Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхбаярын Оюунсуртал, Мөнхбатын Маналжав, Баттулгын Баяртөгс нарт холбогдох эрүүгийн 201625031984 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Мөнхбаярын Оюунсуртал, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46 дугаар гудамжны 976 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 30 дугаар гудамжны 484 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА92122276.

2. Боржигон овогт Мөнхбатын Маналжав, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн магистрантурт суралцаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 90 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ94040870.

3. Боржигон овогт Баттулгын Баяртөгс, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, удирдлага, соёл урлагийн мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 2-20 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЕ91120811.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нар нь бүлэглэн согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 2016 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00:00 цагаас 01:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84-ийн автобусны буудлын орчимд хохирогч Н.Батсүрэнг шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Оюунсуртал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин ийм хэрэг хийхгүй, маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч М.Маналжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин ийм хэрэг хийхгүй, маш их харамсаж байна. Гэрийнхнээсээ уучлалт гуйж байна..” гэв.

Шүүгдэгч Б.Баяртөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахин ийм хэрэг хийхгүй, маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Батсүрэн мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 2016 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00.10 минутын үед би гэрээсээ тамхи авах гээд дэлгүүр гарсан. Тэгээд гараад гэрийнхээ ойролцоо дэлгүүр орсон боловч хаасан байсан болохоор 84-н автобусны буудал руу зам дагуу уруудсан. Тэгээд дөнгөж уруудах гээд 74-р худгийн тэнд явж байхад найз Насан-Өлзийтэй тааралдсан. Насан-Өлзий бид хоёр хамт 84-н автобусны буудал орох гээд алхаж байтал замд манай найз Баяраа, Ганаа хоёр тааралдсан. Тэр хоёр согтуу байсан. ...Тэгээд бид дөрөв ойр зуурын юм яриад байж байсан. Дараа нь дөнгөж салаад 5 орчим алхам зайтай явж байхад зам дагуу гурван залуу ирсэн бөгөөд нэг нь муу архичингууд минь зам тавиач гээд манай хоёр согтуу найзыг цохиж унагаахаар нь би өмөөрсөн чинь над руу нэг нь гүйж ирээд нүүр рүү 3-4 удаа цохисон. Би газар унасан бөгөөд тэр гурав яваад өгсөн. Би босоод 99926737 дугаарын утсаараа 102 руу залгасан. ...Тэгсэн чинь тэр гурав 84-н автобусны буудлын хажууд байх Бодь дэлгүүрээс нэг тортой зүйл аваад гарч ирсэн бөгөөд буцаад дээшээ алхсан. Бид хоёр замд нь зогсож байсан бөгөөд та нар яахаараа хүн зодоод зүгээр явдаг юм цагдаа дуудсан байгаа гэсэн чинь нэг залуу нь шууд над руу ирээд чи ямар их цагдаа дууддаг юм алчихъяа гээд цохиж унагаагаад дээрээс олон удаа дэвсээд гаран дээр гишгээд нөгөө хоёр хамт явж байсан хүмүүс нь бас зодсон. Тэгээд би дахиж 102 дугаар руу залгаад би дахиад зодуулчихлаа гэж хэлсэн чинь цагдаагийн машин ирээд би машинд суугаад тэр гурвыг зам дагуу явж байхад нь барьж авсан. Урьд өмнө нь харж байгаагүй. Би тэр хүмүүсийг танихгүй. Намайг найзуудтайгаа байж байхад том биетэй залуу нь шууд миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Дараа нь 84-н автобусны буудлын тэнд очиход том биетэй залуу нь ирээд намайг цохиж унагаагаад гурвуулаа дээрээс дэвсэж өшиглөөд зодсон. Миний толгой эргээд байнгын зовиуртай байгаа. Сая эмнэлэгт хэвтээд гарч ирсэн. Тэр гурваас эмчилгээний төлбөр гэж 380.000 төгрөг авсан бөгөөд бүгд баримттай. Би гэрийнхээ орлогыг ганцаараа олдог байсан юм. Одоо ажил хийж чадахгүй болохоор өрхийн орлого байхгүй болсон. Толгой их хүндүүрлэдэг болохоор нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэмээр байна. тэр гурван залууд гомдолтой байна. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэжээ /хх-16-17/.  

Хохирогч Н.Батсүрэн дахин мэдүүлэхдээ:  “...Хэрэг гарсан өдөр би өөрийн найз Баяраа, Өлзий, Ганаа нарын хамт усан сангийн зам дагуу дэлгүүрийн гадаа зогсож байхад Оюунсуртал ирээд миний нүүр рүү 2 удаа цохисон. Араас нь Баяртөгс ирээд 2 удаа нүүрний хамар хэсэг рүү цохиод тэр гурав доошоо уруудаад яваад өгсөн. Би өмнө нь өгсөн мэдүүлгийн дагуу араас нь дагаж яваад 84-н автобусны буудлын тэр хавьд очиход тэр гурав дэлгүүрээс гарч ирээд эхлээд Оюунсуртал намайг цохиж унагаагаад дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Мөн тэр Маналжав гэх залуу нүүр рүү 2-3 удаа өшиглөөд гараараа бас 3-4 цохиод яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь дагаад жоохон явсан чинь Баяртөгс нь куртик урчихлаа гэж надруу ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохиж зодсон. Бид дөрвийн хэн нь ч тэр гуравт “бацаануудаа байгаа юмнуудаа халааснаасаа гарга, 92 оны бацаанууд” гэж хэлсэн удаа байхгүй. Тэр гурав өөрсдөө бид нарын хажуугаар өнгөрөхдөө муу архичингууд минь замаас зайл гээд Баяраа, Ганаа хоёрыг цохиж унагаахаар нь би яаж байгаа юм гэсэн чинь шууд ирээд зодсон…” гэжээ /хх-18/.

Гэрч А.Баяраа мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр би өөрийн найз Гантөмөртэй хамт гэртээ нэг шил 0.5 литрийн архи, тус бүр нэг лааз пиво уугаад орой 00.00 цаг болж байхад би Гантөмөрийг гаргаж өгөх гээд гудамжны үзүүрт зогсож байхад дээрээс манай найз Батсүрэн, Өлзий хоёр ирж байсан. Тэгээд бид дөрөв хоорондоо буу халаад байж байхад 2-3 бацаанууд дээрээс уруудаж ирээд бид нарын хажуугаар өнгөрөхдөө нэг нь муусайн архичид зам тавьж өг гээд түлхээд гарсан. Тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгээд тэд нар доошоо зам уруудаад явсан ба би согтуу байсан болохоор цагдаа дуудвал эрүүлжүүлэхэд орж магадгүй гэж бодоод шууд гэртээ орсон. Өлзий, Батсүрэн хоёр доошоо тэр хүмүүсийн араас явсан санагдаж байна. Би болон манай найзууд тухайн хүмүүсийг муу сайн бацаанууд халаасанд байгаа эд зүйлсээ гарга гэх зэргээр хэл амаар доромжилсон зүйл ерөөсөө байхгүй...” гэжээ /хх-20/.

Гэрч А.Насан-Өлзий мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарсан өдрийг нь санахгүй байна. Би манай ахын пабад ажилладаг нэг охиныг орой 00.00 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэж өгөх гээд хамт яваад усан сангийн дээд хэсэгт хүргэж өгсөн. Тэгээд буцаад усан сан руу уруудаж байхад замд манай найз Батсүрэн тааралдсан бөгөөд бид хоёр юу байна гээд хоорондоо юм яриад хоёулаа усан сан руу уруудсан чинь замд дахиад манай найз Баяраа, Ганаа нартай тааралдсан. Тэр хоёр халамцуу явж байсан бөгөөд бид дөрөв хоорондоо уулзаад буу халаад зогсож байхад дээрээс гурван залуу ирээд бид нарыг түлхээд нэг том биетэй залуу нь Баярааг цохих шиг болсон. Тэгчихээд доошоо уруудаад яваад өгсөн чинь Батсүрэн араас нь дагаад явсан. Тэр үед Батсүрэнг цохисон юм шиг байна лээ, би анзаараагүй. Тэгээд би хэрэггүй яах гээд байгаа юм бэ боль гэсэн чинь Батсүрэн дуугүй бай би мэдэж байна гээд явсан. Тухайн үед явж байхдаа утсаар яриад байсан. Би нилээн хол араас нь дагаж байсан болохоор хэнтэй ярьж байгааг нь мэдээгүй. Тэгээд Батсүрэн 84-н автобусны буудлын тэнд байдаг Бодь дэлгүүрийн наана зогсож байхад нь би очоод яах гээд байгаа юм бэ гэхэд чимээгүй байж бай гээд байсан. Би бодохдоо хэдэн жоохон хүүхдүүдэд дээрэлхүүлсэн болохоор уурласан байх гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө гурван залуу бид гурвын урдаас ирсэн бөгөөд Батсүрэн та нар одоо ямар сонин юм бэ гэсэн чинь том биетэй залуу нь шууд Батсүрэнг зодоод надруу хоёр залуу нь дайрахаар нь би зугтаасан. Нэг залуу нь намайг барьж аваад бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд тэд нар яваад өгсөн бөгөөд Батсүрэн цагдаа руу дахиж яриад Батсүрэн суугаад явсан. Тэгээд би гэртээ харьсан. ...Тэр үед Оюунсуртал гэх залуу нь Баярааг цохисон чинь Баяраа газар унасан. Намайг бас цохих гээд байхаар нь би зайгаа барьсан. Тэгээд тэр гурав явсны дараа Батсүрэн амаа бариад яасан зэвүүн пизда нар вэ гээд араас нь явсан. Би яагаад тэд нар бид нарыг тэгснийг ерөөсөө мэдэхгүй байна. ...Бид 92 оны бацаанууд, байгаа эд зүйлээ гарга гэх зэргээр хэл амаар доромжилсон зүйл ерөөсөө байхгүй. Бид дөрөв зүгээр л юм яриад зогсож байсан чинь л үгийн зөрүүгүй бид нарыг түлхээд явсан. Тэр гурав бид хоёрыг зүгээр зогсож байхад Оюунсуртал гэх залуу ямар даварсан пизда нар вэ гээд Батсүрэнг зодсон. Хамт явж байсан Баяртөгс, Маналжав нар нь намайг барьж авах гээд байхаар нь би бас зайгаа бариад тойроод гүйгээд байсан. Тэр үед Батсүрэн яаж зодуулж байсныг хараагүй. Хальт харахад Батсүрэн газар унасан Оюунсуртал гэх залуу дээрээс нь толгой руу нь цохиж байсан...” гэжээ /хх 21-22/.

            Гэрч Ө.Батсайхан мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дугаар сарын 30-наас 2016 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө миний бие Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн үүрэг Согоот-116 машин дээр цагдаагийн ахлах ахлагч Оюун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Согоот-10-аас 2016 оны 10 дугаар сарын 01-ний 00.37 минутад 84-
н уулзвар дээр гурван залууд зодууллаа гэх дуудлага хүлээн авч шуурхай очиж шалгахад уг хэрэгт холбогдсон 3 этгээд иргэн Батсүрэн гэх хүнийг бүлэглэн зодсон байсан. Тухайн үед зодсон гэх 3 этгээд нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Усан сан өгсөөд явсан байсан бөгөөд хохирогч Батсүрэнг Усан сан дөнгөж өгсөж байхад нь авч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн араас нь явж бариад Согоот-10 хүлээлгэн өгсөн…” гэжээ /хх-31/.

Гэрч Б.Буянзаяа мэдүүлэхдээ: “...Оюунсуртал надад хэлэхдээ гудамжинд явж байхад хүмүүс архины мөнгө нэхээд байгаа юмаа гарга гээд доромжлоод байхаар нь муудалцаад цаашаа дэлгүүр яваад эргээд ирсэн чинь үүдэнд байж байсан бөгөөд дахин хэл амаар доромжлоод байхаар нь нэгийг нь цохиод унагаасан гэж хэлсэн...” гэжээ /хх-25/.

Шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүдээс зүүн эрхий хурууны хугарал гэсэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хоёр хөмсгөнд шарх, хамрын нурууны хугарал зулгаралт гэсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэхүү гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ /хх-44/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ¹13676 дугаар акт:

“Н.Батсүрэнд зүүн эрхий хурууны хугарал, хоёр хөмсгөнд шарх, хамрын нурууны хугарал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ /хх-37/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78-84/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, хохирогч Н.Батсүрэнд хохирлын мөнгө /380.000 төгрөг/ хүлээлгэн өгсөн баримт /хх-163/, мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн буюу хохирол төлбөрт нийт 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт болон хохирогч Н.Батсүрэнгийн шүүхэд гаргасан  “...М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нараас эмчилгээний мөнгө /төлбөр/-өө бүрэн гаргуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нар нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 2016 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00:00 цагаас 01:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84-ийн автобусны буудлын орчимд хохирогч Н.Батсүрэнг шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 13676 дугаар акт, шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нар нь хохирогч Н.Батсүрэнд учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Н.Батсүрэн нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэснийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Оюунсуртал, Боржигон овогт Мөнхбатын Маналжав, Боржигон овогт Баттулгын Баяртөгс нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нарт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Оюунсуртал, М.Маналжав, Б.Баяртөгс нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч М.Оюунсурталын засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст, шүүгдэгч М.Маналжавын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст, шүүгдэгч Б.Баяртөгсийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус даалгасугай.  

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

           

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН