| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2007003040197 |
| Дугаар | 2021/ДШМ/128 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/128
2021 1 28 2021/ДШМ/128
П.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор П.Ат холбогдох 2007003040197 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
П.А, 1976 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагаравын 24 дүгээр байрны 3-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байрны 49 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПИ76100810/;
П.А нь Налайх дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны 17 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ю.Цолмонтуяаг “янхандаж яваад ирсэн үү” хэмээн хэл амаар доромжлон улмаар аягатай халуун цай нүүр лүү нь цацаж, өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боох зэргээр зодсон,
2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи намайг баривчилгаанд явуулсан, би гараад ирлээ чи муу яах юм” хэмээн эхнэр Ю.Цолмонтуяагийн толгой тус газарт нь 4-өөс 5 удаа гараараа цохиж зодсон,
2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Цолмонтуяад “чи намайг 30 хоногоор баривчилгаанд явуулсан” хэмээн нуруу руу нь гараараа цохиж зодон, гар утсыг хана руу шидэж хуваарьт эд хөрөнгийн захиран зарцуулах эрхэд нь халдсан, мөн охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарт “та хоёр аавынхаа эсрэг ээжтэйгээ нийлж мэдүүлэг өгсөн” хэмээн хутга хайж харгис, хэрцгий харьцан, догшин авирлаж улмаар охин А.Энэрэлтийн шанаа хэсэгт гараараа цохиж зодсон,
2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарт “та нар миний эсрэг мэдүүлэг өгсөн, харахаас дургүй хүрч байна, үхээч” гэх зэргээр хэл амаар доромжлон айлган сүрдүүлж улмаар охин А.Энэрэлт рүү тавагтай хоол шидэж, үснээс нь зулгааж, гараараа нүүр рүү нь цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ю.Цолмонтуяа, охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их монгол овгийн Пүрэвийн П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар шийдвэрлэсэн. Чухамдаа миний үйлчлүүлэгч гэмт үйлдэл, холбогдсон хэргийн талаар хүлээн зөвшөөрч өөрийн гэр бүлээсээ уучлалт гуйсан. Нөгөөтэйгүүр хохирогчоос гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэхгүй талаар дурьдсан. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд тусгасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгчид ялын ашигтай байдлыг баримтлах үндэс болдог. Гэвч шүүх энэ нөхцөл байдлыг харгалзалгүйгээр хорих ял оногдуулж шийдвэр гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хохирогч, шүүгдэгч нарын дундын маргааныг дэвэргэсэн үйлдэл болсон гэж дүгнэхээр байна.
2. Чухамдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэр бүлийн дотоод уур амьсгал зөрчилдөөнд хүрэх гол шалтгаан нь архины хэрэглээг хэтрүүлснээс, хохирогчийн хувьд шүүгдэгчтэй харилцах хувийн харилцаанаас ихээхэн хамааралтай байгаа талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд эхнэртээ гоморхсон сэтгэлээр хандах, түүнийгээ илэрхийлэхдээ архи уусны үндсэн дээр илэрхийлж байгаа нь дотогшоогоо хүн гэдгийг харуулж байна. Энэ асуудал нь гэр бүлийн таарамжгүй, ойлгомжгүй, санхүүгийн харилцаанаас үүдэлтэй гэж дүгнэхээр. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт хэдийгээр хүчирхийлэл үйлдэгчийн хувьд бусдад дарамт шахалт, бие махбодид халдсан үйлдэл хийгддэгээрээ харагддаг боловч гэмт хэрэг болох үндсэн шалтгаан нөхцөл нь хохирогчийн үйлдлээс хамааралтай байх тохиолдол бий. Мөн гэр бүлийн таарамжгүй харилцаа, санхүүгийн маргаантай асуудал нь угширснаас гэр бүлийн гишүүдийн нэг нэгнээ ойлголцохгүй байдал үүсгэсэн байдал нь гэмт хэрэг үүсэх шалтгаан нөхцөл болсон. Үүнд хохирогчийн үйлдэл ч мөн бас адил хамааралтай.
3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс тайлбарлахдаа Ховд аймагт байхдаа ерөөсөө архи дарс хэрэглэдэггүй, ажлынхандаа нэр хүндтэй, нийтэч хүн байсан. Налайх дүүрэгт ирээд удсаны дараа архи ихээр хэрэглэх болсон тухай дурддаг. Мөн архи ууж хэрэглээгүй үедээ хүүхдүүддээ халамж анхаарал сайн хандуулдаг талаар ч өгүүлснийг дурьдах нь зүйн хэрэг. Мөн эрсдлийн зэргийн үнэлгээн дээр шүүгдэгчийн хувьд хүүхдүүдэд учруулах, гэмт хэрэг үйлдэх эрсдэл аюул багатай талаар гарсан зэргээс дүгнэхэд архи хэтрүүлэн хэрэглэх ужиг хувь хүнд байна. Түүнийг нь эмчлэх юм бол эрүүл хүний сэтгэхүйгээр амьдралаа аваад явах чадвартайг нотолж байна. Ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “... гэмт хэрэг үйлдсэн хүн, .... шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. ...”, гэж зорилго, зарчмыг харгалздаг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д "...гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. ...” гэсэн үндсэн суурь зарчмуудтай. Чухамдаа эдгээр үндсэн суурь зарчмууд нь гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн харилцаанаас үүдэх харилцааг шийдвэрлэхэд уян хатан байдал, цаашдын үр дагаврыг тооцоолж үзэх зайлшгүй шаардлагатайг тусгасан. Үүгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эвийг олох, гэр бүлийн харилцааг цаашид үгүй болгохгүй байх зарчмыг баримтлах ёстойг илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч чухам архи хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт үйлдэл хийсэндээ гэмшиж байгаагаа, цаашдаа үүнийгээ засах талаараа, гэр бүлээ тогтвортой аваад явах, гэр бүлдээ эцэг байх боломжоо хадгалж үлдэх гэсэн бодлоо илэрхийлж байгаа нь өөрөө Эрүүгийн хуульд заасан зорилгод нийцсэн үйлдэл. Нөгөөтэйгүүр хэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхэд боломжтой гэж харагдахуйц үйлдэл атал шүүх тус нөхцөлийг харгалзалгүйгээр хорих ялаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үр дагаврын хувьд зохимжгүй гэж дүгнэхээр байна.
Эцэст нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулснаас гадна шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэсэн бол миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэх албадлагын арга хэмжээг оногдуулах, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч П.Аийн үйлдэлд эхнэр нь ганцаараа хохироогүй, хүүхдүүд нь давхар хохирч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргаж байна. Гэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг заавал хэрэглэнэ гэх зохицуулалт байхгүй. Эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх буюу шударга ёсны зарчимд нийцсэн байдаг. Шүүгдэгч П.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс эвлэрэх боломж олгооч гэж байна. Тухайн гэр бүлийн хувьд эвлэрэхэд хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Учир нь, прокурорын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр эвлэрүүлэх асуудлыг хэлэлцсэн боловч гэр бүлийн харилцаа улам муудсан. Үүнээс үүдэлтэй гэр бүлийн хамаарал бүхий хүүхдүүд хохирох хэмжээнд хүрч эрхэнд нь халдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
П.А нь Налайх дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байрны 17 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ю.Цолмонтуяаг “янхандаж яваад ирсэн үү” хэмээн хэл амаар доромжлон улмаар аягатай халуун цай нүүр лүү нь цацаж, өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боох зэргээр зодсон,
2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи намайг баривчилгаанд явуулсан, би гараад ирлээ, чи муу яах юм” хэмээн эхнэр Ю.Цолмонтуяагийн толгой тус газарт нь 4-өөс 5 удаа гараараа цохиж зодсон,
2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ю.Цолмонтуяад “чи намайг 30 хоногоор баривчилгаанд явуулсан” хэмээн нуруу руу нь гараараа цохиж зодон, гар утсыг хана руу шидэж хуваарьт эд хөрөнгийн захиран зарцуулах эрхэд нь халдсан, мөн охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарт “та хоёр аавынхаа эсрэг ээжтэйгээ нийлж мэдүүлэг өгсөн” хэмээн хутга хайж харгис, хэрцгий харьцан, догшин авирлаж улмаар охин А.Энэрэлтийн шанаа хэсэгт гараараа цохиж зодсон,
2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарт “та нар миний эсрэг мэдүүлэг өгсөн, харахаас дургүй хүрч байна, үхээч” гэх зэргээр хэл амаар доромжлон айлган сүрдүүлж улмаар охин А.Энэрэлт рүү тавагтай хоол шидэж, үснээс нь зулгааж, гараараа нүүр рүү нь цохих зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ю.Цолмонтуяа, охин А.Энэрэлт, хүү А.Үлэмж нарын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ю.Цолмонтуяагийн “...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед нөхөр П.А гэрээсээ гарч яваад үдэд 15 цаг өнгөрч байх үед согтуу орж ирсэн. Тэгээд “чи намайг урд нь шүүхээр 30 хоногийн баривчилгаанд явуулсан. ...п.... минь” гээд байсан. Тэгснээ хоёр хүүхэд рүүгээ “муу п....нууд минь бүгдийг чинь ална шүү. Би хүн алахад бэлэн байгаа шүү, эхлээд ээжийг чинь ална” гээд хутга хайгаад байсан. Тухайн үед охин хутгануудаа нуусан байсан. ...нурууны ар хэсэгт юу ч хэлэхгүйгээр гараа зангидаж байгаад нэг удаа цохиход нь би нэг хэсэг дуугарч чадахгүй байсан. Тэгээд охин, хүү хоёр руугаа та хоёр аавынхаа эсрэг ээжтэйгээ нийлж мэдүүлэг өгсөн, та нар муусайн п....ыг бүгдийг нь ална” гээд охин Энэрэлтийг шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил тараад гэртээ ороход нөхөр П.А нь бас архи уусан байсан. Тэгээд янхандаж яваад ирсэн чиний ажил хийдэг гэж юу байдаг юм бэ гээд аягатай халуун цай баруун хацар хэсэгт цацсан. Тэр үедээ улайж, хорсож байгаад гайгүй болсон. Миний өмсөж байсан цамцны захаар боогоод хүчинд автсан тул манай охин Энэрэлт, хүү Үлэмж нар аавынхаа хойноос татаж салгасан. ...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гарч ирээд 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мөн цагаан сарын шинийн 3-ны өдөр согтуу үедээ “намайг баривчлагаанд явуулсан ч би гараад ирлээ, чи муу яах юм бэ” гэж хэлээд миний толгой руу 4-5 удаа цохиод “болиоч ээ” гэсэн чинь чамайг алаад хаячихна гэж хэлээд хутга хайгаад байдаг болсон. ...” /1хх 9-14, 15-18, 19-20/,
насанд хүрээгүй хохирогч А.Энэрэлтийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал аав П.А угаалгын машин засуулна гээд гаднаас таньдаг ахтайгаа орж ирсэн. Тэгэхдээ архи уучихсан орж ирсэн. Орой 19 цаг өнгөрч байхад ээж гаднаас ажлаасаа орж ирсэн. Нөгөө угаалгын машин зассан ах зөрөөд гараад явсан. Ээжийг орж ирсний дараа би хоолоо хийж эхэлсэн ба намайг хоол хийж байх үед аав ээжийн араас дагаад угаалгын машин засаж өгсөн ахад архи авч өгсөнгүй, надад архи авч өгсөнгүй гээд хэрүүл хийгээд яваад байсан. ...Ээж ширээн дээр суугаад халуун цай аягалж тавьсан байсныг аваад ээжийн нүүр рүү цацсан. Тэгээд ээжийг барьж аваад өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боосон. Тэр үед би дүүтэйгээ нийлж салгахад ээж гэрээс зугтаад гарсан. Намайг тэр үед гараараа цохих гэхээр нь би цохиулаагүй бултаад гараад гүйчихсэн. Дүү айгаад гарч чадаагүй үлдсэн. Тэгээд цагдаа дуудсан юм. ...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ээж, дүү бид 3 гэртээ байсан. Гэтэл аав гаднаас согтуу орж ирээд “чиний хоол хийдэг гэж юу байсан юм бэ, нөхрөө цагдаа, шоронд хийхээс өөр зүйл мэддэггүй хүнээр хоол хийлгэж яадаг юм бэ” гэж хэлээд нурууных нь гол хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохьсон. ...3 дугаар сарын 26-ны өдөр аав согтуу орж ирээд дүү бид хоёр руу аавынхаа эсрэг мэдүүлэг өгдөг юм билээ гээд байсан. Тэгээд жижиг өрөөнд байсан дүү гэнэт яаая гээд уйлсан. Би жижиг өрөөнд ороод яасан юм бэ гэхэд аав баруун шанаа руу цохьсон гэж хэлсэн. ...би дүүтэйгээ хамт ширээн дээрээс хоолоо хураагаад гал тогоо руу ороход аав араас орж ирээд аяга тавагны хатаагчин дээр байсан хоосон варений шил аваад намайг цохих гээд далайгаад байсан. Би гараараа хаатал миний зүүн, баруун гарын ар хэсэг рүү ээлжлээд хэд хэдэн удаа цохьсон. Би гараа бариад доошоо суутал миний 30 хоногийн баривчилгаанд суусан наадахны чинь хажууд юу ч биш гэсэн. Тэгээд дүү бид хоёрын хөл рүү уурлаад нэг, нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний зүүн талын мөрөнд аягаар цохиулснаас болж хөхөрсөн, хоёр гарын ард тал хөхөрсөн. Тухайн үед өшиглүүлснээс болж хэвлий хэсэгт хөндүүр болсон байсан. ...миний толгойн зүүн хэсэгт гараа зангидаад нэг удаа цохьсон. ...” /1хх 22-25, 26-30/,
насанд хүрээгүй хохирогч А.Үлэмжийн “...аав бид нарыг архи уусан үедээ байнга дарамталдаг. Намайг ажилгүй болгосон, та нар шоронд явуулсан гэж дарамталдаг. Утас, гэрийн түлхүүр хурааж аваад хаалга түгждэг. Учир нь, цагдаа дуудчихна гэдэг юм. Бид нар маш их айдастай байдаг. 7 хоногийн 3-4 өдөр нь гадуур явж архи уудаг. Архи ууж ирээд байнга агсам тавьж дарамталдаг. ...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аав согтуу орж ирээд уурлаад эгч Энэрэлтийн толгой руу цохьсон. Миний гараас гар утсыг булааж аваад, миний толгой руу цохиод, бид хоёрыг буланд шахаад миний өвдөг рүү нэг удаа өшиглөсөн, эгчийг үсдэж дараад нуруу руу нь өшиглөсөн. ...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаднаас орж ирээд манай ээж хоол хийгээд зогсож байсан чинь нуруу руу нь гараа атгаж байгаад цохьсон. Тухайн үед ээж амьсгал авч чадахгүй, орилоод байсан. ...” /1хх 32-34, 35-37/,
гэрч Ю.Цолмонбаярын “...2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн төрсөн эгч Цолмонтуяатай утсаар ярихад эгч надад П.А хоёр хүүхдээ зодсон талаар ярьсан. Мөн Цолмонтуяа эгч надад нэмж хэлэхдээ намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бид гурвыг зодсон гэж хэлэхээр нь би цагдаад хандаж байна. Би болсон хэргийг бол хараагүй, манай эгч 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн дотрын тасагт зүрхний хэм алдалт, шигдээс гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Яг тэгэхлээр эхнэр, хүүхдээ зодсоных нь дараах өдөр манай эгч Цолмонтуяа эмнэлэгт хэвтсэн юм байна. ...Саяхан баривчилгаанаас гарч ирээд эхнэр Цолмонтуяаг та нар намайг байхгүйд жаргаад, янхандаж ханасан уу гэх зэргээр хардаад, хэрэлдэж байнгын дарамттай байдаг гэсэн. ...” /1хх 40-41, 42-43/,
яллагдагч П.Аийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон асуудлыг санахгүй байна. 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэр оронд танихгүй хүн авч ирж архидлаа гэж уурласан, тэрнээс гар хүрч цохьсон асуудал байхгүй. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цохьж зодсон асуудал байхгүй. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүүхдэд гар хүрээгүй, утсаар маш их тоглож байсан тул утсаараа тоглолоо гэж хэлээд загнасан, элдэв янзын үг хэллэгээр хэлж загнаагүй. ...” /1хх 98-99, 231-233/ гэсэн мэдүүлгүүд болон,
яаралтай тусламжийн хуудас /1хх 69-70/, аюулын зэргийн үнэлгээ /1хх 135/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /1хх 136-137/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 138-146/, эмнэлгийн магадлагаа /1хх 156-158/,
“...А.Энэрэлтийн биед зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн 212 дугаартай дүгнэлт /1хх 76-79/, эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 82-84/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг. ...”, 3.1.3 дахь заалтад “...гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил хүлээх нөхөр, эхнэрийг. ...”, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад “...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг. ...”,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж хуульчилснаас үзэхэд П.А, Ю.Цолмонтуяа, А.Энэрэлт, А.Үлэмж нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд П.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох Ю.Цолмонтуяа, А.Энэрэлт, А.Үлэмж нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
П.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох Ю.Цолмонтуяа, А.Энэрэлт, А.Үлэмж нарын эсрэг 3 буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон тул “байнга” гэсэн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. ...”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ