2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

      2025          01           09                                          2025/ШЦТ/100   

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч А.Марал /томилолтоор/, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 03751 1013 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ****-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, А” ХХК-ийн *** ажилтай, ам бүл *, эх, хүүхдийн хамт Б** дүүргийн ** дугаар хороо, *** хороолол, **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Б.Т /РД:**********/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Мах Импексийн замд, Тоёота фремио маркийн 78-44 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1024 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Т.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1168 дугаартай шийтгэвэр, жолоодох эрхийн лавлагаа /хх11/ зэргээр тогтоогдсон. /хх17/

Тэрээр жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Мах Импексийн замд, Тоёота фремио маркийн 78-44 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь тээврийн хэрэгслийг түр саатуулах тухай шийдвэр /хх3/, согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр шалгахад 2.50 хувь гэж шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлсон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх4-5/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

            4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол  гэмт хэрэгт тооцохоор заасан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй үедээ замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зөрчлийн давтамж, учруулж болох хор аюулыг тооцох боломжгүй нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.Т-ийн хувьд согтуугаар жолоо барьж жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжээр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэжээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т-г үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд их хэмжээний согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

10. Хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

11. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэн, түүний согтолтын зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,200 нэгж буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3200 нэгж буюу 3,200,000 /гурван сая хоёр зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР