Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

                                      

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч А.Базарваань, түүний өмгөөлөгч А.Ганбат, 

шүүгдэгч Э.Билгүүн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтанбаганын Базарваань, Эрдэнэбилэгийн Билгүүн нарт холбогдох эрүүгийн 201625031710 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шарнууд овогт Алтанбаганын Базарваань, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхэд нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 120 б тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан гэх,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар  УМ90041517.

2. Жигмэд овогт Эрдэнэбилэгийн Билгүүн, 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн нарын хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 124 тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар КГ93041310.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нар нь 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бүлэглэж, 40-09 УНЭ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг болон автомашины никель төмөр түлхүүрийг хэрэглэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд замын дэргэд байсан иргэн Т.Чимгээгийн эзэмшлийн 05-12 УНӨ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины урд талын их гэрэл 2 ширхэг, хойд талын гэрэл 2 ширхэг, буфер 2 ширхэг, толь 2 ширхэгийг хулгайлан авч 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн усны төмөр хоолойгоор дамжин орж бахь, сэрээний иш зэргийг хэрэглэж, иргэн О.Болормаагийн түрээслэн ажиллуулдаг 72 дугаартай лангууны сейфнээс үнэт эдлэл хулгайлж 3.192.300 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн М.Отгонбаярын түрээслэн ажиллуулдаг 23 дугаартай лангууны модон шүүгээнээс 10.249.400 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан,

иргэн Э.Батцэцэгийн түрээслэн ажиллуулдаг 74, 75 дугаартай лангуу болон сейфнээс нийт 3.040.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, биет 820.000 төгрөгийг хулгайлсан авсан, энэ хэргийн улмаас 18.721.700 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Базарваань мэдүүлэхдээ: “…Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Энэ хэргээс болоод эхнэр хүүхэд салж сарниж байх шиг байна. Дахин ийм хэрэгт орохгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Билгүүн мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж, уучлалт гуйж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Хохирогч Т.Чимгээ мэдүүлэхдээ: “...Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зусланд байдаг юм. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зуслангийн байшиндаа амарч өнжсөн юм. Тэгээд орой 23 цагийн үед гэр бүлийн гишүүдийн хамтаар унтацгаасан. Тухайн үедээ 05-12 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 машинаа байшингийнхаа доод хэсэгт газрын ухаж тэгшилсэн хэсэгт байрлуулаад орхисон. Манайх хашаагаа гүйцэд барьж амжаагүй байсан. Манай хашаа байшин замын дэргэд байдаг юм. Тэр өдөр машинаа түгжээд орхисон. Маргааш өглөө нь 08 цаг 40 минутад босоод байшингийнхаа цонхоор харсан чинь машины эд зүйлийг тайлаад авчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний машины урд, хойд талын буфер, 2 ширхэг толь суурьтайгаа, урд, хойд гэрэл зэрэг алдагдсан байсан. ...Миний машин мөнгөлөг саарал өнгөтэй учир эд зүйлсүүд мөнгөлөг саарал өнгөтэй байсан. ...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ирээд уулз гэсэн. Тэгээд очиж үзээд миний машины эд зүйлс мөн байсан учир хүлээж авсан. Тухайн үед миний машинаас алдагдсан 2 буфер, 4 гэрлийг авсан, 2 толийг нь аваагүй үлдсэн. . ...Би өөрийнхөө толийг бол хараад танихгүй. Гэхдээ энэ хоёр толийг хүлээж авлаа. Надад өөр учирсан хохирол байхгүй. Эд зүйлээ бүрэн хүлээж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх 28-29/.

Хохирогч О.Болормаа мэдүүлэхдээ: “...Би Хархорин худалдааны төвийн 1 дүгээр давхрын 72 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг юм. 2016 оны 10 дугаар  сарын 12-ны орой 18 цагийн үед лангуугаа хаагаад эд зүйлсээ лангуун дотроо байдаг жижиг төмөр сейфэнд хийгээд шилэн лангуун дотроо мөнгөн эдлэлүүдийг нь үлдээгээд явсан байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө манай дүү Соёлоо над руу утсаар яриад Хар хорин худалдааны төв дотор хулгай орсон байна гэхээр нь би 11 цагийн үед лангуун дээрээ иртэл манай 72 тоот лангууны гаднах хаалт нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан ба дотор нугасны хэсэгт үзүүртэй зүйлээр сэтэлж урсан байсан. Тэгээд лангуун дотроо ороход манай төмөр сейфийг хулгайч эвдлээд дотор нь байсан:

1.Эмэгтэй хүний авгай хэлбэртэй 1.7 граммтай монетон бөгж /93.500 төгрөгийн үнэтэй/.

2. Эмэгтэй хүний дөрвөлжин шигтгээтэй 1 граммтай монетон бөгж /54.000 төгрөгийн үнэтэй/.

З.Эмэгтэй хүний жижиг цагаан шигтгээтэй 1.7 граммтай монетон бөгж /93.500 төгрөгийн үнэтэй/.

4. Эмэгтэй хүний кольцо 1.7 граммтай монетон бөгж /93.500 төгрөгийн үнэтэй/.

5. Эмэгтэй хүний кольцо 0.8 граммтай турк монетон бөгж /43.500 төгрөгийн үнэтэй/.

6.Эмэгтэй хүний цувраа Зширхэг цагаан шигтгээтэй 0.8 граммтай монетон бөгж /43.200 төгрөгийн үнэтэй/.

7.Эрэгтэй хүний арслангийн дүрстэй 7 граммтай мөнгөн бөгж /15.000 төгрөгийн үнэтэй/.

8. Эрэгтэй хүний бар дүрстэй 6.2 граммтай мөнгөн бөгж 2 ширхэг /тус бүр нь 30.000 төгрөгийн үнэтэй/.

9.Эрэгтэй хүний очир дүрстэй 7.9 граммтай мөнгөн бөгж /15.000 төгрөгийн үнэтэй/.

10. Эрэгтэй хүний луу дүрстэй 11.7 граммтай мөнгөн зүүлт /23.400 төгрөгийн үнэтэй/.

11.Эрэгтэй хүний луу дүрстэй 11.8 граммтай мөнгөн зүүлт /23.600 төгрөгийн үнэтэй/.

12.Эрэгтэй хүний соёмбо дүрстэй 8.8 граммтай мөнгөн зүүлт /25.000 төгрөгийн үнэтэй/.

13.Эмэгтэй хүний 3.4 граммтай монетон гинж /187.000 төгрөгийн үнэтэй/.

14. Эмэгтэй хүний 1.3 граммтай монетон гинж /70.200 төгрөгийн үнэтэй/.

15.Эмэгтэй хүний 1.9 граммтай монетон гинж /104.500 төгрөгийн үнэтэй/.

16.Эмэгтэй хүний 2.2 граммтай монетон гинж /121.000 төгрөгийн үнэтэй/.

17. Эмэгтэй хүний 1.8 граммтай монетон гинж /93.500 төгрөгийн үнэтэй/.

18. Эмэгтэй хүний 3.3 граммтай солонгос монетон ээмэг /181.500 төгрөгийн үнэтэй/.

19. Эмэгтэй хүний 3.4 граммтай монетон хос ээмэг /82.500 төгрөгийн үнэтэй/.

20. Эмэгтэй хүний эрвээхэй хэлбэртэй 2.4 граммтай монетон ээмэг /130.000 төгрөгийн үнэтэй/.

21. Эмэгтэй хүний эрвээхэй хэлбэртэй 1.9 граммтай монетон ээмэг /104.500 төгрөгийн үнэтэй/.

22. Эмэгтэй хүний эрвээхэй хэлбэртэй 1.4 граммтай монетон ээмэг /75.600 төгрөгийн үнэтэй/.

23. Эмэгтэй хүний цэцэг хэлбэртэй 0.8 граммтай монетон ээмэг /43.200 төгрөгийн үнэтэй/.

24. Эмэгтэй хүний зууван хэлбэртэй 1.6 граммтай монетон ээмэг /86.400 төгрөгийн үнэтэй/.

 25. Эмэгтэй хүний 1.4 граммтай турк монетон ээмэг /75.600 төгрөгийн үнэтэй/.

 26. Эмэгтэй хүний 1.6 граммтай турк монетон ээмэг /86.600 төгрөгийн үнэтэй/.

27. Хүүхдийн 1 граммтай монетон ээмэг /55.000 төгрөгийн үнэтэй/.

28. Эмэгтэй хүний зүрхэн хэлбэртэй 0.4 граммтай монетон ээмэг /21.600 төгрөгийн үнэтэй/.

29. Эмэгтэй хүний бөөрөнхий хэлбэртэй 0.6 граммтай монетон ээмэг /33.000 төгрөгийн үнэтэй/.

З0.Сувдан даруулгатай мөнгөн арал /50.000 төгрөгийн үнэтэй/.

З1.Эрэгтэй хүний 31 граммтай мөнгөн бугуйвч /62.000 төгрөгийн үнэтэй/.

З2.Эрэгтэй хүний 21 граммтай мөнгөн бугуйвч /42.000 төгрөгийн үнэтэй/.

ЗЗ.Эрэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бугуйвч /900.000 төгрөгийн үнэтэй/ эд зүйлс алдагдсан байсан...” гэжээ /1-р хх 213-214/.

Хохирогч М.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 17 цаг өнгөрч байхад би лангуугаа хаагаад харьсан юм. Тэгээд маргааш нь буюу  2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 11 цаг болж байхад өөрийн ажиллуулдаг 23 тоот лангуун дээрээ ирээд алт, монетон, мөнгөн эдлэлээ хийдэг модон шүүгээгээ онгойлготол дотроос нь миний худалддаг монетон, цагаан мөнгөн ээмэг бөгж, гинж зэрэг зүйлс алга болсон байсан. Үүнд:

1.Эрэгтэй хүний шигтгээтэй чонын зурагтай 9.8 граммтай монетон бөгж /588.000 төгрөгийн үнэтэй/.

2.Эрэгтэй хүний шигтгээтэй бүргэдийн зурагтай 12.9 граммтай монетон бөгж /774.000 төгрөгийн үнэтэй/.

З.Эмэгтэй хүний цагаан шигтгээтэй 7.3 граммтай монетон бөгж /438.000 төгрөгийн үнэтэй/.

4.Эмэгтэй хүний цагаан жижиг шигтгээтэй 6.1 граммтай монетон бөгж /366.000 төгрөгийн үнэтэй/.

5.Эмэгтэй хүний Д үсгэн бичигтэй 4.4 граммтай монетон бөгж /264.000 төгрөгийн үнэтэй/.

6.Эмэгтэй хүний голдоо цагаан шигтгээтэй 3.5 граммтай монетон бөгж /210.000 төгрөгийн үнэтэй/.

7.Эмэгтэй хүний голдоо улаан шигтгээтэй 6.9 граммтай бөгж /414.000 төгрөгийн үнэтэй/.

8.Эмэгтэй хүний голдоо тогоруутай 2.2 граммтай монетон бөгж /132.000 төгрөгийн үнэтэй/.

9.Эмэгтэй хүний цайвар ягаан циркон шигтгээтэй 4.4 граммтай монетон бөгж /264.000 төгрөгийн үнэтэй/.

10.Эрэгтэй хүний опал шигтгээтэй 4 граммтай монетон бөгж /240.000 төгрөгийн үнэтэй/.

11. Эмэгтэй хүний циркон шигтгээтэй 4.3 граммтай монетон бөгж /258.000 төгрөгийн үнэтэй/.

12.Эмэгтэй хүний Коко гэсэн бичигтэй 3.4 граммтай монетон бөгж /204.000 төгрөгийн үнэтэй/.

13.Эмэгтэй хүний циркон шигтгээтэй 2.1 граммтай монетон бөгж /126.000 төгрөгийн үнэтэй/.

14.Эмэгтэй хүний эрвээхэй дүрстэй 1.2 граммтай монетон бөгж /72.000 төгрөгийн үнэтэй/.

15.Эмэгтэй хүний жижиг циркон шигтгээтэй 2.1 граммтай монетон бөгж /126.000 төгрөгийн үнэтэй/.

16.Эмэгтэй хүний цагаан шигтгээтэй 1.3 граммтай монетон бөгж /78.000 төгрөгийн үнэтэй/.

17.Эмэгтэй хүний голдоо циркон шигтгээтэй 4.9 граммтай монетон бөгж /294.000 төгрөгийн үнэтэй/.

18.Эмэгтэй хүний цагаан шигтгээтэй 3.9 граммтай монетон бөгж /234.000 төгрөгийн үнэтэй/.

19. Эмэгтэй хүний улаан шигтгээтэй 1.3 граммтай монетон бөгж /78.000 төгрөгийн үнэтэй/.

20.Эмэгтэй хүний хос 1.7 граммтай монетон ээмэг /102.000 төгрөгийн үнэтэй/.

21. Эмэгтэй хүний 8 тоо хэлбэртэй 4.6 граммтай монетон ээмэг /276.000 төгрөгийн үнэтэй/.

22.Эмэгтэй хүний цэцэгтэй унждаг 3.9 граммтай монетон ээмэг /234.000 төгрөгийн үнэтэй/.

23.Эмэгтэй хүний 2 граммтай алтан ээмэг /200.000 төгрөгийн үнэтэй/.

24.Эмэгтэй хүний улаан шигтгээтэй 3.2 граммтай монетон ээмэг /192.000 төгрөгийн үнэтэй/.

25.Эмэгтэй хүний циркон шигтгээтэй 2.1 граммтай монетон бөгж /126.000 төгрөгийн үнэтэй/.

26.Эмэгтэй хүний цагирган хэлбэртэй цагаан алтан түрхэцтэй 2.1 граммтай монетон ээмэг /126.000 төгрөгийн үнэтэй/.

27.Эмэгтэй хүний жижиг цагаан шигтгээтэй 1.4 граммтай монетон ээмэг /84.000 төгрөгийн үнэтэй/.

28.Эмэгтэй хүний цагирган 1.3 граммтай монетон бөгж /78.000 төгрөгийн үнэтэй/.

29.Эмэгтэй хүний 3 граммтай монетон гинж /180.000 төгрөгийн үнэтэй/.

З0.Эмэгтэй хүний шар 2.9 граммтай монетон гинж /174.000 төгрөгийн үнэтэй/.

31.Эмэгтэй хүний шар 3.8 граммтай монетон гинж /228.000 төгрөгийн үнэтэй/.

32.Эмэгтэй хүний шар 1.9 граммтай монетон гинж /114.000 төгрөгийн үнэтэй/.

ЗЗ.Эмэгтэй хүний шар 1.9 граммтай монетон гинж /114.000 төгрөгийн үнэтэй/.

34.Эмэгтэй хүний шар 7.3 граммтай монетон гинж /438.000 төгрөгийн үнэтэй/.

З5.Эмэгтэй хүний улаан 1.3 граммтай монетон гинж /78.000 төгрөгийн үнэтэй/.

З6.Эмэгтэй хүний улаан 5 граммтай монетон гинж /300.000 төгрөгийн үнэтэй/.

З7.Цагаан мөнгө металлаараа буюу бэлдэц 1 килограмм 394.6 грамм нийт үнэ нь 2.045.400 төгрөгийн эд зүйлс алдагдсан байсан. Надад 10.001.600 төгрөгийн хохирол учраад байна...” гэжээ /1-р хх 221-222/.

Хохирогч Э.Батцэцэг мэдүүлэхдээ: “...манай нөхөр Даваасүрэн бид хоёр Хар хорин худалдааны төвийн 1 дүгээр давхрын 74, 75 дугаар лангууг түрээслэн үнэт эдлэлийн худалдаа наймаа явуулж байгаа юм... 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед манай өөдөөс харсан 68 тоот лангууны Соёлмаа над руу утсаар залгаад танай лангууны хулсан хөшиг хаалтыг зүсчихсэн байна ирэх болж байгаа юм уу гэж ярьсан... Соёлмаа 10 орчим минутын дараа дахин залгаад Болормаа эгчийн лангуунд хулгай орчихсон байна хурдан ир гэхээр нь очтол манай лангууны гаднах хаалт буюу хулсан хөшиг нь зүсэгдчихсэн байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд манай сейф болон лангуунд ил байсан нийт 3.35.000 төгрөгийн эд зүйл болон сейфэнд байсан бэлэн нэг сая орчим төгрөг хулгайд алдаад байна...” гэжээ /1-р хх-229-230/.

Гэрч Н.Жаграй мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 22/23-нд шилжих шөнө гэртээ байж байгаад 03 цагийн үед өөрийн хардаг байшингуудаа эргэх гээд явсан. Тэгээд өөрийн хардаг 2 давхар цагаан байшингийн хажуугаар замын хойд талд айлын задгай хашаан дотор гэрэл гараад байсан. Би тухайн гэрэл гарч байгаа газраас 200 метрийн зайнаас харахад 2 эрэгтэй хүн гартаа гар чийдэн барьчихсан машины гадна талд юм хийгээд байсан. Тэгээд би тэр айл орой нь гэртээ байсан тул өөрсдөө юм хийгээд байгаа байх гэж бодсон. Тухайн хүмүүс юм хийж байсан машины орчимд хойд зүг рүү хараад цагаан өнгийн жижиг машин гэрлээ асаачихсан зогсож байсан. ...Намайг харахад 20-30 орчим насны залуучууд харагдсан. Царай зүс нь бол харагдаагүй. Би холоос хараад 2 эрэгтэй хүн байна гэдгийг л мэдсэн. ...Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед байраа эргээд явж байхад тухайн айлын машин тоногдсон байсан. Тэгээд би харсан зүйлээ хэлсэн...” гэжээ /1-р хх-33/.

Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /1-р хх 7-12, 143-161/,

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р хх-22, 23, 174-175, 183-185,189-192, 198, 200 /.

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 24, 179-182, 186-188, 193-197, 193, 201/.

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 26, 30, 215-219, 223-227, 231-233/.

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтасны хуудас 21-24, 175-199/.

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 71, 78, 106, 108/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нар нь 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бүлэглэж, 40-09 УНЭ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг болон автомашины никель төмөр түлхүүрийг хэрэглэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд замын дэргэд байсан иргэн Т.Чимгээгийн эзэмшлийн 05-12 УНӨ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины урд талын их гэрэл 2 ширхэг, хойд талын гэрэл 2 ширхэг, буфер 2 ширхэг, толь 2 ширхэгийг хулгайлан авч 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн усны төмөр хоолойгоор дамжин орж бахь, сэрээний иш зэргийг хэрэглэж, иргэн О.Болормаагийн түрээслэн ажиллуулдаг 72 дугаартай лангууны сейфнээс үнэт эдлэл хулгайлж 3.192.300 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн М.Отгонбаярын түрээслэн ажиллуулдаг 23 дугаартай лангууны модон шүүгээнээс 10.249.400 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан,

иргэн Э.Батцэцэгийн түрээслэн ажиллуулдаг 74, 75 дугаартай лангуу болон сейфнээс нийт 3.040.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, биет 820.000 төгрөгийг хулгайлсан авсан, энэ хэргийн улмаас 18.721.700 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, буцаан олгосон тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Билгүүнээс тус шүүхийн Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд байршуулсан 190.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, иргэний нэхэмжлэгч Жуковын Пүрэвбатад олгох нь зүйтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч А.Базарваань нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.78.2.3 дахь хэсэгт заасан түүний ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг сайн дураар төлсөн зэргийг харгалзан, тэдгээрт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нар нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй байх тул тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг автомашины никель 10-ын түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Алтанбаганын Базарваань, Жигмэд овогт Эрдэнэбилэгийн Билгүүн нар нь давтан үйлдлээр, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч А.Базарвааньд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Билгүүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Базарваанийн цагдан хоригдсон 152 хоногийг, шүүгдэгч Э.Билгүүний цагдан хоригдсон 150 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Билгүүнээс тус шүүхийн Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд байршуулсан 190.000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж, иргэний нэхэмжлэгч Жуковын Пүрэвбатад олгосугай.           

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг автомашины никель 10-ын түлхүүрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч А.Базарваанийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Билгүүнийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Базарваань, Э.Билгүүн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.           

  9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН