| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0425/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/546 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д._Хонгорзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******** холбогдох эрүүгийн 2405 05064 0060 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн**** оны ** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилга дээр мужаанаар ажилладаг гэх, ам бүл 4, аав, эгч дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ******** ****** оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ***,*,*****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2405050640060 дугаартай хэргээс:
Улсын яллагч: хохирогч **** мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал), шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), хохирлын баримт (хавтаст хэргийн 18 дахь тал), гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 04 дэх тал)
шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хохирлын 150,000 төгрөгийн баримт хохирлын баримт (хавтаст хэргийн 18 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 75-77 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2405050640060 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
шүүгдэгч ****** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч **** “намайг таньсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ***** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***** “...2024 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих 00 цагийн үед гэртээ амрах гээд байж байтал манай өрөөний ***** нь “хоёулаа хальт гарч хүнтэй уулзъя” гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд бид 2 такси бариад Гандангийн хойд талын Минтер гэх баарны гадна ***** гэх найз маань хүнтэй уулзаж байгаад дотогшоо хамт орсон. Тэгээд бид 3 сууж байхад **** гэх зүс таних нутгийн залуу ирсэн. ***** гар барьж тэврэлдээд юм ярьж байгаад надад дээр ** ирснээ “Таньж байна уу” гэхээр нь би сайн танихгүй байна гэсэн чинь танай нутгийн залуу байна гэж хэлээд яваад өгсөн.
...баарнаас гараад баруун тийшээ Элбэг их дэлгүүрийн чиглэлтэй алхаж ***** хамт явсан хүнтэйгээ цуг явж тамхи авахаар ТҮЦ рүү орсон. Тэгэхээр нь би хойд талд нь байрлах GS сүлжээ дэлгүүр рүү шээх гэж ороод худалдагчаас нь танай 00 ажиллаж байна уу гэж асуутал манай 00 ажиллахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Минтер гэх бааранд таарсан зүс таних залуу болох **** миний араас ороод ирсэн. Тэгээд надад хандаж “чи түрүүн намайг таньсангүй, онигоонд хийлээ” гээд намайг цохих гээд байхаар нь 2 гарыг нь барьсан байсан чинь гараа татаж авснаа миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь намайг хөлөөрөө хавсраад унагахаар нь би босох гэтэл гараараа миний толгой дээр дараад өвдгөөрөө миний нүүр рүү өвдөглөсөн, бас хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд Баяраа дээр очих гээд ТҮЦ рүү гүйсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай “...***** биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна..” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн“...би гэм буруу дээрээ маргах зүйлгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...“ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
хохирлын баримт (хавтаст хэргийн 18 дахь тал), гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 04 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, өшиглөсөн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2405050640060 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын 460,000 төгрөгийн баримт ирүүлж нэхэмжилсэн (хавтаст хэргийн 18,29 дэх тал) бөгөөд шүүгдэгч нь 460,000 төгрөгийн зардлыг тухай бүр нь төлж барагдуулж байсан тухай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 75-77 дахь тал)
Мөрдөгчөөс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байгааг хохирогч ******* танилцуулахад хохирогч зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 24 дэх тал) хэрэгт хавсаргасан боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг ...” гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан тул хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ