн дүнг зах зээлийн бодит үнээс дээгүүр үнээр бичүүлж,  6 удаагийн үйлдлээр,

 

мөн шүүгдэгч Д.М, А.Г нар нь бүлэглэж 2016-2019 онуудад А.Г-ын эзэмшлийн “Ган-Өндөр” ХХК-иас зам төмөр таслагч ирийг өөрсдийн ажилладаг байгууллагад зах зээлийн бодит үнээс дээгүүр үнээр нийлүүлж, дундаас ашиг хонжоо олох зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт үнийг дүнгийн 10 хувийг А.Г-д өгөхөөр тохирч 4 удаагийн үйлдлээр Д.М нь 16.245.453 төгрөгийн, А.Г нь 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус болох нь:

 

хохирогч Д.Ц-ийн: “...”У”-ын хоёрдугаар засварын газрын дарга Д.М нь гэрээ байгуулах журмыг зөрчөөгүй боловч өөрийн хамаарал бүхий компаниудаас хэт өндөр, зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнийн санал ирүүлэн, тухайн команиудыг сонгож гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд зах зээлийн үнийн дүнгээс 2-3 дахин илүү мөнгөөр “Luga Abrasiv” үйлдвэрийн 300х3,0х32 мм хэмжээтэй “Зам төмрийн таслагч ир” худалдан авч, манай байгууллагад хохирол учруулсан. ...Засварын тасгийн дарга албан тушаалтай Д.М нь тухайн цехэд ашигладаг сэлбэг болох таслагч ирний чанар, хэрэглээ, хийцийн хувьд зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд юм. Иймд таслагч ир нийлүүлэх санал ирүүлсэн компаниудыг сонгоход зөвлөгөө өгөх эрхтэй албан тушаалтан. ...” /1 xx 48-49, 3 хх 135/,

 

гэрч Н.Б-ийн: “...2017 онд “У”-д ажилладаг ах над руу залгаад “Бараа материал авмаар байна. Танай компаний дансаар мөнгө оруулаад гаргаад авчихъя. Чи компанийнхаа тамга тэмдэгтэй ирээд гэрээ хийгээдэх” гээд өөрийн ажилладаг Замын 2 дугаар ангийн засварын газар дуудсан. Тэгээд очтол М гэдэг хүн байсан. Өрөөнд нь орсон чинь гэрээгээ бэлдчихсэн байсан. Тэгээд “Мөнгө орчихвол шилжүүлчихээрэй. Бас 10 хувиа авчихаарай” гэсэн. 2017 оны 11 дүгээр сард 4.350.000 төгрөг орж ирснийг би өгсөн данс руу нь шилжүүлсэн. ...” /1 хх 51/,

 

гэрч Ц.О-ын: “...”У”-ын Замын 2 дугаар ангид 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зам төмөр таслагч ир 340 ширхгийг нийлүүлж байсан ба 1 ширхгийг 14.500 төгрөгөөр бодож нийлүүлсэн. Учир нь Замын 2 дугаар ангид ажилладаг М нь “Надад төмөр таслагч хэрэгтэй байна. Чи олж өгч чадах уу” гэж байсан. Тухайн үед би 100 айлаас зам төмөр таслагч ир хайж олоход 8.000 төгрөгөөр зарагдаж байсан. Тэгээд би М рүү залгаад “Би танай ангид 11.000 төгрөгөөр нийлүүлье” гэхэд М “Чи 14.500 төгрөгөөр нэхэмжлэх дээр бичээд өгчих. Үлдэгдэл 1 ширхэг тус бүрийн үнээс 3.500 төгрөгийг нь би авъя” гэж М хэлсэн. Тэгээд би М-д 1.190.000 төгрөгийг бэлнээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. ...” /1 хх 54/,

 

гэрч Ю.А-ийн: “...Манай компани “У”-ын Замын 2 дугаар ангид бараа материал нийлүүлж байгаагүй. Миний танил болох Замын 2 дугаар ангид ажилладаг М нь манай компаний дансаар 2015 оны 9 дүгээр сард 2.900.000 төгрөг гаргуулж авсан. 2015 оны 11 дүгээр  сард дахин 2.900.000 төгрөг гаргуулж авсан. 2016 оны 8 дугаар сар, 10 дугаар саруудад тус бүр 2.900.000 төгрөг гаргуулж бэлнээр авч байсан. ...М-ийн гуйлтаар компаний дансаараа мөнгийг нь оруулаад бэлэн гаргаж өгсөн. ...” /1 хх 63/,

 

гэрч Г.Х-ын: “...2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “У”-ын Замын 2 дугаар ангид зам төмөр таслагч нийлүүлж байсан. Тухайн үед зам төмөр таслагч ир сураглаж явж байсан Замын 2 дугаар ангийн ажилтан манай лангуун дээр ирээд нэхэмжлэх бичүүлж аваад явсан. Нэхэмжлэх дээр зам төмөр таслагч ирний бодит үнээс дээгүүр үнээр бичүүлсэн байгаа. Энэ өдөр Замын 2 дугаар ангийн данснаас гантай таслагчийн ир 400 ширхэг гээд миний ... дугаарын Хаан банкны данс руу 4.320.000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгээд би ... дугаарын данс руу 3.720.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...” /1 хх 70/,

 

гэрч С.Б-ы: “...С ХХК нь Замын 2 дугаар ангид 2017 оны 11 дүгээр сард 250 ширхэг зам төмөр таслагч ирийг нийлүүлсэн. 1 ширхгийг 14.500 төгрөгөөр бодож нийлүүлсэн. ...” /2 хх 73/,

 

гэрч Ч.Б-ийн: “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Б” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг одоо ажиллаж буй Засварын дарга Д.М хүлээлгэн өгч байсан.

  • 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Б” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг мөн Засварын дарга Д.М хүлээлгэн өгч байсан.
  • 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Б” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан.
  • 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Б” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан.
  • 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Г” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан.
  • 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Г” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр, 200 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан.
  • 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-аас 1 ширхгийг 14.500 төгрөгөөр 200 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан.
  • 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Г” ХХК-аас 1 ширхгийг 14.000 төгрөгөөр, 350 ширхгийг худалдан авсныг Засварын дарга Д.М хүлээлгэж өгч байсан. ...” /1 хх 87-88/,

 

гэрч Э.О-ийн: “...Засварын дарга Д.М зам төмөр таслагч ирийг худалдаж авахад гэрээ байгуулдаг. Тухайн гэрээг надад мэдэгдэхгүй Замын 2 дугаар ангийн дарга байсан Дашравдангаар оруулж зуруулаад, нярав Баяраа ахад хүлээлгэж өгсөн байдаг. Тэгээд надаар тухайн бүртгэлийн дэвтэрт нь хүлээлгэж өгсөн мэтээр гарын үсэг зуруулчихдаг байсан. ...” /1 хх 91/,

 

гэрч Б.Д-ийн: “...миний мэдэхээр Засварын дарга Д.М энэ төмөр зам таслагчийн ирийг байнга нийлүүлдэг байсан. ...” /1 хх 95/,

 

шүүгдэгч Д.М-ийн: “...Отгонжаргал надад “Таслагчийн ир нэг бүрийн үнэ 11.000 төгрөгөөр   танай   байгууллагад   нийлүүлнэ  гэж   ярьсан.  Би  “Гагнуурын  аппарат   хэрэгтэй

байна. Нэхэмжлэх дээр 14.500 төгрөгөөр нь бичээд өгөөч” гэж гуйсан. ...” /4 хх 40/,

 

шүүгдэгч А.Г-ын: “...М дарга надаас “Компаний нэхэмжлэх чинь хэрэгтэй байна. Нэхэмжлэх дээрээ тамгаа дараад хоосон өгчих” гэхээр нь би “Ямар учиртай юм бэ” гэхэд “Ангид зам төмөр таслагчийн ир авахгүй бол ажил тасалдах гээд байна” гэхээр нь би ангид хэрэгтэй юм байна гэж бодоод нэхэмжлэхээ үлдээчихдэг байсан. Тэгээд “Танай компаний данс руу мөнгө орж ирэх юм бол 10 хувийг нь чи өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулаад, үлдсэн мөнгийг нь надад өгчихөөрэй” гэж М дарга хэлж байсан. Нэхэмжлэхээ үлдээснээс хойш хэд хоногийн дараа “Гэрээ байгуулах шаардлагатай байна” гэж өрөөндөө дуудаад, өөрийнхөө бэлдчихсэн гэрээн дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Манай компаний дансанд Замын 2 дугаар ангийн данснаас мөнгө шилжиж орж ирэхээр нь бүх мөнгөө аваад, 10 хувийг нь өөрөө авч, үлдсэн мөнгийг нь М даргад өгдөг байсан. ...Би хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж М-д компанийнхаа бичиг баримтыг ашиглуулж, буруу үйлдэл хийсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг ойлголоо, хүлээн зөвшөөрч байна. ...” /4 хх 96, 124/ гэх мэдүүлгүүд,

 

“Луга” таслагч ирний үнэлгээг 2015 онд 3.500 төгрөг, 2016 онд 2.250 төгрөг, 2017 онд 3.400 төгрөг, 2018 онд 3.700 төгрөг, 2019 онд 3.600 төгрөг байсан болохыг тус тус тогтоосон “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /1 хх 15-28/,

 

“У” ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны шалгалтын:

“...Замын 2 дугаар ангийн Засварын газрын дарга Д.М нь албан тушаалын байдлаа ашиглаж, анхан шатны баримт хуурамчаар бүрдүүлж, таслагч хөрөөний ирийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр авсан үйлдэл нь “У” ХНН-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.2, 4.1.9, 5.3.8, 5 дугаар зүйлийн 5в, 7 дугаар зүйлийн 7б-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна. ...” гэсэн дүгнэлт /2 хх 10/,

 

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-11/, Замын 2 дугаар ангийн агуулахын бүртгэл-багаж тоног төхөөрөмжийн 2015, 2016, 2017, 2018, 2019 оны дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 125-131/, “У” ХНН-ийн Замын 2 дугаар ангийн 2015 оноос 2019 онд зам төмөр таслагч ир худалдан авах зорилгоор гэрээ хийсэн нэр бүхий компаниудын худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 132-134/, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 хх 140-225/, банкуудын дансны хуулга /2 хх 78, 80, 82, 84-86, 169-170, 174, 189/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Д.М, А.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн ялын зорилгод тус тус нийцжээ.

 

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Амар, Ж.Батзоригт нар нь давж заалдах гомдлууддаа “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...хохирлыг төлж барагдуулсан, ...элэгний хавдартай бөгөөд Хавдар судлалын Үндэсний төвийн байнгын хяналтад байдгийг харгалзаж үзнэ үү, ...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү, ...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр заасан.

 

“У” ХНН-ээс тус шүүхэд ирүүлсэн Замын 2 дугаар ангийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 29/17 дугаартай албан бичигт: “...Д.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн хохирол болох 16.245.453 төгрөгийг “У” ХНН-ийн Замын 2 дугаар ангийн банкны дансанд шилжүүлж, хохирлыг бүрэн барагдуулсан. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн тэрээр элэгний хавдартай, Хавдар судлалын Үндэсний төвийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн биеийн эрүүл мэнд болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 3.000 /гурван мянга/ нэгжээр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 16.245.453 төгрөгийг нөхөн төлж, хохирогч “У” ХНН-ийг хохиролгүй болгосон, шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 47 хоног цагдан хоригдсон болохыг энэхүү магадлалд тус тус дурдав.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Амар, Ж.Батзориг нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 2020/ШЦТ/1049 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 2020/ШЦТ/1049 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваадоржийн М-ийг 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 4, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг хэмжээг 2.295.000 /хоёр сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.”

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.  

 

2. Шүүгдэгч Д.М нь нийт 47 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ