Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2019/00006

 

Б.П нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаар шийдвэртэй, Б.П нэхэмжлэлтэй “Ж П Э” ХХК-д холбогдох сул зогсолтын мөнгө 6,728,400 төгрөг, алданги 304,920 төгрөг, нийт 7,033,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.П нь “Ж П Э” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 27-ноос эхлэн Уулын баяжуулах Салхит үйлдвэрийн уурхайн экскаваторын оператороор түр тушаалаар ажилд орж улмаар 2016 оны 08 дугаар сард жинхэлж уг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Сарын үндсэн цалин 801000 төгрөг ба П ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-нээс уг компани сул зогсолт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар захирлын тушаал гарсан байсан. Өнгөрсөн хугацаанд П нь сул зогсолтынхоо мөнгийг аваагүй, уг компаниас чөлөөлсөн тушаалгүй болохоор өөр ажилд орж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй хохирч байна.

Иймд тус компаниас 2017 оны 07 дугаар сараас эхлэн 2018 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6,728,400 төгрөг, алданги 304,920 төгрөг, нийт 7033320 төгрөгийг гаргуулж Б.П олгуулах хүсэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд 2 удаа компаний хүний нөөцөөр ажиллаж байсан Ө уулзахад уг компанид Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, цалинг өгөх боломжгүй шүүхэд хандахыг зөвлөсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар “Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэсний дагуу нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б.П нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээ Д аймгийн шүүхэд гаргажээ. Манай компаний төв Улаанбаатар хотод байрладаг. Д аймагт байрлах манай уурхайн үйл ажиллагаа 2016 оны сүүлээс хойш хаагдсан ба үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа болно. Тиймээс тус хэргийг хэрэгсэхүй болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Мөн тус ажилтан нь өөрийн сул зогсолтод хамрагдсан тушаал, хавсралтаа өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан хянан шийдвэрлэх журмаар компанийн гүйцэтгэх захирал болох С.О болон компани, компаний Хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй.

Мөн сул зогсолт зарласан тушаалыг гаргасан гэх Я Ж Г гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын бүртгэлийн баримт байхгүй байх бөгөөд тушаал нь хуулийн хүчин төгөлдөр бус байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. сул зогсолтын олговор 7033320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дараах 5 үндэслэл байна.

 

1. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан.

 

2. Хэргийн хариуцагчийн хувьд маргаантай байгаа. Учир нь хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй байгаа энэ үед “Ж П Э” ХХК-ийг хариуцагчаар татах үндэслэлгүй, хариуцагчийн хууль зүйн статус эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх хүртэл хүлээх ёстой байсан.

 

3. Нэхэмжлэгч “Ж П Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс сул зогсолтоо зарлаж, үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгож байхаар тушаал гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Гэтэл уг тушаалыг нотлох баримтаар хэрэгт өгөөгүй.

 

4. Тухайн үед уг тушаалыг гаргасан Я Ж Г гэдэг захирал “Ж П Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрсийн жагсаалтанд огт байдаггүй. Ажилтан Б.П хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2016 онд гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Р.Э гэх гүйцэтгэх захирал улсын бүртгэлд бүртгэлгүй байсан.

 

5. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар нийгмийн даатгалын лавлагааг өгсөн байсан. Уг нийгмийн даатгалын лавлагаа гэсэн баримтны дээд талыг нь уншвал “Г Ж П Э” ХХК гэсэн нэртэй тодорхойлолт байгаа. Манай компани хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад анх бүртгүүлэхдээ “Ж П Э” ХХК гэсэн нэрээр бүртгүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж бид нар үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх : 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар Ж П Э ХХК-иас 6728400 /зургаан сая долоон зуун хорин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Б.П олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1516 төгрөгийг улсын орлогоос, 122604 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:  Иргэн Б.П нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж П Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

 

1. Сул зогсолтод нэхэмжлэгч Б.П нь хамрагдсан эсэх талаар: Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ж П Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар сул зогсолт зарлаж, үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгохоор тушаал гаргасан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байсан. Гэвч хавтаст хэрэгт уг тушаалыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгч Б.П сул зогсолтод хамруулсан эсэх нь тодорхойгүй” гэж тайлбар гаргасан байхад шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үүний талаар огт дурдаагүй. Нэхэмжлэгч сул зогсолтод хамрагдаж, олговор авах эрхтэй эсэх нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна.

 

2. Сул зогсолт зарласан шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар: Тухайн тушаалыг гаргасан Я Ж Г гэгч нь “Ж П Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрсийн жагсаалтад огт бүртгэлгүй байдаг хууль ёсны гүйцэтгэх захирал байсан эсэх, тушаал нь хууль зүйн эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч тал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч ИХШХШ тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчиж буюу Ж П Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О болон хөдөлмөрийн маргаан таслах комисст огт хандаагүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэвч хариуцагч маргаан таслах комисстой болох нь нотлох баримтаар нотлогддоггүй” гэжээ. Ж П Э ХХК-д “Хөдөлмөрийн маргаан таслах комисс” ажиллаж байгаа бөгөөд эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой. Ийм ч хууль зүйн дэглэм үйлчилж байгаа.

Дээрх үндэслэлээс үзэхэд шүүх уг хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангах ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүгч нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

 Хариуцагч Ж П Э ХХК -ийн үйл ажиллагаа нь зогссоны улмаас сар бүр үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх олговор олгохоор захиргааны тушаал гарсан гэж 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны сул зогсолтын мөнгө 6728400 төгрөг, алданги 304920 төгрөг нийт 7033320 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ж П Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О гаргажээ./хх-1,2 /

 

Б.П 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр Х.О өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон “итгэмжлэл” олгосон байх бөгөөд үүний дагуу Б.П төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгосноор тэрээр Б.П төлөөлж нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хариуцагч нь нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, мөн хариуцагчийн хууль зүйн статус маргаантай байгаа, нэхэмжлэлд дурдсан сул зогсолтын олговор олгох тухай тушаал болон хавсралтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь шүүхийн харьяалал зөрчөөгүй, Ж П Э ХХК нь хэргийн хариуцагч мөн, уг компани нь хөдөлмөрийн маргаан таслах комисстой болохоо нотлох баримтаар нотлоогүй тул сул зогсолтын олговор болон хугацаандаа олгогдоогүй олговрын алданги нийт 7,033,320 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох сул зогсолтын олговорыг /6,728,400 төгрөг/  хариуцагчаас гаргуулж, сул зогсолтын олговорыг хугацаанд нь олгоогүй гэж алданги тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ талаарх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх асуудлын хувьд хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “... уг компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байсан эсэх талаар тайлбар, албан бичиг гаргуулах хүсэлт”-ийг шүүх хангаж, шүүгчийн захирамж/хх-66/ гаргасан байх ба уг захирамжийн дагуу хариуцагч талаас “... гүйцэтгэх захирал өөрчлөгдөхөөс өмнө ... маргаан таслах комисс байсан эсэхийг мэдэхгүй, одоо маргаан таслах комисс ажиллаж байгааг мэдэгдье“ гэсэн хариуг албан бичгээр /хх-76/ ирүүлсэн байх бөгөөд үүнээс өөр ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй зэргийг үндэслэн нэхэмжлэгч тал нь хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл уг журмыг хэрэглэх боломжтой байсан нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх  дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Сул зогсолтын олговорыг нэхэмлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэсний хувьд тухайн Ж П Э ХХКомпани сул зогсолт зарласан болон нөхөн олговор олгосон тухай тушаал, түүний хавсралт /уг тушаал болон хавсралтыг хариуцагч талаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан, шүүх хүсэлтийг хангасан хэдий ч хариуцагч талаас энэ талаарх бичиг баримт тэдэнд байхгүй гэжээ/ хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэл болоогүй байна     

 

Харин шүүх, нэхэмжлэгч Б.П нь уг компанид ажиллаж байгаа ажилтан болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримт болох анх ажилд авсан тушаал /хх-4/, хөдөлмөрийн гэрээ /хх-5-7/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-8/-гаар,  тухайн Ж П Э ХХКомпаний үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолт зарласан болох нь хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдсон гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдийг үндэслэн сул зогсолтын олговорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Сул зогсолтын олговрын хэмжээний хувьд нэхэмжлэгч нь нэхэмжилж буй олговрын хэмжээг яаж тооцож гаргасан нь тодорхойгүй ч, түүний сард 801000 төгрөгийн цалинтай байсан нь хэрэгт хавсаргасан Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар /хх-8/ тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн ба ажилтны цалингийн болон нэхэмжилж буй олговрын хэмжээний талаар талууд маргаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч тал хариуцагчийн хууль зүйн статус тодорхойгүй гэж маргаж байгаа ба нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ “Ж П Э ХХК-д холбогдуулан гаргасан, хариуцагч Ж П Э ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч талын энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байх ба шүүхийн харъяалал зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан “маргааны талаар гомдол гаргах хугацаа” өнгөрсөн эсэх талаар талууд маргаагүй  боловч нэхэмжлэгчийн эрх нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдрийг хүртэл зөрчигдсөөр байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

           Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00805 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 610 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.БАЙГАЛМАА

                             ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

                                                                              Г.ТЭГШСУУРЬ