| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Шүүгдэгч Г.Ц,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ын Ц-д холбогдох 2402000910396 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт автозамын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай цэвэр жин нь 615,4 грамм бодисыг биедээ нууж импортолсон,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ... тоотод байхдаа бусдад зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай бодисыг худалдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ц-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Амьдралын аргагүй байдлаар ийм хэрэг хийсэн нь үнэн. Охиндоо эмчилгээ хийлгэх зорилгоор ийм хэрэг хийсэн (уйлав). Охин маань одоо эмчилгээ авахаасаа өнгөрсөн. Эцсийн шатандаа орсон. Бид 2 хүнд тариа хийлгээд гэртээ байж байгаа. Гэхдээ ийм хэрэг хийсэн нь миний буруу гэв.
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өнөөдөр Батаа гэх манай хуурай дүүгийн билльярдын газарт байж байгаад Б буюу Б гэж дууддаг хуучин хуурай дүүтэй таараад уулзалдсан. Би өмнө нь Бгийн компанид цагаан хаданд олон жилийн өмнө талбайн инженерээр ажиллаж байсан. Уулзаад юм яриад сууж байхад надаас мими зарж байгаа хүн байна уу хэрэглэмээр байна гэж асуусан. Би Ц гэх эмэгтэй зарж байгаа талаар хэлэхэд авъя гэж хэлсэн. Ц-тай ... дугаар руу нь өөрийнхөө дугаараас залгахад мими байгаа гэрийн гадаа ирээд авчих гэж надад хэлсэн. Бд би мими байна явчихаад ирье эндээ байж байгаарай гэж хэлээд өөрийнхөө машинтайгаа ...д байх гэрийнх нь гадаа очоод мөнгийг нь буцаагаад шилжүүлье гэж хэлж уулзаад дансны дугаарыг нь аваад нэг гялгар ууттай мимиг мөнгөлөг цаасны хамт аваад буцаад билльярдын газар руу явсан. Тэндээ очоод Б дүүд мими гэх бодисыг нь өгөөд Ц-гаас авсан дансны дугаарыг нь хэлж өгөөд 80,000 төгрөгийг нь Б интернет банкаараа шилжүүлсэн. Дараа нь Б захиргаа орох ажилтай байна яаралтай ажил гарчихсан яарч байна гэхээр нь мөнгөлөг цаасан дээр тавьж шатаагаад Б-г сорсны дараа би ганц хоёр удаа сорсон. Б үлдэгдэл юм аа аваад яваад өгсөн ийм л асуудал болсон. Манайх хуучин ...д байдаг байсан. Бие биенийгээ мэддэг болоод удаж байгаа нэг гудамжинд ойролцоо хашаанд амьдардаг байсан. Одоогоос жил гарангийн өмнө байх Ц-тай аймагт таарахад мими байгаа зарж байгаа шүү хүмүүст хэлээд өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш мими зарж байгааг нь мэдээд тус болчих санаатай тогтмол харилцаатай байгаа. Хүмүүс мими асуухаар нь би Цтай нэг бол холбож өгдөг эсвэл өөрөө очоод авч өгдөг байсан. Одоо бол 80,000 төгрөгөөр 10 грамм мими гэх бодисыг зарж байгаа. Мимиг хятадын 2000 оны эхээр нээгдсэнээс хойш мэддэг болсон. Хятадууд өөрсдөө их хэрэглэдэг байсан. Тэндээс анх мэдээд сүүлийн 1 жил гарангийн хугацаанд хүмүүст Ц-гаас авч өгөөд олуулсан хүмүүс нь хэрэглэх үү гэхээр нь хааяа хэрэглэдэг. Хүмүүс сэргээшний төрлийн үйлчилгээтэй гэдэг. Миний хувьд тухайн бодисыг хэрэглэхэд онцын мэдрэмж төрдөггүй... 2024 оны зун ажил дээрээ байж байсан чинь манай найз Б ирээд Г ах мими зарж байгаа хүн байна уу гэхээр нь би Ц-д байна гэсэн чинь Б та яваад аваад ир би мөнгийг нь өгье гээд би Ц-гаас очиж авсан. Тэгэхэд л анх удаа авсан. Дараа дахиж аваагүй. Би цаг хугацааг нь сайн санахгүй байна, өмнө нь би мэдүүлэг өгөхдөө цаг хугацааг нь тодорхой хэлсэн байгаа.” (1 дүгээр хавтаст хэргийн 59-61, 66-67 дахь тал)
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Мими гэх бодисыг ер нь мэддэг юм. Би өөрөө сахрын өвчтэй бөгөөд тухайн бодисын шатаад үлдсэн үнс, баасыг бүлээн усанд найруулаад ууж хэрэглэвэл сахрын өвчинд сайн гэж хүмүүсийн дам ярианаас сонссон. Тэгээд би 2024 оны 02 дугаар сараас хойш Ц-гаас 1 удаа авч хэрэглэж үзсэн. Харин саяхан 2-3 хоногийн өмнө Цгаас 30.000 төгрөгөөр худалдаж авч хэрэглэсэн. Тухайн бодисыг хэрэглэж үзэхэд миний сахрын өвчний хувь багасаж өлсөхгүй байсан. Би өвчиндөө болоод сайн гэсэн бүх зүйлийг хэрэглэж үзэж байна. Ц-тай утсаар холбогдоход надад данс өгсөн. Тэгээд би сүүлд 30,000 төгрөгөөр АТМ-р Ц-гийн өгсөн дансанд шилжүүлсэн. Би Мими гэх бодисыг Ц-гийн гэрээс очиж авсан. Тухайн бодисын хэлбэр хэмжээний хувьд нутаг цагаан өнгийн бодис байсан. 2024 оны 02 дугаар сараас хойш 1 удаа 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Тухайн үед би дансаар 20,000 төгрөгийг Ц-гийн Хаан банк шиг санаж байна дансанд би өөрийн Хаан банкны ... тоот данснаас шилжүүлж байсан. Тухайн үед гүйлгээний утга нь дээр юу гэж бичиж байснаа санахгүй байна... Би 2024 оны 08 дугаар сард Мими гэх зүйлийн баас нь сахрын өвчинд сайн гэхээр нь Цгаас 20,000 төгрөгөөр нэг удаа авсан, тэгээд сахрын хэмжээнд нөлөө үзүүлээгүй болохоор дахиж аваагүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 70-71, 75-76 дахь тал)
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай RX 450 загварын тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймаг руу ганцаараа хөдөлсөн. Аймагт орж ирээд захиргаан дээр ирэхэд цайны цаг болж байна цайны цагийн дараа ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь 10 жилийн сургуулийн баруун талд найзындаа очиж цай уугаад сургуулийн араар явж байхад Г гээд хуучны танил ах байшингийнхаа хажууд сууж байгаа харагдахаар нь машинтай очоод мэнд ус мэдээд уулзсан. Уулзаад би мими татаж байгаа гэж хэрэглэх зорилгоор Г ахаас асуухад энд байгаа Ц гэх хүн байдаг, чи наашаагаа ороод ир гэсэн авах уу гэхээр авъя гэж хэлсэн. Билльярдын газрын хашаанд нь ороод машин тавиад билльярдын газар руу нь ороход Г ахаас гадна зүс мэдэх нутгийн хоёр хүн тухайн газарт байж байсан. Надад цай хийж өгөөд уугаад сууж байгаарай би миминд явчхаад ирье гээд яваад өгсөн. Удалгүй орж ирээд цагаан гялгар ууттай юм надад өгөөд Хаан банкны Ганболд Н гэх нэртэй ... данс руу 80,000 төгрөг хийчих гэхээр нь өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас гүйлгээний утган дээр нь орлого гэж бичээд шилжүүлсэн. Г ах тухайн ууттай миминээс бор өнгийн жижигхэн шил рүү хийж аваад үлдсэн цаасан ууттайг нь надад мөнгөлөг цаасны хамт өгсөн. Би тэндээс мөнгөлөг цаасыг нь урж дээр нь мимигээ тавьж доороос нь шатаагаад тухайн Г ахын билльярдын газарт нь хуульсан мөнгөн дэвсгэрт байхаар нь хоёр гурван удаа сорчхоод Г ахад өгөөд Г ах бас сорсон. Нөгөө хоёр зүс таних нутгийн хүмүүс бол тухайн мими бодисыг хэрэглээгүй цаахан талд суучихсан хоорондоо юм яриад байж байсан. Би цайны цаг дуусахаар нь явлаа нутгийн захиргаа орлоо ажил хөөцөлдөж байгаа юм гэж хэлээд үлдэгдэл мимигээ тугалган цаастай авч гараад халаасанд хийх гэсэн уут нь урагдчихаар нь машиндаа суугаад хөдөлж байгаад зам дээр хаячихсан... Г ах надаас мими сорох уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлэхэд Г ах аваад ирье гэж хэлээд явсан. Удалгүй Г ах буцаж ирэхэд нь би билльярд дээр байж байсан чинь надад халааснаасаа жижиг зиплок ууттай мими гаргаж өгөөд, мөнгийг нь энэ данс руу хийчих гэж хэлээд нэг дансны дугаар өгөхөөр нь би 80,000 төгрөг шилжүүлсэн. Тэр данс нь харин Ц гэх хүний данс байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 79-81, 84-85 дахь тал)
Шүүгдэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “Би урьд өмнө энэ мими гэх нэршилтэй цагаан өнгийн бодисыг худалдан борлуулж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан учраас энэ зүйлийг мэднэ. Сая манай гэр буюу Даланзадгад сум 7 дугаар баг ... тоот байшинд нэгжлэг хийж хураан авсан цагаан өнгийн мими гэх зүйлийг би өөрөө 2024 оны 05 дугаар сарын эхээр сар өдрийг нь санахгүй байна, ганцаараа урагшаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад хилийн боомтоор Бүгд Найрамдах Хятад ард улсын хилээр нэвтэрч гараад энэ мими гэх бодисоос 800 граммыг монгол мөнгөөр 4,000,000 төгрөгөөр худалдаж аваад гялгар уутанд хийж, өөрийн биедээ скочоор наагаад Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Тэгээд хилээс шууд Даланзадгад хотод 800 грамм мимигээ авчраад аймгийн төвд таньдаг хүмүүсээрээ дамжуулж 10 граммаар зиплок түгжээтэй гялгар уутанд савлаж 80,000-100,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ойролцоогоор 400 грамм орчмыг нь бага, багаар худалдаж борлуулаад үлдэгдэл нь манай гэрээс хураагдсан. Энэ мөнгөө би охин Г-гээ Энэтхэг улсад 100 сая төгрөгийн хагалгаа, эмчилгээнд зарцуулахаар хуримтлуулж байгаа. Миний Г нь одоо 10 настай төрөлхийн 4 мөчний саажилт буюу ДЦП, С80 оноштой хүнд хэлбэрийн саажилттай, байнгын асаргаа сувилалд байдаг өөрөө бие дааж ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй учраас би охиноо хараад гэртээ байдаг. Уг өвчнийг нь Энэтхэг улсад мэдрэлийн ёзоорын хагалгаанд орж үе мөчөө өөрөө хөдөлгөж хөдөлгөөнд оруулах боломжтой гэж хэлсэн. Би охины Монгол Улсын бүхий л сайн гэсэн хүн, эмч, эмнэлэг, сувиллаар явсан боловч үр дүнгүй эмчилгээ байхгүй гэсэн хариу өгсөн. Ийм учраас л би одоо охиныхоо эмчилгээнийхээ төлбөрийг олохын тулд ийм зүйл хийж амьдарч байна... Манай аймагт уг мими гэх бодисыг намайг худалддаг талаар бүгд мэддэг байх тэгээд янз бүрийн утаснаас миний ... дугаарын утас руу залгаад “юм авъя" гэж хэлээд манай гэрт ирээд худалдаж авдаг учраас яг хэн хэн гэдэг хүнд хэдий хэмжээтэйг худалдаж борлуулснаа хэлж мэдэхгүй байна. Хүмүүс ихэнхдээ мөнгөө бэлнээр барьж ирээд авдаг, би мимиг 10 граммаар савлаад, дээр нь тавьж шатаах тугалган цаасыг нугалж бэлтгээд хамт өгдөг. Тугалган цаасыг нь бол зардаггүй, зүгээр дагалдуулж өгдөг. Төлбөрөө бол бэлнээр авдаг, дансаар авдаггүй. Үүнийгээ зарж олсон мөнгөө би 10 настай охин Ггийн нэр дээрх Хаан банкны хадгаламжийн данс руу хийчихсэн. Манай хашаанд гэрийн хажууд барьж байгаа байшинг миний том охин Н Солонгос улсад ажиллаад энэ байшинг түрээсийн байр болгох зорилгоор бариулж, би барилгын ажилд оролцож туслалцаж байгаа... Би урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр орсон тул Мими бодисыг улсын хилээр нэвтрүүлэх, худалдан борлуулах зэргийг хууль бус гэмт хэрэг гэдгийг сайн мэддэг ба асаргаанд байдаг охиноо эрүүл саруул болгохын тулд энэ зүйлийг хийхээс өөр надад арга байгаагүй.Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 94-95, 98-99 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4384 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 3 ширхэг, тугалган цаас 14 ширхэг, №2 гэж дугаарласан уутанд цагаан, хар өнгийн нунтаг зүйл, №3 гэж дугаарласан уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 5 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 3 ширхэг, тугалган цаас 14 ширхэг, №2 гэж дугаарласан уутанд цагаан, хар өнгийн нунтаг зүйл, №3 гэж дугаарласан уутанд зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 5 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарласан гялгар уутанд цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрээс /Caffeine/ илэрч байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №1-1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,5 грамм, цэвэр жин нь 9,2 грамм, №1-2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,3 грамм, цэвэр жин нь 8,9 грамм, №1-3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 9,5 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 109,6 грамм, цэвэр жин нь 103,5 грамм, №3- 1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 9,4 грамм, №3-2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,3 грамм, цэвэр жин нь 9,0 грамм, №3-3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 9,4 грамм, №3-4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,3 грамм, цэвэр жин нь 9,0 грамм, №3-5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 9,3 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 206,3 грамм, цэвэр жин нь 200,0 грамм, №5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 245,0 грамм, цэвэр жин нь 238,2 грамм болов.” (1 дүгээр хавтаст хэргийн 125-131 дэх тал)
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1058 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Г.Ц нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Ц нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Ц нь мансууруулах болон сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал)
Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал)
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл, мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал)
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1496 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал)
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1679 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал)
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ... тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 32-37 дахь тал)
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ц-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь миний буруу, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт автозамын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай цэвэр жин нь 615,4 грамм бодисыг биедээ нууж импортолсон,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ... тоотод байхдаа бусдад зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай бодисыг худалдсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэрч Д.Г-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-61, 66-67 дахь тал), гэрч Б.О-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71, 75-76 дахь тал), гэрч Б.Б-ы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-81, 84-85 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4384 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 125-131 дэх тал), Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1058 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал), Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1679 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал), Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1679 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал), 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ... тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 32-37 дахь тал), 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Г.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг гарах үед 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна”, 15 дугаар зүйлийн 15.9.3-т “Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно.” гэж,
“Зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.” гэж тус тус хуульчилжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1496 дугаартай “...“Caffeine” бодисыг Лайсмед мэдээний сангаас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шалгахад “Caffeine” агуулсан нийлмэл найрлагатай үндэсний үйлдвэрийн 5 нэрийн эм, импортын 20 нэрийн эм, 3 нэрийн эмийн түүхий эд бүртгэлтэй байна...” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал)-ээр “Caffeine” бодис нь эмийн түүхий эд болох нь тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, улмаар тус өдөр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 61 дүгээр зүйлд хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болж, уг хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагааны төрөлд эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг хамааруулж, хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд энэхүү төрлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл олгохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт автозамын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай цэвэр жин нь 615,4 грамм бодисыг биедээ нууж импортолсон болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-95, 98-99 дэх тал), шүүхийн хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ... тоотод байхдаа бусдад зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай бодисыг худалдсан болох нь гэрч Д.Г, Б.О, Б.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1496 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал), эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1679 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал), 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ... тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 32-37 дахь тал), 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал) болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр эмийн түүхий эдийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан болох нь хангалттай тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Ц нь эмийн түүхий эдийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд эмийн түүхий эдийг импортлох, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нотлогдсон тул үргэлжилсэн үйлдлээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр эмийн түүхий эд болох каффейн (caffeine)-ийн агууламжтай бодисыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт автозамын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр биедээ нууж импорторлож, улмаар худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь манай хүүхэд эцсийн шатандаа хүрсэн байгаа, гэрээр морфины өгөгдлийн тариаг хийлгэж байгаа. Өөр харах хүн байхгүй тул хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Ц-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг өргөжүүлж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц-д холбогдох гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Ц-г үргэлжилсэн үйлдлээр эмийн түүхий эдийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдээ асарч, халамжилдаг хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ц-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок түгжээтэй гялгар ууттай гялгар уутны хамт нийт 615,4 грамм хэмжээтэй нунтаг цагаан өнгийн зүйл, хуйлж дөрвөлжин болгосон 14 ширхэг тугалган цаас, ягаан өнгийн цахилгаан жин мэт зүйлийг устгах, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, нийт 120,000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгаж, СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтаар зиплок түгжээтэй гялгар ууттай гялгар уутны хамт нийт 615,4 грамм хэмжээтэй нунтаг цагаан өнгийн зүйл, хуйлж дөрвөлжин болгосон 14 ширхэг тугалган цаас, ягаан өнгийн цахилгаан жин мэт зүйл (2 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал) хураагдсан талаар бичигдсэн байх боловч мөрдөгчийн “хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал) зэрэг баримтад хэрэгт дээрх эд зүйлээс гадна 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, нийт 120,000 төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан болох нь тогтоогдсон тул улсын яллагчийн энэ талаарх гаргасан дүгнэлтийг хангаж, яллах дүгнэлтийн хавсралтад заасан эд мөрийн баримтын жагсаалтыг зөвтгөж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр эмийн түүхий эдийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ц-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок түгжээтэй гялгар ууттай гялгар уутны хамт нийт 615,4 грамм хэмжээтэй нунтаг цагаан өнгийн зүйл, хуйлж дөрвөлжин болгосон 14 ширхэг тугалган цаас, ягаан өнгийн цахилгаан жин мэт зүйлийг устгах, 20,000 (хорин мянга) төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 10,000 (арван мянга) төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5000 (таван мянга) төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, нийт 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг улсын орлогод оруулахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ