2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

  2025            01            24                                         2025/ШЦТ/265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛС

ЫН НЭРИЙН ӨМНӨӨ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

      Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

      шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД:1141/

      Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Г.Цолмон /ҮД:3179/

            Иргэдийн төлөөлөгч Д.Наранцацрал нарыг

оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржгоно овогт Энхмаагийн Нямдаваа холбогдох эрүүгийн 2408000000141 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ************ төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Халх, Бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Миний сүлжээ дэлгүүрийн хяналтын ажилтан ажилтай, ****************н суух хаягтай /хх-77 дугаар хуудас/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

*****************************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Н нь “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Баярсайханыг хавсарч унагаах идэвхтэй үйлдэл хийсний улмаас пилтан гадаргатай газарт дагзаараа савж унан улмаар амь нас нь хохирсон буюу Э.Нгийн санаатай хийсэн үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй хоорондоо шалтгаант холбоотой, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн

судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Баярсайханыг хавсарч унагаан улмаар амь хохирогч  дагзаараа савж унан амь нас нь хохирсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч нараас шинжлэн судлахаар тэмдэглүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нгийн өгсөн “…маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэг өгсөн “…гомдолтой....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000000264 дугаартай хэргээс:

          Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1

дүгээр тал/,

          Дуудлага мэдээллийн лавлагаа /хх-ийн 19-20 дугаар тал/,

          Аудио бичлэг  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар тал/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 116-117 дугаар тал/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-дугаар тал/,  

          Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-19 тал/,

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг цогцос нь 161 см урттай, толгойдоо үсгүй

халзан, биеийн галбир зөв, мах мариа туранхайдуу, эрхтэн бүрэн, 34 настай гэх эрэгтэй

хүний цогцост үзлэг хийлээ. Үзлэгээр хоёр нүдний зовхи аниастай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, /хх-16-17 дугаар хуудас/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-13-14-р хуудас/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-122 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-131 дүгээр тал/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэгийн: “...Талийгаач нь миний төрсөн хүү бөгөөд эхээс 5 уулаа айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Талийгаач нь 1989 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрж улмаар сургуульд суралцаж 8 дугаар ангиа төгсөөд хоёр жил болоод цэргийн алба хаасны дараа коллежид суралцаж гагнуурчин мэргэжлээр төгссөн. Ингээд надтай хамт өөд болох хүртлээ амьдарч байсан бөгөөд эхнэр хүүхэдгүй байсан. Талийгаач байнга надтай хамт амьдардаг байсан. Талийгаач нь хэрэг болохоос өмнө өдөр нь гэртээ байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 30-ны өглөө гэрээсээ гараад явсан байсан бөгөөд орой би ажлаас 21 цагийн үед ирээд бага дүү болох 9 настай дүүгээс нь ах нь хаашаа явсан талаар асуухад тамхи татах гээд явсан гэж хэлсэн. Би хэдэн цагт гарсан талаар огт мэдээгүй бөгөөд орой цагдаагийн байгууллагаас залгаад танай хүү гэмтэлд ухаангүй байна гэхээр нь гэмтэл эмнэлэгт очиход тархиндаа гэмтэл авсан. Хагалгаанд орох, оруулах шаардлагагүй гэж хэлсэн бөгөөд тэгж хэлсний учир нь эмч нар хагалгаанд оруулах шаардлагагүй гэдэг нь талийгаач хагалгаанд орсон ч амь нас нь аврагдах ямар ч боломжгүй гэж хэлсэн байсан. Тэгээд манай гэрийн зөвшөөрлөөр юу ч гэсэн хагалгаанд оруулаад үзье гэж хэлээд хагалгаанд тухайн шөнө нь орсон. Хагалгаа амжилтгүй болсон учир 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой өөд болсон юм. Би хэрэг болох өдөр талийгаачтай ямар нэгэн байдлаар ярьж уулзаагүй бөгөөд өмнөх өдөр нь уулзсан байсан юм ...миний бие маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 215-217 дугаар тал/,

          гэрч Г.Жавхлангийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ ажилтан Нямдаваагийн хамт хяналтын камераа хараад сууж байхад нэг хүн дэлгүүрийн архины лангуунаас нэг шил архи аваад сугандаа хавчуулаад явахаар би Нямдавааг бариад аваад ир гээд явуулсан юм гэтэл камераар харахад дэлгүүрийн үүдэн дээр Нямдаваа нөгөө хүнтэй зууралдаад байхаар нь би гараад очиход өөдөөс Нямдаваа нөгөө хүнийг тэврээд өргөсөн байдалтай ирсэн тэгээд нөгөө хүнийг хяналтын өрөө рүү оруулан чи яагаад хулгай хийж байгаа юм чи манайхаас өмнө нь хулгай хийж байсан уу гэх зэрэг юм асуугаад дахин өөр юм хулгай хийсэн эсэхийг шалгахаар камер шүүх гэхэд нөгөө хүн зугтах оролдлого хийхэд Нямдаваа нөгөө хүнийг сугадсан маягтай хавсарч унагаасан гэтэл нөгөө хүн пилтан шалан дээр толгойн ар хэсгээрээ унасан тэгээд тэр дороо босож ирэхэд Нямдаваа тэр хүнээс овог нэрийг нь асуухад нөгөө хүн овог нэрээ хэлээд удаагүй доошоо суугаад би унтмаар байна гээд байсан, тэгээд хажуу тийшээ шалан дээр хэвтэхээр нь би наадах чинь хулгай хийсэндээ бантаад худлаа тасарсан дүр үзүүлээд байна хойшоо авч гарч цасаар нүүрийг нь угааж сэргээе гээд Нямдаваа бид 2, хоёр талаас нь сугадаад дэлгүүрийн орлого авдаг хаалгаар гаргаад нүүрийг нь цасаар угаахад болиоч дээ гээд байсан, Тэгээд хажуу тал руу нь тоосго налуулаад суулгахад хурхираад унтаад өгөхөөр нь цагдаа дуудсан. Би тэр хүнд бол гар хүрээгүй, Нямдаваа хавсарч унагаасан, харин зодож цохиогүй... гэх мэдүүлэг /хх-32-33 дугаар тал/,

             гэрч Г.Жавхлангийн дахин өгсөн “...тухайн үед Нямдаваа дэлгүүрийн хяналтын камерын өрөөнд тухайн хүнийг хойноос нь хоёр гараараа тэврээд оруулсан Тэгээд тухайн иргэнийг тавиад би хяналтын камер шүүж үзэж өөр эд зүйл авсан эсэхийг шалгах гэхэд тухайн хүн хяналтын камерын өрөөнөөс гараад зугтаах гэх үед Э.Н араас нь зүүн талын гараас татаж өөр рүү ойртуулаад гараас нь нэг гараараа барьж байгаад баруун хөлөөрөө гэж санаж байна, тухайн хүний хавирахад тэр хүн хойшоогоо буюу ар дагз хэсгээрээ хяналтын камерын өрөөний пялтан шалан дээр унасан. Тухайн үед Нямдаваа тэр хүний биед халдсан учир нь, би дахиж эд зүйл хулгайлсан эсэхийг үзэхээр камер шүүх гэж байхад тэр хүн гарч зугтаахыг оролдсон. Тэр хүнийг камерын өрөөнд оруулж ирээд ямар нэгэн байдлаар барьсан зүйл байгаагүй. Тавьчихсан байсан юм. Тухайн хүн ар дагз хэсгээрээ унасны дараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Ямар нэгэн дуу чимээ огт гаргаагүй. Ойролцоогоор 2-3 орчим минутын дараа толгойны ар дагз хэсгээ барьж босож ирэхээр нь гайгүй юм байна гэж бодсон .. .биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байхаар нь 103 дуудаагүй юм. Тухайн үед тэр хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нь сэргээх гээд Нямдаваа бид 2 хоёр талаас нь сугадаад дэлгүүрийн арын хаалгаар гараад дэлгүүрийн арын хашаанд цасаар нүүр хэсгийг нь угаасан чинь тэр хүн “зүгээр байгаач дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи согтуу байна шүү дээ босооч” гэж хэлэхэд цасан дээр хэвтээд хурхирч эхэлсэн. Тэгэхээр нь би Нямдавааг чи ороод камераа харж бай гэж хэлчхээд тэр хүний хажууд би үлдээд 103-т согтуу хүн хэвтэж байна гэж дуудлага өгөөд цагдаагийн байгууллагад мөн адил утгатай дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

          Гэрч М.Энхтуяагийн: “...тухайн үед би ажил дээрээ байж байтал өдөр 17 цаг өнгөрч байхад жижүүрээ аваад удаагүй байтал 103 -аар 30 орчим насны хүн ухаангүй хүргэгдэж ирсэн. Тухайн хүн Мөнх-Эрдэнэ эмч үзээд эмчилгээ хийж байгаад орой 20 цагийн үед ухаан орохгүй болохоор нь цагдаа дуудаж хаягийг тодруулъя гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн 85589494 дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

          Яллагдагч Э.Нгийн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-т хяналтын ажилтнаар ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Жавхлан гэх хяналтын ахлахын хамт ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгтэл 15 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт хар өнгийн цамцтай, улбар шар, малгайтай, хар тамирын өмдтэй хүн орж ирээд дэлгүүрт хар өнгийн үнэ судалж байгаа юм шиг харж байгаад архины тасгаас виски аваад орох хэсгээр гараад явахаар нь би араас нь очиж зогсоогоод танаас юм тодруулчхаад буцаагаад явуулъя. Та надтай хамт дотогшоо орох хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн миний тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, намайг хэл амаар доромжилж пиздаа минь би орохгүй гэх зэрэг үг хэлээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь би тэр хүний араас нь зүүн гараа суганы доод хэсэг рүү нь оруулаад баруун гараараа мөрийг нь давуулж тэврээд хяналтын өрөө рүү оруулах гээд явж байтал Жавхлан ах өөдөөс гарч ирээд бид хоёрын араас дагаад өрөө рүү явсан бөгөөд тэр үед талийгаачийн баруун сугандаа хийсэн байсан вискиг Жавхлан ах хяналтын өрөө рүү орохоос өмнө авсан. Тэгээд тэр хүнийг хяналтын өрөөнд тэвэрч оруулаад тэр хүнийг тавьсан. Тухайн үед тэр хүн миний баруун гар талд надтай зэрэгцээ байдалтай зогсож байсан. Ингээд зугтах гэхээр нь тэр хүний зүүн гарын бугалга хэсгээс нь сандарсандаа бариад зүүн талын өсгий хэсэг рүү нь өшиглөөд бөгсөөр нь газарт суулгах гэтэл тэр хүн хойшоо саваад пилтан шалан дээр унасан. Тухайн үед би тэгж унана гэж бодоогүй бөгөөд маш их гайхсан. Ингээд тэр хүн шалан дээр ар дагз хэсгээрээ унасны дараа ямар нэгэн зүйл дуугарахгүй гинших чимээ гаргаад байсан. Тэгээд би тэр ахыг яасан босоорой гэж хэлээд цамцнаас нь татаад босгох гээд айж сандраад татахад босохгүй байсан. Тэр үед Жавхлан ах бид 2 өргөөд хана руу түшүүлээд зогсоох гэтэл огт сэрэхгүй байсан. Тэгээд доош хана түшүүлж суулгаад 10-15 минутын дараа өөрөө сэрээд овог нэрийг хэлээд би өмнө нь дэлгүүрээс виски хулгайлж байсан гэж хэлсэн. Тэгээд баруун талын хөл гар ямар нэгэн мэдээгүй болчих шиг боллоо. Би босож чадахгүй байна ш дээ гэж хэлсэн. Тэр үед хяналтын ахлах тамхи татах гээд гарсан бөгөөд тэр үед тэр хүн хяналтын өрөөнд байсан. Би хараад байж байтал хаалга руу мөлхөх гээд оролдож байгаад би унтмаар байна гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгтэл тэр үед хяналтын ахлах гаднаас орж ирээд босохгүй байна гэхэд цасаар нүүрийг нь угаагаад өгье гэж хэлээд би зүүн талын суганаас, Жавхлан ах баруун талын суганаас нь татаад Миний дэлгүүрийн орлогын буюу хойд талын хаалгаар гараад дэлгүүрийн арын талбай хэсэгт дээш харж хэвтүүлээд нүүрийг нь цасаар угаахад болиоч дээ гэж хэлэхээр нь гайгүй байгаа юм байна гэж бодоод тайвшраад би татаж байсан тамхиа өгөхөд нэг сороод дахиж сороогүй. Ингээд хяналтын өрөө эзгүй байсан учраас ахлах намайг ороод сууж бай гэхээр нь би хяналтын өрөө рүү орсон. Тэрнээс өмнө талийгаачийг дэлгүүрийн барилгын тоосгон хана түшүүлж тавиад орсон. Тэгээд би хяналтын өрөө рүү ороод санаа зовоод халуун бүлээн ус аваад очиход тэр хүн ууж чадахгүй байсан. Тэгэхээр нь би хяналтын өрөө рүү буцаж ороод Жавхлан ахлах руу залгаад яаж байгаа талаар асуухад цагдаа дуудсан. Одоо гайгүй байх гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ачаалал ихтэй байсан учраас би хяналтын өрөө рүүгээ орсон ...Надад уншуулж байсан журам дээр хулгай хийсэн хүнийг барьсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тухайн үед тэр хүнийг өрөөндөө оруулаад цагдаа дуудаж хүлээлгэж өгье гэж бодож байсан. Ер нь өмнө нь хулгай хийж байсан хүнийг дандаа өрөө рүүгээ оруулаад учир байдлыг нь тайлбарлаж хорооны байцаагч Дашням болон цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-96 дугаар тал/,

          Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод мэс засал хийгдсэн тухай

баримт /хх-ийн 135-150 дугаар тал/,

          Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай “...Талийгаач С.Баярсайханы цогцост зулайн ар хэсгээс суман болон титэм заадсыг дайрч духны зүүн хэсэг хүрэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доор цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан халсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүрний эдийн цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, авчилт, зүүн хөмсөгт хуучин шарх, дух, уруул, баруун хацар, зүүн хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судалсны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 19 минутад нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 152-163 дугаар тал/,

          Шинжээч эмч М.Золжаргалын: “...Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь зулайн орой ар хэсэгт хүч үйлчилсний улмаас учрах боломжтой. Мөн унах үед зулайн ар хэсэгт цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтлийг авсан үед идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Дээрх гэмтлүүдээс зүүн хөмсөгт шарх гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд бусад гэмтлүүд нь шиж байдлаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаачийн цогцост учирсан баруун уушгины эдийн няцрал, авчилт, уруул, баруун хацар, эрүү хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  "гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ....баруун уушгины эдийн няцрал авчилт гэмтэл нь мохоо зүйлийн цохих , цохигдох, дарагдах, шахагдах зэрэг хүчний улмаас үүсэх боломжтой ба 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эсхүл унах үед доргилт үүссэний улмаас дээрх гэмтэл үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 168-170 дугаар тал/,

          Гэрч Л.Тамираагийн: “...Миний бие 2007 оноос хойш “Миний сүлжээ” дэлгүүрт ажиллаж байгаа бөгөөд одоогоор би менежер албан тушаалд ажиллаж байна. Тухайн үед шинэ жил болох гээд би өглөө ажилдаа ирчхээд ачаалал ихтэй байсан учир касс дээр ажиллаж байсан. Манай өрөө камерын өрөөний хажуу өрөө бөгөөд миний өрөөнөөс камерын өрөөний хана хэсгийн дунд цонхтой юм. Миний өрөөнөөс камерын өрөөнд юу болж байгаа нь харагддаг. Би тухайн үед дандаа касс болон зааланд хүмүүс их байсан учраас тэр хавьд ажиллаж байсан. Тэгээд намайг өдөр кассан дээр сууж байхад хамгаалагч Нямдаваа архи хулгай хийсэн гэх залууг тэврээд хяналтын өрөө рүү явж байсан. Тэгээд би орой 22 цагийн үед ажлаа тараад явсан бөгөөд маргааш өглөө нь Жавхлан надад ажил дээр таарахдаа нөгөө хүн түргэн дуудаад аваад явсан. Цагдаа ирж камер шүүсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар тал/,

          Гэрч Д.Бямбажавын: “...Тухайн үед би орлогын хаалган дээр жимс ногоо акталж байсан бөгөөд тэр үед Нямдаваа, Жавхлан 2 нэг хүнийг чирээд хойд талын хаалгаар гарсан. Би тухайн чирэгдээд явж байгаа хүнийг анзаарч хараагүй бөгөөд хулгай хийсэн хүн амьтан баригдаад гарахгүй болохоор нь гаргаж байгаа юм болов уу? Гэж бодсон ...өмнө нь хулгай хийсэн хүмүүсийг цагдаа дуудаад өгчихдөг. Тэрнээс зодож, цохиж, чирч гаргаж байхыг би хараагүй...” гэх мэдүүлэг хх-ийн 175-176 дугаар тал/,

          Гэрч Б.Сэрдамба: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ~азрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер ажилтай. Тухайн дуудлага мэдээлэл нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний сүлжээ” дэлгүүрийн арын хашаанд согтуу хүн хэвтэж байна гэх мэдээллийг шалгаж дуудлагын дагуу “Миний сүлжээ” дэлгүүрийн арын  хашаанд очиход 30-35 орчим насны хэн болох нь тодорхойгүй, улаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй хүн тухайн дэлгүүрийн арын агуулахын хэсэгт хашлага нуруугаараа түшсэн байдалтай сууж байсан бөгөөд дуудлага өгсөн гэх миний сүлжээ дэлгүүрийн камерын хяналтын ажилтан дэргэд нь хараад зогсож байсан. Тухайн хүний биед миний харснаас зүүн хөмсөгний дээд хэсэгт тав тогтсон хуучин шархтай. Бид өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн хүн нь ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй амьсгалах төдий байсан учир 103-д дуудлага өгч улмаар тухайн хүнийг 103 ирэх хүртэл дулаан хучлагаар хучиж дуудлага өгсөн иргэний хамт байж байгаад 103-т хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-180 дугаар тал/,

          Шинжээч эмч М.Золжаргалын дахин өгсөн: “...Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүдийг дүгнэлтэд дурдсан бөгөөд зүүн хөмсөгт зулгарсан шарх нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Цогцост учирсан зүүн хөмсөгт учирсан шарх гэмтлээс бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний баруун дунд хэсэгт 10x5,0 см бор шаргал өнгийн цус хуралт гэмтэл нь уушгины эдийн няцрал гэмтэлтэй шалтгаант холбоотой байж болно. Дээрх цээжинд учирсан цус хуралтын өнгөний байдлаас үзэхэд хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Цогцост учирсан уушгины эдийн няцрал, ачилт гэмтэл нь цээжинд хүч үйлчилж даралтын улмаас дээрх гэмтэл учрах боломжтой ба цээжийг шахах, дарах, цохих зэрэг хүний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уушгины эдийн няцрал авчилт гэмтэл нь бусад гэмтэл уруул, баруун хацар, цээж, зүүн гуя, зүүн хөмсөгт учирсан шарх гэмтэлтэй шалтгаант холбоогүй ...цогцост учирсан уушгины эдийн няцрал авчилт, зүүн хөмсөгт учирсан шарх гэмтлүүдээс бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 192-194 дүгээр тал/,

          Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн: “...Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт

хүний их эмчээр ажилладаг бөгөөд эмнэлгийн байгууллагад 18 гаран жил ажиллаж байна ...Тухайн иргэнийг үзэхэд ухаангүй, бүтэн биеийн үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн даралт бага, цочролд хариу урвал байхгүй байсан. Тухайн хүний хүзүү хэсэгт эдгэж буй маажсан гэмээр шархтай, зүүн хөмсөгт хуучин зулгаралт бүхий шархтай, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн иргэнд даралт өсгөх, үрэвслийн эсрэг шингэн залгаж тархины цусан хангамж сайжруулах тариа хийж үзэхэд ухаан орохгүй байхаар нь цагдаагийн байгууллага руу залгаж ар гэрийг нь тодруулсан. Улмаар тухайн иргэнийг гэмтэлтэй байж магадгүй гэж үзээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн машинаар миний бие сувилагчийн хамтаар хүргэж өгсөн. Гэмтэл согог судлалын төвд очиж томографт харуулахад тархиндаа битүү гэмтэлтэй байсан учраас хагалгаанд орох шаардлагатай гээд Гэмтэл согог судлалын төвд үлдээсэн ...Гэмтэл согог судлалын төвд очиж томографикийн зураг авхуулах гэж хэвтүүлэхэд зүрхний үйл ажиллагаа доголдож, амьсгал тасалдаад эхлэх үед гэмтлийн эмч болон миний бие цээж шахалтыг 2-3 минут орчим хийхэд зүрхний цохилт сэргэж мөгөөрсөн хоолой хоолойнд байрлуулж шинжилгээнд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар тал/,

          Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаартай “...Э.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Н нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна ...Э.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Э.Нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-204-206 дугаар тал/,

          Гэрч Б.Тэмүүжиний: “...миний бие Гэмтэл согог судлалын төвд хүний их эмч ажилтай.

Тухайн ажлыг одоо 3 дахь жилдээ хийж байна. Тухайн орой Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч өвчтөнийг тээвэрлэж авч ирсэн. Өвчтөнийг үзэхэд биеийн байдал маш хүнд ухаангүй, орчиндоо харьцаагүй, асуусан асуултад хариулахгүй, команд биелүүлэхгүй, амин үзүүлэлт тогтворгүй, амьсгалын аппараттай байсан. Тухайн иргэнийг оношийг нь яаралтай тодруулах зорилгоор толгойн томографикийн шинжилгээ хийхэд гавал тархиндаа хүнд гэмтэл, тархины няцралын хүнд зэрэг, тархины баруун талд бөмбөлгийн хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх цусан хураатай, тархи дарагдалттай, тархины хоёр тал бөмбөлөг болон суурь хэсгээс тархмал их хэмжээний няцралтай, тархи хавантай, аалзан  бүрхүүлийн доор тархмал цус харвалттай, гавлын яс зулай орой хэсгээс дух, дагз руугаа үргэлжилсэн хугарал онош тодорсон. Өвчтөнийг яаралтай журмаар амь насны заалтаар тархины баруун талд бөмбөлөгт хурсан хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийгдсэн. Тухайн хагалгааг хийсэн ч амьдралд үл нийцэх гэмтэл авсан байсан. Энэ нь амьд үлдэх боломжгүй гэсэн үг юм. Тухайн гэмтлүүд нь унах, цохих, цохигдох үед үүссэн байж болно. Тухайн хүний зүүн нүдний дээд хэсэгт хуучин тав тогтсон сорвитой байсан. Уруул, дух, хацар хэсэгт тав тогтсон шархтай байсан. Өөр ямар нэгэн харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 223-224 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Н нь “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Баярсайханыг хавсарч унагаах идэвхтэй үйлдэл хийсний улмаас тэрээр дагзаараа савж унан улмаар амь нас нь хохирсон болох нь гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,дуудлага мэдээллийн лавлагаа /хх-ийн 19-20 дугаар тал/, аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 116-117 дугаар тал/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-19 тал/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17 дугаар хуудас/, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-13-14-р хуудас/,камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-122 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-131 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэгийн гэх мэдүүлэг /хх-ийн 215-217 дугаар тал/, гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг /хх-32-33 дугаар тал/, гэрч М.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод мэс засал хийгдсэн тухай баримт /хх-ийн 135-150 дугаар тал/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт /хх-ийн 152-163 дугаар тал/, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 168-170 дугаар тал/, гэрч Б.Сэрдамбын мэдүүлэг /хх-ийн 178-180 дугаар тал/, шинжээч эмч М.Золжаргалын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 192-194 дүгээр тал/, гэрч Ц.Мөнх-Эрдэнийн гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар тал/, Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /хх-204-206 дугаар тал/, гэрч

Б.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-ийн 223-224 дүгээр тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор гэмт хэрэг  төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “хулгай хийчхээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Баярсайханыг хавсарч унагаах идэвхтэй үйлдэл хийсний улмаас амь хохирогч дагзаараа савж унан улмаар түүний амь нас нь хохирсон буюу Э.Нгийн хавсарч унагаасан үйлдлийн улмаас амь хохирогч хойшоо савж унасан улмаар тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь амь хохирогчийн үхлийн шалтгаантай шууд холбоотой юм.

Шүүгдэгч Э.Нгийн энэ үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдсан, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэлээ.

Иймд, хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт  Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /хх-204-206 дугаар тал/ авагдсан байх ба дүгнэлтээр шүүгдэгчийг “...гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна ...Э.Н нь хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Э.Нд эмнэлгийн чанартай

албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх” гэж дүгнэсэн байна.

Хууль зүйн онолын хувьд хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн гэм буруугийн

санаатай үйлдлийн улмаас үйлдэгддэг ба хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч

нь амь хохирогчийн амь насыг хороох шууд санаа сэдэлгүйгээр түүнийг хавсарч унагаасан

хэдий ч уг үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон.

 Шүүгдэгч нь түүний хууль бус үйлдлийн улмаас бусдад аюул учирч болзошгүй гэдгийг ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх бөгөөд уг үйлдэл амь хохирогчийн үхэл хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Э.Нг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгч Э.Н нь гэрч Г.Жавхлантай бүлэглэн С.Баярсайханы  амь насыг хохироосон гэрч Г.Жавхланг энэ хэрэгт шалгах шаардлагатай гэх байр суурийг илэрхийлсэн ба шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэж байна.

Нэгдүгээр хавтаст хэргийн 122-131 дүгээр талд шүүгдэгч Э.Нгийн ажиллаж байсан дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх ба 125 дугаар талд амь хохирогч нь архины тасгаас авсан бор өнгийн шилтэй зүйлийг баруун талын халаасандаа хийж улмаар дэлгүүрийн орох хэсгээр гарч явсныг шүүгдэгч Э.Н тэвэрсэн байдалтайгаар дэлгүүрт буцаан оруулсан нотлох баримт авагдсан, гэрч Г.Жавхлан “амь хохирогчийг дэлгүүрийн лангуунаас архи зөвшөөрөлгүй авч гарсан, түүнийг саатуулах үед зугтах оролдлого хийсний улмаас шүүгдэгч саатуулах санаа сэдлээр түүнийг хавсарч унагаасан” гэх  мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Дээрх нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад шууд хамааралтай буюу шүүгдэгчийн гэмт үйлдэлд амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэл бүхий юм.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс, цалингийн зээл төлөлт   нийт 37,028,590 /гучин долоон сая хорин найман  мянга таван зуун ер/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 92.195.000 төгрөг тус тус нэхэмжлэв.

Үүнээс шүүх баримтаар нэхэмжилсэн нийт 28,800,000 /хорин найман сая найман

зуун мянга/-н төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэл бүхий гэж дүгнээд өмгөөлөгчийн

зардал болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй

болгож амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн хохирлын баримтад дүгнэлт хийхэд нийт 34.718.875 /гучин долоон сая долоон зуун арван найман мянга найман зуун далан тав / төгрөгийн баримт байх  бөгөөд энэ нь цалингийн зээл 5.034.840 төгрөг, оршуулгын багц 5.059.000 төгрөг, 23.334.840 төгрөгийн хүнс болон эд зүйлс, хийдэд ном уншуулсан гэх мэт амь хохирогчийн буяны ажилтай холбоотой баримтууд байв. Шүүх, цалингийн зээлээр авсан эд зүйлс нь хүнс болон эд зүйлийн баримттай  давхцаж тооцогдоно гэж үзсэн тул  баримтаар 18.300.000 төгрөг /2хх-73-83 тал/ баримтгүй 10.500.000 төгрөг /2хх-72 тал/ нийт 28.800.000 /хорин найман сая найман зуун мянга / төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Дээрх 18.300.000 төгрөгийн зарим баримтын зарим хэсэг нотлох баримтын шаардлага хангаагүй, амь хохирогчийн оршуулгын үйл ажиллагаатай хамааралтай эсэх нь бүрэн тодорхой биш хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан баримтууд нь зан үйлийн шинжтэй гарсан зардлууд байх ба энэ талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлоогүй  зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэн хэдий ч  амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан  болохыг тэмдэглэж  байна.

Шүүгдэгч Э.Н  нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны

шатанд нийт 28.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг Аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3-д  “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж журамласан  хэдий ч шүүх дээрх нөхөн төлбөрийг гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоох учиртай.

Иймд хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэг нь өөрийн сэтгэцэд учирсан хохирол хор уршигтай холбоотой дүгнэлтийг холбогдох байгууллагаар гаргуулан дээрх гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох этгээдээс

нэхэмжлэх нь зүйтэй.

Шүүхээс, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэгийн өмгөөлөгчийн

хөлсөнд төлсөн 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан тайлбарлахад   иргэн, хуулийн этгээд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэргэжлийн хуульчаас хууль зүйн зөвлөгөө авах нь сайн дурын ажиллагаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хуульчилсан.

Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  өмгөөлөгчгүйгээр явуулахыг хориглосон хуулийн зохицуулалтад үл хамаарах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш байх тул  өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Түүнчлэн, гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Э.Н нь “Миний сүлжээ” дэлгүүрт хяналтын ажилтны ажил үүргийг  гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүний гэмт үйлдлийн улмаас бий болсон гэм хорыг Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн гуравдагч этгээд хариуцаж болох  эрх зүйн зохицуулалт хуульчлагдсан  болохыг шүүх дурдаж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Ням-Очирт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон хохирол төлбөр төлсөн нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Э.Нд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч  Э.Н нь хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд  15 /арван тав/

хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Нгийн хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Нэгдүгээр хавтаст хэргийн 238 дугаар талд авагдсан 155 дугаартай шийтгэх тогтоол нь энэ хэрэгт хамааралгүй болохыг улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх саналыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ гэмт этгээдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршигт хандсан байдал зэрэгт дүгнэлт өгөх бөгөөд шүүгдэгч Э.Нгийн гэмт үйлдэлдээ хандаж буй байдал, гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдэл, амь хохирогчийн оршуулгын зардалд 28.800.000 /хорин найман сая найман зуун мянга/ төгрөг төлсөн зэрэг нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид 10 /арав/ жилийн хорих ял оногдуулах санал гаргасан, улсын яллагч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх талаар тусгайлан саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Э.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн

10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт

мөн хуулийн    тусгай   ангийн   10.1   дүгээр   зүйлийн   1 дэх    хэсэгт   зааснаар   шүүгдэгч

Э.Нг 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нгийн цагдан хоригдсон нийт 15 /арван тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э.Нгийн хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг тоолсугай.

6. Шүүгдэгч Э.Н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийт 28.800.000 /хорин найман сая найман зуун мянга / төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн төлсөн болохыг дурдаад, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 6.000.000 /зургаан сая / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр бусад гэм хорыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                             ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН

 

 

                                          ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ