Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, Д.Өлзийсайхан,

            Хохирогч Т.Отгонбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Халзан,

Орчуулагч Д.Хас, 

Гэрч Ц.Есүхэй,

Техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонг Ли Ли-д холбогдох эрүүгийн 201624000992 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Tong Li Li /Тонг Ли Ли/, 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Жирэм аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /барилгын материал худалдан борлуулдаг/, БНХАУ-ын Эрээн хот Саншин барилгын захын 82 дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 23/б байрны 15 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар СНN7909102.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Tong Li Li /Тонг Ли Ли/ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны замд Infiniti QX 56 маркийн 40-83 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Отгонбаярыг мөргөж бие махбодид нь зүүн чамархай, зулай ясны далд хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн зулайн хуйх, зүүн нүдний гадна булангийн шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цаг 20 минутын үед хүмүүстэй уулзахаар Саппарод байрлах Хонг Конг зочид буудал руу Тасганы овооны арын замаар явж явж байсан. Тухайн хэрэг болох үед бүрэнхий, түгжрэл ихтэй байсан. Миний хажуу талд нэг жийп машин явж байсан. Гэтэл тэр жийп машины урдуур гэнэт хар бараан хувцастай хүн гүйгээд гараад ирсэн. Би шууд тоормос гишгээд зогссон. Тэгсэн хохирогч залуу миний машины баруун урд талд унасан. Тэр үед би Есүхэйг хурдан цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Эхлээд цагдаа ирж дараа нь түргэн ирээд хохирогчийг авч явсан. Тухайн үед би хохирогчийг зүгээр үү гэж асуухад ёо ёо гээд амнаас нь маш их архи үнэртэж байсан. Хохирогчид нийт эмчилгээний зардалд 4.409.654 төгрөг төлсөн...” гэв.

Хохирогч Т.Отгонбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад ахынх руугаа оччихоод гэр рүүгээ буцаад явж байгаад машинд мөргүүлсэн. Би ахынх руу явахдаа тасганы овооны замын явган хүний гарцаар л гардаг. Учир нь тасганы овооны голын шат, явган хүний гарц хоёр замын бүтээн байгуулалтын хувьд зөв шийдэлтэй. Мөн замын голоор хайстай. Тэнд явган хүн хайс давж гарах боломжгүй. Тухайн үед би машинд мөргүүлснээсээ хойших үйл явдлыг санахгүй байгаа. Тэр өдөр би тасганы овооны шатан дээр сууж байгаад 2 пиво уусан нь үнэн. Тухайн үед миний зүүн гар талаас гэрэл гялс гээд өнгөрсөн. Энэ ослоос хойш би маш их мартдаг болсон, толгой маань дотроосоо халуу дүүгэж өвддөг, зүүн талын чихний хэнгэрэг цоорч таг дүлий болсон. Одоогоор эмчилгээ зогссон. Миний хувьд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид маш их гомдолтой байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа ухамсарласан бол би одоо ч эмчилгээгээ хийлгэж байх байсан. Одоо би дахин тархины нарийн шинжилгээ өгөх, чихний хэнгэргээ үзүүлэх, хиймэл шүдээ янзлуулах хүсэлтэй байна. Шүүгдэгчээс эдгээр эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилж байгаа...” гэв.

Техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эхлээд “А” цэгийг шүүгдэгч өөрөө заасан. Нөхөн үзлэгээр хохирогч Отгонбаярын заасан цэгийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Явган хүний гарцаас өөрөөр зам хөндлөн гарах боломжгүй зам юм...” гэв.

Гэрч Ц.Есүхэй шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Явган зорчигчийг 1 метр 20 см орчим зайнаас харсан. Тухайн үед 2-р эгнээнээс хүн гэнэт гүйж гарч ирээд машины баруун урд талд мөргүүлсэн. Тэгээд 1-2 метрийн зайтай унасан байсан. Хохирогч тухайн үед согтуу байсан. Би яаралтай цагдаа дуудсан...” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Гэрч Ц.Есүхэй мэдүүлэхдээ: “…Баянбүрдийн тойргоор тойроод тасганы овооны арын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн хамгийн урд талын эгнээ буюу 3-р эгнээгээр явж байхад 2-р эгнээнд бас нэг автомашин явж байсан. Гэтэл уг 2- эгнээнд явж байсан автомашины урдуур гэнэт хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн ба энэ үед Tong Li Li /Тонг Ли Ли/уг явган зорчигчийг харсан бололтой тормос гишгэсэн боловч дээрх хүнийг автомашиныхаа баруун урд талын буфер хэсгээр мөргөчихсөн. Тэгсэн тэр хүн автомашины баруун урд хэсэг рүү чиглэлтэй газар унасан…”/хх-35-36/

            Гэрч М.Оюунсүрэн мэдүүлэхдээ: “...100 айлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй яваад Баянбүрдийн аюулгүйн тойргоор тойроод Тасганы овооны арын замаар зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээнд бас нэг автомашин явж байсан. Гэтэл 2 дугаар эгнээнд явж байсан автомашины урдуур гэнэт хар бараан хувцастай эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Яг энэ үед Tong Li Li /Тонг Ли Ли/ уг хүнийг харсан бололтой шууд тормос гишгэсэн боловч зогсолгүй уг хүнийг баруун урд талын буфер хэсгээрээ мөргөчихсөн. Тэгсэн тэр хүн автомашины баруун урд хэсэг рүү чиглэлтэй газар унасан...” гэжээ /хх-31-32/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны ¹15073 тоот дүгнэлтэд:

“1. Т.Отгонбаярын биед зүүн чамархай, зулай ясны далд хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн зулайн хуйх, зүүн нүдний гадна булангийн шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-41/.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны ¹9472 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Хаяглаагүй /R278579/ гэсэн дугаартай хуруу шилтэй Отгонбаяр гэх цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

Цусанд /GC-MS/ анализын багажинд шинжилгээ хийх аргачлал /САЗ/ байхгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн бодис тодорхойлох боломжгүй байна” гэжээ /хх-44/. 

Техникийн  шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны ¹17 тоот дүгнэлтэд:

1. 40-83 УНЛ улсын дугаартай Infiniti QX 56 маркийн автомашины жолооч Tong Li Li /Тонг Ли Ли/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13. Явган хүний гарц нэвтрэх “13.1. Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.   

2. Явган зорчигч Т.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-51/. 

Мөн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Tong Li Li /Тонг Ли Ли/-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, паспортын хуулбар /хх-76-77/, “Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай” Гадаадын иргэн, Харъяатын газрын даргын тушаал /хх-84/, шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/-н зүгээс хохирогч Т.Отгонбаяр эмчилгээний зардал төлсөн баримт /хх-92-93, 196/ зэргийг шинжлэн судлав.   

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, БНХАУ-ын иргэн Tong Li Li /Тонг Ли Ли/ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 35 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны замд Infiniti QX 56 маркийн 40-83 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Отгонбаярыг мөргөж бие махбодид нь зүүн чамархай, зулай ясны далд хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, зүүн зулайн хуйх, зүүн нүдний гадна булангийн шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн болох нь хохирогч Т.Отгонбаярын шүүх хуралдаанд дээр болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны ¹15073 дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны ¹17 тоот дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, хохирогчид учирсан хохирлын баримт, хохирогчид эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Отгонбаяр нь нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд гарсан нийт 3.609.654 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд 4.409.654 төгрөгийг шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/ нь төлжээ.

Мөн хохирогч Т.Отгонбаяр нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр эмчилгээний зардалд 1.594.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөг буюу нийт 3.594.000 төгрөг нэхэмжилж байх боловч үүнээс эмчилгээний зардалд нэхэмжилж буй 1.594.000 төгрөг нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин байцаан шийтгэх ажиллагааны зардал буюу өмгөөллийн хөлс болгон төлсөн 2.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв. Ингэхдээ торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг удирдлага болгов.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Авто замын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн сиди-г хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Т.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 192.000*55=10.560.000 (арван сая таван зуун жаран мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, жолоочийн №1056249 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/ нь хохиролд 4.409.654 төгрөг төлсөн бөгөөд хохирогч  Т.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэмт буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.1.4, 99.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Дүүгүүр овгийн Тогтохбаярын Отгонбаяр /РД: ИЦ81101814/-т олгосугай. 

8. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Tong Li Li /Тонг Ли Ли/-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН