| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025 01 10 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, хохирогч Б.М,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /томилолтоор/, шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны*** дугаар сарын***-ны өдөр *** аймгийн *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, “Зс” ХХК-д засварын хэлтсийн ээлжийн ахлах механикаар ажилтай, ам бүл **, эхнэр**, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Москва хороолол *** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Д овогт Г.Ж /РД:***********/;
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Талх чихэр" ХХК-ийн үүдэнд “амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар хохирогч Б.Мы нүүрэн тус газарт гараараа цохих, чулуугаар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1156 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Ж.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн бол түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ж нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Талх чихэр" ХХК-ийн үүдэнд “амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар хохирогч Б.М нүүрэн тус газарт гараараа цохих, чулуугаар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын салст, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.М-ын: “...өглөө 08 цагийн орчим 30-аас 35 насны 1.78 см өндөртэй, шардуу царайтай залуу ирээд жолоочийн хаалганы цонхыг тогшиж сэрээгээд утсаа авахгүй яасан юм хүний машиныг гарах боломжгүй таглаад зогсчихсон байж гэхээр нь би тухайн залуугаас уучлалт гуйгаад өөрийн эхнэртэй утсаар яриад машины түлхүүр аваад гараад ир гэж хэлээд өөрийн машины арын сандал дээр сууж байсан чинь тухайн залуу хаалга онгойлгоод баруун гараараа миний нүүрэн тус газар 7-8 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа буусан чинь тухайн залуу газар байсан чулууг аваад миний зүүн нүд хэсэгт 2-оос 3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх16-17/, хохирогчоор дахин мэдүүлсэн “...маш их гомдолтой байна. Эхнэр нь сүүлд Сандэй 2 дээр таарахаар нь танай нөхөр яагаад намайг зодчихвоо гэхэд хохь чинь гэж хэлээд явсан. Тэр хоёр нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй, мөн би 14 хоног ажлаа хийж чадаагүй. Үүний улмаас өр зээлээ заримыг нь төлж чадаагүй. Би банкинд 400 орчим сая төгрөгийн зээлтэй, сард 14 сая төгрөг төлдөг. Энэ асуудлаас болж нэлээн ажлаа алдсан. Хохирлын баримтаа олохгүй байгаа тул олоод гаргаж өгнө. Одоогоор яг хэдэн төгрөгийн хохирол учирснаа мэдэхгүй байна. Сэтгэл санааны болон бие махбодын хохиролтой байна. Орбита гэх нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэхэд ирээдүйд нүд ширгэх магадлалтай гэж хэлсэн. Тухайн үед үзүүлэхэд цус хуралт ихтэй байна гэж байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн мөнгө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,
гэрч С.Г-н “...2024 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 40 минутын орчимд миний гар утас руу хүн залгаад машин гаръя гэхээр нь босоод цонхоор хартал шар малгай өмссөн шорт фудволктай залуу манай машины хаалгыг онгойлгоод манай нөхрийг зодож эхэлсэн. Тэгэхээр нь би сандраад цонхоороо хүүе болиоч гэж хашхирсан боловч үл тоосноор барахгүй машин дахин цохиж хөлөөрөө өшиглөж байсан ба манай нөхөр нойрмог байсан тул гайхаад өөдөөс нь хөлөөрөө тийрэх шиг болоод нэг юм сэрсэн юм уу машинаасаа бууж ирсэн. Гэтэл нөгөө хүн газраас чулуу авч манай нөхрийн нүүр лүү цохисон. Тэгээд болихгүй болохоор нь би хүүхдээ тэврээд гараад ирэхэд манай нөхрийн нүүр, царай зүс нь нэлэнхийдээ цус болсон, хувцас хунар нь урагдаад цус болсон, зүүн талын нүдний доор хавдаад цус гоожсон байдалтай байсан бөгөөд намайг хараад хайрыг нь ийм болтол зодчихлоо гэж хэлээд уйлсан. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэхэд нөгөө хүн маш хурдан зугтаж алга болсон...” гэсэн мэдүүлэг, /хх23-24/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх76-79/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 10812 дугаар дүгнэлт, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд “...шөнийн 03 цаг 30 минутаас хойш цагаан өнгийн лексус машины дохиолол 03 цаг 30 минут хүртэл тасралтгүй дугарсан. Эхнэр жирэмсэн учир дохиолол дугарахад унтаж чадахгүй байсан. Өглөө гараад дохиоллоо унтраагаач ээ гээд машин дээр очиход бас 2 хүн машинаа гаргах гээд цаг боллоо гэж байсан. Намайг очиход машины арын суудал дээр согтуу байсан. Тэгээд машины дохиоллоо битгий орилуулаад байгаач гэхэд над руу уурлаад нулимахаар нь би уурлаж маргалдаад гараараа цээж, нүүр рүү нь 4-5 удаа цохисон, машинаас буугаад заамдалцаж байгаад 1-2 удаа цохисон, чулуугаар цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх42/, шүүх хуралдаанд давтан мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10812 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “Б.М-ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын салст, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэжээ. /хх26-27/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохиж, гартаа чулуу барьж цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч чулуугаар цохиогүй гэх боловч хяналтын камерын бичлэгээс эхлээд машины хаалга нээн хохирогчийг цохиж байгаа, дараа нь газраас юм аван хохирогчийг хэд хэд цохиж байгаа дүрс тодорхой тусжээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтыг гаргаж нэхэмжлэл гаргаагүй, мөн хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой ажилгүй байсан хугацааны хохирлыг холбогдох баримтаар нэхэмжлээгүй тул шүүх хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн цаашид нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээв.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Тус хэрэгт шинжилгээний байгууллагын шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр зэрэглэл тогтоосноор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Улмаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол хохирогч нь гомдолтой байна гэжээ.
8.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлдээ: Г.Ж нь анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн дохиоллоо дугаргаад байснаас болсон, гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлж байгааг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
9. Шүүгдэгч Г.Ж үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч Г.Ж нь хохирогчийг шөнийн цагаар машины дохиолол дуугаргасан гэх шалтгаанаар өглөө нь хайж очин, шууд эрүүл мэндэд нь халдан цохисон, мөн газраас чулуу аван дахин хэд хэдэн удаа цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдсон ба энэ тохиолдолд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал бус зориуд, төлөвлөж хүний эрүүл мэндэд халдсан гэж үзнэ. Мөн шүүгдэгч нь шөнийн цагаар тээврийн хэрэгслийн дохиолол дуугарч, амгалан тайван байдал алдагдуулсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл /хх55/ гаргасан боловч зөрчлийн шинжгүй гэжээ. Улмаар хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь зориуд санаатайгаар тээврийн хэрэгслийн дохиолол дуугаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэрээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд дохиолол байхгүй, өөр хүнтэй андуурсан байх гэж тодорхой мэдүүлж, мөн гэрч С.Г адил агуулгатай мэдүүлсэн байх тул хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
12. Иймд шүүгдэгч Г.Ж нь хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй үзсэн. Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг арилгаагүй, зөвхөн шүүх хуралдаанд хохирол төлөхөө илэрхийлж байна гэснээр ял хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 1200 нэгж буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР