Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0441/З |
Дугаар | 128/ШШ2022/0713 |
Огноо | 2022-09-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “В****” ХХК, /РД:******/.
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.С***-д холбогдох зөрчлийн хэрэг дэх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С***, түүний өмгөөлөгч А.Ө****, А.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “В****” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.С***-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С****-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар баталсан “В****” ХХК-ийн үйл ажиллагаанд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирдамжийн дагуу банк бус байгууллагын санхүү, төлбөрийн чадварт бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, учирч болзошгүй эрсдэлийг тооцох, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас баталсан журам, зааврын дагуу үйл ажиллагаа нь явагдаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилготой хяналт шалгалт явуулж,
Улмаар дээрх удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад үндэслэж, маргаан бүхий акт болох 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.
3. Гомдол гаргагч “В****” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.
4. Гомдол гаргагч нь шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “... 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 0014008 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зөрчсөн гэж 20,000,000 /хорин сая/ төгрөгийн шийтгэлийг оногдуулж, торгосон. Шийтгэлийг оногдуулахдаа 2022 оны 03 сарын 02-ны өдрийн “В****” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтын тайлангийн дүгнэлтийн 1-т “Шалгах өдрийн байдлаар касс дахь бэлэн мөнгө болон харилцах дансны үлдэгдлийг тулгаж шалгахад кассын үлдэгдэл 4,414,4 мянган төгрөг байсан боловч тоолж шалгуулах боломжгүй, тус ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан менежер О.Ц****-ын Г**** банкны ********* тоот хувийн дансанд байршиж, тус дансаар байгууллагын кассын гүйлгээг хийдэг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна”, Хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын Б-1-т “Байгууллагын касс болон банкин дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа төгрөг, гадаад валютаас бүрдэнэ”, Б-1-2-т “Банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөнд банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл орно”, Б-1-1-т “Үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгийг бэлэн мөнгө гэнэ. Бэлэн мөнгөөр өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийх касс дахь бэлэн мөнгийг касс дахь мөнгөн хөрөнгө гэнэ” гэж заасныг зөрчсөн” гэж дурдаж, зөрчлийн үндэслэлээ болгосон.
Маргаан бүхий захиргааны акт буюу шийтгэлийн хуудас нь дээрх тайланд дурдагдсан зөрчилд үндэслэн, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу оногдуулсан захиргааны байгууллагын шийдвэр. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С**** нь “В****” ХХК дээр төлөвлөгөөт, газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2 дахь заалтыг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж заасан. Гэтэл манай байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа таваас доошгүй хоногийн өмнө хуульд заасан арга хэлбэрээр урьдчилж огт мэдэгдээгүй. Иймээс бидний зүгээс шалгалт эхлэх хугацаа, дуусах хугацааг мэдээгүй юм. Захиргааны байгууллага мэдэгдэх үүргийг хуулиар олгож байгаагийн зорилго нь шалгалтаар орж буй хуулийн этгээдэд алдаагаа засах боломжийг олгох, урьдчилан мэдэгдэх зэрэг үр дагавартай. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь огт мэдэгдэлгүйгээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Бидний зүгээс хэдийгээр ажилтны дансанд байршуулсан боловч тухайн мөнгийг ашиглах тохиолдолд бэлнээр гаргаж, тайланд үнэн зөвөөр тусгаж ирсэн байтал “ялимгүй хэлбэрийн зөрчил”-д 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч 20,000,000 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д заасан “Захиргааны үйл ажиллагаа бодит байдалд тохирсон байх” тусгай зарчмыг зөрчсөн үйл ажиллагааг явуулж, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироож байна. Бидний хувьд энэхүү зөрчилд торгох арга хэмжээ авахын өмнө “зөрчил арилгуулах арга хэмжээ”-г авч, хугацаа олгож, зөрчлөө арилгах боломжийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий актаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар хэд хэдэн зөрчил гарсан.
Тухайлбал, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль,
хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмыг мөрдлөг болгон ажиллаагүй гэж үзэж, 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 22 дугаартай “В****” ХХК-ийн гүйцэтгэх захирал “О****”-д зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг улсын байцаагч Ч.С*** өгсөн. Тус шаардлагад “Улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, цаашид алдаа дутагдлыг дахин давтан гаргасан ... Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасны дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэдгийг анхааруулъя” гэж дурдсан. Үүнээс харахад 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхийн өмнө зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах хууль зүйн бүрэн боломжтой байсан. Гэтэл улсын байцаагч энэхүү хоёр арга хэмжээг ялгамжтай хэрэглэсэн, сонгох боломжтой арга хэмжээг аваагүй нь хууль зөрчсөн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С****-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын байцаагч Ч.С-****ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан нөхцөл байдлыг тогтоож ажилласан гэж дүгнэсэн. Тогтоосон үйл баримтуудад гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд “В****” компани дээр хийсэн хяналт шалгалтын үндэслэл гэж дурдсан. Хянан шалгагчийн зөрчлийн хуудас дээр байх үндсэн 3 төрлийн зөрчилд байгууллагын кассад байх ёстой мөнгийг ажилтны дансанд байршуулсан талаар илрүүлсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой өөр 3 зөрчлийн талаар л дурдсан байдаг. Улсын байцаагчийн албан шаардлага өгснөөс хойш 10 хоногийн дараа ирүүлсэн шийтгэлийн хуудсанд өмнө нь илэрсэн гэж заагаагүй асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэлийн хуудас оногдуулсан. Энэ нь улсын байцаагчийн шаардлага нь зөрчлийн хэрэгт хамаарахгүй асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9.1.1-т заасан зөрчлийн шинжгүй асуудал дээр шийтгэлийн хуудас оногдуулсан.
Улсын байцаагч Ч.С****-ийн хувьд ч, гэрчийн мэдүүлэг авч байгаа байдлын хувьд ч ажилтны дансанд байгаа мөнгө нь Санхүүгийн тайлангийн хөрөнгийн бүртгэлийн хэсгийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөд хамаарах мөнгөн хөрөнгийг ажилтны дансанд байршуулан байна. Энэ нь ажилтны дансанд байх ёсгүй мөнгө гэж хэлдэг. Ч.С**** байцаагчийн хувьд Нягтлан бодох бүртгэл талаасаа энэ мөнгө ажилтны дансанд байх ёсгүй үздэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон сайдын гаргасан журмын дагуу Санхүүгийн тайлангийн хөрөнгийн бүртгэлийн хэсгийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөд заасныг агуулга талаас нь харах юм бол энэ мөнгөн хөрөнгө ажилтны дансанд байх тохиолдол байна. Хөрөнгийн бүртгэл дотроо бусад орлого хэсэгтээ бүртгэх байдлаар байгууллагын мөнгө хувь ажилтны дансанд байж болно. Байгууллага ажилтан 2-ын хооронд зээлийн гэрээ эвсэл байгууллага ажилтан хоорондоо харилцан тохиролцсон байж болно. Үүнийг байгууллага Санхүүгийн тайлангийн хөрөнгийн бүртгэлийн хэсгийн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө дотроо бусад орлого хэсэгтээ бүртгээд явах боломжтой. Шийтгэлийн хуудас болон хариуцлагын тухай ярихдаа энэ байгууллагын ажилтны данс дахь мөнгө байгууллагын мөнгөн хөрөнгийн гүйлгээний тухай ярихаасаа өмнө байгууллагын мөнгөн хөрөнгийн бүртгэлд хамаарах юм уу? Байгууллага ажилтан хоёрын хооронд байгуулсан бусад хөрөнгийн ангилалд хамаарах юм уу гэдгийг тодруулах ёстой байсан. Энэ талаар тодруулалгүй байгууллагын мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөтэй адилтгах хөрөнгөд хамаарах мөнгөн хөрөнгө гэж тодорхойлсон.
“В****” компани нь нягтлан бодох болон татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулдаг “Л****” компанитай гэрээтэй ажилладаг. “В***” компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүтэй холбоотой асуудлыг үйл ажиллагааны менежер н.Ц***, нягтлан бодогч Т.С*** нар биш, гэрээтэй ажилладаг “Л****” компанитай холбоотой байсан. Яагаад энэ асуудлыг дурдаад байна гэхээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4 болон 18.4-т заасны дагуу байгууллагын нягтлан бодох бүртгэл дээр гарын үсэг зурах болон тухайн санхүүгийн тайланг хөтлөх, хянах этгээд нь байгууллагын ерөнхий нягтлан бодогч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.6 болон Татварын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу “В****” компанийн ерөнхий нягтлан бодогчийн үүргийг “Л***” компани гүйцэтгэж байсан. Улсын байцаагчийн шийтгэх хуудасны гол үндэслэл болоод бэлэн мөнгөний гүйлгээний тайлан дээр гарын үсэг зурах этгээд нь нягтлан бодогч Т.С*** биш “Л***” зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани байсан. Шийтгэх хуудасны үндэслэл болсон баримт нь ерөнхий нягтлан бодогчийн гарыг үсэггүй, бэлэн мөнгөний баримт нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байхад ажилтны дансанд байх мөнгө нь мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн бүртгэлд хамаарах хөрөнгө гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
5.1. Мэдүүлэг авах болон зөрчлийн хэрэг нээхдээ хөрөнгийн бүртгэл ажилтан болон бусад этгээдээс авах авлагын хөрөнгө юм уу? Эсвэл цэвэр мөнгөн бүртгэл эсэхийг тодруулалгүй энэ ажиллагааг явуулсан тул процессын алдаатай байна. Уг асуудлыг тодруулсны дараа бусад авлагын хөрөнгийн бүртгэлд хамаарах хөрөнгө байвал санхүүгийн тайлан алдаатай хөтөлсөн тухай яригдах байсан. Тийм байвал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1.1 болон 15.1-т заасан алдаатай тайланг дараагийн санхүүгийн жилд багтаан залруулах ажиллагаа хийгдэх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо болон хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нар гомдол гаргагч “В***” компанид энэхүү санхүүгийн тайланг тодруулах боломж олголгүй шууд зөрчил гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй.
“Нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн загвар”-ын гол зорилго нь хууль тогтоомж болон санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг зөрчсөн гэдэг агуулга нь кассын мөнгө, компанийн харилцах дансанд байх ёстой мөнгө гэдэг тодорхойлолтод нийцээгүй үйлдэл хийснийг бүхэлд нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг зөрчсөн гэх дүгнэлт хийж байгаа нь 20 сая төгрөгөөр торгох нь хэр зүйтэй вэ? Шийдвэр гэдэг үгийг тайлбарлахын тулд шууд тайлбарлах боломжгүй. Тухайн хуулийн зорилго зорилтод хамааруулан ойлгох нь зүйтэй. Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, татаж авсан санхүүгийн тайлангуудыг харсан ч тэр энэ хөрөнгийг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Энэ бол “В****” компанийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Тайлан дээрээ ч бас тусгаад явдаг. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль болон үлгэрчилсэн загвар зэргээс гажсан зүйл байхгүй. Үүнээс аваад үзвэл улсын байцаагчийн авч хэрэгжүүлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.5.2-ийн арга хэмжээ нь хуулийнхаа зорилго зорилтод нийцэж байна уу? Шийдвэр зөрчсөн гээд байгаа үйлдэл нь бодитой байна уу? гэдэг асуудал байгаа. Хуулийн үндэслэл шаардлагыг хангаагүй энэхүү шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэснийг зөрчсөн гэсний тухайд:
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 онд хийж гүйцэтгэх газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөөг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус Хорооны ***.** цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлсэн. Тус төлөвлөгөөний 3 дугаар бүлгийн 3.1-т “В****” ХХК-д 2022 оны 1 дүгээр улиралд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх талаар тусгасан тул хуульд заасны дагуу буюу 5-аас дээш хоногийн өмнө мэдээлэгдсэн байна. Төрийн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тус тусын хуулийн дагуу зохицуулагдсан харилцаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төрийн хяналт шалгалтын хууль үйлчлэхгүй буюу хамаарахгүй болно.
Иймд “В***” ХХК-д газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу “В***” ХХК-д хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэх явцад Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасан зөрчил үйлдэгдсэн байж болзошгүй баримтууд илэрсэн тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 220100005 дугаартай зөрчлийн хэргийг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан болно.
Хэрэв Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасныг улсын байцаагч зөрчсөн гэж үзэж байгаа бол тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д “улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заасны дагуу улсын ерөнхий байцаагчид уг асуудлаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байх бөгөөд гомдол гаргагчийн зүгээс гомдол гаргаагүй тул тус ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
6.1. Хорооны даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг гүйцэтгэхдээ 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “В****” ХХК-ийн хороонд бүртгэлтэй ажлын байранд очиж гүйцэтгэсэн ба шалгалтын ажлын хэсэг тус ББСБ-ын ажлын байранд очихдоо шалгалтын удирдамжаа гардуулан өгсөн бөгөөд тус удирдамжид шалгалт эхлэх болон дуусах хугацааг тодорхой тусгасан.
Дээрх шалгалтаар “В****” ХХК нь байгууллагын мөнгөн хөрөнгийг хувийн дансанд байршуулж, гүйлгээ хийж байсан зөрчил илэрсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын Б-1-т “Байгууллагын касс болон банкин дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа төгрөг, гадаад валютаас бүрдэнэ”, Б-1-2-т “Банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөнд банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл орно”, Б-1-1-т “Үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгийг бэлэн мөнгөн гэнэ. Бэлэн мөнгөөр өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийх касс дахь бэлэн мөнгийг касс дахь мөнгөн хөрөнгө гэнэ” гэж заасан.
“В****” ХХК нь бэлэн мөнгө хэрэглэхгүй харилцах дансаар байгууллагын гүйлгээг хийхийн тулд ажилтныхаа харилцах дансанд кассын мөнгөн хөрөнгөө байршуулж, түүгээр жижиг гүйлгээнүүдээ хийж байсан гэж тайлбарласан бөгөөд энэ нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч “В****” ХХК-ийг итгэмжлэлээр төлөөлөн оролцсон Т.С***-ийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогддог.
Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу байгууллага бүр заавал касстай байж, мөнгөн хөрөнгөө бэлнээр байршуулж, түүгээр гүйлгээ хийхийг шаарддаггүй. Тухайн байгууллагад мөнгөн хөрөнгөө бэлнээр байлгах /касстай байх/ шаардлага байхгүй бол байгууллагын харилцах дансаар дамжуулан гүйлгээ хийж болох зохицуулалттай.
ББСБ-ын банкин дахь харилцах дансны тоонд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд байгууллагынхаа нэр дээр хэдэн ч харилцах данс нээж, гүйлгээ хийж болно. Байгууллага бүр байгууллагынхаа нэр дээрх харилцах дансаар эсвэл кассаар гүйлгээ хийх боломжтой бөгөөд харин байгууллагын ажилтны хувийн харилцах дансанд байгууллагын мөнгөн хөрөнгийг байршуулж, түүгээр гүйлгээ хийх нь хориотой байна.
Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн бол тухайн зөрчлийг эхний удаа сануулах, дараа нь торгох гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдох арга хэмжээг авсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. 1.1-т хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн...” 2.2 дугаар зүйлийн 1-т “прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1.1-т зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах...” зэргийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, прокурорт хянуулан, холбогдогч болон гэрчийн мэдүүлэг, кассын тайлан, хувийн харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтад үндэслэн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “В****” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсны хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ” гэж заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлж, Хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар” В****” ХХК-д газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгэх явцад,
3. Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас гомдол гаргагч “В****” ХХК-ийг “байгууллагын мөнгөн хөрөнгийг хувийн дансанд байршуулж, гүйлгээ хийж байсан” гэх зөрчилд буруутган Зөрчлийн тухай хууль /Арван нэгдүгээр бүлэг. Үнэт цаас, банк, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил/-ийн 11.5 дугаар зүйлийн 2. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар зүйлчлэн шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсныг,
4. Гомдол гаргагчийн зүгээс “... энэхүү зөрчилд торгох арга хэмжээ авахын өмнө зөрчил арилгуулах арга хэмжээг авч, хугацаа олгож, зөрчлөө арилгах боломжийг олгох ёстой байсан, ... улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.2-т зааснаар таваас доошгүй хоногийн мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ялимгүй хэлбэрийн зөрчилд хорин сая төгрөгийн торгууль ногдуулсан нь бодит байдалд тохироогүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн,...” гэж тайлбарлан мөн Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан үндэслэлээр маргаж байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11. “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4. “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3. “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18. “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 10.11, 11.5, 11.6, 11.8, ... 11.29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 11.30, 13.3, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2. “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
6. Маргаан бүхий энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь 2201000005 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол[1], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[2], гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3] зэргээр нотлогдож, эдгээр болон бусад баримтад зөрчил гарсан бодит байдлын талаар тодорхой дурдсан байна.
7. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...Голомт банкны 1605175825 дансаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс гүйлгээ хийж эхэлсэн, гүйлгээ хийх эрх надад байдаг, миний нэр дээр данс нээсэн боловч тус дансаар зээлийн үйл ажиллагаанаас бусад байгууллагын өдөр тутмын захиргаа аж ахуйн зардлуудыг гаргадаг...”, түүнчлэн холбогдогчоос авсан “...санхүү татвар хариуцсан зөвлөх зөвлөсөн болохоор данс нээсэн, хууль дүрмийг зөрчсөн гэж бодохгүй байна, хувийн хэрэглээнд ашиглаж байгаагүй, бага дүнтэй байгууллагын гүйлгээнд ашиглаж байсан” гэх тайлбар зэргээр болон хэрэгт авагдсан дансны хуулгаар зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
8. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагад мөрдөх “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар”-ыг хавсралт ёсоор баталсан байна. Энэ тохиолдолд дээрх зааврын А-1. Нийтлэг үндэслэл. 1.4-д “ББСБ нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлж, ажил гүйлгээг давхар бичилтийн хэлбэрээр гүйцэтгэнэ”, А-2. Дансны нэгдсэн жагсаалт. “Дансны нэгдсэн жагсаалт нь тэнцлийн болон тэнцлийн гадуурх данснаас бүрдэнэ. Тэнцлийн дансанд актив, пассив, өөрийн хөрөнгө, орлого, зардлын данс багтана”, Б-1. Мөнгөн хөрөнгө. Б-1-1. “Байгууллагын касс болон банкин дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа төгрөг, гадаад валютаас бүрдэнэ”, Б-1.1. Бэлэн мөнгөний бүртгэл, Б-1.2 Банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө. 1. “Банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөд банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл орно” зэргээр заасныг гомдол гаргагч зөрчсөн, үүнд нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлснээр тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасны дагуу хариуцлагын арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд зааснаар шийдвэрлэж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
9. Шүүх, хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим хангагдаагүй талаарх гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа үндэслэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь маргааны зүйл нь тусгай журмаар шийдвэрлэгдэх зөрчлийн хэргийн маргаан ба энэ тохиолдолд илүүтэйгээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдсан эсэхэд шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдана гэж үзнэ.
10. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан зааварт нийцээгүй үйл ажиллагааг гомдол гаргагч нь явуулсан талаарх зөрчилд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “биелүүлээгүй гэж үзэж буй 2008 оны заавар нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, ийнхүү бүртгэгдээгүй нь түүнийг шүүхээс хүчин төгөлдөр гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэх утгатай тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй.
11. Яагаад гэвэл, “В***” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа гүйцэтгэхдээ бүхий л санхүүгийн гүйцэтгэл нь байгууллагын дансны бичилт хэлбэрээр явуулах, хувь хүний дансаар дамжуулж, тухайн хувь хүний гүйлгээний эрхээр зардлын гүйлгээ хийхгүй байх нь анхан шатны санхүүгийн баримт бичгээ хөтлөх нягтлан бодох бүртгэлийн наад захын үйлдэл байхаар байна. Үүгээрээ Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан заавар нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүргэгдээгүй нь тухайн зааврыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “В*****” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С****-д холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч Ч.С-***ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН