Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/129

 

 

 

        2021            1              28                                           2021/ДШМ/129

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Агар

Хохирогч Ш.Цолмон,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганбат,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Цолмон, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бд холбогдох 2003000000198 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б, 1970 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шивээ хүрэн боомтод том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн ткб гудамжны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТЕ70093076/,

Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны баруун уулзвар замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /2.39 согтолттой/ үедээ “Тоёота Приус” загварын 24-97 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах удаа хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин явган хүний замаар явж байсан явган зорчигч /58 настай/ Ш.Цолмон, хашааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Д.Ганбатын эзэмшлийн Алтайн 10-275 тоот хашаанд 2.485.000 төгрөгийн хохирол тус тус учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дорж овгийн Даваагийн Д.Бг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Даваагийн Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгаас 1.785.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, хохирогч Ш.Цолмон нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Д.Бгийн жолоочийн №258421 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэжээ.  

Хохирогч Ш.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь:

1. Д.Б надад учруулсан эрүүл мэндийн болон санхүүгийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй.

2. Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа намайг мөргөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж /эрүүл мэндэд/ хохироосон. Уг гэмт үйлдэл, гэмтлийн зэргийг хамаатан садан танил талаа ашиглан хөнгөн гэмтлийн зэрэг болгуулж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулсан, тээврийн прокурорын газрын прокурор С.Оюунжаргалтай үгсэн хуйвалдаж хөнгөн ял авахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл нь нотлон тогтоогдож шийтгэх тогтоолд тэмдэглэгдсэн байгаа. Иймд уг хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү. ....” гэв.   

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг хэргийг мөрдөн шалгах явцад Гэмтэл согог сэргээн засах төв эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний дүнг үндэслэн Шүүх эмнэлгийн эмч нарын гаргасан хоёр удаагийн актыг үл хэрэгсэж,үндэслээгүй, хувийн “Сөүл” эмнэлгийн шинжилгээг үндэслэн гаргасан актыг баримтлан “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтийн дагуу дээрх ялыг оногдуулсантай санал нийцэхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд дээрх шүүх эмнэлгийн гурван актууд өөр хоорондоо зөрчилдөж байгаа нотлох баримтыг бүрэн дүүрэн, үнэн зөв бүрдүүлсэн байх хуулийн шаардлагатай нийцүүлэн Шүүх эмнэлгийн эмч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулан зохих дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол дурдагдсан  үндэслэлүүдээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч Д.Бгийн охин Билгүүн нь цусны хорт хавдар өвчтэй. Тухайн үед шинжилгээний хариу нь нааштай гарсан болохоор баярласандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шүүгдэгч Д.Бгийн хувьд үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу 2 дугаар хавирга хугарсан гэж гарсан. Гэтэл уг осол болсноос хойш 1 сарын дараа “Сөүл” эмнэлэгт хийлгэсэн КТГ-ын шинжилгээг үндэслэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтээр 7, 8 хавирга хугарсан, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна гэж эрс зөрүүтэй дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, баримтаар гаргаж өгсөн бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнцэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.  

  Иргэний нэхэмжлэгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, мөн хавтас хэрэгт авагдсан баримтыг үндэслэж Д.Бд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.  Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны баруун уулзвар замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /2.39 согтолттой/ үедээ “Тоёота Приус” загварын 24-97 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах удаа хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин явган хүний замаар явж байсан явган зорчигч /58 настай/ Ш.Цолмонг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь:

Зам тээврийн  осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-7/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон баримт /1хх 11-12/,

жолооч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2,39% согтолттой гарсан тухай тэмдэглэл /1хх 8-9/, автомашин өмчлөгчийн тодорхойлолт /1хх 35/,
эд зүйлсэд 2.485.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан /1хх 44-56/, хохирлын баримтууд /1хх 65-66, 129-155/, хохирол төлсөн баримт “...Д.Ганбатад 700.000 төгрөг, ...Ш.Цолмонд 500.000 төгрөг ...” /1хх 67, 87, 208, 209/, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шүүхийн шийтгэвэр /1хх 216-219/,

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3842 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ш.Цолмонгийн биед зүүн 2-р хавирганы хугарал, баруун шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 57-59/,

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 580 дугаартай хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “....Цолмонгийн биед зүүн 2-р хавирганы хугарал, баруун шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 77-80/,

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаартай хэргийн материалаар хийгдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт “...Ш.Цолмонгийн биед цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол гарах үед үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. “Сөүл” эмнэлгийн цээжний КТГ-ийн оношилгоогоор Ш.Цолмонгийн биед зүүн 1,5,6,7-р хавирганууд урд төгсгөл хэсгээр, 2,3,4-р хавирганууд эгэмний дунд шугамаар, зүүн 2,3-р хавирганууд далны шугамаар бороолж байгаа хугаралууд байна гэжээ. “Лазермед” эмнэлгийн зургаар Ш.Цолмонгийн 2020.3.18-ны Лазермед эмнэлгийн цээжний КТГ /CD-1ш, зураг-1ш/-р: Зүүн талын 1.5.6-р хавирганууд урд төгсгөл хэсгээр зөрөөгүй, зүүн 2-р хавирга эгэмний дунд шугамаар зөрөөтэй, 3,4-р хавирганууд эгэмний дунд шугамаар зөрөөгүй хугарсан байна гэжээ. “Люкс Мед” эмнэлгийн баруун шагайн тодосгогч MRI шинжилгээгээр хохирогчид баруун шагайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. ...” /1хх 99-108/,

“...Д.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах удаа хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. ...” /1хх 111-112/ гэсэн мөрдөгчийн магадлагаа, дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд болон

хохирогч Ш.Цолмонгийн “...“Хангай” хотхоны баруун талд байх төв замын баруун талын явган хүний замаар явж байтал зүүн гар талаас нэг автомашин маш их хурдтай, яах ийхийн зуургүй орж ирээд, зүүн талын цээж хэсэг рүү мөргөн газар унагаасан. Автомашины жолооч нь шал согтуу байсан ба жолоочийн арын суудал дээр нэг эмэгтэй хүн сууж байсан. Мөн дээрх согтуу жолооч айлын хашааг цөм дайрсан. Миний зүүн талын 2 хавирга хугарсан байна гэсэн. ...” /1хх 15-18, 125/,

иргэний нэхэмжлэгч Д.Ганбатын “...Хангай хотхоноос баруун тийшээ явсан замаар явж байсан автомашин тэр чигээрээ яваад, манай хашааг мөргөсөн байсан. Тухайн үед жолооч нь шал согтуу, автомашин нь асаалттай, арын суудалд нэг эмэгтэй хүн суусан, автомашины гадна, баруун талд газар нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Би автомашиныг унтраах гээд жолоочтой нь түлхүүрийг нь булаацалдаж, арай гэж унтрааж түлхүүрийг нь авсан, ингэхдээ нүүрээ жолоочид маажуулж, цохиулж хувцасаа уруулсан. ...” /1хх 20-22/,

гэрч Н.Оюунтунгалагийн “...Тухайн үед нөхөр Д.Б нь нэлээд согтуу байсан, би согтуу ч гэсэн автомашинаа бариад явчих байх гэж бодож байсан, мөн жолооны ард өөрөө суусан, би буулгах гээд чадаагүй, тэгээд аргагүй арын суудал дээр суусан. Хангай хотхоны замын ард талд байх цэнхэр хашаанаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун тийшээ, шинэ зам руу хурдтай давхиж, тэр чигээрээ төв замыг нэвт гарч, хашаа мөргөж зогссон. Хашаа мөргөж зогссоных нь дараа би автомашинаас буух үедээ явган хүний замаар явж байсан хүнийг мөргөсөн гэдгийг мэдсэн. ...” /1хх 25/,

гэрч О.Байгалмаагийн “...Хангай хотхоноос баруун тийшээ явсан замаар явж байсан автомашин тэр чигээрээ яваад, манай хашааг мөргөсөн байсан. Тухайн үед жолооч нь шал согтуу, автомашин нь асаалттай, арын суудалд нэг эмэгтэй хүн суусан, автомашины гадна, баруун талд, газар нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Манай нөхөр автомашиныг унтраах гээд жолоочтой нь түлхүүрийг нь булаацалдаж, арай гэж унтрааж түлхүүрийг нь авсан, ингэхдээ нүүрээ жолоочид маажуулж, цохиулж хувцасаа уруулсан. ...” /1хх 27/,

яллагдагч Д.Бгийн “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд гэрээсээ гараад Хангай хотхонд найз Баттулгынд очсон, очихоосоо өмнө гэртээ ганцаараа пиво уучихаад гарсан. Тэгээд Баттулгын гэрт Баттулгатай 0.5л Улаанбаатар архи уусан, архи талдаа орох үеийг санаад байгаа. Тэгээд архиндаа согтоод ухаангүй болсон. Нэг ухаан орсон чинь Дэнжийн 1000-ийн эрүүлжүүлэх байранд байсан. Баттулгын гэр рүү автобусаар очсон. Архи ууж байхдаа эхнэр рүүгээ залгаад ирээд ав гэсэн юм билээ. Тэгээд эхнэр автомашинтайгаа ирээд авах гэхэд нь автомашиндаа суугаад осол гаргасан юм билээ. Би осол хийснээ ерөөсөө санахгүй, архиндаа согтсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 123-124/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогч Ш.Цолмон “...надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, танил талаа ашиглан хөнгөн зэргийн гэмтэл гэж гэмтлийн зэргийг тогтоолгосон, прокурор С.Оюунжаргалтай үгсэн хуйвалдаж хөнгөн ял авахыг завдсан. ...”, шүүгдэгч Д.Б “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. ...”, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, хохирогч Ш.Цолмонд 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганбатад 700.000 төгрөг тус тус төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Д.Б нь өөрийн танил талаа ашиглаж, бусдад нөлөөлж гэмтлийн зэрэг, ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэгт гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсэн гэх дүгнэлт гаргасныг, шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Цолмон, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/951 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Цолмон, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ