Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/46

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,    

Шүүгдэгч Б.Б,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Б-ийн Б-д холбогдох 2528000000018 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байранд иргэн Б.М-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой хэсэг рүү нь гар утсаар цохиж духанд нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.   

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед гэрийн баруун талд 2 гудамжны цаана байдаг худгаас ус авах гээд машинтайгаа явсан. Замд нэг танихгүй ах гар өргөхөөр нь би зогссон. Намайг тэр ах хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэр ахын гэр худгийн хажуу талын хашаа байсан. Ах нь ажилдаа явах гэсэн чинь гэрт хоёр хүн архи уугаад явахгүй байна, чи ахыгаа авч явах гэж байгаа юм шиг гэрт ороод энэ хоёр хүнийг явуулаад өгөөч гэж гуйсан. Би тэр ахын гэрт ороод ахыг би авах гэж ирлээ, гэрийг нь түгжмээр байна гэж хэлсэн. Гэрт байсан согтуу хоёр ах хашааны гадаа гарч ирээд төвд хүргээд өгөөч гэж надаас гуйсан. Би нөгөө хоёр ахыг машиндаа суулгаад төвд /... билүү/ байрны 4 давхарт гартал намайг орж цай уугаад гар гэж хэлэхээр нь би гэр рүү нь орсон. Намайг гэрт ороод цай уугаад сууж байтал 1 согтуу ах нь утсаа өгч бай гадаа такситай уулзчихаад ирье гээд миний гар утсыг аваад гарсан. Нөгөө ах буцаж орж ирэхдээ миний гар утсыг барьцаанд тавьсан гэж хэлж орж ирсэн. Би нөгөө хоёр согтуу ахаас гар утсаа авъя гэж хэлтэл чиний гар утсыг барьцаанд тавьсан, одоо машиныг чинь тавина гэж хэлсэн. Гэрт надтай цуг байж байсан ах өшиглөчих үү гэж миний өөдөөс хэлсэн. Би юу гэсэн үг юм, би саяхан аваарт орсон, миний баруун талын хацар хадаастай байгаа гэж хэлтэл, тэгвэл чиний зүүн тал чинь зүгээр биз дээ гэж хэлээд хөлөөрөө 1 удаа өшиглөж авсан. Нэг сэрээд хартал нөгөө хоёр согтуу ах миний нүүрийг угааж байсан... Би духандаа 5-6 оёдол тавиулсан. Одоо толгой их өвдөнө, үе үе толгой эргэнэ, хоёр бөөр, нуруу өвдөнө... 2024 оны 11 дүгээр сард хуучин гар утас 250,000 төгрөгөөр авч байсан. А/51 загварын, шар хавтастай /гэртэй/, дэлгэцийн шилэн наалт нь хагарчихсан байсан. (хавтаст хэргийн 11, 13 дахь тал)   

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би духандаа 5-6 см оёдол тавиулсан, БОЭТ-д очиж оёдол тавиулсан. 7 хоног боолт хийлгэсэн. Тухайн үед толгой их өвдөж, даралт ихсэж, дотор муухайрч, толгой эргэсэн зовуурьтай байсан тул эмчилгээний зардалд Б-аас 500,000 төгрөг авч эм тариа авч, эмчилгээндээ бэлнээр зарцуулсан тул гаргаж өгөх барим байхгүй. Б надаас уучлалт гуйж, эмчилгээний зардлын 100 хувь өгч барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед А буюу А миний гар утсыг таксинд 0,75 литрийн 1 шил архины оронд тавьсан, би тэр авсан архийг нь цуг хувааж уусан болохоор би А-аас 60,000 төгрөг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 16 дахь тал)  

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа яваад 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа бууж ирсэн. Намайг ажил дээр байж байхад манай нөхөр 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед миний утас руу залгаад би хүнд зодуулчихлаа, миний утсыг зодсон хүн таксинд тавьчихсан байна гэж ярьсан. 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед манай нөхөр анх над руу утсаар залгаж ярихдаа миний утсыг намайг зодсон хүн таксинд тавьчихсан байна гэж л хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 10 цагийн үед би нөхрийнхөө утас руу залгахад нэг танихгүй эрэгтэй хүн авсан. Би яахлаараа манай нөхрийн утсыг та авдаг билээ гэж асуусан. Манай нөхрийн утсыг авсан хүн надад би таксины хүн байна. Танай нөхөр чинь 1 шил архины М-д утсаа тавьчхаад явсан гэж хэлсэн. 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр нэг танихгүй дугаараас над руу залгаад нөгөө таксийг хайж явж байгаад утсаа 60,000 төгрөгөөр авлаа гэж ярьсан. Манай нөхөр хаанаас, яаж гар утсаа олж авсан талаар надад яриагүй. Манай нөхөр А/51 загварын хуучин гар утас 2 жилийн өмнө хүнээс худалдаж авсан.” (хавтаст хэргийн 18 дахь тал)

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Б.М-ийг танихгүй. Намайг 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед таксинд явж байхад миний утас руу нэг залуу залгаад та таксинд явж байна уу гэж асуусан. Би тэр залууд таксинд явж байна гэж хэлсэн. Тэр залуу намайг дэлгүүр ороод 0,75 граммын 2 шил архи, 1 ундаа аваад ирээч гэж хэлсэн. Би дэлгүүр орж тэр залуугийн хэлсэн зүйлийг аваад ... дүгээр байрны гадаа машины зогсоол дээр очсон. Би нөгөө залуугийн залгасан утас руу залгаад такси ирчихлээ гэж хэлтэл төд удалгүй ... дүгээр байрнаас нөгөө залуу гарч ирсэн. Би тэр залууд чиний захисан юм, таксины мөнгөтэйгөө нийт 60,000 төгрөг болсон гэж хэлтэл тэр залуу надад шар хавтастай, А/51 загварын, дэлгэц нь цуурсан гар утас өгчихөөд, би маргааш 60,000 төгрөгөө өгөөд утсаа авна гээд явсан. 2024 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ... билльярдын газар тоглож байхад нөгөө залуугийн надад үлдээсэн утас руу М гэх залуу залгаад ирж 50,000 төгрөг өгөөд гар утсаа авсан. Анх утсаа надад 60,000 төгрөгийн оронд тавьсан хүн М гэх хүн биш байсан, өөр хүн байсан.” (хавтаст хэргийн 20 дахь тал)

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг 2024 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед гэртээ байж байхад манай найз М миний утас руу танихгүй дугаараас согтуу залгаад намайг ирээд аваадхаач гээд байсан. Би М-ий байгаа газрыг хайж байж ... дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс ирж авсан. Би тухайн үед ... дүгээр байр гэж мэдээгүй, Мий машиныг унаад М-ийг гэрт нь хүргэж өгсөн. М тухайн үед надад хүнд зодуулсан гэж хэлээгүй, шатнаас унасан гэж хэлээд машиндаа орж ирээд хэвтээд өгсөн. Би эмийн сангаас боолт авч өгчихөөд гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь гэрээс нь авч эмнэлэг дээр очиж, духан дээр нь оёдол тавиулж боолт хийлгэсэн.” (хавтаст хэргийн 22 дахь тал)

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 17-ны орой би төвд явж байсан чинь М тараад ахаа ганц юм ууя гэсэн. Тэгээд айлд очъё гээд Быг гэрт очиж Быг аваад гурвуулаа манай найз болох Г-ын гэрт очсон. М 2 шил 0,75 граммын Хараа нэртэй архи авсан байсан. Тэр архиа уусан. Тэгээд би 00 орж бие засчихаад удаагүй гараад ирсэн чинь М-ий духнаас цус гарч байсан. Тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь Б наадах чинь явлаа гэхээр нь би утсаа шидсэн чинь духыг цохичихсон гэж хэлсэн. Би М-ий цусыг угаасан чинь М би явлаа гээд гараад явсан.” (хавтаст хэргийн 24 дэх тал)

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Намайг 2024 оны 12 дугаар 17-ны шөнийн 22 цагийн үед гэртээ кино үзэж байхад гаднаас А /жинхэнэ нэрийг мэдэхгүй байна/ М хоёр гэрт орж ирсэн. А намайг машин бариад өгөөч, караоке орох гэсэн юм гэж хэлсэн. Би М-ий машиныг бариад М, А бид гурав хэд хэдэн караоке орсон боловч шинэ жил болох гэж байсан болохоор сул өрөөтэй караоке олдоогүй тул Г-ын гэрт очсон. А, М хоёрын ууж байсан 0,75 граммын тал шилтэй архийг авч Г-ын гэрт ороод А, М, Г бид дөрөв хувааж уусан. А нэг такси руу залгаж, 0,75 граммын 1 шил архи, 1 ширхэг тамхи захисан. А, М хоёр гэрээс гарч таксинд М-ий гар утсыг тавьчихаад ороод ирсэн. Би нэг такси дуудаж, 0,75 граммын 1 шил архи авсан. М их согтоод, үзэх үү, яах уу, би чиний юуг шаасан юм гэж янз янзын юм яриад эхэлсэн. М-ийг газар сууж байхад би орон дээр хэвтэж байгаад М рүү чи юу балайраад байгаа юм гэж хэлээд өөрийнхөө барьж байсан гар утсыг М рүү шидсэн чинь миний гар утас М-ий духан дээр онож, М-ий духнаас цус гарч эхэлсэн. А бид хоёр Мий духнаас гарч байгаа цусыг угаасан.” (хавтаст хэргийн 26 дахь тал)   

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.М-ий биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.М-ий биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 31 дэх тал)  

“Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ӨмЦ-25-29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Samsung A51, 1 ширхэг, үнэ 200,000 төгрөг.” (хавтаст хэргийн 58-63 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйсан гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байранд иргэн Б.М-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой хэсэг рүү нь гар утсаар цохиж духанд нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.М-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.М-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), гэрч Б.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Д.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрч Б.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч Э.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал), “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ӨмЦ-25-29 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-63 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Б.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал)-ээр тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.  

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ы хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ий эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 16 дахь тал) гэж, мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний цалин хөлс бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох тухай дүгнэлтийг, 

Шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 3 (гурав) хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг эдлэх торгох ялаас хасах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбоотойгоор түүнийг суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч С овгийн Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 3 (гурав) хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг эдлэх торгох ялаас хассугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбоотойгоор түүнийг суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-д 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.       

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ