| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
2025 01 09 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1763 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын *-ны өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газар угаагч ажилтай, ам бүл *, аав, ээжийн хамт **** аймгийн *** сум,*** дүгээр баг, Хөх толгой гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
М.Х овогт А.А/РД:********/;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ авто угаалгын орчим хохирогч М.Бтай “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэлээ, Казак гэж хэллээ хэмээн...” маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1205 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.А.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.А нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ авто угаалгын орчим хохирогч М.Б-тай “Казак” гэж хэллээ хэмээн маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь үүдэн доод баруун 1-р шүдний булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Бын “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ авто захын хажууд байдаг МТ авто угаалгын газар сантехникч, галч, гагнуурчин хийдэг юм. А.А гэх залуу автомашин угаалгын газарт угаагч хийдэг юм. 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед танил “О”-н автомашиныг засах гээд Нисэх рүү А.А, “Э”, “О” бид 4 хамт явсан. Шөнийн 12 цаг өнгөрч байхад автомашинаа засаж дуусаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд караокед ороод пиво уугаад дуулж сууж байгаад шөнийн 04 цаг өнгөрч байхад караокеноос гараад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, МТ угаалгын газар руу явж байх замд автомашин дотор нүүр лүү нэг юм тас гээд цохисон. Гэтэл амнаас цус гараад 1 шүд унасан байсан. Хамт явсан А.А гэх залуу миний нүүр лүү гараараа цохиж үүдэн доод талын 1 ширхэг шүд унасан байсан. ...шүд хийлгээд өгвөл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,
гэрч Л.О-н “...караокеноос гараад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Авто худалдааны төвд байдаг МТ авто угаалгын газар луу явж байхад автомашин дотор М.Б, А.А 2 хоорондоо маргалдаад байсан. Гэтэл А.А, М.Б-ын нүүрэнд гараараа 1 удаа цохихоор нь би салгаж болиулсан. М.Бын амнаас цус гараад үүдэн доод талын 1 шүд унасан байсан. М.Б караокеноос гараад автомашин жолоодож явна гээд байсан. Гэтэл А.А та автомашин барьж болохгүй гэтэл М.Б хулгайч минь чи мэддэг юм уу гээд хэрүүл хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх14-15/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх3/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 14397 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн “...М.Б над руу салаавч гаргаад Казак гэж доромжлоод бид хоёр маргалдсан. Гэтэл жолоо барьж явсан “Э” автомашинаа зогсоосон. Би машинаас буугаад М.Б-ыг жолоочийн эсрэг талын урд суудал сууж байхад нь нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх30/ шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14397 дугаар шинжилгээний дүгнэлтэд “М.Бын биед үүдэн доод баруун 1-р шүдний булгарал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэжээ. /хх18-19/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
7. Хохирогч М.Б нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримтыг гаргаагүй бол шүүгдэгчээс 1,400.000 төгрөгийг хохирогчид төлсөн /хх42,51/, хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзжээ. /хх66/
8. Иймд шүүгдэгч А.А-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул торгох ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэжээ.
10. Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хэрэг гарахад хохирогчийн согтуурсан үедээ агсам тавьж, үндэс угсаагаар ялгаварласан шинжтэй үг хэллэг гаргасан зүй бус үйлдэл гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
12. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
13. Иймд шүүгдэгч А.А-ийн хөдөлмөр эрхэлдэг, хохирол төлсөн, хохирогчийн зүй бус гаргасан байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР