Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0708

 

 

 

 

 

    2022           09             27                                        128/ШШ2022/0708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “К****” ХХК /РД:*******/-аас

          Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан тэдгээрийн хоорондын тусгай хамгаалалттай газар нутаг дээрх газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “К*****” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “К****” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгуулах, “К****" ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалт бүхий Богдхан уулын дархан цаазат хамгаалалттай газарт орших Чулуутын ам дахь 2.0 га газрын ашиглах эрхийг олгож өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

          2. Нэхэмжлэгч “К****” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

          Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

          3. Нэхэмжлэгч “К****” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/5428 дугаар албан бичгээр гомдлын хариуг хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          4. “К****” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 2731, 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн саналууд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар манай “К****” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалт бүхий Богдхан уулын дархан цаазат хамгаалалттай газарт орших Чулуутын ам дахь 2.0 га газрын ашиглах эрхийг ашиглах газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, үйл ажиллагаагаа гэрээнд заасны дагуу 2 жил дараалан явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан.

          Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд гэсэн нь газар эзэмших эрхийг олгох, цуцлах эрх бүхий субъект нь Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба биш байх бөгөөд тэдний зөвлөмжөөр сайд нь бусдын өмч рүү халдах хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

          “К****” ХХК-ийг Т.Э**** нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Э.М****-аас компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан.

          Т.Э*** миний бие нь гэр бүлийн хамтаар өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн 8 хороо, Жаргалтын ам, Эрхэт сүлд жуулчны баазыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аялал жуулчлалын зориулалт бүхий Богдхан уулын дархан цаазат хамгаалалттай газарт орших Чулуутын амд орших 2.0 га газрын ашиглах эрхтэй “К****” ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний үндсэн дээр шилжүүлж авсны дараа тухайн газар дээр үйл ажиллагаагаа явуулахаар хашаа барих гэтэл байцаагч нь гуравласан гэрээ байгуулахаас нааш зөвшөөрөхгүй гээд үйл ажиллагаанд саад хийсэн. Гуравласан гэрээ байгуулах гэтэл газрын төлбөрийн асуудал үүссэн. Тус газрын жилийн төлбөр гэж 7,927,000 төгрөг төлөх ёстой байдаг. Гэтэл жилийн газрын төлбөрт 56,657,000 төгрөгийг нэхсэн. Коронавирус гарсантай холбоотойгоор их гомдол ирж байгаа болохоор аж ахуйн нэгжүүдийг газрын татвараас чөлөөлөх асуудлыг хурлаар шийдэх хүртэл түр байж бай гэж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн байцаагч хэлээд дансаа ч өгөхгүй, төлбөрийг төлүүлээгүй.

          Үйл ажиллагаа явуулах гэхээр гуравласан гэрээ байгуулахгүй, төлбөрөө төлөх гэхээр төлүүлэхгүй, бидэнтэй огт уулзаагүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг бодит байдал дээр тогтоогоогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалыг өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдэж гардуулаагүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан.

          Иймд “К****” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалыг хүчингүй болгож, “К****” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалт бүхий Богдхан уулын дархан цаазат хамгаалалттай газарт орших Чулуутын ам дахь 2.0 га газрын ашиглах эрхийг олгож өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэжээ.

          5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд гадаадад байгаа Э.М****-аас итгэмжлэл авч тухайн газрыг нэр дээрээ шилжүүлэн авч 2020 оны 4 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гэрээгээ шинэчлэхээр хандсан. Тухайн газраас гэрээ бэлэн болсон Баянзүрх дүүргийн газрын албатай уулз гэсний дагуу Газрын албанаас газрын төлбөрөө огт төлөөгүй талаар мэдсэн. 2020 он хүртэлх хугацааны газрын төлбөрөө төлөх гэхэд Баянзүрх дүүргийн газрын албанаас 2017 онд 4,624,620 төгрөг, 2018 онд 7,929,920 төгрөг, 2019 онд 57 сая, 2020 онд 57,659,000 төгрөг. 2018 онд 7 сая байсан төлбөр 2019 онд яагаад 57 сая болсон талаар тодруулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар энэ төлбөр мөнгөн дүн багасах талаар яригдаж байгаа шийдвэр гартал хүлээж бай гэсэн. Баянзүрх дүүргийн Газрын албаны эмэгтэй байцаагч байсан. Өөрт байгаа 40, 50 сая төгрөгөөс төлбөрөө төлье гэтэл нийт үнийн дүгээр төл эсвэл хурлын шийдвэрийг хүлээ гэж хэлсэн. Хүлээж байх хугацаанд коронавирус гарсантай холбоотойгоор хэсэгчилсэн хориг тавьж эхэлсэн. 2021 оны 6 дугаар сард Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаан дээр очиход газрын төлбөр 26 сая төгрөг болсон Газрын албатайгаа уулзаж төлбөрөө төл гэсэн ба Газрын албан дээр очиж төлбөрөө төлөх гэтэл танай газар хүчингүй болсон байна гэсэн. Огт мэдэгдэлгүй хүчингүй болгосон ба шүүхэд хадаж асуудлаа шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан” гэв.

          6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрээний хувьд гурван талт гэрээний талаар яригдаж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай 2 талт гэрээ байгуулагдсан тул гэрээг байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хугацааг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж заасан байгаа. Тухайн үеийн сайдаас гарсан тушаалын хугацааг харахад компанийн гэрээ байгуулагдсан, үйл ажиллагаа явагдаж байгаа гэж үзнэ. Төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн. Энэ нь бид өөрсдийгөө зөвтгөж байгаа зүйл биш. Төлбөрийн хэмжээ өөрчлөгдөж байгаа нь хуулиар зохицуулагдаж чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх нөхцөл байдал байж болно. Коронавирустэй холбогдуулан хөдөлгөөн хорихоор аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг тодорхой болгохоор Засаг даргын захирамж болон Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг шинжлэн судлуулсан. Тиймээс тухайн үеийн нөхцөл байдлын харгалзан үзээд нэг удаадаа боломж олгоод тусгай зөвшөөрлийг цуцалсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар “К****” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

          “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын агуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...”, 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

          Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

          8. Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...” гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар “К” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн  27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

          Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гуравласан гэрээгээ байгуулаагүй нь дээрх журмыг зөрчиж байна.

          Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

          2. “К****” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын ам нэртэй газарт 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн  ******* дугаар гэрчилгээг олгосон байсан ба,

          -Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах ...” талаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн ба уг мэдэгдлийн хавсралтын 357 дугаарт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр бичигдэж,

          -Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 дугаар албан бичгээр газар ашиглах эрх дуусгавар болгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн ба уг албан бичгийн хавсралтын 112 дугаарт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр бичигдсэнээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 401.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэгджээ.

          3. Дээрх мөрдөгчийн мэдэгдэл болон саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “К****” ХХК багтсан үйл баримтууд хэрэгт авагдсан байна.

          4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан нь газар ашиглах талаарх материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан журмаар хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа явдал юм.

          5. Нэхэмжлэгч “К****” ХХК нь 2017 онд газар ашиглах эрхийг авснаас хойш газар ашиглах талаар гуравласан гэрээ байгуулаагүй ба харин хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/204 дүгээр гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурж байгуулаагүй, эрх бүхий байгууллага баталгаажуулаагүй байна. Ийнхүү газар ашиглах эрх олгосон эрх бүхий сайдын тушаал гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй байсныг дурдах нь зүйтэй.

          6. Нэхэмжлэгч “К****” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оноос хойш газрын төлбөр төлж байгаагүй, газрын төлбөрийн гэрээ, тооцоо нийлсэн акт үйлдэгдэж байгаагүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч талын “гэрээний төлбөр багасах үед нь төлбөрөө төлөх үүрэг хэрэгжих боломжтой байсан” гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” газар ашиглагчийн  үүрэг нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг тогтоосон хууль, журам байдаг /түүнийг газар ашиглах гэрээгээр өөрчлөх боломжгүй/ тул нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний төлбөрийг ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжтой юм. Иймээс харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч нь холбогдох этгээдээс гэрээ байгуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагаараа газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаж эхлэх, газрын төлбөрийг төлөхгүй байх сонирхолтой, энэ утгаараа газрын тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.

          7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглах эрхтэй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх үндэслэл гаргаж маргаагүй. Газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, бүргэгдээгүй талаарх тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/454 албан бичиг хэрэгт авагдсан, харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай газарт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/06 дугаар албан бичгээр, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/6 дугаар албан бичгээр гуравласан гэрээ байгуулахаар хандсан боловч шийдвэрлэгдээгүй байна. Ийнхүү хүсэлт гаргаснаасаа хойш нэхэмжлэгч нь гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

          8. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/7623 дугаар мэдэгдлийг “К****” ХХК-д хүргүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч энэ үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ энэхүү үндэслэл нь маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзсэнээс гадна “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-ээр тус тус “К****” ХХК-ийн компанийн хувьцаа бэлэглэхтэй болон хувьцаанд ногдох эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх шилжүүлэхтэй холбоотой бүхий л эрх шилжиж ирсэн гэх нэхэмжлэгчийн тайлбараас болон холбогдох захиргааны байгууллагад хадгалагдаж буй газар ашиглагчийн хувийн хэрэг дэх хаягийн өөрчлөлтийг хийлгэсэн баримт байхгүй байсан нь хариуцагчийн хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх боломжтой байна.

          9. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгч “К****” ХХК-д холбогдох хууль зүйн үндэслэл нь уг тушаалын хавсралтад заасан ёсоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн зохицуулалтын хүрээнд цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К****” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “К****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН