Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Наранцогт |
Хэргийн индекс | 182/2018/02845/И |
Дугаар | 182/ШШ2018/02513 |
Огноо | 2018-12-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2018/02513
2018 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2018/02513 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,414,156 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар шийдвэрээр Ж.******* намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, тус шүүхийн 2018.04.12-ны өдрийн 232 дугаар магадлалаар хэвээр үлдсэн. ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул би 2018.06.18 болон 2018.08.03-ны өдөр 2 удаа өргөдөл өгсөн. Би өргөдөлдөө 2018.03.01-нээс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгнө үү гэж хүссэн. Ингээд Татварын ерөнхий газрын даргын 2018.08.29-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд 2018.09.03-ны өдрөөс томилсон. Уг тушаалд миний 2018.03.01-нээс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар заагаагүй байсан тул энэ талаар асуухад шүүхэд ханд гэж хариу хэлсэн.
Би 2016 оны 4 дүгээр сарыг дуустал бүрэн ажилласан тул 2016 оны 2, 3, 4 дүгээр сарын цалингуудын нийлбэрээс бодож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1,069,026 төгрөгөөр тооцсон. ******* нь миний 2018.03.01-ний өдрөөс 2018.09.03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг надад олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх ёстой.
Иймд Татварын ерөнхий газраас Ж.******* надад 2018.03.01-ний өдрөөс хойш 2018.09.03-ны өдрийг хүртэл 6 cap ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,414,156 төгрөг гаргуулж, уг 6 сарын хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******т даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Жанцансэнгээгийн *******гийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус газрыг хариуцагчаар татан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Татварын ерөнхий газраас Ж.******* надад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 6 cap ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,414,156 төгрөг гаргуулж, уг 6 сарын хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, миний эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******т даалгаж өгнө үү гэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.*******гийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдпыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу 30 хоногт багтаан утсаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүйг мэдэгдсэн.
Мэдэгдсэн тухай тэмдэглэлийг мөн хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу тэмдэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгч хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүйг мэдсэн өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй тул маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхгүй болсон байна.
Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 хэсэгт заасныг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дэх хэсэг 115.2.3 дахь заалтад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, 6 сар, нийт 6,414,156 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.*******г Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 232 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/380 дугаартай Ж.*******г албан тушаалд томилох тухай тушаалаар ажилд нь эгүүлэн томилжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, энэ шаардлагыг хангасан бол хариуцагч нэмэгдэл хөлс төлөх үүрэгтэй эсэхийг тогтоох дарааллаар хянах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ.
Нэхэмжлэгч Ж.*******гийн тухайд 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлс шаардсан энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Тодруулбал, Ж.*******гийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэдгийг ажилд эгүүлэн авсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэж үзэж энэ хугацаанаас эхлэн тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусна гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ж.*******г ажилд нь эгүүлэн авах үүргээ хариуцагч ******* биелүүлээгүй, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/380 дугаар албан тушаалд томилох тухай тушаал гаргаж ажилд нь эгүүлэн авсан байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байж, цалин хөлс авах эрхээр хохирсон гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.
Ж.*******гийн сарын дундаж цалин 1,069,026 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 6 сар гэвэл 6,414,156 төгрөг /6*1,069,026/ байна.
Дээрх үндэслэлээр Ж.*******гийн ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх 6,414,156 төгрөгийг Татварын ерөнхий газраас гаргуулж Ж.*******д олгохоор шийдвэрлэв.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг олговроос гаргуулж зохих хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Татварын ерөнхий газраас 6,414,156 төгрөг гаргуулж Ж.*******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны Ж.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг *******т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.НАРАНЦОГТ