2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

 

    2025             01           10                                          2025/ШЦТ/109

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Анхбаяр, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 03514 1939 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *-****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Т” ХХК-д маркет машинист ажилтай, ам бүл **, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Н*** овогт Ж.Б /РД:****************/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хишиг” нэртэй дэлгүүрийн орчим сагсны талбайд үл ялих зүйлээс үүдэн иргэн Г.Бя биед халдаж, "баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулд зулгаралт’’ бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1276 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд Ж.Б нь согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй дэлгүүрийн орчим сагсны талбайд үл ялих зүйлээс үүдэн иргэн Г.Бя биед халдаж, "баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулд зулгаралт’’ бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Г.Бя “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хишиг дэлгүүрээс ундаа, тамхи аваад 2 дүүгийн хамт явж байхад үл таних залуу харьж унтаач гэхээр нь айн гэж дугарахад нэг залуу ирээд намайг хавирч унагаагаад миний нүүр хэсэг рүү гараараа цохиж уг гэмтлийг учруулсан. ...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яг хэн нь намайг зодож цохисон болохыг мэдэхгүй байсан болохоор намайг 10 гаруй хүүхдүүд нийлж зодсон гэж мэдүүлэг өгсөн. Намайг нэг залуу зодсон. Би тухайн хүнийг харвал танина. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх13/,

гэрч Д.С-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагаас 23 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Х” дэлгүүрээс ах Г.Бя, эхнэр Ж нарын хамт Хилчин ****** тоот руу гэр лүүгээ явж байхад үл таних нэг залуу Г.Бя ахыг юу хийж яваа юм, харьж унтаач гээд цохиод цаанаасаа 10 гаруй залуу ирээд ахыг зодохоор нь би гэр рүүгээ ороод утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...би сайн танихгүй үс нь буржгар, намхан, торгон хар цамцтай, хар өмдтэй залуу ах Г.Бяг түрүүлж цохисон...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

гэрч Г.Ж-ын “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагаас 23 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хишиг дэлгүүрээс хадам ах Г.Бя, нөхөр Санжрагчаа нарын хамт Хилчин 37-21 тоот руу гэр лүүгээ явж байхад үл таних нэг залуу хадам ах Г.Бя ахыг юу хийж яваан харьж унтаач гээд цохиод цаанаасаа 10 гаруй залуу ирээд ахыг зодохоор нь би гэр лүүгээ ороод утсаа аваад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

насанд хүрээгүй гэрч У.Х-ийн “...сагсны талбайн хажууд танихгүй нэг ах эхнэр хүүхдийн хамт явж байхад “Б” гэх зүс таних ах согтуу танихгүй тэр ахыг хүзүүнээс нь тэвэрч аваад хөөе писда минь харьж амраач гээд цохисон чинь танихгүй тэр ах Ж.Б-ын гараас нь бариад холдуулах гээд түлхээд байж байхад Ж.Б-ын хоёр найз нь ирээд танихгүй тэр ахыг салгах гэж байгаад танихгүй тэр ахыг нийлээд бие хэсэг рүү нь өшиглөөд тухайн ахын эхнэр нь цаашаагаа хүүхдээ аваад гүйгээд явсан. Танихгүй тэр ахын эхнэр нь машинтай 3 эрэгтэй хүнтэй буцаж ирээд юу болоод зодоон болоод байгаа юм гэсэн чинь Ж.Б ахын нэг найз нь уучлаарай ахаа манай найз согтуу байгаа юм гэхэд зодуулсан гэх танихгүй ахын 3 эрэгтэй хүн орилоод тэд нар хоорондоо зодолдоод байсан. Тухайн Ж.Б гэх ах тухайн хүний нүүр хөл, гар руу нь цохиод байсан. Би яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх25-26/,

гэрч Э.С-ын “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед “Ж” дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад манай найз Ж.Б болон Д 2 намайг тосож аваад Гүртэн дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво аваад “Ц” гэх найзындаа хамт очиж 1 ширхэг пиво уугаад Ж.Б, Д бид 3 сагс тоглох гээд сагсны шийдэн дээр ирсэн. Тэгээд сагс тоглож байгаад Ж.Б тоглохоо болиод суусан бөгөөд би сагс тоглож байгаад Ж.Б-ыг харсан чинь нэг хүнтэй маргалдаад заамдалцсан байдалтай байхаар нь очиж салгаж байх явцад бид гурав хамт унасан...” гэсэн мэдүүлэг /хх33-34/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 11829 дугаар дүгнэлт /хх49-50/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд хохирогч өөрийг нь цохисон хүнийг 1 дугаар бүхий Ж.Б болохыг заасныг тусгасан /хх53-58/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11829 дугаар шинжилгээгээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлтэд “Т.Г.Бя-гийн биед баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх49-50/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч Г.Бя нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримтыг гаргаагүй бол шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж /хх78/, хохирогч гомдол саналгүй гэжээ. /хх91/ Иймд шүүгдэгч Ж.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.

9. Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч Ж.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөлтэйг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР